Өнгөрөгч зуунд М.Фридманы онолоор аливаа бизнесийн байгууллагын үндсэн зорилго ашиг орлогоо нэмэгдүүлэх хүрээнд л байв. Харин сүүлийн жилүүдэд нийгмийн сайн сайхан байдал болон бизнесийн амжилт хоорондын уялдаа холбоо салшгүй болох нь тодорхой болсоор байна.

Тэгвэл энэхүү асуудлыг тодорхой хэмжээнд шийдэхээр байгаль орчин, нийгэм, засаглал буюу БОНЗ (ESG) хүчин зүйлсийг дэлхийн томоохон корпорацууд өргөнөөр ашиглаж буй.

Монгол Улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийг ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Мэдээж энэхүү “гэрийн даалгавар”-ыг биелүүлж, тогтвортой хөгжлийн бусад зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг тун өндөр.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Монголдоо тэргүүлэгч Юнител группийн тухайд олон улсын GRI удирдамжид нийцүүлсэн Тогтвортой байдлын тайланг 2022 оноос эхлэн олон нийтэд нээлттэй тайлагнаж буй. Тэд өнгөрөгч оны тайлангаа энэ сарын эхэнд олон нийтэд хүргэсэн бөгөөд бид уг тайлангаас онцлох санаачилгуудыг шинэхэн нийтлэлээрээ уншигч та бүхэнд хүргэж байна.

 Бид яагаад анхаарах вэ? 


Өнгөрсөн жилийн байдлаар АНУ-ын олон нийтэд нээлттэй хамгийн том 500 компанийн 494 нь буюу (S&P 500) бараг 99 хувь нь БОНЗ-тай холбоотой тайлан гаргажээ.

Оксфорд болон Харвардын их сургуулиас дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд явуулсан судалгаанд “Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд санхүүгийн чухал ач холбогдолтой учраас БОНЗ-ын асуудлаарх мэдээллийг ашигладаг” хэмээн судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 82 хувь нь хариулжээ.

БОНЗ нь зөвхөн хөрөнгө оруулалтаас гадна олон талын ач холбогдолтой. Harvard Business Review-д дурдсанаар ажилтнуудын хувьд компанийнх нь БОНЗ-ын өндөр оноо ажлаараа бахархах нэгэн сэдэл болдог гэнэ. Шинэ ажилтнуудыг урт хугацаанд тогтвортой ажиллуулах, сайн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгэхэд ч БОНЗ нэгэн чухал хүчин зүйл болдог аж.


санууштай тоонууд: 

8%: Өнгөрөгч оны хувьд Юнител групп нийт эрчим хүчний хэрэглээнийхээ найман хувийг сэргээгдэх эрчим хүчээс гарган авсан. Одоогийн байдлаар Unitel-ийн 6 станц тутмын 1 нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж байгаа юм.

1295 тн: 2022 онд алслагдсан бүс нутгуудад сүлжээгээ өргөтгөх зорилгоор 200 гаруй суурин станцыг шинээр байгуулсан бөгөөд станцуудын цахилгаан хангамжийг нарны эрчим хүчээр шийдсэн. Үүний үр дүнд тус групп 1,295 тн CO2-г агаар мандалд ялгарахаас сэргийлсэн аж.

3718 кг: Univsion компани өнгөрөгч онд нийт 17,380 хуучин төхөөрөмж буюу 3,718 кг электрон хог хаягдлыг хог дээр хаягдахаас сэргийлсэн байна. Тэд үүнийхээ 964 кг-ийг дахин боловсруулсан бөгөөд 739 кг-ийг нь барилгын материалын үйлдвэрлэлд ашиглажээ.

18,475 ширхэг: Дахин боловсруулалтад оруулсан 739 кг хуванцраар 18,475 гар утасны гэр хийх боломжтой.

650 кг: Дата төв болон агуулахын байранд хуримтлагдсан 650 кг хаягдлыг гуравдагч байгууллагаар дамжуулан дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгсөн.

5000 кг: 2023 онд өмнөх онтой харьцуулахад нэгжийн хэвлэмэл картыг 50 хувь бууруулан, 5000 кг хаягдал үүсэхээс сэргийлсэн.


Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн менежмент

Юнивишнийн IPTV төхөөрөмж нь 2011 оноос Linux үйлдлийн системээр ажиллаж ирсэн бол өнгөрсөн онд Android үйлдлийн системтэй болж шинэчлэгдсэн билээ. Хуучин төхөөрөмж ашиглалтаас гарснаар хэрэглэгч айл өрхүүдэд электрон хог хаягдал хуримтлагдах нөхцөл үүссэн тул Юнивишнийн зүгээс уг асуудалд шийдэл хайж эхэлсэн аж. Энэ бүхнээс улбаалан Юнител групп байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагааг дэмжих үүднээс “Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн төгсгөлийн менежмент”-ийг хариуцлагатайгаар хэрэгжүүлж, Юнивишнийн хуучин төхөөрөмжүүдийг эргүүлэн татах ажлыг эхлүүлжээ.

Электрон хог хаягдлыг бууруулахдаа анхаарах чухал нэг зүйл нь тухайн төхөөрөмжөөс гарч болох байгальд хортой бодисууд юм. Хэрэв уг хэсгүүдийг ил задгай шатааж устгавал агаарт хортой дэгдэмхий нэгдлүүд тархах аюултай. Тэд энэ бүх аюулаас сэргийлж, цугларсан электрон хаягдлуудыг ялгахдаа тэд дахин боловсруулах замаар ажиллахаар шийдсэн нь "тойрог эдийн засаг"-ийн зарчмыг монголын хөрсөн дээр хэрэгжүүлсэн анхдагч санаачлагуудын нэг болсон юм.

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ

Юнител групп үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй явуулах зорилгынхоо хүрээнд дата төв, агуулахын байр, оффисууддаа аюултай болон хатуу хог хаягдлыг ангилж байна. Ингэхдээ тэд гуравдагч байгууллагуудтай хамтран технологийн шийдэл ашиглаж, байгаль орчинд ээлтэй аргуудыг нэвтрүүлжээ.

Түүнчлэн, төвлөрсөн оффисууддаа хог ангилан хаях цэгтэй болсон нь ажилтнуудад хогоо ангилан хаях зөв дадлыг суулгах төдийгүй ил задгай хаягддаг хаягдлын хэмжээг бууруулахад чухал түлхэц болж байгаа юм. Сонирхуулахад, тэд дата төв дээрээ хуримтлагдсан хаягдал картоныг дахин боловсруулж, хайрцаг болон архивын бор хавтас үйлдвэрлэдэг аж.

Байгаль хамгаалал

Юнител группийн инженерүүд алслагдсан сумдад суурин станц угсрах, засварлах явцдаа усны нөөц хомс газар нутагт зэрлэг амьтад харангадаж, хүнд нөхцөл байдалд байгааг анзаарсан байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, ган гачгийн давтамж ихэссэнээс гадна говь нутгийн байгалийн онцлог, жилд орох хур тунадасны хэмжээ бага байдагтай холбоотой. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 2021 онд Юнител группийн нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хэлтсээс тусгай хамгаалалт бүхий алслагдсан, усны нөөц хомс газруудад “хөв” цөөрөм байгуулах ажлыг санаачлан эхлүүлжээ.

Байгалийн чулуу, чулууны цавуу, үл нэвчүүлэх геомембранаас бүрдэх энэхүү хиймэл цөөрөм нь хур тунадсыг цуглуулж хадгалснаар зэрлэг амьтдын ундны усны эх үүсвэр болдог. Ийнхүү амьтдын амьдрах орчныг сайжруулах, экологийн тэнцвэрт байдлыг сэргээх нь тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй чухал ажлуудын нэг болжээ.


UNITEL HUB ХӨТӨЛБӨР

Юнител групп хот, хөдөөгийн цахим боловсролын ялгааг багасгах зорилгынхоо хүрээнд Unitel HUB хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд тус хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрд Unitel HUB төвийг байгуулж, хөдөө орон нутагт цахим хэрэглээний сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Unitel HUB төв нь цахим сургалт явуулах боломж бүхий сургалтын танхим гэхээсээ илүүтэй олон нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх зорилготой хувь хүний хөгжлийн орчин ажээ.

Тэд 2023 онд 11 аймагт Unitel HUB төвийг нээж, өдгөө улсын хэмжээнд нийт 12 төвтэй болоод байна. Эдгээр төвийг шаардлагатай цахим төхөөрөмж болон сургалтын материалаар бүрэн хангасан бөгөөд бэлтгэгдсэн чадварлаг багш нарын бүрэлдэхүүн тэдгээр төвүүдийг удирдан ажиллуулж буй.


Олон талт онцлог, ижил тэгш оролцоот байдал


Юнител групп 2022 онд ажилтнуудын олон талт онцлог болон ижил тэгш оролцоот байдлыг дэмжих журам баталж, үүнийхээ хүрээнд тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих, тэдний ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй судалсны эцэст 4 шинэ ажлын байрыг бий болгосон юм. Тэд 2023 онд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны бодлогоо олон улсын ISO стандартад нийцүүлэн шинэчилсэн ба үүнийхээ дагуу ажлын байрны онцлог бүрд тохирсон сургалтуудыг тогтмол явуулж байна.

Мөн ажилтнуудынхаа бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч "Эрүүл ажилтан" хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт оруулах, улирлын томуугийн вакцинд хамруулж, мөн мэргэжлийн сэтгэл зүйн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байгааг дурдууштай.

Та Юнител группийн “Тогтвортой байдлын тайлан”-тай танилцах бол ЭНД дарна уу.