Өнөөдрийн дугаартаа бид бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хөдөлгөөнт дүрслэл, визуал эффектийг хөгжүүлэн, төрөл бүрийн анимейшн бүтээж буй "Rayone Studio"-гийн хамт олныг онцоллоо. Монголд хамгийн анх "3D animation graphic design"-ийг нэвтрүүлж, бизнес модель болгосон тус компани чадварлаг залуу баг бүрдүүлж, сүүлийн үеийн техник технологийг ашиглан шинэ шийдэл, аргачлалыг бий болгохоор зорьж буй. Тэд одоогоор бүтээл хөгжүүлэлтдээ хиймэл оюуныг нэвтрүүлэх оролдлогуудыг хийж буйгаас гадна монгол үлгэрээс сэдэвлэн бүрэн хэмжээний анимейшн бүтээхээр ажиллаж байна.
Нэр: RAYONE animation, Motion graphics and VFX, Video studio
Хаяг: СБД, I хороо, UBmart 4 давхарт
Чиглэл: Бүтээгч крайтив лаб
Үүсгэн байгуулагч: Г.Гандөш
Үүсгэн байгуулагдсан: 2016 он
Social Pages: Rayone (Facebook), RAYONE – Animation, Motion Graphics (Instagram)
Website: Rayone.mn
Сэдэл
Бид 2016 онд үйл ажиллагаагаа Motion Graphics болон Animation чиглэлээр эхэлсэн. Одоогоор 13 хүнээс бүрдэх зураг авалт, animation, 3D motion graphics хосолсон хүчирхэг хамт олон бүрдүүлээд байна. Манай студийн гол онцлог нь залуу шинэ үеийн уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сүүлийн үеийн ухаалаг, техник технологийг ашиглан үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөлгүйгээр зөвхөн "3D animation" чиглэлээр сууриа тавьсан цорын ганц студи юм.
3D дизайн нь хүний бүтээж чадахгүй төсөөллийн ертөнцийг бодитоор дүрсжүүлэх сэдлээр бий болсон зүйл юм. Эмнэлэг, барилга байгууламж, шинжлэх ухаан, урлаг гэх мэт бүх салбарт энэ технологийг өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал, барилгын салбарт худалдан авагчдад баригдаж дуусаагүй үл хөдлөх хөрөнгийн ерөнхий төлөвлөгөө, бүтцийг тайлбарлаж, бүрэн ойлголт өгөхөд 3D дизайн тун чухал нөлөөтэй. Хэрэглэгчдэд барилгын зураг төсөл, макет, танилцуулгаас илүүг үзүүлж чадахгүй бол худалдан авах шийдвэр гаргахад нь хангалттай нөлөөлж чадахгүй. Чанартай дүрслэл, гэрэлтүүлэг, зохиомжоор ирээдүйд амьдрах орон сууц, үл хөдлөх хөрөнгийнх нь бүрэн төсөөллийг бий болгож чадна.

ялгарал
Бидний давуу тал бол боловсон хүчин. Манай хамт олны дийлэнх нь Gen-Z үеийн залуус байдаг. Бид мэргэжилдээ хайртай уран бүтээлчдийг сонгож, багийн гишүүн бүрийг хийж чаддаг зүйлсдээ бүрэн төвлөрч, нэг мэргэжлээр дагнан сайжруулах тактик хэрэгжүүлдэг.
Манайх анх студиэ нээхдээ анимейшн чиглэлээр сууриа тавьсан. Тэр жанжин шугам өнөөдрийг хүртэл алдагдаагүй, үргэлжилсээр байх болно. Бид зах зээлд хамгийн анх "3D motion graphic design"-ийг нэвтрүүлж, бизнес модель болгосон юм. Мөн хамгийн анхны бүтэн биеийн "3D motion Capture" монголдоо нэвтрүүлж, ажилдаа суурьшуулсан бөгөөд "Facial Motion Capture" болон "3D material scanner" технологиудыг өөрсдөө хөгжүүлэн ашиглаж байна. Бид энэ бүх хөгжүүлэлтийг сүүлийн үеийн техник технологийг ашиглан гаргаж буй юм. Одоогоор AI буюу хиймэл оюуныг салбартаа нэвтрүүлэх оролдлогуудыг хийж байна.
Бидний хийдэг ажлыг боддог эсвэл боддоггүй ажил гэж хувааж болох юм. Тухайлбал, зураг авалтын үеэр бидний эсвэл харилцагчийн хүсээгүй ямарваа нэг дүрслэл, дүрс орсон тохиолдолд "frame-by-frame" бүрээр нь "mask" хийж дүрснээс хасах шаардлага гардаг. Энэ бол нэг зүйлээ маш олон давтах цаг шаардсан ажил юм.
Уран бүтээлчид тэрнээс илүү чухал ажилд төвлөрөх учиртай байтал үүнээс болж цаг алдах тохиолдол гардаг. Олон цаг сууж, гар ажиллагаагаар хийдэг энэ ажлыг бид хиймэл оюуны тусламжтайгаар автоматжуулах хэрэгцээ үүссэн. Тиймээс бид өөрсдийн хөгжүүлж буй хиймэл оюуныг сургаж, дээрхтэй төстэй гар ажиллагаатай ажлуудыг автоматжуулах технологийг хөгжүүлэхээр зорьж байгаа.
Хиймэл оюун ухаан гэдэг ухагдахуун нэгэнт бидний амьдралд бий болсон, ирээдүйд байх, ашиглах нь тодорхой зүйл юм. Бид хөгжлөөс хоцрохгүй суралцаж, өөрсдийн ажил мэргэжилдээ хослуулан ашиглах нь зүйтэй. Тиймээс бид хиймэл оюуныг бүтээлч салбарт хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг судалж байна.
Тухайлбал, AI driven video, AI технологиор хүний царай солих, хоолойг нь дуурайлгах боломжтой. Жүжигчдэд заримдаа ямар нэг эрсдэлийн улмаас дуу оруулах ажлыг хойшлуулах явдал гардаг. AI ашигласнаар тухайн жүжигчний хоолойг хиймэл оюун дуурайж, тухайн дуу бичлэгийг цаг алдалгүйгээр үргэлжлүүлэх боломжтой болно гэсэн үг.

Rayone studio гэж юу вэ?
3D Animation, 2D/3D Motion Graphic, VFX, Videoshooting, Brand Consultancy зэрэг бүтээлч үйлдвэрлэл дэх төрөл бүрийн хөдөлгөөнт дүрс бичлэг бүтээж хөгжүүлж буй мэргэжлийн баг хамт олон.
нэр
"Ray One" гэдэг нь анхны гэрлийн цацраг гэсэн утгатай. Манай салбарт маш их хэрэглэдэг үг юм. Бид хийсэн бүтээлүүдээ эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд Render (компьютерын программын тусламжтайгаар 2D эсвэл 3D хэмжээст дүрс үүсгэх үйл явц) хийх хэрэгтэй. Түүний өмнө бид "ray bundle size", "ray bounces" зэрэг олон тохиргоо хийдэг юм. Түүнийг илэрхийлж энэ нэрийг өгсөн.
одоо
Бид одоогоор бүрэн хэмжээний анимейшн бүтээхээр хүн болгоны мэддэг үлгэрээс сэдэвлэн хийж байна. Бразилууд хөл бөмбөг атгаж төрдөг гэдэг шиг Монгол хүн бүрийн зүрхэнд шингээсэн үлгэрээс бид санаа авсан.
Энэ ажлыг хийж дуусгахад бидэнд хөрөнгө санхүү, техник технологийн дэвшлүүд шаардлагатай ч өөрсдийн бололцоогоо ашиглан гүйцэтгэж байна. Монгол залуус дэлхийд гологдохооргүй сайн анимейшн хийдэг болсон гэдгийг харуулахын тулд маш их судалгаа хийн, техник технологио сайжруулж, зохиол дээр ажиллан, техник анализ хийж байгаа.
Мөн бид Video shooting болон VFX-ын салбарт хүч үзэхээр ажиллаж байна. Энэ салбаруудын суурийг нь зөв тавихын тулд бид маш их судалгаа болон туршилтуудыг хийж байна.
Манай студийн давуу тал нь бид цэвэр уран бүтээлч хүмүүс. Зураг авалтад мартаж болохгүй зүйл бол техник үзүүлэлтүүд. Камераас бид ямар дата гарч ирж байгаа, тэрийг хэрхэн задлах, задалсан дата дээр хэрхэн VFX нэмэх ёстой вэ зэрэг цэвэр техник талаас нь шинжлэх ухаанчаар ажилладаг. Тиймээс зураг авалт хийнэ гэдэг камер болон гэрэл барьсан хүмүүсийн хийдэг ажил биш.

VFX гэдэг нь энгийнээр компьютероос гаргаж авсан дүрсийг бодит бичлэгтэй нэгтгэх үйл явц гэж ойлгож болно. Бидний үзэж буй бүх кинонд өргөнөөр ашиглагддаг технологи юм. VFX болон video shooting хоёр хоорондоо нягт холбоотой салбар.
Бидэнд гаднын орнууд шиг нүсэр тоног төхөөрөмж, боловсон хүчин, хөрөнгө санхүүгийн нөөц боломж хомс. Гэхдээ энэ нүсэр үйл ажиллагааг хэрхэн монголын нөхцөлд өөрсдийн арга барилаар нутагшуулж, сайжруулж болохыг судлан, ажиллаж байна.
Манай улсад олон удаа"3D animation" хийх оролдлого гарч байсан ч төдийлөн амжилт олоогүй бүтэлгүйтэж байсан. Бидний хувьд "Hollywood"-ийн мөрийг давтах гэж оролдохгүй. "Hollywood"-д анх 3D үүссэн, боловсон хүч ихтэй, хөрөнгө мөнгөний нөөцтэй тул тэдний ажиллах зарчим өөр юм. Тэр бүхнийг Монголын хөрсөнд буухад маш хүндрэлтэй. Нэг анимейшн дээр хэдэн зуун мянган хүн ажилладаг учраас манай салбарын бүх уран бүтээлчид, мэргэжилтнүүд бүх хүчнээ нийлүүлээд ч хаана нь ч хүрэхгүй.
Тиймээс бид "Real-time rendering" хэмээх технологи ашиглан, анимейшн бүтээж байгаа. Энэ технологийг сүүлд "Mandalorian" болон "Batman" дээр ашигласан юм. Бид энэхүү анимейшнг хүүхдүүдэд зориулж хийгээгүй. Монголчууд анимейшн кино гэхээр хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино гэж ойлгодог учраас манай бүтээл тэр ойлголтыг эвдэхээр ажиллаж байна.

баг
Манайд бүтээлч салбарын төрөл бүрийн уран бүтээлчид, мэргэжилтнүүд бий. Тухайлбал, texture and shading artist, concept artist, animator, character artist, environment artist, motion graphic designer, cinematographer зэргээс гадна санхүү, хүний нөөц, маркетинг, эдитор, гүйцэтгэх захирал зэрэг бүрэлдэхүүнээр ажилладаг.
Манай байгууллага хэвтээ удирдлагын тогтолцоотой. Бид ажилчдынхаа чөлөөтэй байх орон зайд нь халдахыг хүсдэггүй, хоорондоо найзууд шиг ойр дотно байдаг юм. Бүгдээрээ ажилдаа дуртай хүмүүс учраас ажлаа хийгээгүй үедээ ч хийдэг зүйл нь ажил нь байдаг учраас ажил мэргэжилдээ ямар хайртай нь харагдана.
Мөн ажлын байранд ажлын цаг, баримжаа, боолт гэж байдаггүй. Ажлын нөхцөлөөс шалтгаалан хүссэн үедээ ирж, ажлаасаа тарах боломжтой. Ажил дээрээ унтах, тоглох, кино үзэх гэх мэт юу дуртайгаа хэзээ ч хийж болдог.
Компанийн зүгээс баг хамт олондоо шаарддаг ганц зүйл бол ажлын хариуцлага болон бүтээмж юм. Үүрэг хариуцлагаа мартахгүй, ажлаа цаг тухайд нь хийдэг байхыг хүсдэг. Ажилгүй үедээ илүү их юм сур, үз, сонс, хөгж гэж зөвлөдөг. Ажил амьдралын тэнцвэрийг хадгалах нь ажлын үр дүнд эерэг нөлөөтэй учраас багийн гишүүдийн хувийн амьдралд саад болсон ажлын байр үүсгэхгүйг хичээдэг.

ирээдүй
Бусад салбартай адил манай салбарын хамгийн чухал зүйл нь боловсон хүчин. Чадвартай боловсон хүчин болоход дор хаяж хоёр жил ажлын талбар дээр ажилласан байх шаардлагатай. Багийн зорилго, үйл ажиллагаатай нийцэхийн тулд дахиад жилийн хугацаа хэрэгтэй болно.
Бид програм мэддэг хүмүүс биш уран бүтээлчдийг багтаа нэгтгэдэг учраас тэр хүмүүсийн мэдрэмж, мэдлэгийг өөрсдийн студитэй нэгэн жигд уялдуулахын тулд багагүй хугацаа шаардлагатай болдог. Тиймээс бид сургалтын шинэ бааз бүрдүүлж, интернэтээр хүн бүрд хүртээмжтэйгээр байршуулахаар төлөвлөж байна. Тухайн сургалтын агуулгад бид "Hollywood"-ийн арга барилыг заахгүй. Харин тэдний төвшинд хүрч өрсөлдөхүйц арга зам, товчлолуудыг гаргаж ирэхийг хичээж байна.

эрсдэл
Монголд зураг авалтын үйл явц нь нэг үеэ бодвол маш сайн хөгжиж, мундаг залуус олон болсон. Харин Animation, Motion graphics, Vfx зэрэг салбарт хүмүүсийн дунд буруу ойлголт, зөрүү их байдаг.
Манайд анимейшний зах зээл дэлхийд түвшинд хурдтай хөгжиж чадахгүй, хугацаа их авч байгаа. Тиймээс харилцагчид бүтээлд хэр их хугацаа ордог, санхүүжилт хэр их шаарддагийг хангалттай сайн ойлгоогүй л байна. Ийм ажлыг хэр хугацаанд хийх талаарх мэдээлэл бага тул захиалагчид хоёр минутын анимейшнг хоёр долоо хоногийн дотор дуусгах хүлээлт тавьдаг.
Мөн хүмүүс анимейшнийг компьютер бүхэлд нь хийдэг мэтээр ойлгодог. Гэвч маш их чимхлүүр ажил бий. Нэг үгээр хэлбэл, баримал барих бүх багаж хэрэгслүүдийг компьютер дотор оруулсан болохоос биш баримал барих үндсэн зарчим нь өөрчлөгдөөгүй. Гэхдээ зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүсийн ойлголт бага багаар сайжирсаар байгаа гэж боддог.
Өөр нэг эрсдэл нь, манайд мэргэжлийн боловсон хүчин бэлдэж буй их дээд сургуулиудын чанар тун хангалтгүй байна. Их сургуулийн дөрвөн жилийн хугацаанд мэргэжилтэйгээ холбоотой суурь ойлголт, үндсэн ур чадваруудаа сурсан байх учиртай ч төгсөж буй оюутнуудынх ихэнх нь мэдлэг бага байгаа нь харамсалтай.
Нөгөө талаар, энэ салбар боломжийн хэрээр сайн хөгжиж байгааг онцлох нь зүйтэй. Ганц анимейшн бүтээх гэж олон жил, сараар нухдаг байсан бол одоо хэдэн сараас хэдэн долоо хоногийн дотор хийдэг болсон. Хүмүүс нэг үеэ бодвол анимейшн хараад сэтгэл нь хөдлөхөө больсон санагдсан. Тэдний нүдэнд анимейшн гэдэг зүйл дасаж эхэлсэн байна. Тэр хэрээр бидэнд ирэх хүлээлт, босго өндөр болж байгааг амжилт гэж харж байна.


Сэтгэгдэл бичих (7)


W Waat 202.21.107.81
Ажил хийвэл хийсэн шиг хийдэг залуус байнлээ. Амжилт. Нойр хоолоо сайн зохицуулж яваарай. Шинэлэг зүйлсийг нэвтрүүлсэн байнлээ шүү
M Medku bol duugvi l bai lda 66.181.190.64
@Zochin Graphic design, 3d motion graphic design-iihaa yalgaag ch medkum bj hvmvvsiig doosh n hiih muuhai shv, @RayOne studio-iin zaluusdaa ajliin amjilt hvsie, noir amraltaa sain zohitsuulj ajillatsgaagaarai, olon jil tsag nargvi yum hiisen hvnii huwid ervvl mendee bodotsgooj bgaarai gej helii
ХАХА 103.26.193.141
улаанбаатарын видео, анимашин контент бүтээгч нэгийг нэмж мэдсэндээ мааш их баяртай байна. Бүтээлч залуусд амжилт хүсье.
t tomkodo 103.26.193.141
mongoldoo shine tehnology neleen nevtruulj shineleg creative zuil hj bgaan bnadaaa. tsaashdiin ajild ni amjilt husie.
Z Zochin 193.9.112.106
Mongold neg yum hiiheeree l hamgiin anh hamgiin anh gehiin. Hamgiin anh "3D motion graphic design" hiisen genvv. Bolij vzldee zondoo l studi olon jiliin omnoos hiij l baisan. yamar aimar egotoi garduu we. Daruu baij l hol yawna shv.
З Зочин 202.21.112.226
wow yamar creative zaluus ve ystoi shine salhi orj irnee gedeg chn ene baih daa tanai hamt olnoos ih undur huleelttei bolloo amjilt huseye
T Temuujin 27.123.214.8
RayOne-iin zaluuchuud uneheer chadvarlag deeree hariutslagtai. Mash undur amjilt husye bas mash undur huleelttei bdag shuu.