Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug арга хэмжээ өнгөрсөн жилийн өдийд “BE REAL” буюу “Бодитой бай, Үнэн бай” гэх санааг түгээсэн билээ. Харин энэ жилийн Unplug арга хэмжээ “Hello Tomorrow” сэдвийн дор өрнөж, маргаашийн тухай ярилцлаа.

Өдгөө зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж, нийтдээ 4000 орчим залууст хүрээд буй Unplug арга хэмжээ энэ жил 22 илтгэгч, панелист, модератор, 28 байгууллага, 600 гаруй залуусын хамтаар найман цагийн турш маргаашийг тодорхойлох манлайлагчдын яриаг хуваалцаж, өнөөдрийг хялбарчилж буй шийдлүүдийг танилцуулсан юм.

Ингээд уншигч та бүхэндээ анх удаа ажлын өдөр Улаанбааатар хотын түүхэн соёлын өв болох Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулагдсан, маргаашийг угтах Unplug 2023 дээр юу болж өнгөрснийг тоймлон хүргэж байна.

Мартсаныг санах, үлдсэнийг бүтээх
Маргааш гэдэг яруу өдөр

Р.Чойном

Юун түрүүнд Oyu Tolgoi, United Projects Corporation, Numur, Khan Bank, Mongol ID, Vitafit milk, UB Eats, Vitafit, Caffe Fonte, Worki, Erxes, Zochil, TenGer TV тэргүүтэй Unplug 2023 арга хэмжээг дэмжин ажилласан компаниуддаа энэхүү тойм нийтлэлийнхээ тэргүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Түүнчлэн, арга хэмжээний зохион байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан сайн дурын ажилтнууд, Unread Growth 2023 хөтөлбөрийн гишүүдээ алдаршуулъя.

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг:

Conversations: Утга учиртай хэлэлцүүлгүүдийг таашаах танхим

Exhibitions: Амжилттай бизнесүүдийг танилцуулах талбай

Updates: Маргаашийн мөрөөдлөө тайлагнах талбар
Awards: Салбартаа түүчээлэгчдийг таниулах тайз

conversations

Монгол амбицыг хэрхэн тодорхойлох вэ? Монгол залуус маргаашийн нийгэмд юуг мөрөөдөж, ирээдүйгээ хэрхэн төсөөлөх вэ?

Эхний хэлэлцүүлгийн зочдоор Монголиа Талент Нетворк ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүлэн, Монгол Базальт ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл, Монгол Хаан жүжгийн продюсер, жүжигчин А.Баярцэцэг, Zaya аппын хамтран Үүсгэн байгуулагч А.Амарбаяр нар оролцож, “Монгол Амбиц” сэдвийн хүрээнд өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан залуусын харах өнцгийг тэлсэн сонирхолтой яриаг өрнүүлэв.



Залууст карьераа өсгөх боломжийг Worki аппаар дамжуулан олгож байгаа Л.Тэмүүлэн захирлын хувьд хөдөлмөрийн зах зээл дээр хэрхэн өөрийн үнэлгээг өсгөх хийгээд дэлхий даяар ажиллаж хөдөлмөрлөж буй монгол мэргэжилтнүүд заавал эх орондоо суурьшилгүйгээр зайнаас Монгол компаниуддаа хагас цагаар ажиллах боломжийг онцолсон юм.

Амазон, Apple, Twitter, GitLab зэрэг тэргүүлэх технологийн компаниудад ажиллаж байсан арвин туршлагатай, технологийн мэргэжилтэн А.Амарбаярыг дижитал номад гэдгээр нь андахгүй. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Zaya аппыг Индонези Улсад нэвтрүүлэхэд тулгарсан бэрхшээл, гаргасан алдаа болон технологийн бүтээгдэхүүнийг олон улсад нутагшуулахад гардаг жаргал зовлонгийн тухай ний нуугүй хуваалцсан нь зөвхөн Unplug-ийн тайзнаас л сонсож болох үнэ цэнтэй яриа байлаа.

Английн алдарт Уэст Эндийн Колизей театрт “Тамгагүй Төр” жүжгийг “Монгол Хаан” нэртэйгээр амжилттай толилуулсан продюсер А.Баярцэцэг монгол амбиц, монгол тэмүүлэл гэдэг зөвхөн эх оронд дотроо хязгаарлагдах учиргүй, залуус бид оюуны бүтээлээ дэлхийн хаана ч худалдаалах боломжтой цаг үед амьдарч байгааг онцлон дурдаж байв.

Харин хүнд үйлдвэрлэлийн салбарын шинэ цагийн түүчээлэгчдийн нэг Монгол Базальт ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл жижиг, дунд бизнес олон улсын байгууллагаас хөрөнгө босгох боломжуудын тухай, дотооддоо бэлтгэгдсэн инженер залуус хэдийнээ олон улсын мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэхүйц ур чадвартай болсон талаар бахдан ярьсан нь танхимд суугаа залууст маргаашдаа итгэх найдвар түгээсэн нь гарцаагүй.

Хоёр дахь хэлэлцүүлгээрээ магад энэ цаг үед хамгийн чухалд тооцогдох болсон "Мэргэжлийн байх" хэмээх сэдвийн тухай Монголын шилдэг удирдагч, үүсгэн байгуулагчдын хамтаар ярилцсан юм.



Өдгөө 60 настай ч Нагояа Их сургуульд төрийн өмчийн сургуулийн менежмент сэдвээр докторын зэрэг горилон суралцаж байгаа Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Үүсгэн байгуулагч Ж.Галбадрах залууст үнэнч байх, итгэл даах чанарыг өөртөө зайлшгүй төлөвшүүлэх учиртайг онцолж байв.

Харин 25 наснаасаа хойш 20 гаруй жилийн турш Монголын санхүүгийн салбарт удирдах албан тушаал хашиж буй Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг хэлснээ хийдэг, урдах ажлаа гараасаа бүрэн гүйцэд гаргаж, хийсэн ажилдаа эзний сэтгэлээр хандах сэтгэлгээг ямар ч байгууллагын удирдагч шинэ мэргэжилтнүүдээс хайж явдаг тухай дурдсан юм.

Харин ХААН Банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр өөрийн карьерын эргэлтийн цэг болсон их сургуулийн тэтгэлэг авсан түүх, түүгээр дамжуулан залуус маань нүдэндээ төсөөлсөн уулын оройдоо хүрэхийн төлөө юун түрүүнд өөрөөс шалтгаалах бүхий л нөөц бололцоогоо дайчлахыг сануулж байв.

Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Мэргэжлийн байх”, “Ёс зүйтэй байх” гэдэг нь зөвхөн ганц өдөр, ганц сарын бус насан туршдаа чандлан мөрдөх учиртай зарчим гэдгийг ахин дахин сануулж байлаа. Түүний хувьд компанийнхаа менежерийн түвшинд ажиллаж буй бүхий л залуустаа жилд нэг удаа өөрийн хүссэн топ сургуулийн цахим сургалтад суух боломжийг бүрдүүлж өгдөг тухайгаа дурдаад хэзээ ч сураад болсон хэмээн мэдлэгтээ ханаж болохгүйг онцгойлон захисан билээ. Хэлэлцүүлгийн турш дөрвөн зочин маань бүгд суралцах, сониуч байх, ёс зүйтэй байх нь урт хугацаандаа ямар ч салбарт ажиллаж буй мэргэжилтнийг “Мэргэжлийн” болгох түлхүүр гэдэгтэй санал нэгдсэнийг онцолъё.

meet the leader

Энэ жилийн арга хэмжээнд шинээр нэмэгдсэн формат бол Meet The Leader. Дэлхийн Эдийн Засгийн форумаас сэдэл авсан уг хэсгийн эхний зочин Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн байв.

Тэрээр монгол залуусын давуу тал, потенциал, онцлогийн талаар гаднын хүний нүдээр ажиглан харсан зүйлсээ хуваалцахын сацуу ардчилал, эрх чөлөөний бидэнд олгож буй боломж, ирэх жилийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан нь асуудал бүхнийг бусад руу чихэх хандлагатай болсон энэ цаг үед эрх мэдэл одоог хүртэл залуус бидний гарт буйг сануулсан чухал яриа болсон юм.



Харин дараагийн зочин бол Монголдоо "Хотын шинэ суурьшлын бүс" хэмээх ойлголтыг нэвтрүүлсэн, "Шинэ Яармаг" цогцолбор хороолол төслийг санаачлагч, UPC компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр. Сүүлийн арваад жил 2500 гаруй ажилтанг барилгын талбай дээр удирдан ажилласан тэрээр шинэ үеийн залуу мэргэжилтнүүдийг ажилдаа хариуцлагатай, сэтгэл ханамжтай байлгахын төлөө манлайлагч хүний зүгээс баримталдаг зарчмынхаа талаар хуваалцсан юм.



fireside chat

Цахим орчинд өөрсдийн бүтээсэн контентоор дамжуулан шинэ үеийн залууст эх хэл дээр мэдлэг түгээж буй Burii University-ийн Үүсгэн байгуулагч Г.Бөридэм, Zangia TV-ийн Үүсгэн байгуулагч, хөтлөгч Г.Занданхүүтэй түүдгийн дэргэд хөөрөлдөв.



Хэл гэдэг хэзээд хувьсан өөрчлөгддөг жамтай. Зочид маань “21-р зуунд амьдарч байгаа монгол залуус эх хэлээрээ хангалттай мэдлэгийг хүлээн авч чадаж байна уу? Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхах, мэдлэгийнхээ хүрээг тэлэх боломж зөвхөн гадаад хэл эзэмшсэн залууст л олдож байгаа энэ цаг үед бид эх хэлээ хэрхэн хамгаалж үлдэх вэ? Бид эх хэлээрээ дамжуулан ирээдүй хойчдоо соёл, уламжлалаа дамжуулж чадах болов уу?” зэрэг асуултуудын хүрээнд дарс шимэнгээ сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Энэ удаагийн түүдгийн дэргэдэх хөөрөлдөөн эх хэл тойрсон олон асуудал, түүнийг шийдэх шийдэл, маргаашийн эх орондоо итгэх итгэлийг өрдсөн, огшуулсан яриа болсон гэдэгтэй олон хүмүүс санал нийлэх биз ээ.


how i work

Unread-ийн Хамтран үүсгэн байгуулагч А.Ундралын тодорхойлсноор Unread-ийг өдий зэрэгт хүргэсэн хамгийн чухал булан бол гарцаагүй Би хэрхэн ажилладаг вэ?. Хар, цагаан өнгийн нүүр зураг, тогтсон 14 асуултаараа ялгарах энэхүү цуврал ярилцлагын буланд өнгөрсөн найман жилийн турш нийтдээ 300 гаруй зочин оролцжээ.

Жил бүр Unplug-ийн тайзнаас энэхүү цувралын ээлжит ярилцгагыг хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэж буй зэсийн уурхайн удирдлага, Оюу Толгой компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдертэй ярилцлаа. Онцлон дурдахад Дэйрдрэ Лингенфэлдерийн өнгөрсөн жил ажлаа авснаасаа хойш анх удаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хувь хүнийхээ зүгээс дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь уг ярилцлага байв. Бид тун удахгүй энэхүү яриаг уншигч та бүхэндээ хүргэх болно.



pechakucha

Ямар нэг санаа эсвэл түүхийг сонирхолтойгоор илэрхийлдэг PechaKucha илтгэлийн гол онцлог нь илтгэгч бүр өөрийн сонгосон 20 зургийг тус бүр 20 секундийн дотор тайлбарладагт оршдог. Энэхүү сонирхолтой форматаар Unplug 2023-ийн тайзнаа нийт зургаан илтгэгч өөрсдийн түүхээ хуваалцав.

Эхний хэсэгт Lhamour брэндийн Үүсгэн байгуулагч Д.Хулан өөрийн сэтгэл гутралаа даван гарсан түүх, олон сонсогчдыг сэтгэлийн эдгэрэлд хөтөлж яваа Soul Neeson подкастыг эхлүүлсэн шалтгаанаа хуваалцав.

Удаах зочин болох "Оюу толгой" компанийн төслийн ерөнхий зөвлөх Э.Ганхуяг амьдралдаа баримталдаг гурван зарчим болох “Care, Courage, Curiosity”-ийг өөрийн хувийн амьдралын замналтай холбон тун сонирхолтойгоор тайлбарласан бол УБ Сонгдо эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмч Б.Хашчулуун Монгол эрчүүд маань маргаашдаа бэлдэхийн тулд өнөөдрөөс эрүүл дадлыг өөртөө бий болгох ёстойг сануулсан юм.



Харин дараагийн хэсэгт үр хүүхэддээ зарцуулсан чанартай цаг тэдний ирээдүйн зорилгоо биелүүлэхэд ямар том нөлөө үзүүлдэг тухай Complex Exchange-ийн Үүсгэн байгуулагч, дөрвөн хүүгийн аав Ө.Үнэнбүрэн өгүүлэв. Мөн Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг хэлсэн үгэндээ эзэн болох, нэр төртэй байх тухай хуваалцсан бол SeeZam брэндийн Үүсгэн байгуулагч З.Маргарита бид амьдралынхаа ямар их цаг хугацааг хэрэгцээгүй зүйлсэд зарцуулдаг талаар ярьж, эрүүл мэнд, өөрийгөө хайрлах цагийн ач холбогдлын тухай илтгэл тавьсан билээ.



exhibitions

Амжилттай бизнесүүдийг танилцуулах талбай Exibitions бол Монголын хамгийн анхаарал татсан, хамгийн сонирхолтой стартап, шинэ содон бизнес үйлчилгээнүүдийг нэг дор цуглуулдаг үзэсгэлэн юм. Энэ жилийн үзэсгэлэнд Oyu Tolgoi, Numur, United Projects Corporation, Caffe fonte, UBEats, Ani juice, Vitafit, Vitafit Milk, Ublife, Worki, Erxes, Zochil, Blu, Nasha tech, Spot, Carepay, Uyan bowling, Timely, 6/42, Монгол им импекс, Mongol id, Uvex sport, Badarchin, PaPa, Net28 гэсэн 20 гаруй шинэлэг бизнес үйлчилгээ танилцуулагдаж, арга хэмжээнд өнгө нэмлээ.



updates

Уламжлал болсон Unread Updates хэсэгт бид маргаашийн мөрөөдлөө тайлагнаж, хөгжүүлж буй төслүүдээ танилцуулав.

techworm.mn: Технологийн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр, цаг алдалгүй, үнэн бодитоор дамжуулах techworm.mn веб болон монголын анхны хиймэл оюун ухаант нийтлэлч Worm AI-ийг 12-р сарын 18-нд нээхээ зарлав.

Newsletter.mn: Салбарын мэргэжилтнүүд болон шилдэг бичээчдийн бүтээсэн үнэ цэнтэй, утга учиртай цахим товхимлуудыг нэгэн дор агуулсан newsletter.mn-ийг 2024 оны I улиралд уншигчдад хүргэхээр болов.

Hackathon.mn: Аливаа асуудалд технологийн шийдэл олдог хакатоны соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохион байгуулагдах давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоод, гадаадын хакатон, оролцогчдын мэдээллийг нэгтгэсэн hackathon.mn платформыг нээв.

Unread Redesign: Unread Design System-ийн анхны хувилбарыг танилцуулж, дизайны бүрэн шинэчлэлээ 2024 оны III улиралд хэрэглээнд нэвтрүүлэхээр болов.

tedxulaanbaatar: Шинэ санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой TEDxUlaanbaatar арга хэмжээг 2024 оны 3-р сард хамтран зохион байгуулахаар болов.

DevSummit: Монголын технологийн салбарын хамгийн том арга хэмжээ DevSummit дөрөв дэх жилдээ илүү олон сэдэв, өргөн цар хүрээтэйгээр 2024 оны 5-р сард зохион байгуулагдахаар боллоо.

Posted.mn: Unread-ийн баг Tsoilogsoz-той хамтран Posted.mn-ийн шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа. GenZ үеийнхэнд зориулсан сошиал суурьтай энэ веб рүү та яг одоо нэвтэрч орж үзээрэй.



awards

Unplug арга хэмжээний хамгийн хүндтэй хэсэг бол Unread Awards. Энэ жилийн "Unread Awards"-ийн ялагчдыг уламжлал ёсоор бизнес, технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид болон гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй төлөөллүүдийн саналаар тодруулсан юм.

Шилдэг стартап: Уг төрөлд Jet Scooter, Metaforce, Metacog, Carepay стартапууд нэр дэвшиж, шилдгээр Metacog шалгарлаа. Ташрамд дурдахад, Google for Startups хөтөлбөрийн шилдэг оролцогч тус компанийн хүний нөөцийн шийдлийг Казахстаны хамгийн том стартап төв Astana Hub хэдийнээ туршиж эхлээд буй.

Шилдэг апп: Энэхүү төрөлд UB Eats, Timely, Tetgeleg, Toki аппууд нэр дэвшиж, шилдгээр Timely шалгарсан юм. Ажлын байрны бүтээмж, цаг бүртгэл, ажилтны идэвхжүүлэлтийг сонирхолтой бөгөөд үр дүнтэй байдлаар шийдсэн тэдний апп МТҮП-ын "Digital Night 2023" арга хэмжээний шилдэг стартапаар мөн нэрлэгдсэн билээ.

Шилдэг үүсгэн байгуулагч: Энэхүү төрөлд карбон кредитийн зах зээлд хүч түрэн орж ирж буй Монгол стартап болох Ureca-ийн Үүсгэн байгуулагч Э.Орчлон, Боловсролын салбарт инновацын галыг бадрааж яваа, BrightOn, Neolingo-ийн үүсгэн байгуулагч А.Ариунтуяа, "Buy Now Pay Later" буюу "Одоо аваад дараа төл" загварыг хамгийн эхэнд, хамгийн амжилттай нутагшуулсан StorePay-ийн Гүйцэтгэх захирал Н.Хангал, 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилготой Mongol Made төслийн санаачлагч Б.Солонго нар нэр дэвшиж, шилдгээр Н.Хангал тодорлоо.

Шилдэг арга хэмжээ: Энэ жилийн Unplug-ийн хувьд “Шилдэг арга хэмжээ” төрлийг хоёр дахь удаагаа тодруулаад зогсохгүй олон нийтийн саналыг харгалзан үзсэн нь онцлог байлаа.

Энэ төрөлд MEF Youth, ICT EXPO, SciCon, Update, Smart, Nas Summit гэсэн зургаан арга хэмжээ ширүүн өрсөлдөж, эцсийн мөчид шинжлэх ухааны хүрээллийг нэгтгэж чадсан Gej Yu Ve?-ийн зохион байгуулсан SciCon шилдгээр тодорсон билээ.



Арга хэмжээнд оролцсон оролцогч талууд, уншигч, зочдодоо Unread-ийн хамт олны зүгээс талархал илэрхийлье. Ирэх жил долоо дахь Unplug-аар уулзацгаая.