Хүн төрөлхтөн бид эх дэлхийдээ эн зэрэгцэн, урт удаан хугацаанд амьдрахын тулд дор бүрнээ хичээж, уур амьсгалын өөрчлөлтөд өртсөөр байгаа хүрээлэн буй орчныхоо төлөө бодит үйлдэл хийх ёстой чухал цаг үе яг одоо тохиож байна. Тийм ч учраас дэлхий улсууд 2015 онд Парисын хэлэлцээрийг байгуулж, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж түвшнээс 2 градусаас доогуур барих, улмаар 1.5 градусын хэмд хязгаарлах зорилт тавьсан билээ. Уг зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн бүх салбарт эрс шийдэмгий өөрчлөлт хийх шаардлагатай бөгөөд ялангуяа банк, санхүүгийн салбарын үүрэг оролцоо нэн чухал байна. 

Иймд бид Төрийн банктай хамтран хүргэж буй цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн сэдвээр хүлэмжийн хийн ялгарлыг үлэмж бууруулахад банкуудын гүйцэтгэх үүргийн талаар хөндөж байна.

Өмнөх нийтлэлүүд:

Тайлангаас онцлох нь: Төрийн банк 2024 онд хэрхэн тогтвортой хөгжив?

Тогтвортой санхүүжилтийн шинэ эрин: Банкны үйл ажиллагаа зөвхөн ашиг олох уралдаан биш

Өдөр бүрийн өөрчлөлтөөс бүрэлдэх тогтвортой амьдралын 5 зөвлөгөө

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?


Энэ талаар уншигч та наснаасаа олон удаа сонссон биз ээ. Магад тийм ч учраас уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинтой холбоотой асуудал яригдахад хэт эгэл дасал болсон байж мэдэх юм. Тэгвэл хүлэмжийн хийн ялгарлыг бид таны амьдралд арай илүү ойр байдлаар тайлбарлая.

Төсөөлөөд үз дээ. Та зуны халуун өдөр цонхоо бүрэн хаасан машинд сууж байна гэж бодъё. Нарны илч дотор агаарыг халаах боловч цонх хаалттай учраас тэр халуун агаар гадагшилж чадахгүй гацна. Тэр үед танд хэр их давчидмаар мэдрэмж төрөх бол? Яг үүнтэй ижил мэдрэмж эх дэлхийд маань явагдаж байгаа.

Юунаас болж вэ гэж үү? Ердөө л бидний тав тухтай амьдрах гэсэн оролдлого бүрээс, тэдгээрийг хангах гэсэн үйлдвэр, томоохон дэд бүтцүүдээ үүдэлтэй. Гэрлээ асаах, зурагт үзэх, машин унах, дулаахан байхын тулд зарцуулж буй эрчим хүч бүр нь агаарт нүүрсхүчлийн хий нэмж, тэдгээрийг үл гадагшлуулах “хөнжил” шиг давхарга үүсгэж байна. Уг нь байгаль эх өөрөө тодорхой хэмжээний хийг шингээж, тэнцвэрээ барьж чаддаг байсан ч хүн төрөлхтний энэ их хэтэрсэн хэрэглээг боловсруулж дийлэхээ больсон нь гол асуудал.

Хүлэмжийн хийг бүрдүүлдэг хэдэн төрлийн хий бий:

Нүүрсхүчлийн хий (CO2): Хамгийн түгээмэл нь. Энэ бол гол буруутан нь. Ямар нэгэн зүйл шатаах болгонд энэ хий агаарт гардаг.

Метан (CH4): Хогийн цэг дээрх хоолны үлдэгдэл муудах эсвэл мал амьтны ялгадас, хий гарах үед үүсдэг. Нүүрсхүчлийн хийнээс хамаагүй хүчтэй халаадаг буюу нүүрсхүчлийн хийг дэлхийг нимгэн даавуун хөнжил гэж үзвэл, метан нь түүнээс хамаагүй зузаан, ноосон хөнжил гэсэн үг.

Азотын дутуу исэл (N2O): Хөдөө аж ахуйн химийн бордооны нөлөөгөөр хөрснөөс ялгардаг. Мөн зарим төрлийн үйлдвэрийн утаанд агуулагддаг.

Фторт хийнүүд: Хөргөгч, агааржуулагч болон шүршдэг лак зэрэгт агуулагддаг хүний гараар бүтсэн хийнүүд. Маш бага хэмжээтэй ч дулааныг маш хүчтэй барьдаг.



2025 оны хүлэмжийн хийн онцлох статистик:

Нийт ялгарал: Дэлхийн хэмжээнд хатуу түлшнээс үүдэлтэй ялгарал 38.1 тэрбум тоннд хүрчээ. Үүнд нүүрс (+0.8%), газрын тос (+1%), болон байгалийн хийн (+1.3%) хэрэглээний өсөлт голлон нөлөөлсөн байна.

Гол ялгаруулагчид: Хятад Улсын ялгарал 0.4%, Энэтхэг Улсынх 1.4%-иар тус тус өсжээ. АНУ-ын ялгарал сүүлийн хоёр жил дараалан буурч байсан ч 2025 онд 2.4%-иар өссөн нь эрчим хүч болон барилгын салбарын өндөр хэрэглээтэй холбоотой.

Хамгийн халуун жил: 2025 он түүхэн дэх хамгийн халуун гурав дахь жил болж тэмдэглэгдэв. Эх дэлхийн гадаргуун 97% нь 1951-1980 оны дунджаас мэдэгдэхүйц дулаан байв.

Европын Холбооны мэдээ: 2025 оны эхний улиралд Европын Холбооны хүлэмжийн хийн ялгарал өмнөх оны мөн үеэс 3.4%-иар өсжээ. Үүнд эрчим хүчний салбар (+13.6%) болон өрхийн хэрэглээ (+5.6%) хамгийн их нөлөө үзүүлсэн байна.

ТЭГВЭЛ БАНКУУД ҮҮНИЙ ЭСРЭГ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?


НҮБ-ын Орчны хөтөлбөрийн Санхүүгийн санаачилга (UNEP FI)-аас банкуудад зориулсан уур амьсгалын зорилт тодорхойлох зааварчилгааг үе шаттайгаар гаргаж буй. Өнгөрсөн оны аравдугаар сард 4-р хувилбар нь хэвлэгдэн гарсан бөгөөд энэхүү зааварчилгаанд дурдсанаар, банкууд ямар бизнесийг дэмжих, хэнд зээл өгөхөө шийддэг учраас эх дэлхийгээ аврахад маш том нөлөө үзүүлж чадна гэжээ. НҮБ-ын зүгээс банкуудад дараах дөрвөн энгийн алхмыг хэрэгжүүлэхийг зөвлөж буй.

Тодорхой хугацаатай амлалт өгөх: Банкууд 2050 он гэхэд байгальд хор хөнөөлгүй банк болох урт хугацааны төлөвлөгөө гаргах ёстой төдийгүй 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулсан байх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй.

Бодит байдлаа хэмжих: Банк өөрийнхөө олгосон зээлүүдийг байгаль орчинд хэр их хохирол учруулж буйг жил бүр тооцоолж, тэдгээрийг хүмүүст ил тод мэдээлэх үүрэгтэй. Ингэхдээ нуух зүйлгүйгээр хаана хамгийн их бохирдол байна, түүнийгээ хамтдаа засахыг зорих нь чухал.

Хүнд үйлдвэрлэлийн салбаруудад анхаарал хандуулах: Агаарт хамгийн их бохирдол гаргадаг нүүрс, эрчим хүч, том үйлдвэр, тээврийн салбарын зээлүүддээ онцгой анхаарна.

Харилцагчдаа ногоон замд хөтлөх: Банк ганцаараа юуг ч өөрчилж чадахгүй. Гэхдээ зээл авч буй хүмүүстээ, компаниуддаа "Хэрэв та байгальд ээлтэй бизнес хийвэл бид таныг илүү сайн дэмжинэ" гэж урамшуулах замаар зөв зам руу чиглүүлэх боломжтой.

Товчхондоо, банк өөрийнхөө мөнгийг юунд зарцуулж байгааг маш сайн хянаж, тэрхүү мөнгөөр дамжуулж эх дэлхийнхээ "халууныг" бууруулахад туслах ёстой гэдгийг зөвлөжээ.

ТӨРИЙН БАНКНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЖИШЭЭ

Хүлэмжийн хийн тооцоолол ба үр дүн

Төрийн банк 2022 оноос хойш хүлэмжийн хийн ялгарлаа тооцож эхэлжээ. Тухайлбал, 2024 оны байдлаар худалдан авалт, ажилтнуудын зорчих хөдөлгөөн, зээл санхүүжилтээс нийт 116,783.6 тонн хий ялгарсан аж. Үүнийг бууруулах үүднээс цахим үйлчилгээ, цахилгаан автомашин, зайнаас ажиллах боломж зэрэг таван чиглэлээр ажилласны үр дүнд ялгарлыг 877.87 тонноор бууруулж чадсан байна.

"Ногоон оффис" ба дотоод соёл

Тэд байгууллагын түвшинд нөөцийг хэмнэх "Ногоон оффисын заавар"-ыг мөрдөж буй. Ингэхдээ,

  • 10 цахилгаан автомашин ашиглаж, ажилтнуудаа зайнаас ажиллахыг дэмжсэн,
  • Төв оффистоо хэмнэлттэй гэрэлтүүлэг, усны төхөөрөмж суурилуулсан,
  • 250 кг хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна.

Харилцагчдад зориулсан "Ногоон зээл"

Байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжих 7 төрлийн зээл санал болгож буй. Үүнд эко автомашин, эрчим хүчний хэмнэлттэй сууц, малчны ногоон зээл зэрэг багтаж байгаа юм. Үр дүнд нь ногоон зээлийн багц 108.6%, тогтвортой хөгжлийн зээл 92.9%-иар тус тус өсжээ.

Олон улсын үнэлгээ

2024 оны хоёрдугаар сард S&P Global байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд Төрийн банкны тогтвортой санхүүжилтийн тогтолцоо нь олон улсын ногоон бонд, зээлийн зарчимд бүрэн нийцсэн, сул талгүй гэж дүгнэгдсэн байна.

Төрийн банкны Тогтвортой хөгжлийн тайлан 2024-тэй танилцах

ТӨГСГӨЛИЙН ОРОНД: ТАНЫ САНХҮҮГИЙН СОНГОЛТ ЭХ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ БАЙГ

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг хэн нэгэн эрдэмтний эсвэл алс холын асуудал биш гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ. Энэ бол та бидний өдөр тутмын хэрэглээ, санхүүгийн сонголттой шууд холбоотой асуудал бөгөөд эдгээр сонголт хэр “ногоон” байхаас эх дэлхийн ирээдүй шалтгаалж буй.

Тиймдээ ч нэг талаас хувь хүнийхээ хувьд энгийн хэрэглээгээ хянах, нөгөө талаас бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагын хувьд томоохон хөрөнгө оруулалт өгөх, авахын алинд ч "байгальд ээлтэй" гэсэн ганцхан шалгуурыг нэн тэргүүнд тавих шаардлагатай байна.