Ажлын орчинд технологийг ашиглан өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбараар шийдэх боломжтой байх нь хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй. Энэ удаа өдөр тутмын болоод сарын төлөвлөгөө, тайлан, ирсэн болон илгээсэн бичиг, тушаал зэрэг 20 орчим хэрэглээний программуудыг албан байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлж буй Эйблсофт компанийг онцолж байна.  

Бизнесийн нэр: Эйблсофт ХХК
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Пийс Бьюлдинг
Үйл ажиллагааны чиглэл: Программ хангамж
Гүйцэтгэх захирал: Б.Даваадорж
Үүсгэн байгуулагдсан он: 2010 он
Цахим хуудсууд: Able (Website), Able (Facebook)


сэдэл

Манай компани 2010 онд албан ёсоор байгуулагдаж байсан ч программ хөгжүүлэлт, зах зээлийн судалгаа зэрэг ажлууд нь 2008 оноос эхэлсэн. Тухайн үед төрөл бүрийн албан бичигт зөвхөн цаасан материал ашигладаг байсан бөгөөд энэ нь цаг хугацаа их шаардахын дээр бичиг хэргийн зардал ихээхэн гаргадаг байлаа. Тиймээс бид технологи ашиглан энэхүү алдагдаж буй цагийг хэмнэж, албан бичгийн үйл явцыг илүү хялбар, төвөггүй байдлаар явуулахаар зэхэж, үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан түүхтэй.

Гүйцэтгэх захирал Б.Даваадорж


ялгарал

Манайхтай ижил төстэй систем хөгжүүлэгч байгууллагууд зөвхөн цаг бүртгэл, хүний нөөц, эсвэл албан бичиг удирдах гэх мэт нэг төрлийн үйлчилгээгээр дагнаж хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл бидний хамгийн том ялгарал бол энэ бүгдийн хоорондын уялдаа холбоог нь хангаж, цогцоор нь хөгжүүлж буй явдал юм.

Байгууллага дотор хоёр төрлийн нөөц байдаг нь хүний нөөц болон санхүүгийн нөөц. Эдгээрийг үр ашигтай удирдах тал дээр бид төвлөрөн ажилладаг бөгөөд байгууллага доторх бүхий л үйл ажиллагааг нэг цэгээс удирдан хянах боломжтой.


Эйблсофт гэж юу вэ?

Байгууллагын дотоод удирдлагын цогц систем хөгжүүлэгч технологийн компани. Эйбл систем нь бидний гол бүтээгдэхүүн бөгөөд уг системээр дамжуулан албан байгууллагуудын дотоод удирдлага, хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох төрөл бүрийн технологид суурилсан шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлж байна.

нэр

Эйбл (able) гэдэг нь англи хэлэнд “Боломжтой” гэх утгыг илэрхийлдэг. Бид технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглан аливаа асуудлын оньсыг тайлж, боломжтой болгож буй гэдэг утгаараа энэхүү нэрийг сонгосон.


одоо

Манайх зах зээлд 40 гаруй төрлийн программ хангамж нийлүүлдэг бөгөөд одоогоор тэдгээрийнхээ өдөр тутмын, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн ирэх оноос үйл ажиллагаагаа олон талаар өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудаа хэдийн эхлүүлээд амжсан.

баг

Нийт 30 орчим ажилтантай. Тэдгээрээс тал орчим хувийг мэдээлэл технологийн салбарынхан эзэлдэг бол 10 орчим ажилтан захиргаа, борлуулалтын хэсгээ хариуцдаг. Мөн төслийн менежментийг хариуцсан таван ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


ирээдүй

Ирэх жилээс дээрх программуудынхаа шинэ хувилбарыг хөгжүүлэх бөгөөд ингэснээр хүний хөдөлмөрийг илүү хөнгөвчлөх өргөн боломжууд нээгдэж байгаан дээр үйл ажиллагаа явуулахад хүнээс хамааралтай алдаа гаргахгүй байх тал дээр тусгайлан анхаарч ажиллаж байна.

Able систем нь компанийн нийтлэг үйл ажиллагаанд зориулсан программ бөгөөд цаашдаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж буй салбаруудаа төрөлжүүлж, уул уурхай зэрэг илүү нарийвчилсан үйл ажиллагаанд тохирохуйц программ хангамжийг хөгжүүлэх, цаашлаад дундад азийн орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэхээр зорьж буй.

эрсдэл

Бидний боловсруулж буй программуудын зориулалтаас шалтгаалан үндсэн хэрэглэгчид маань төрийн байгууллагууд байдаг. Тиймээс улс төрийн гэнэтийн шийдвэрүүд болон Засгийн Газраас баримталж буй бодлоготой холбоотой эрсдлүүд үүсэх тохиолдол бий. Харин зах зээлийн зүгээс ямар нэгэн эрсдэл одоогоор байхгүй гэж харж байна.

Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал мэдээллийн технологийн бүхий л бизнесүүдэд тулгардаг. Учир нь бидний хувьд нийт орлогынхоо 55 орчим хувийг татварт зарцуулдаг нь санхүүгийн тэнцвэргүй нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй.