Зургаа дахь удаа зохион байгуулагдаж буй “Төгс бүтээгч” арга хэмжээ энэ жил “Бетон” хэмээх үндсэн сэдвийн дор, өнгөрөгч долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Анх удаа олон нийтэд нээлттэй зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд 900 гаруй хүн оролцож, бүтээн байгуулалтын салбарт гарч буй шинэлэг технологи, бүтээгдэхүүнүүдтэй танилцжээ. Нийт таван цагийн турш үргэлжилсэн тус арга хэмжээн дээр тавигдсан илтгэлийн агуулгуудыг тоймлон хүргэж байна. 

“Премиум Корпорэйшн”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Ганболд

1. Бетон зуурмагаа онлайнаар захиал


Үйл ажиллагааг нээж “Премиум Корпорэйшн”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Ганболд үг хэлсний дараа үндсэн хөтөлбөрийн эхний илтгэлийг “Стора Сентрал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Энхжин “Барилгын салбарт онлайн худалдааны дижитал шилжилтийг эхлүүлэх нь” сэдвээр нээсэн юм. Тэрээр бетон зуурмагийг мэргэжлийн компанид даатгахын ач холбогдол, давуу талуудыг танилцуулж, стандартад нийцсэн бетон зуурмагийг Сторагаар дамжуулан маш хялбар, хурднаар авах боломжийг танилцуулсан юм. Тодруулбал, Шангрилла тэргүүтэй Монголын томоохон барилгуудын суурийн бетоныг хариуцан хийсэн “Премиум Групп” энэ оноос эхлэн бетон миксерүүдийнхээ хэмжээг төрөлжүүлж өрхийн хэрэгцээндээ, бага хэмжээгээр, онлайнаар худалдан авах боломжийг олгож буй ажээ.



2. Төлөвлөлт, зураг төслөө сайтар боловсруул


“Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын Тэргүүн Ц.Түмэнбаяр “Миний байшин” сэдвээр дараагийн илтгэлийг тавьсан юм. Монгол улсад нийт 950 мянган өрх бүртгэлтэй ба тэднээс 30 хувь нь орон сууцанд, 30 хувь нь монгол гэрт, 40 хувь байшинд амьдарч байгааг дурдаад эдгээр байшингийн 80 хувь нь таван баллын газар хөдлөлтөд ч тэсэж үлдэхээргүй чанартай баригдсаныг тодотгож байв. Энэ бүхнийг сайжруулахын тулд байшин барихдаа тооцоололд суурилсан мэргэжлийн зураг төслийн дагуу барих шаардлагатай байгааг чухалчлан сануулсан юм. Ингэхдээ зөвхөн барилгын бүтээн байгуулалтаас гадна орчны ногоон байгууламжинд заавал анхаарах хандуулах шаардлагатай гэсэн билээ.

3. Ахуйн бетоны хэрэглээ

“Премиум Групп”-ийн Бүтээгдэхүүний менежер Б.Чингүнжав

Чанар, стандартын дагуу бэлтгэгдсэн бетон 50-100 жилийн ашиглалтын хугацаатай байдгийг тэрээр тодотгож байлаа. Бетон нь дотроо суурийн, баганын, хананы, дүүргэлтийн, зам талбайн, шалны, дээврийн, спорт талбайн гээд олон төрөлтэй ба зориулалт тус бүрийн дагуу хэрэглэвэл зохих ажээ. Тэрээр ус нэвтэрдэггүй бетон, өөрөө нягтардаг бетон, агаартай бетон, эхэн үеийн бат бэх өндөр бетон зэрэг хүмүүсийн тэр бүр мэддэггүй технологи бүхий өндөр бүтээмжтэй, хэрэглээг бүрэн хангаж чадах бетонуудыг танилцуулсан билээ.

4. Масс бетоны ач холбогдол


“Масс Бетоны Холбоо”-ны Тэргүүн М.Гандорж “Газрын хөрснөөс дор орших бетон бүтээцийн технологийн асуудал: Масс Бетон, ач холбогдол” сэдвээр арга хэмжээний оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Барилгын давхар нэмэгдэх тусам газрын хөрснөөс доош орших бетон цутгалтыг илүү гүн бөгөөд бат бэх байлгах хэрэгтэй. Энэ тохиолдолд тулгардаг гол асуудал нь хөрсний ус, хүчил шүлт тэнцвэргүй орчин болон статик болон динамик ачааны үйлчлэл болдог байна. Эдгээр эрсдэлийг тооцоолсон зориулалтын бетон цутгаагүйгээс ан цав гардаг ба ингэснээр хортой химийн урвал явагдах нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Ташрамд удаан хугацаанд бат бэхийг сулруулах зэргээр бетоны шинж чанарт сөргөөр нөлөөлж болохуйц том овор хэмжээний бүтээцийг масс бетон гэдэг байна.

5. Барилгын суурь, зоорины ажил

“Премиум Групп”-ийн Ерөнхий технологич, инженер С.Очирбат

Масс бетоноос үргэлжлэн “Барилгын суурь, зоорины ажлыг бүтээмж өндөр хийж гүйцэтгэх нь” сэдэв эхэлсэн юм. Уг сэдэв нь өөрөө масс бетонтой шууд холбогдож байсан ба энэ төрлийн бетон нь дулааны хагарал, түүнтэй холбоотой бат бөх байдлын асуудалд өртөмтгий байдаг онцлогтой аж. Тийм ч учраас бүтцийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйн тулд барилгын суурь, зоорины ажил хийх тохиолдолд зөв орц найрлагыг эрхэмлэж, лабораторийн болон талбайн туршилтыг хангалттай хийсэн нийлүүлэгчтэй хамтран ажиллах ёстойг анхааруулсан билээ. “Премиум Групп”-ийн хувьд дунджаар 78 м.куб тутамд нэг удаа тест хийдгээ энэ ташрамд хуваалцсан юм.

6. Бетоны арчилгааг зөв хийх нь 


Монгол Улсын зөвлөх инженер, Чанар баталгаажуулалтын албаны ахлах инженер Ц.Сонинсайхан “Удаан эдэлгээтэй бетон хийц бий болгохын тулд арчилгааг зөв хийх нь” илтгэлээ эхлүүлэхдээ “Барилгачдын зорилго бол бетоныхоо бат бэхийг төсөлд заасан хэмжээнд хүргэхийн тулд тухайн цаг уурын нөхцөлд тохирсон арга хэрэглэх ёстой” хэмээсэн юм. Үргэлжлүүлэн бетоны арчилгааны талаар ярьсан ба дурдагдсан зарим санаануудаас хуваалцвал:

- Бетоны гадаргуу ба төвийн хэсгийн температурын зөрүү 20°С-ээс хэтэрвэл хагарал үүсдэг.

- Бетон бэхжилтийн явцад арчилгаа хангалтгүй хийгдэхэд бетоны дотор татах хүчдэл үүсэж улмаар хагарал гарах нөхцлийг бүрдүүлдэг.

- Бэхжилтийн эхний үе шатанд температурын зөрүүг багасгах зорилгоор арчилгааны материал ашиглан шүрших, нимгэн гялгар хальсаар нааж хучих гэх мэтээр чийгтэй үе үүсгэж болдог.

7. Технологиор дамжуулан чанар хяналт хийх

“Конверж” компанийн Борлуулалтын менежер П.Жереми

“Конверж” нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн 20 гаруй оронд 1000 гаруй төслийг гүйцэтгэсэн барилгын технологийн компани юм. Тэд хиймэл оюун ухаан, үүлэн технологид суурилсан дэвшлүүдийг ашиглан барилгын төслүүдийг илүү бүтээмжтэй, аюулгүй, байгальд ээлтэй болгоход хувь нэмрээ оруулж буй. Жишээ нь, бетон цутгах үйл явцыг хиймэл оюун ухаанаар таамаглаж, барилгын ажлыг 30 хүртэл хувиар хурдасгах, бетоны чанарын хяналтыг автоматжуулах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж, зардал бууруулах найрлагыг тооцоолон боловсруулах технологи зэргийг нь дурдаж болно.

8. Ус тусгаарлалтын системүүд


“Премиум Групп”-ийн Техникийн менежер С.Пүрэвхүү илтгэлдээ дэлхийд тэргүүлэгч SIKA брэндийн суурийн ус тусгаарлах цогц шийдлийг танилцуулсан юм. Манайх шиг өвөлдөө хур тунадастай, хавартаа хөрсний ус их хэмжээгээр дээшилдэг орны хувьд барилгын суурийг ус, чийгнээс хамгаалах нь зайлшгүй зүйл ба тэд уг асуудалд зориулан зоорины ус тусгаарлах систем бүхий гурван бүтээгдэхүүнийг танилцууллаа. Бетоны гадаргууд бүрэн наалдаж, гэмтэл үүсэж, ус нэвтэрсэн тохиолдолд чийгийг цааш тархаахгүй болгох давуу талтай эдгээр бүтээгдэхүүнийг цаг уурын эрс тэс нөхцөлд шинж чанараа алдахгүй бат бөх гэдгийг ч мөн онцолсон юм.

9. Төслийн үнэ цэнийг хадгалах нь


“Премиум Корпорейшн”-ийн Санхүү хариуцсан захирал Г.Бат-Эрдэнэ арга хэмжээний сүүлийн илтгэлийг “Төслийн үнэ цэнийг өндөрт барих нь” сэдвийн хүрээнд танилцуулав. Томоохон барилгын төслүүдийн хувьд санхүүжилтийн асуудал нэн чухал байдгийг өөрийн хөрөнгө, банкны зээл, бонд зэрэг олон жишээгээр тайлбарласан юм. Тэр дундаа өөрсдөөс хамаарахгүй буюу макро эдийн засгийн төлөв байдал, зах зээлийн эрсдэл, түүхий эд материалын үнийн өсөлт зэргээс хамаарч гаднын хөрөнгө оруулалттай барилгын компани, үйлдвэрлэгч, туслан гүйцэтгэгч, мэргэшсэн компаниуд дотоодын зах зээлд бий болохгүй байгааг онцолсон билээ.

Үйл ажиллагааны тухай 

Арга хэмжээнд “Finco”, “CU”, “Sika”, Asahi, “Чингис” шар айраг зэрэг брэндүүд оролцсон ба “Стора” компанийн урилгаар “Gate” сүлжээ рестораны Гүйцэтгэх захирал П.Мөнхсайхантай ”Бизнесээ амжилттай хурдасгах нь”, Контент бүтээгч Н.Анандтай “Гэр бүлийн санхүү” сэдвээр тус тус үндсэн тайзан дээр илтгэл тавьсан юм.



Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан анх удаагийн “Төгс бүтээгч” арга хэмжээ 2025 онд шинэ сэдэв, шинэ агуулгуудтай эргэн ирэхээ уламжилсаар үйл ажиллагаагаа өндөрлүүлсэн билээ.