Монголын залуу мэргэжилтнүүдийг нэг дор нэгтгэж, “утга учиртай хэлэлцүүлэг” өрнүүлэх талбар болсон Unplug арга хэмжээ цар тахлын дараа эргэн ирж, “Be Real” буюу “бодитой бай, үнэн бай” гэх санааг түгээж, энэ цаг үеийн хамгийн анхаарал татсан, хэлэлцвэл зохих сэдвүүдийг хөндлөө. 

Урам зориг өгөх амжилтын түүхүүд, гол дүрүүдийг танилцуулдаг байсан бид энэ удаа давс мэт гашуун байж болох ч дараа нь ач тусаа өгөх агуулга яриануудыг хүргэж, нийт 700 гаруй залуус, 30 гаруй стартап компаниуд нэгэн дээвэр дор цуглалаа. Уншигч та бүхэнд "Unplug 2022" дээр юу болж өнгөрснийг бүрэн тоймлон хүргэе. 

Ташрамд дурдахад "Unplug 2022 | Be Real" арга хэмжээг тун удахгүй ТэнГэр телевизээс хүлээн авч үзээрэй. 


“Unplug 2022 | Be Real” арга хэмжээг Мобиком Корпорацийн Мобифинанс ББСБ ХХК, “Be” бренд, ХААН Банкны 18-22 насны оюутан залууст зориулсан “K” карт, “Оюу толгой” компаниас хэрэгжүүлж буй “80 насалъя” аян, MCS Coca Cola, Анунгоо тэргүүтэй компаниуд дэмжин ажилласныг тойм нийтлэлийнхээ тэргүүнд талархалтайгаар онцолъё.



BE REAL: УТГА УЧИРТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД

"Unplug"-ийн тодотгол хэсэг бол утга учиртай хэлэлцүүлгүүд. Бид энэ удаа “Бодит бай, үнэн бай” гэх санаан дор ажил, бизнесийн талбарын удирдах ажилтнууд, тэргүүлэх мэргэжилтнүүд, стартап байгуулагчдыг урьж өнөө цаг үеийн хүндрэл бэрхшээл, сорилтууд хийгээд боломжуудын тухай хэлэлцлээ.

Эхний хэлэлцүүлгийн зочдоор Тэсо Группийн гүйцэтгэх захирал С.Болор, ERXES платформын үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших, Мобифинанс ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэг, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар “Бизнес хийх нь биелэгдэшгүй даалгавар мэт цаг үеийг хэрхэн давах вэ?” сэдвийн хүрээнд ярилцсан юм.

Шинэ бизнес эхлүүлэхэд ямар сорилт бэрхшээл тулгардаг, нэгэнт босгосон бизнесээ хэрхэн амжилттай авч явах, өнөөгийн нөхцөл байдалд яаж дасан зохицож ажиллах талаар нэг цагийн турш үргэлжилсэн тэдний яриа манай арга хэмжээг зорин ирсэн гарааны бизнес эрхлэгч залуусын хувьд гарцаагүй үнэт зөвлөгөө болсон билээ.



Удаах хэлэлцүүлгээр “Өнөөгийн сорилт дүүрэн карьерын талбарт хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?” сэдвийн хүрээнд Мобиком Корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима, ХААН банкны Ажилтны харилцааны газрын захирал С.Солонго, Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд нар ярилцсан юм.

Бид энэ хэсгийн хэлэлцүүлгийн сэдвийг хувь хүн ажил амьдралаа илүү бодитой, өөрийн онцлогтой төлөвлөн удирдах тухай салбар салбарын төлөөллийн туршлага, зөвлөгөөг хүргэх зорилгоор сонгосон.



BE REAL: ИЛ ГАЛЫН ДЭРГЭДЭХ ХӨӨРӨЛДӨӨН

Энэ жилийн "Unplug"-ийн хамгийн онцлууштай хэсэг нь Fireside Chat буюу “Ил галын дэргэдэх хөөрөлдөөн” байв. Учир нь бүхий л цаг үед хэн бүхнийг хооронд нь мэтгэлцүүлж дөнгөдөг философи хэмээх талбарын чухал төлөөлөл болсон философич С.Молор-Эрдэнэ залуу уран бүтээлчдийн төлөөлөл, лектор, комедиан Б.Гантулга буюу Сексцагаанбогдтой ярилцсан юм.

Тэд “Монголчуудын оюун санааны хөгжил ба үе хоорондын онцлог”-ийн тухай хөөрөлдөж, танхимд хуран цугласан залуусын хүссэн асуултад хариулж, гал мэт халуухан яриа өрнүүлсэн билээ.

Философич С.Молор-Эрдэнийн “Ёс суртахуун, ёс зүйгүй мэдлэг угтаа юу ч биш шүү дээ” хэмээх үг карьерын эргэлзээ, тээнэгэлзээ дунд ороогдон яваа залуу мэргэжилтнүүдийн хувьд гогцоо тайлах мэт зөвлөгөө болсон бол Б.Гантулгын “Философийг сонирхон судалснаар эмх цэгцтэй, логиктой сэтгэхээс гадна хамгийн чухал нь итгэдэг зүйлсээ няцааж, эргэцүүлэх чадварт суралцдаг” гэх ганцхан өгүүлбэр бидэнд философийг яагаад судалж, сонирхох хэрэгтэйг ойлгуулсан гэмээр.



BE REAL: УРАМ ЗОРИГ ӨГӨХ ИЛТГЭЛҮҮД

Токио хотоос эхтэй, дэлхийн 1000 гаруй хотноо зохион байгуулагддаг, TEDx илтгэлийн “хайку” хувилбар ч гэж хэлж болох "Pechakuchа" илтгэлээр манай арга хэмжээ үргэлжилсэн юм. Салбар салбарын залуус өөрсдийн алдаж оносон туршлага, асуудлын шийдэл гаргалгааг 400 секундэд багтаан танилцууллаа.

Эхний хэсэгт “Эх орондоо л очихсон” баримтат кино хэрхэн бүтсэн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эх нутагтаа очих хүсэл нь оргилсон монголчуудын нөхцөл байдал хэрхэж байсан талаар “Zoljargal and Son film”-ийн продюсер Б.Ганзориг түүхээ хуваалцсан юм.

Үргэлжлүүлэн гадаадын хөрөнгө оруулагчидтай нүүр тулж, өөрийн хамтран байгуулсан стартап бизнесээ хэрхэн хөгжүүлэх тухайд нөү-хау, мэдлэг туршлагаасаа хуваалцсан TomYo, DropBlok компанийн хамтран үүсгэн байгуулагч Эжагийн илтгэл олон залуу бизнес эрхлэгчдэд үнэтэй зөвлөгөө болсон бол ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Дөлгөөний анагаах ухааны чиглэлээр гурван улсад суралцсан тэмдэглэл олны сонирхлыг татаж чадсан юм.


Өөрийнхөө хамгийн сайн дэмжигч, итгэл хүлээлгэгч нь та өөрөө байх ёстойг сануулсан "UB comedy" клубийн үүсгэн байгуулагч, ерөнхий продюсер Б.Батбилэг хоёр дахь хэсгийг эхлүүлсэн бол удаах хэсэгт эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тэр дундаа сэтгэл зүйн асуудлын талаар “Оюу толгой” компанийн Ковидын эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Г.Нансалмаа илтгэлээ танилцуулсан юм.

Хүн бүрийн хайр ижил өнгөтэйг сануулж, өөрийн хайрыг нүүр бардам бусдад зарлаж болох тийм л нийгмийг бүтээх хүсэлтэй Монголын ЛГБТ Төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Доржжанцаны түүхээр "Pecha Kucha" илтгэлийн хэсэг маань өндөрлөв.



BE REAL: “БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?” ЯРИЛЦЛАГА

Бид нэрийн хуудас болсон контентуудын нэг "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагаа Unplug-ийн тайзнаа шууд үзэгчдийн өмнө хийж, эвентээ хаадаг уламжлалтай. Тиймдээ ч 2016 онд анхны Unplug арга хэмжээнд зочноор оролцож байсан Д.Энхбатыг бид зургаан жилийн дараа дахин урьж, ажлын арга барил, цаг үеийн талаарх үзэл бодол, сүүлийн үед хийж хэрэгжүүлж буй ажил төслүүдийнх нь талаар сонирхсон юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өдрийн од мэт үзэгддэг түүний сонирхолтой, өгөөжтэй яриаг зөвхөн "Unplug"-ийн тайзнаас л харах боломжтой.



BE REAL: UNREAD AWARDS

Манай тайзнаа тухайн жил "тэсрэлт" хийсэн, тод амжилт гаргасан энтрепренерүүд, байгууллагуудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн "Unread Awards"-ийн ялагчдыг уламжлал ёсоор бизнес, технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын 16 сэтгүүлч, мэргэжилтний олонхын саналаар тодруулсан юм.

Шилдэг стартап: Уг төрөлд Fibo Cloud, Melearn, Gertoon Animation, Stora зэрэг энэ үеийн амжилттай яваа стартапууд нэр дэвшиж, шилдгээр Fibo Cloud шалгарлаа. Тэд Fibo 2017 онд үүсгэн байгуулагдсан клауд технологийн чиглэлд түүчээлж буй стартап төдийгүй дижитал шилжилтийн эринд компани, байгууллагуудад хямд зардлаар, үүлэн технологийг үр ашигтай ашиглахад нь зөвлөн, 2019 онд анхны үндэсний клауд системийг танилцуулж байв.

Түүнчлэн тэд өнгөрсөн аравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох "Транстелеком"-ийн Казакстан улсын есөн хотод байрших Tier III стандартын 10 дата төвд клауд үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ.



Шилдэг санаачилга: Энэ жилийн Unread Awards-ийн "Шилдэг санаачилга" төрөлд “Үлгэрийн цаг”, “Намайг алгас”, “Шамбала 2056”, “80 насалъя” зэрэг нийгмийн аянууд нэр дэвшсэнээс инженерийн суурин, говийн ирээдүйг бүтээх зорилготой “Шамбала 2056” аян шилдгээр шалгарсан юм.

Тэд Улаанбаатар хотоос 584 км-ийн зайд орших Дорноговь аймгийн Эрдэнэ сум буюу Дорнын их говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулахаар зорьж буй.



Шилдэг апп: Tapatrip, Habido, Worki, Blindcare зэрэг апп нэр дэвшиж, шилдгээр "Blindcare" шалгарсан юм. Сэтгэлзүйн асуудалд чиглэсэн бүтээгдэхүүний хэрэгцээг мэдэрч бүтээсэн уг апп нь сэтгэл судлаачдын хувийн мэдээлэлтэй танилцаж, бусдад өгсөн зөвлөгөөг харж болох ба өөрт тулгамдсан мэдрэмж, асуудлаа бичих үед тэдгээрт оновчтой зөвлөгөө өгч чадах сэтгэл судлаачдыг санал болгодог.



Шилдэг үүсгэн байгуулагч: Энэхүү төрөлд Монголын “Uber” гэгдэх “UBCab”-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр, Харилцаа холбооны салбарт шинэлэг инновац, далайцтай өөрчлөлтүүдийг хийж буй Г.Тулга, Монголын анхны Venture studio Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, Alphabook номын дэлгүүрийг үүсгэн байгуулагч Д.Оюунсүрэн нар нэр дэвшсэн бөгөөд шилдгээр Ц.Мэндбаяр шалгарсан юм.

Түүний удирдан ажиллаж буй Интелмайнд компани нь олон төслийг дэмжин амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн ба та бидний сайн мэдэх Shoppy, UBCab, Cody, Mezorn, SEM, Zary, Coinhub Easycook зэрэг 15 төсөл, технологийн олон компаниудыг танилцуулж тэдгээр нь нийгэмд хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж буй билээ.

Одоогоор 1,5 сая гаруй хэрэглэгч, 2000 орчим дотоодын компаниудтай хамтран ажиллаж тэдний үйл үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, дижитал экосистемийг цогцлоон ажиллаж байна.



Олон нийтийн нэрэмжит шагнал: Бид энэ жил анх удаа “Шилдэг санаачилга” төрөлд нэр дэвшигчдээс олон нийтийн санал хүсэлтээр шилдгийг шалгаруулсан юм. Нийт 4000 орчим хүний саналаар архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, олон нийтэд архины хор хөнөөлийг таниулж, зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ЦЕГ-аас эхлүүлсэн "Намайг алгас" аян тодорлоо.



Уламжлал ёсоор бид голлох хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид Unplug Awards-ийн номинациудад хэрхэн санал өгснийг нээлттэйгээр зарлая:



BE REAL: UNREAD MARKETPLACE

Unplug Marketplace бол Монголын хамгийн анхаарал татсан, хамгийн сонирхолтой стартап компаниуд, шинэ содон бизнес үйлчилгээнүүдийг нэг дор цуглуулдаг үзэсгэлэн юм. Энэ жилийн үзэсгэлэнд нийт 20 орчим шинэлэг бизнес үйлчилгээ танилцуулагдаж, арга хэмжээнд өнгө нэмсэн билээ.



Арга хэмжээнд оролцсон оролцогч талууд, уншигч, зочдодоо Unread-ийн хамт олны зүгээс талархал илэрхийлье. Ирэх жил зургаа дахь Unplug-аар уулзацгаая.