Өнгөрсөн зун Ази тивийн технологийн стартапуудын дунд нийт 120 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын шагналын сан бүхий “Snow Leopard Tech Challenge” тэмцээн зохион байгуулагдаж байсан билээ. Өмнөговь аймагт явагдсан финалын шатны шалгаруулалтад манай улсаас Erxes Inc., iHotel, OneFit болон Сингапур улсаас Cookly, Индонез улсаас Fairbanc зэрэг стартап шалгарч үлдэн, дотоод, гадаадын 50 орчим хөрөнгө оруулагчид санаагаа танилцуулсан. Шинэлэг, үр ашигтай, нийгмийн тодорхой асуудлыг технологийн тусламжтайгаар оновчтой шийдвэрлэж чадсан бизнесүүдийг дэмжих зорилготой энэхүү тэмцээний энэ жилийн бүртгэл эхэлснийг дуулгахын зэрэгцээ өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Cookly-ийн үүсгэн байгуулагчидтай хийсэн ярилцлагыг хүргэе.

snow leopard tech challenge 2020-ийн тухай

Хэн оролцох вэ?
Төв Азид үйл ажиллагаа явуулж буй технологи суурьтай ямар ч төрлийн гарааны бизнес

Бүртгэл хаагдах хугацаа:

2020 оны 6 сарын 14

Бүртгүүлэх: Irbis Oasis
Дэлгэрэнгүй мэдээлэл: Facebook, Instagram, info@irbis.sg, 7577-7773

Зохион байгуулагч:

Ирбис Венчурс компани нь өөрсдийн бүтээсэн Ирбис Оазис веб-платформоор дамжуулан стартапуудтай нягт хамтран ажиллаж, Ирбис Оазис нийгэмлэгт байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, ментор, экспертүүдийн тусламжтайгаар стартапуудын эдийн засгийн ашиг, нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээж өгөх зорилготой ажилладаг.

cookly - Хоолонд дурлагсдын дэлхийн тавцан

Нэр: Cookly
Хаяг: Тайланд улс, Бангкок хот
Чиглэл: Дэлхийн хотуудын үндэсний хоолны сургалт, аялалын нэгдсэн платформ
Үүсгэн байгуулагч: Etienne Marr, Ben Oz
Үүсгэн байгуулагдсан: 2015
Холбоосууд:​ cookly.me (Вэб), Cookly (Фэйсбүүк), @hellocookly (Инстаграм)

Үүсгэн байгуулагчид: Ben Oz, Etienne Marr

сэдэл

Хоолны салбарын хөгжил өнгөрсөн жилүүдэд тасралтгүй хөгжсөөр ирснийг бид цахим орчинд хэдхэн хайлт хийгээд харж болно. Netflix-ийн хоолны контентууд л гэхэд хэдэн сая үзэгчдийг байлдан дагуулж байна. Гэхдээ Covid-19-ийн хөл хорионы үе урьд урьдынхаас илүү энэ хөгжилд нөлөөлж байна. Хүмүүс гэртээ хоол хийх зав чөлөөтэй болж, гэрийн нөхцөлд хийж болох хоолны жорыг даган хоол хийхийг илүүд үзэх болжээ. Миний хувьд хууль, хоол, мөн энтрепренершипийн чиглэлээр боловсрол эзэмшиж, удалгүй хамтрагчтайгаа танилцсанаар Cookly-ийг үүсгэн байгуулж, дэлхийг амтат хоолны жоруудаар байлдан дагуулах гараагаа эхэлсэн дээ.

ялгарал

Бидний зорилго өөрсдийн уламжлалт хоолны соёлыг хадгалж үлдэх, дэлхий даяар таниулахын сацуу хоол болон хоолны соёлоор дамжуулан хүмүүсийг нэгтгэх явдал юм. Одоогоор нийт 50 улс орны 1000 гаруй тогооч өөрсдийн улсын хоолны өв уламжлалыг хоол хийх хичээлээр дамжуулан хуваалцдаг коммюнити маань Apple's App of the Day-аар онцлогдож, CNN-аас хоолны аялал жуулчлалыг газрын зурагт оруулсан стартапаар өргөмжлөгдөж байсан юм.

cookly гэж юу вэ?

Cookly нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хоолонд дурлагсдыг нэгтгэсэн платформ юм. Бид хоол сонирхогчид бие биетэйгээ биечлэн уулзаж хоол хийх туршлага, өөр өөрийн уламжлалт жоруудыг солилцох боломжийг олгодог. Cookly платформоороо дамжуулан уламжлалт хоолны жорын дата үүсгэсэн байгаа бөгөөд Review буюу үнэлгээний системийг хэрэглэгчдэдээ санал болгосноор өөрт тохирох зөв хүнээ сонгон хоолны хичээл авахад нь туслах юм.

эрсдэл

Бид аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой ажиллаж байгаагийн хувьд өнөөдрийн COVID-19 цар тахлын үеийн хөл хорио бидэнд хамгийн их нөлөөлж байна. Гэсэн ч үнэнч хэрэглэгчдээс маань гэрээсээ суралцах боломжтой онлайн хичээл эхлүүлэх саналууд ар араасаа ирсээр байгаа тул цар тахлын үед биет сургалт болон онлайн хичээлүүдийн аль алиныг туршиж үзэхэд төгс цаг мөч гэж харж байгаа.

Өнөөгийн нөхцөл байдал биднийг identity буюу өөрсдийн үндсэн үйл ажиллагаа, ирээдүйн зорилгыг эргэн харж, улам сайжруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж хэлж болно. Гэсэн ч бид хоолны соёлоор дамжуулан хүмүүсийг нэгтгэх, өв уламжлалаа таних, хадгалж үлдэхэд туслах зорилгодоо үнэнч хэвээр. COVID-19 хүмүүсийг өөрсдийн амьдарч буй орчин, өв соёлтойгоо дахин танилцах боломж болж байгаа мэт. Бидний хувьд дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээгээ одоо л бүрэн утгаар нь ойлгож мэдэж авч байна даа.

SNOW LEOPARD CHALLENGE 2019-Д ОРОЛЦСОН НЬ 

Бидний хувьд Монгол бидний мөрөөдлийн орон байсан төдийгүй өв соёл нь сонирхол ихээр татаж байлаа. Энэ бол гарцаагүй хамгийн гол тэмцээнд оролцох шалтгаануудын нэг байсан. Үүнээс гадна бид дөнгөж хөрөнгө оруулалтын шинэ үе шатаа эхлүүлээд байсан тул шинэ холбоо үүсгэж, шинэ хүмүүстэй танилцах хамгийн тохиромжтой цаг болсон хэрэг.

SLTC 2019 тэмцээний финалд оролцох урилгаа авсан явдал үнэхээр итгэмээргүй, цагаа олсон үйл явдал байсан. Учир нь энэ бидний энтрепренершип, аялал, хоолны сонирхлыг бүгдийг нэгтгэн нэг сумаар хэд хэдэн туулай буудсан боломжийг олгосон юм. Бид тэмцээнд орохоос өмнө Artger нэртэй монгол хоолны Youtube сувгаас Монголын тухай, Монгол хоолны тухай анх мэдэж авч байсан. Үнэнийг хэлэхэд Монголын говийг энтрепренершипийн аяллынхаа үеэр үзнэ гэдэг миний хувьд хамгийн өвөрмөц боломж гэж бодож байлаа.

ТЭМЦЭЭНЭЭС ОНЦЛОХ ЗҮЙЛС

SLTC 2019 тэмцээний үеэр бүртгүүлсэн бүх стартапууд нэг нэгнээ үнэлж, дүгнэх шинэлэг шүүлтийн нэг аргыг ашигласан юм. Миний хувьд ийм үйл явцын талаарх туршлага, ойлголтгүй байсан хэдий ч чанартай стартапууд нь тунаж үлдэхэд туслах шүүлтийн нэг сонирхолтой арга шиг санагдсан. Энтрепренерууд бие биеэ шүүж, бас дэмжих боломжийг ч олгосон нь тун шинэлэг, өвөрмөц арга байсан гэж бодож байна.

Тэмцээний шилдэг таван стартапын нэгээр шалгарсан нь Cookly-ийг эхлүүлснээс хойших хамгийн сэтгэл хөдлөм мөчүүдийн нэг яах аргагүй мөн. Тэмцээний сүүлийн шатны уур амьсгал үнэхээр сайхан байснаас гадна орон орноос ирсэн хөрөнгө оруулагч, төлөөлөгч нар санал өгөх боломжтой байсан нь зөв дүгнэлт хийх боломжийг бүр ч нэмэгдүүлсэн гэдэгт итгэлтэй байгаа. Cookly-ийг ялагчаар зарлахад бид хоёр маш их баярлаж билээ. Энэ бол бидний амьдралын чухал мөчүүдийн нэг байсан. Тэр мөчийг сайхан хүмүүс, үзэсгэлэнтэй байгальд тэмдэглэхээс илүү зүйл гэж үгүй.

Irbis Ventures-ийнхан тэмцээнийг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулснаас гадна тэмцээнээс хойш Cookly-тай харилцаа холбоогоо хадгалан үргэлж дэмжиж, шаардлагатай үед тусалсаар ирсэн нь тэмцээний өөр нэг онцлог гэж хэлмээр байна. Хоёр компанийн хооронд хүчтэй итгэлцэл, цаашид хамтдаа урагшлах үүрэг хариуцлага бий болсноор Irbis Community-д нэгдэж, хөрөнгө оруулалт авахаас эхлээд чанартай контент бүтээх хүртэл олон боломжийг бидэнд олгосон.

Энэ жилийн оролцогчдодоо хандаж хэлэхэд тэмцээний бүртгэлийн асуултууддаа цаг гаргаж, сайтар бодож хамгийн үнэн зөв, оновчтой хариултыг өгөхийг хичээгээрэй. SLTC бол байдаг л нэг технологийн тэмцээн биш харин хүн хоорондын харилцааг эрхэмлэсэн, маш олон шинэ боломжийн үүд хаалгыг стартапуудад нээж өгдөг учраас өргөдлөө явуулахдаа хичээл зүтгэл гаргаж, чухалчилж үзээрэй гэж зөвлөе.