Монгол Улс автомашинтай болоод даруй зуу гаруй жил өнгөрчээ. Түүхийн хуудсыг сөхвөл, 1912 оны эхээр Богд хааны төлөөний хүн Тяньжин дахь Америкийн нэгэн пүүсээр дамжуулан суудлын тэрэг захиалж байв. Тус автомашиныг Детройт дахь “Форд”-ын үйлдвэрээс усан онгоцоор Тяньжинд хүргээд, Тяньжинаас Этан С.ЛеМанён гэж хүн 5,000 гаруй км газрыг 32 өдөрт туулан 11 дүгээр сард Нийслэл хүрээнд авчирсан түүхтэй. Өдгөө манай улсад бүртгэлтэй автомашины тоо хэдийн нэг сая хол давсан буюу өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь автомашинтай болжээ. Автомашин зөвхөн хэрэглээ бус бидний ахуй амьдралын нэгээхэн хэсэг болж буйг харуулах гурван хүний түүхийг энэхүү нийтлэлээрээ хүргэе.
Машин, миний найз

Анх ажилд ороод, зургаан сар болсны хойно хар өнгөтэй Приус 30 машиныг зээлээр авч байлаа. Тухайн үеийн зээл авах процесс тийм ч хялбар биш. Олон бичиг баримт бүрдүүлнэ, тэр бүрийг нотариатаар батлуулна, тэгээд биечлэн аваачиж өгөөд зээлээ авахад дор хаяж ажлын 3-4 хоног зарцуулна. Одоогийнх шиг дижитал зээлийн үйлчилгээ гэж байхгүй шүү дээ. Би яг тэрхүү процессыг туулсны дүнд машинаа авсан юм. Цэвэр өөрийн хүч хөдөлмөрөөр авсан зүйл гэдэг цаанаа л ондоо. Их үнэ цэнтэй санагдсан.
Түүнээс хойш ажилдаа явах, агаар салхинд гарах, хөдөө гадаа аялах гээд бүхий л хэрэгт машинаа унадаг болсон. Оюутан байхад хичээл сургуулийн хооронд л явдаг байсан бол ажлын байранд гарсны дараа борлуулалт хийхийн тулд өдөр тутам харилцагчтай уулзаж, хамт ийш тийш явах шаардлага тулгарах болсон. Тэр бүрд өөрийн унаагаар хурдан шуурхай хүрч ажиллах нь чухал байдаг. Хэдийгээр сүүлийн үед скүүтэр, цахилгаан дугуй зэрэг сонголт нэмэгдсэн нь сайн хэрэг ч зөвхөн зуны гурван сард ашиглагдаад дуусдаг болохоор эргээд л машинаа барина.
Анх эхнэртэйгээ танилцаж байхад бид хоёр машинтайгаа Зайсан дээр гараад, хотыг харангаа ярилцаж суудаг байлаа. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан үе л дээ. Нэг удаа тэгж яваад санамсаргүй жижигхэн шон мөргөчихсөн. Бид хоёр хоёулаа шоконд орсон (инээв). Тэр явдал санаанаас ер гардаггүй юм.
Харин хүүхэдтэй болсны дараа машины хэрэгцээ улам л нэмэгдсэн. Амралтын өдрөөр хүүхдээ агаар салхинд гаргана, хөдөө өвөө эмээ дээр нь аваачиж өгнө. Тэгэхдээ бид хоёр хоёулхнаа явна. Замдаа ойр орчмыг ажиглаад, мэдэхгүй зүйлийг нь ярьж өгнө.
Нэг удаа Булганаас хот руу яаралтай ирэх шаардлага гарав. Явсаар шөнийн хоёр, гурван цагийн орчимд Эрдэнэтэд ирсэн. Нойр муутай хол замд явсанд орвол хоноглоод өглөө гарсан нь дээр гэж санасан ч тэнд нээлттэй буудаллах газар байсангүй. Арга буюу эхнэр бид хоёр машиндаа ор засаад хонож байлаа.
Энэ мэт амьдралын минь олон чухал мөчийг хуваалцаж, өдөр бүр хамт байдаг болохоор машин миний хувьд найз шиг санагддаг юм.
Хөдөлгөөн сийрэхээр харина даа!

Жолооны үнэмлэхээ аваад хоёр сар л болж байсан байх. Нэг өдөр найзтайгаа уулзахаар машинтайгаа явж байгаад эгнээ байраа буруу эзэлснээс болоод давхар эргэчихсэн юм. Тэгтэл цагдаа зогсоож, тухайн үед жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос хоёр оноо хасаад, 20’000 төгрөгөөр торгож орхив. Найзтайгаа уулзах гээд догдолж явсан хүн чинь ямар ч урамгүй болчихсон. Дотор бөөн хар юм тээглээд, уйлмаар ч юм шиг санагдахад, “аав юу гэх бол, загнах болов уу?”гэсэн бодол орж ирээд байлаа. Гэтэл төсөөлсөн шиг аав элдэвлэж, үглээгүй ээ. Тэгсхийж сонсоод л өнгөрсөн. Өөрийгөө хэтэрхий буруутгаад байснаа тийнхүү ойлгосон ч түүнээс хойш илүү сонор сэрэмжтэй, жолоо барихдаа хариуцлагатай хандах болсон юм даа.
Угтаа би бүр 18 хүрэхээсээ өмнө л хөдөө хээр, хүнгүй талд аавынхаа зааварчилгаагаар машин бариад үзчихсэн байсан. Түүнээс хойш жолоо барих сонирхолтой болж, 18 хүрч жолооны үнэмлэхээ аваад шууд хот дотор барьж эхэлсэн дээ. Шинэхэн жолооч найзуудыгаа машиндаа суулгаад ийш тийшээ их явна. Тэгж хүссэн газар луугаа явдаг болсон чинь нэг л том хүн болчихсон юм шиг, их гоё санагддаг байсан (инээв). Түүнээс хойш тасралтгүй жолоо бариад, одоо зургаа дахь жилтэйгээ золгож байна.
Гэр сургууль хоёр маань нэлээн зайтай. Түгжрэлтэй үед талдаа дор хаяж хоёр цаг явна. Тэгэхээр яах аргагүй машинаа барина. Би өөрөө ШУТИС-д хувцас үйлдвэрлэлийн технологи чиглэлээр сурдаг. Хичээлд янз бүрийн эд материал ашиглаж, практик дадлага хийдэг болохоор тэр бүрийг өдөр болгон зөөх шаардлагатай болдог. Дэвтэр номынхоо хажуугаар энэ бүхнийг үүрч дүүрээд автобусаар явна гэдэг амар биш. Өвөл, ажлын цагаар нийтийн тээвэр ямар байдаг билээ? Цүнх тортой нэгэн битгий хэл хүн зөрөх ч зайгүй пиг дүүрэн болчихдог шүү дээ. Бас хамгийн түгжрэлтэй үеийг өнгөрөөгөөд, хөдөлгөөн сийрэхээр гэр лүүгээ харья гэхэд автобус зогсчихдог нь хэцүү. Тиймээс л машинаа унадаг. Өмнө нь намайг оройтохоор аав ээж хоёр их санаа зовдог байсан. Одоо бол “машинтайгаа яваа даа” гэж бодоод тэдний маань санаа амар байдаг болсон.
Одоо би Тоёота-гийн Акуа машиныг унаж байгаа. Аав “Дахиад машин авч өгөхгүй шүү. Энэ машиныг сайжруулах уу, эсвэл бүр дордуулах уу гэдэг таны хэрэг боллоо” гэсэн. Би мэдээж сайжруулъя л гэж бодно (инээв). Гэхдээ юун түрүүнд унаж байгаа машинаа гамтай, цэвэрхэн эдлэх хэрэгтэй. Ямар нэг зүйл дуугараад байвал заавал шалгуулна. Жилдээ хоёр удаа оношилгоо үйлчилгээнд орно. Бас багаасаа аавтайгаа хамт машин угаадаг байсан болохоор одоо ч урин дулаан цагт өөрөө машинаа угаачихдаг юм. Заримдаа угаалгын газарт очихоороо ажилтнаар нь өөрийнхөө алчуурыг норгуулж байгаад зэрэгцээд арчиж гарна. Хүмүүс тэр бүр анзаардаггүй, жижиг хэсгийг арчих гээд тэр л дээ. Ер нь аливаа юмыг сэтгэлдээ хүртэл хийх гээд байдаг зантай юм.
Машин замаар зорчихдоо соёлтой, хариуцлагатай, бие биедээ хүндэтгэлтэй байх нь чухал.
Миний аав тээврийн жолооч

Намайг Замын цагдаад ажилладаг байхад насанд хүрээгүй нэг залуу хурд хэтрүүлээд баригдаж байсан юм. GTA гээд тоглоом тоглосоор байгаад түүндээ донтоод, бодит амьдрал, хийсвэр ертөнцийг ялгахаа байгаад тааралдсан машинуудаа унаж давхиад болдоггүй. Манай цагдаа нар тэр залуугийн араас хэд хэдэн удаа хөөцөлдсөний эцэст барьж авч билээ. Ер нь Замын цагдаагийн байгууллагад ажиллахад энэ мэт хэргүүд гарна, болох болохгүй хүмүүсийн араас машинтай хөөнө, замтай замгүй янз бүрийн газраар явна, шалгана. Тиймээс замын цагдаад машин жолоодох ур чадвар их чухал байдаг.
Би ухаан орсон цагаасаа л аавыг машинаа засварлаж байхыг харж өссөн хүн л дээ. Өвөө маань хот хөдөөгийн хооронд тэмээгээр жин тээдэг байсан. Харин аав маань тээврийн жолооч байв. Тухайн үед Оросын Зил 130 машин унаад хот хөдөөгийн хооронд тээвэр хийнэ. Заримдаа хэдэн сараар ч явах тохиолдол бий. Ирэхэд нь бөөн баяр. Тэгээд л хашаандаа машинаа засаж сэлбэн, угааж тордож байдаг сан. Монгол шиг өргөн уудам газар нутагтай оронд тухайн үед тээврийн жолооч нар л шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэх чухал үүрэг хүлээдэг байж л дээ. Тийнхүү ааваас үлгэрлээд төрсөн ах, дүү нар маань цөм л тээврийн жолооч болсон доо. Харин би л сонирхлоороо Замын цагдаагийн байгууллагад ороод тэтгэвэрт гартлаа ажилласан.
Тухайн үед албаны машин ховор байсан учраас ийш тийш явах бол автобусаар явах үе ч гарна. Бас гараа өргөөд аль нэг машиныг зогсооход хүмүүс хүргээд л өгдөг байсан. Гэтэл тийм байдалтай удаан яваад байж таарахгүй. Тиймээс машинтай болоод түүгээрээ ажилдаа явдаг болсон доо. Анхны машин минь цагаан өнгөтэй орос Лада гэдэг машин байлаа.
Хэсэг бас микробус унаж үзсэн. Өглөө микрогоо асаахаас өмнө зууханд байгаа бүлээн нурмаа моторынх нь доор тавьчихна. Тэгэхээр өнөө хөлдүү мотор гэсээд ирдэг байсан. Бас өвөл хашаанаасаа гарах гэхээр өгсүүр, нэмээд цастай хөлдүү гадаргуу дээр машин хий эргээд явж өгөхгүй. Тэгэхээр нь гэрт байгаа хүмүүсийг бүгдийг нь дуудаж авчраад машиныхаа ард суулгаж, хүндрүүлээд гардаг байж билээ. Жолооч болсноос хойш өдий хүртэл энэ мэт олон машин сэлгэсэн дээ.
Би өөрөө аялах их дуртай. Зун бүр гэр бүлээрээ хөдөө явна. Одоогоор Дорнодоос бусад бүх аймгаар аялсан байна. Харин бусад бүх аймгийг машинаа унаад хөндлөн гулд туулжээ.
Ингээд харвал ажил мэргэжил, хобби сонирхол, ахуй амьдрал минь автомашинтай нягт холбогдсон санагддаг. Ерөөс амьдралынхаа бүхий л цаг үед машинаас холдсонгүй. Хэдий цэргийн тэтгэвэрт гарсан ч, одоо автомашин худалдаалах хувийн бизнес эрхэлж байна.

Сэтгэгдэл бичих

