TEDх хөдөлгөөнийг дэлхий дахинаа Global Campfire буюу түүдэг гал тойрон түүх өгүүлэх хүмүүстэй зүйрлэдэг. Орчин цагт түүдэг гал тойрохгүй ч дэлхий даяар өөрчлөлтийн төлөөх, хамгийн том үзэл санаа түгээх боломжийг TEDx-ийн тайз бүрдүүлж, эерэг шинэчлэлтийн төлөөх нөлөөлөгч хэн бүхнийг өөрийн туршлагаасаа сая сая хүнд хуваалцах завшаан олгодог билээ. Жил бүр зохион байгуулагддаг TEDx нь шинэ санаа түгээх зорилготой ашгийн бус байгууллага бөгөөд олон улсад TEDx гэдгийн “x” нь тэнцвэртэй байдлыг илэрхийлдэг аж. 


Тэртээ 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэх Тогтвортой хөгжлийн зорилтыг (Уг зорилтын аравдугаарт "Тэгш бус бууруулах" хэмээн тунхагласан) баталсан билээ. Иймдээ ч TEDx-ийн Улаанбаатар салбараас зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээ эрх тэгш байдлыг үндсэн сэдвээрээ сонгож, бодлогын дэмжигчээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам , хамтран зохион байгуулагчаар Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Ажлын алба ажилласан юм. Хүн бүр харилцан адилгүй ч бүгд тэгш үнэлэгдэх эрхтэй. Тэгш үнэлэмжийн төлөө үзэл бодол, санаа сэдлээ нэгтгэн өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн салбар бүрийн төлөөлөл болсон зургаан илтгэгчийн түүхээс онцлох хэсгийг уншигчдадаа тоймлон хүргэе.

ИЛТГЭГЧ М.жаргалант- Сэтгэл зүйч, алдаж оносон монгол эр хүн 

Илтгэлийнхээ эхэнд тэрээр “Монголчууд хоорондоо Юу байна гэж мэндчилдэг, эргээд хариулт нь Юмгүй дээ хэмээдэг энэ соёлыг халах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс амны билгээс ашдын билэг гэж эрт үеэс хэлж ирсэн нь учиртай. Иймд эхлээд мэндчилгээний соёлыг өөрчилье” хэмээн танхимд уриалав.



20 жилийн өмнө хүнд нэртэй газраас суллагдсан М. Жаргалант- амьдралд эргээд хэрхэн шинэ зорилготой болж, өнөөдөр TEDxUlaanbaatarSalon-ийн тайзнаа зогсож буй түүхээ хуваалцав.

Үүрэх ёстой ялаа эдэлж, гарч ирсэн даруйдаа нийгмийн харилцаанд эгэл хүн гэдэг үүднээс нь хараасай гэсэндээ долоогоос найман төрийн байгууллага, арав гаруй хувийн хэвшлийн хаалгыг татаж, ажилд орох хүсэлтэйгээ илэрхийлсэн боловч ихэнх нь түүний өнгөрсөн түүхээс болж татгалзсан аж. Тэгсэн хэдий ч шантралгүй байж ажилтай, орлоготой болов. Гэвч бодит байдал дээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй, гадуурхагдсан хэвээр л байж.

Ажлын байран дээр түүнд тулгарсан хамгийн хүнд 5 бэрхшээлээс дурдвал:

1- Хулгай гарах бүрд хамгийн түрүүнд түүнийг сэжиглэдэг

2- Санаа бодлыг нь нь үл тоодог

3- Асар их цагаар ажиллуулдаг

4- Яаж ч хичээсэн шагнал, урамшуулалд тодорхойлдоггүй

Үргэлж бусдаас өөр мэт гадуурхдаг гэх мэт хүндхэн давааг гэр бүлийнхэндээ өгсөн амлалт, ирээдүйн сайн сайхныхаа төлөө туулаад л гарсан байна. Түүнчлэн 24 жилийн турш архины хамааралтай байсан түүнд нийгмээс үзүүлэх дарамт, сэтгэл зүйн хувьд хүнд асар хүндээр нөлөөлж байжээ.

Төрсөн дүү нь түүнийг 2005 онд анх архины донтолтоос гаргах сургалтад суулгасан бөгөөд сургалтаа дуусгасных нь дараа багш нь түүнд “Та багшлаад үзэх үү?” гэдэг санал тавьсан явдал бол түүний амьдралын эргэлтийн цэг. Ингээд тэр алдаж, оносон хүмүүст багшилсаар өнөөдрийг хүртэл 16 жилийн туршид давхардаагүй тоогоор 432 хүнд сургалт орсон ба магистрын зэргээ ч амжилттай хамгаалжээ.

Хүнд нэртэй газраас суллагдаад гараад ирсэн хэн нэгнийг цааш нь түлхэх бус, үзэж туулсан амьдралын түүхээр нь гадуурхалгүй нийгэмд эргээд хөлөө олоход нь туслахад өнөөдөр хүн бүрийн оролцоо чухал. Торны цаана сууж итгэл нь бөхсөн нэгнээ гэрэлтүүлэх гэрэлт бамбар нь та байгаарай хэмээх санаагаар түүний илтгэл өндөрлөсөн билээ.

Б. болороо- Бүгд нэг хаалгаар 

2017 онд хамгийн анхны TEDxUlaanbaatar-ийн тайзнаа гарч байсан тэр дахин дуу хоолойгоо хүргэхээр өөрийн илтгэлээ толилууллаа. “Тухайн нийгэм хүн бүрд зориулагдаагүй байвал нийгэмд хөгжлийн бэрхшээл оршсоор л л байх болно” гэх үгээр түүний илтгэл эхэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь Монгол Улсад найман жилийн өмнө батлагдсан хэдий ч нийгэм дэх ташаа ойлголтуудын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад адил ажиллаж, амьдрахад чөдөр тушаа болсоор байгаа тухай онцлов.


Хөгжлийн бэрхшээлийн талаарх нийтлэг ойлголтууд:

Ажил олгогч- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадварыг дийлэнхдээ дутуу үнэлдэг. Угтаа тухайн иргэдэд зориулсан хүртээмжтэй байдал нь ажлын байранд бий болж чадах л юм бол ажлын бүтээмж ч нэмэгдэх учиртай.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл- Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдаас илүү мэтээр онцлон түгээх нь нь өрөөсгөл. Тэд яг л бусадтай адил гэр бүлээ тэжээхийн тулд хөдөлмөр эрхэлж байгааг ойлгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд төрж байгаа нь хүртэл тэдний сурвалжлах сэдэв болж байгаа нь нэгэн төрлийн алдаа аж.

Бодлого тодорхойлогч- Халамжийн үнийн дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж байна гэж эндүүрсээр олон жилийг үдлээ. Жишээлбэл, төрийн албан хаагчийн шалгалт авахад давуу байдал олгох бус бусдаас ялгаатай байдлыг нь ойлгон ижил тэгш хандах нь тэдэнд илүү хэрэгтэй. Халамжийн хандлагаа засаасай хэмээн хүсдэг.

Байгууллага- Хүртэмжтэй байдлыг хангах тухай сэдвийг хөндөх үед ихэнхдээ нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг. Олон хүнийг хамарсан ганцхан удаагийн арга хэмжээ зохион байгуулаад орхих бус тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн өдөр тутамдаа арга хэмжээ зохиогдох газар руу бие даан орох боломжийг бүрдүүлэх нь чухал.

Боловсролын салбар- Тусгай сургууль байгуулж тусад нь хаяглаад орхих бус ижил тэгш, эрх тэгш боловсрох орчныг бүрдүүлж өгөх нь зүйтэй.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр өрөвдүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр бус хүчтэй дуу хоолой бүхий иргэн байхыг хүсэж байгаагаа илэрхийлж “Бүгдээрээ орох боломжтой хаалганы түлхүүр танд байгаа шүү” хэмээн танхимд уриалав.

Э.Энхмаа- Лгбт төвийн гүйцэтгэх захирал, бэлгийн цөөнхийн дуу хоолой

16 настайгаасаа АНУ-д амьдарсан түүний хувьд иргэний нийгмийн олон байгууллагад ажилласан боловч ЛГБТК иргэдийн эрх Монголд ямар байгаа тухай огтхон ч төсөөлөлгүй байж. Амралтаараа Монголд ирэх үедээ ЛГБТК төвийн хамт олны уур амьсгал таатай санагдсан бөгөөд энэ шийдвэрийг гаргахад тусалсан олон хүн түүнд байсан.

Хүн бүр түүнээс яагаад бэлгийн цөөнх хүн АНУ-д биш, Монголдоо буцаж ирсэн тухай нь асуухад л ЛГБТК иргэдийн нөхцөл байдал ямар байгааг тод харуулсан. Тэрбээр жил бүрийн Тэгш эрх - Бахархлын саруудад эх орондоо ирж эндхийн нөхцөл байдал ямар байгаатай танилцсан.


Хүлээн зөвшөөрөгдөхүй:

Бэлгийн цөөнх гэдгээ гэрийнхэндээ анх хэлэхэд түүнийг ойлгон хүлээж авсан тул 2019 онд бүрмөсөн сэтгэл шулуудан эх орондоо ирэхэд түүнийг ямар нөхцөл байдал хүлээж байгааг анх бодитоор мэдсэн. Трансжэндэр зээ охиноо аав ээжийнх нь эсэргүүцлээс хамгаалан дэмжиж байгаа эмээтэй учирч байсан нь мөн дунд сургуулийн сэтгэл зүйч ЛГБТК сурагчдынхаа эрхийг яаж хамгаалах вэ хэмээн ханддаг байсан нь түүний сэтгэлд дотно санагдсан тухай түүхээ хуваалцав. ЛГБТК хүмүүсийн асуудал бол дан ганц тэдний асуудал бус. ЛГБТК төвийн ч асуудал биш энэ бол манай улсын хэмжээнд тулгамдаад байгаа асуудал. Иймд бид бодлогын хүрээнд хэрхэн тэгш байдлыг хангах ёстойг олон улсын жишигт нийцүүлэн гаргах ёстой.

Д.БАТТӨР- TRIO КИНОНЫ ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ

Өнгөрсөн жилийн байдлаар нийтдээ таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртээд буй TRIO киноны сэтгэл шимшрэм хэсгийг дэлгэцнээ толилуулснаар түүний илтгэл эхлэв. Хүний амьдрал төгсөхөд байгальдаа шингэдэг үзэгдлээс авхуулаад буддын шашны дурсгалт баримтууд түүхэн алдаанаас үүдэн үгүй болж, өнөө үед уг шашныг олон нийтийн сүлжээнд сөрөг утгаар нь хүлээн авч, тоглоом тохуу хийх болсон явдал түүнийг эмзэглүүлсэн тухайгаа хуваалцав.



Түүний бага насны дүрд тоглосон 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Г.Тэлмүүн нь өөрийн дүрээрээ дамжуулан Дауны хам шинжийн тухай дуу хоолойгоо хүргэж чадсан нь бахархууштай. Мөн НҮБ, ЮНЕСКО-гийн түвшинд Дауны хам шинжтэй иргэдийг монголизм, монголоид гэх мэтчилэн үндэстний нэр ашиглаж байгаа явдлыг болиулсан.

TRIO киноны хүртсэн хамгийн том шагнал нь хөгжлийн ялгаатай иргэдийн нэр томьёог кино урлагаар дамжуулан олон нийтэд зөвөөр хүргэх явдал билээ. Даун бол өвчин биш. Өвчин, хам шинж гэдэг өөр утгатай. Өвчин бол учир шалтгаан нь тодорхой байх буюу нэгээс нөгөөд халдварладаг нийтлэг шинжтэй. Синдром буюу түүнийг нь хам шинж гэж монголоор орчуулж байгаа. Хам шинж бол учир шалтгаан нь төдийлөн тодорхойгүй бөгөөд халдварлахгүй.

“Энэ кино гарснаас хойш Дауны шинжтэй иргэдийн эцэг эхчүүд миний хүүхдийг олон нийтийн газраар явахад харагдах байдлаас нь болж шоглох зэрэг үзэгдэл буурсан. Би Дауны хам шинжтэй хүүхэдтэй хэмээн нүүр бардам хэлэх зоригийг энэ кино өгсөн тухай эцэг эхчүүд ихээр сэтгэгдлээ илэрхийлсэн нь хамгийн том шагнал байсан” тухай илтгэлийнхээ төгсгөлд онцолсон юм.

Б.баттогтох- үе хоорондын ойлголцлыг дэмжигч, хүний эрхийн хамгаалагч

Математикийн багш мэргэжилтэй 70 настай тэр бээр залуусаа хүндэлж тэд нараар бахархдаг бөгөөд одоо хүний эрхийн сургагч багшаар ажиллаж байна. 45 настайгаасаа эхлэн Англи хэлийг сурахаар шийдэх болсон шалтгаан нь ач нартайгаа үеийн мэт ярилцах хүсэлтэйн холбоотой байсан ба сурахад хэзээ ч оройтдоггүй тухай өөрийн түүхээ бусадтай хуваалцлаа.



Хүнд өвчний улмаас 17 см намхан болсон. Иймд өвчтэй хүн болж хэвтэх хүсэлгүй байсан тэр ажлаа хийж эхэлснээр өвчнөө тодорхой хэмжээнд даван туулж, өөртөө олон шинэ зорилгуудыг тавьсны нэг нь Женев хот дахь НҮБ-ийн хүний эрхийн хуралд оролцох.

2014 онд Монгол улс Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нэгдэн орж, улмаар цаазын ялыг халсан зэрэг олон конвенцод нэгдэн хүлээсэн үүргийнхээ хүрээнд манай дотоодын хууль тогтоомжоо ч мөн адил өөрчилсөн. Манай улс цаазын ялыг халснаараа хүний эрхийн мэдрэмжтэй улс гэдгээ дэлхийн 193 орны өмнө тунхаглан зарлаж чадсан.

Ахмад настны эрх:

Түүний ярианаас бас нэгэн онцлох зүйл нь ахмад настны эрхийн тухай асуудал байв. Ахмад настан байна гэдэг нь нийгэмд хувь нэмрээ оруулсны, эцэг эх байгаагийн, хүн шиг амьдарсны хүндэтгэл. Хүн бүр л ахмад настан болох нь тодорхой. Монгол Улсад ахмад настны хууль байдаг хэдий ч нийгэмд хүн бүхэн ижил тэгш “хүн” гэдэг тодотголтой байна.

Манай улсад ахмад настныг ажилд авдаггүй үзэгдэл элбэг бөгөөд ахмадын тэтгэврийн зээлийг ахмадууд өөрсдөдөө бус үр хүүхдүүддээ зарцуулж байгаа нь маш буруу тогтолцоо болоод бидний сэтгэлгээний асуудал юм. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр ХНХЯ-с хэрэгжүүлдэг ч яг тухайн ахмадууддаа хүрч чадахгүй байгаа тухай мөн онцлов. Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр “Ямагт ажиллаарай, ажиллахад хөдөлмөрлөхөд нас хамаагүй. Сурахад мөн адил хэзээ ч оройтохгүй” хэмээн залуусыг уриаллаа.

Х.булгантуяа- бодлого тодорхойлогч, хүн бүр эрх тэгш нийгмийн төлөө

Монголчууд бид бүгд ардчилалд хайртай. Тэгвэл ардчиллын хамгийн үнэ цэнтэй зүйл бол эрх тэгш байх боломж билээ. Хаана төрсөн, хэний хүүхэд болж төрсөн гэдгээсээ хамаарч хүн бүр хүртэх ёстой эрхээ ялгаатай байдлаар хүртдэг.



“Бид олон жижиг хэсэгт хуваагдаж, өдөр бүр тэгш бус байдал нэмэгдэж, ижил тэгш байх зарчим алдагдаж байна. Бид бодлогын түвшинд олон хуультай гэсэн хэдий ч яг бодит байдал дээр нийгмийн бүлгүүдэд энэ ойлголт хангалттай түвшинд байж чадахгүй.

"Ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөр. Харин ялгаатай гэдгээр нь ялгаварлан гадуурхахгүй байх эрх тэгш нийгмийг хамтдаа бүтээж чадах” тухай тэрээр илтгэлийн эхэндээ онцлов.

Оролцоог хангадаг нийгмийг цогцлоох нь:

Нийгэмд зарим хэсэг нь илүү их боломжтой бол зарим хэсэгт ямар ч боломж олдохгүй байгаа нь бидний бодит байдал. Тэгш байдал бус, тэгш боломж бидэнд хэрэгтэй байна. Жишээлбэл,

-Жирэмсэн эмэгтэйчүүдийг шинээр ажилд авдаггүй

-Эрчүүд уйлж болохгүй

-Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эр хүн үйлддэг гэх мэт хэвшмэл буруу ойлголтууд нийгмийн салбаруудад оршсоор л байна. Хүйсийн ялгаатай болохоор,залуу болохоор, ахмад болохоор, хөгжлийн бэрхшээлтэй болохоор гэх мэтчилэн шалтгаануудыг харгалзан үзэж, хүртэх ёстой боломжийг нь эдлүүлдэггүй.

Угтаа хүн бүхэнд бусдаас ялгаатай шинж чанар байдаг. Сонгуулийн тухай хуульд яагаад эмэгтэйчүүдэд квот өгөөд байгаа юм бэ? хэмээн олон нийт бухимдаж буй. Гэтэл угтаа энэ зууны эхэн үед эмэгтэйчүүд нэр дэвших нь байтугай санал өгөх ч эрхгүй байсан шүү дээ. Угаас хоцрогдмол байгаа зүйлийг нь ижил тэгш болгох боломжоор бид хангах ёстой. Иргэн бүр өөрсдийн болон ирээдүйн үр хойчийнхоо төлөө хүний эрхийн төлөөх тэмцэгч байгаасай хэмээн уриалаад илтгэлээ өндөрлөв.