Шим ертөнцтэй хүйн холбоотой мод бол амьд байгалийн экосистемийн амин чухал хэсэг билээ. Харамсалтай нь, хүний буруутай үйл ажиллагаа, гал түймэр, ойн хөнөөлт шавж гэх зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан дэлхий дахинаа жилд дунджаар 9.7 сая га ой модоо алдсаар байна. Харин манай орон нийт газар нутгийнхаа 7.9 хувьд нь л ойтой боловч сүүлийн 20жилийн хугацаанд 1.2 сая га ойн талбайгаа алджээ.
Энэхүү нийтлэлээр бид ойн баялаг нөөцтэй Орос, Бразил, Хятад зэрэг орнууд хэрхэн ой модоо хамгаалдаг болохыг тайлбарлахаар зорилоо. Мөн манай улсад 2022 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн, 300 гаруй мянган га ойг доройтолд орох аюулаас сэргийлэх “Эрүүл ой” төслийг танилцуулах болно.
ОХУ
Дэлхий дээрх ойн сангийн 20 хувийг Балтын тэнгисээс Номхон далай хүртэл үргэлжлэх Сибирийн тайга бүрдүүлдэг. Өргөн их газар нутаг дахь өтгөн энэ шугуй нийтдээ 763.5 сая га хэмжээтэй. ОХУ-ын нийт газар нутгийн 11 хувийг хамрах асар том тус ойн аюулгүй байдалд заналхийлдэг хамгийн аюулт үзэгдлийн нэг нь гал түймэр. Өтгөн шугуйд нэг л гал дүрэлзэж эхэлвэл дунджаар 35 сая га талбайг хамарч байж дарагддаг ажээ.
2019 онд тохиосон Сибирийн их түймрийн уршгаар ойролцоогоор 5.2 сая га ой шатсан. Хоёр сар гаруй үргэлжилсэн түймрийн утаа салхиар дамжин Улаанбаатар хотыг манан мэт бүрхсэнийг санаж байгаа биз дээ? Дэлхий нийтийг цочроосон тус түймрийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалтаас шалтгаалсан хэмээн үзэж, тус улсын Ерөнхийлөгч энэ чиглэлээр яаралтай арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ үйл явдлаас өмнө буюу тэртээ 2006 онд ойн сангаа хамгаалах “Ойн код” хуулийг боловсруулан баталж, засгийн газраас ойг хамгаалах чиглэлээр нээлттэй судалгаа хийхэд туслалцаа үзүүлэх, байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөг улам ихэсгэх зэрэг ажлуудыг хуульчилж байжээ. Түүнчлэн хууль бусаар мод тайрч буй үйлдлийг таслан зогсоох, нөхөн сэргээх хөтөлбөрүүдийг ч багтаасан байдаг.
Бразил
Өмнөд Америк тивийн 40 хувийг эзлэх, 526 сая га хэмжээтэй Амазоны ширэнгийн нутаг дэвсгэрийг нь бүрхдэг есөн улсын нэг нь Бразил. Ойролцоогоор 9,000 гаруй төрлийн модтой тус ширэнгэд хүний буруутай үйл ажиллагааны нөлөө хамгийн их аюул занал учруулдаг ажээ. Хэт хотжилтоос үүдэлтэй дэд бүтцийн бүтээн байгуулалтын улмаас өдгөө хоёр секунд тутамд нэг бүтэн хөлбөмбөгийн талбайг хамрахуйц модыг тайрч байна. Үүний 20-40 хувийг хууль бусаар тайрч байгаа хулгайн мод эзэлж буй.
Бразил Улс Олон улсын сансрын судалгааны байгууллагатай хамтран хиймэл дагуул ашиглан ой модоо хамгаалах чиглэлээр хяналт тавин ажилладаг аж. Хиймэл дагуулд цугласан датанд үндэслэн мод цөөрч буй газар нутгийг тодорхойлон хууль бусаар мод тайрах үйлдлийг таслан зогсоох зэргээр шаардлагатай арга хэмжээг авдаг байна. Мөн тэд уг датаг олон нийтэд нээлттэй байршуулсан нь энэ төрлийн судалгаа хийх томоохон суурь болдог аж.

Сонирхуулахад, 2003 онд Европын холбооноос хууль бусаар мод тайрахтай тэмцэх “Ойн тухай хуулийн хэрэгжилтийн засаглал, худалдааны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулан танилцуулсан. Тус төлөвлөгөө нь хууль ёсны дагуу бэлтгэсэн мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хувийн болон төрийн байгууллагад худалдааны чиглэлийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
БНХАУ
Дэлхийн нийт ойн 5.4 хувь буюу 220 сая га ой мод Хятадын төв болон хойд хэсэгт бий. Хулсны баавгай, сармагчингийн өлгий болсон ширэнгээ Хятадын засгийн газар 1984 оноос эхлэн хуулиар хамгаалж эхэлсэн түүхтэй. Мөн мал аж ахуй, фермийн нөлөөнөөс болоод хөрсний доройтол үүсэн цөлжилт явагдаж эхэлсэн тул засгийн газраас 1999 оноос "Grain for Green"-ийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр нь хөрсний элэгдлийг бууруулах замаар экосистемийг сайжруулах зорилготой бөгөөд иргэд эзэшлийн тариан талбайгаа сайн дураараа чөлөөлсөн тохиолдолд улсаас үр тариа урамшуулал болгон өгдөг байжээ. Нутаг дэвсгэрийн 97 хувийг хамарсан тус ажиллагааны үр дүнд ойн 5,5 хувь нөхөн сэргээж чадсан байна.
Мөн 2020 онд БНХАУ ойг хамгаалах хуулиа шинэчлэн баталсан. Тус хууль нь хууль бусаар мод тайрах үйлдлийг таслан зогсоох зорилготой бөгөөд үндсэн санааг дараах байдлаар хураангуйлж болно.
- Мод худалдан авагч хулгайн мод гэдгийг мэдсээр байж авсан тохиолдолд буруутайд тооцогдох;
- Мод зөөвөрлөдөг байгууллагууд нийлүүлэлтийн гинжин хэлхээгээ (supply chain) бүртгэн нэгдсэн мэдээллийн сантай болох;.

Монгол
Дэлхийн нийт газар нутгийн 31 хувь нь ой байдаг бол Монгол орны хувьд 7.9 хувь нь ой мод. Харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөгөөт ажлууд хойшлогдож, хөнөөлт шавж хэт олширч, голомтлон тархсан талбай дахь 700 гаруй мянган га ойн сан доройтолд орох аюул тулгарчээ.
Ойн сангийн хөнөөлт шавжид тэсвэртэй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Рио Тинто Монгол ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Эрүүл ой” төслийг 2022 оны есдүгээр сараас албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл нь 2022 оны зургаадугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ болон Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний томоохон ажил юм.
Төслийн гол зорилго нь Монгол орны ойг устгаж, доройтолд оруулж буй хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг бууруулж, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, ойн тогтвортой менежментийн чадавхыг сайжруулахад оршино. Эрүүл ойтой болсны үр шимийг Монгол Улс бүхэлдээ хүртэх бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжлийг урт хугацааны тогтвортой ойн нөөцөөр дэмжих боломжийг бүрдүүлнэ.

Төслийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлууд
- 2023 оны тавдугаар сараас эхлэн ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулж, зохистой түвшинд хүргэх зорилгоор био эмчилгээний бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг хоёр жилийн хугацаанд хийж 300 мянган га ойг эмчилнэ. Энэхүү эмчилгээний бэлдмэл нь хүн болон халуун цустай амьтан, ургамалд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд бэлдмэлд агуулагдаж буй бактерийг хөнөөлт шавж залгиж, мод хооронд дамжихдаа бактерийг тарааж дараа дараагийн хөнөөлт шавжийн олшролыг хумьдаг байна. Жишээлбэл, Монгол орны ойн сангийн хамгийн хөнөөлт шавжийн нэг болох Сибирийн хүр хорхойтой тэмцэхийн тулд “bacillus thuringiensis” бактерийг ашиглаж байгаа аж.
- Монголоос ойн хөнөөлт шавжтай тэмцэх, менежмент хэрэгжүүлэх чиглэлээр Ойн газрын болон судалгаа, шинжилгээний мэргэжилтнүүдийн чадавхыг олон улсын туршлагат суурилж бэхжүүлэх, ойн нөөцийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор ойн тэсвэртэй, эрүүл байдлыг хамгаалах арга хэмжээний цогц төлөвлөгөөг боловсруулж байна. Мөн Шинжлэх ухааны академи, их сургуулиудтай хамтран энэ чиглэлээр дутагдаад буй залуу боловсон хүчнийг буюу “ойн эмч” нарыг бэлтгэхэд эхний ээлжид судалгаа хийж буй дөрвөн оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
- Ойн хөнөөлт шавжтай тэмцлийн ажилд бодит дэмжлэг болох үүднээс Итали Улсад үйлдвэрлэсэн 100 ширхэг Cifarelli M1200 ургамал хамгаалагч үүргийн шүршигчээр хангаж байгальд ээлтэй ургамлын тосыг ашиглан хөнөөлт шавжтай тэмцэх шинэлэг арга зүйг нэвтрүүлсэн байна. Жишээлбэл, хөнөөлт шавжийн нэг болох өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар хусаж, цэвэрлэх ажлыг үр дүнтэй гүйцэтгэхийн тулд шар буурцгийн тос, Golden pest spray oil, Soybean oil, Showa oil зэргийг ашиглаж байна.
- Технологийн шийдэлд суурилсан ойн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор дэлхийн 50 гаруй улс орны 180 гаруй дархан цаазат нутаг дэвсгэрт ашигладаг, хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger программыг үндэсний онцлогт нийцүүлэн боловсруулж байна. Тус программыг ирэх жилээс эхлэн ойн төлөв байдалд тогтмол хяналт тавих, датад суурилж төлөвлөлт, шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэхэд бүрэн хэмжээгээр ашиглах юм.

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд
Рио Тинто Монгол ХХК:
Рио Тинто Монгол ХХК нь Монгол Улс дах урт хугацааны түншлэл хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд эдийн засаг бизнесийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахаас гадна группийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн стратегийн дагуу байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар:
Ойн газар нь “Эрүүл ой” төслийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, бодлогын болон техникийн талаас дэмжлэг үзүүлэх, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулж, гүйцэтгэлийг хянан ажиллаж байна.
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг:
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг(ОУБХН) нь байгаль хамгаалах бодлогыг хөгжүүлэх, байгаль орчны тэргүүн туршлагыг олон улсад нэвтрүүлэхэд чиглэсэн бодлого тодорхойлогчдын олон улсын сүлжээ байгууллага юм. ОУБХН-ийн мэргэжилтнүүд хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, олон улсын жишигт нийцсэн аргуудыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гурван жилийн хугацаанд ажиллана.

Сэтгэгдэл бичих

