Гарааны бизнес эрхлэгчид, стартап сонирхогч залууст зориулсан "Level Up" контент талбарын "Review on Startups" булангийнхаа шинэхэн дугаарыг хүргэж байна. Бид энэхүү булангаар Мобиком корпорацын дэргэдэх, гарааны бизнес болон инновацыг дэмжих төв "Moffice"-той хамтран стартапуудад зориулсан үнэ цэнтэй зөвлөмж, мэдээллүүд, сайн туршлагуудыг түгээдэг билээ.
Энэ удаагийн дугаартаа хүүхдэд зориулсан Монголын анхны кодинг академи "Codercub"-ийг онцоллоо.

Тэдний фейсбүүк хуудсаар зочлох
эхлэл цэг
Яаж эхлэв?
"Codercub" нь хүүхдэд зориулсан кодинг академи чиглэлээр Мэдээлэл, технологийн үндэсний паркад 2018 оны хавар байгуулагджээ. Тухайн үед Монголдоо анхдагч байсан тул кодингийн талаарх ойлголт олон нийтэд түгээмэл бус байсан аж. Тиймээс олон нийтэд уг ойлголтыг дэлгэрүүлэх зорилгоор "Codercub" академийн үүсгэн байгуулагч М.Золбаяр "Код гэж юу вэ?" нийтлэлийг бичиж, "Өдрийн сонин"-д нийтлүүлж байв.
"Codercub" нэрийн тухайд оригинал, давтагдашгүй байхыг зорьж, үүсгэн байгуулагч М.Золбаяр өөрийн төгссөн "Миззуригийн их сургууль"-ийнхаа бэлэг тэмдэг болох барын үр төл буюу бамбарыг нэрдээ шингээсэн байна. Үүн дээр кодчин гэх үгийг нэмснээр "Codercub" буюу “Кодчин бамбар” гэх нэр бүтжээ. Нөгөө талаас харвал хүүхдийг бамбартай зүйрлэж ч болох аж.
Тэд сургалтаа "Python" хэлний "Teach Your Kids to Code" номоор эхлүүлж байснаа дурдлаа. Удалгүй М.Золбаяр өөрийн багш, компьютерийн шинжлэх ухааны профессор Dale Musser-ийг багтаа нэгтгэж, сургалтын хөтөлбөрөө хамтран хөгжүүлжээ.
Яагаад эхлүүлэв?
М.Золбаяр нь АНУ-д "Fulbright" тэтгэлгээр сурч ирээд улс орондоо шинэлэг зүйл хийхийг хүсэж, дараа үеийн хүүхэд залууст сурч, мэдсэнээ хуваалцахаар шийдсэн хэмээн өгүүлсэн юм. Мөн түүний гэр бүл нь боловсролын салбарын хүмүүс учир түүнд ойр санагдаж, өөрийн технологийн сууриа ашиглан хүүхэд, багачуудад зориулсан сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
АНУ-д "Fulbright" тэтгэлгээр сурч ирээд улс орондоо шинэлэг зүйл хийхийг хүсэж, дараа үеийн хүүхэд залууст сурсан мэдсэнээ хуваалцахаар шийдсэн.
"Codercub" академийн үүсгэн байгуулагч М.Золбаяр

онцлох ажлууд
Кодны цаг
"Кодны цаг" (Hour of Code) арга хэмжээ нь дэлхий дахинд "Code.org" байгууллагын 400 гаруй түнш байгууллагууд ба тэдгээрийн 200,000 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэгээр зохион байгуулагддаг. Уг арга хэмжээг "Codercub" академи хариуцан Монголдоо 2018, 2019 болон 2021 онд зохион байгуулжээ.
Code.org
2019 онд "Code.org" байгууллагын Монгол дахь албан ёсны түншээр сонгогджээ.
CSO
Компьютерийн шинжлэх ухааны сургалтаар тэргүүлэгч АНУ-ын Карнеги Меллоны их сургуулийн дунд болон ахлах ангийн анхлан суралцагчдад зориулсан компьютерийн шинжлэх ухааны "CS0" хөтөлбөрийг Монголдоо 2021 онд хэрэгжүүлсэн байна.

тоогоор тоймлохуй
2018: "Codercub" академи байгуулагдав.
500: Тус академи нь нийт 500 хүүхдэд кодинг хичээл заажээ.
4: "Codercub" нийт дөрвөн хөтөлбөрийн хүрээнд сургалтаа явуулж байна. Үүнд ахлах болон дунд ангийн сурагчдад CS0, CS1 Python хэлний хөтөлбөрүүд, бага ангийн сурагчдад "Code.org"-ийн "Computer Science Fundamentals", "Scratch" хэлний хөтөлбөрүүд багтана.
20: Нэг хөтөлбөрт 20 сурагч хамрагдах боломжтой аж.


