Бид шинэ дугаартаа нийтийн сайн сайхны төлөөх өргөн цар хүрээтэй урт хугацааны өөрчлөлтийг хийж, боловсролын тогтолцоог шинэчлэхээр зорин ажиллаж буй "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийг танилцуулж байна.
Тэдний хамт олон хэнийг ч ардаа үл үлдээн, сурч боловсрох эрхийг чанартай, хүртээмжтэй, хариуцлагатайгаар эдлүүлэхийн төлөө 10 гаруй жилийн турш боловсролын бодлогод нөлөөлж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйгаас “Боловсролын төлөө чанга дуугарцгаая!” төслийг онцолъё.
Төслийн нэр: Боловсролын төлөө чанга дуугарцгаая
Үйл ажиллагааны чиглэл: Боловсролын судалгаа, мониторинг, нөлөөлөл
Хаяг: Шүрэн оффис III давхар, Сүхбаатар дүүрэг
Төслийг санаачлагч: "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Төсөл зохион байгуулагдах хугацаа: 2020-2023 он
Холбоос: All for Education Mongolia /Фэйсбүүк/

Сэдэл
Бидний хэрэгжүүлж буй төсөл нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго 4 буюу "Хэнийг ч ардаа үл орхих чанартай боловсрол олгох" зорилтыг чиглэл болгон, 2020 оны нэгдүгээр сараас эхлүүлсэн.
Боловсрол бол хүний үндсэн эрх төдийгүй бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх хамгийн чухал эх сурвалж юм. Боловсрол нь чадавхын эрх болохын хувьд нийгэм, эдийн засгийн хувьд хязгаарлагдмал хүүхдүүд ядуурлаас өөрсдийгөө гаргах, нийгмийн амьдралд бүрэн төгс оролцох арга замаа олох үндсэн хэрэгсэл нь болдог.
Түүнчлэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүнд, хортой хөдөлмөр, бэлгийн мөлжлөгөөс хүүхдүүдийг хамгаалах болон хүний эрх, ардчиллыг хөхүүлэн дэмжих, хүрээлэн буй орчноо хамгаалах, хүн амын өсөлтийг хянахад нэн чухал үүрэгтэй.
Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй, төрөөс бүх нийтийн боловсролыг төлбөргүй олгоно хэмээн заасан боловч тогтолцооноос гээгдэж буй анхаарах шаардлагатай бүлгүүд олон байдаг. Бид 2019 оноос эхлэн гишүүн байгууллагуудаараа хэлэлцэн, сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй 20 гаруй бүлгийг тодорхойлсон. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
- Малчдын хүүхдүүд
- Дотуур байрны хүүхдүүд
- Шилжин сууурьшигч өрхийн хүүхдүүд
- Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид
- Үндэсний цөөнхийн хүүхдүүд
- Нийгэм эдийн засгийн статус доогуур өрхийн хүүхдүүд
- Хурдны морь унадаг унаач хүүхдүүд
- Уурхай, албан бус уул уурхайд ажилладаг хүмүүсийн хүүхдүүд
- "Тавиул" гэгдэх айлд амьдардаг хүүхдүүд
- Өрх толгойлсон (дүү нараа хараад эцэг эхээсээ тусдаа байдаг) хүүхдүүд зэрэг газар нутгийн өргөн уудам, хүн амын тархай бутархай байдал, нүүдэлчин ахуйтай холбоотойгоор янз янзын бүлгүүд үүсэж буй юм.
Бид жил бүр 4-5 бүлгийг сонгон тэднийг сурч боловсроход тулгарч буй саад тотгор, сурахад шаардлагатай эрэлт, хэрэгцээг илрүүлэх, нөхцөл байдлыг тодотгох зорилготой мониторинг, судалгаанууд хийдэг. Өнгөрсөн 2020 оноос судалгаануудаа хийж, нөхцөл байдлыг ул суурьтай үнэлж байна. Үр дүнд нь тэдгээр хүүхдүүдийн боловсрол завсардахад нийгэм эдийн засаг, ялгаварлан гадуурхалт, тогтолцооны ээлгүй байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж буй гэх дүгнэлт гарсан.


Боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн, жендэр эсвэл бэлгийн цөөнх хүүхдүүдийг гадуурхах үзэгдэл элбэг байна. Үүнээс үүдсэн хүртээмжгүй байдал нь энэ салбарын асуудал нь болж буй.
Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д сурахад дохионы хэлний орчуулагч байхгүй, багшийнхаа хэлж буй үгийг амны хайрцгаар нь уншиж ойлгох шаардлагатай. Угтаа сонсголын бэрхшээлтэй хүний эх хэл нь дохионы хэл шүү дээ.
Түүнчлэн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, биеийн тамирын хослол, анги засварын мөнгө, хуримтлал зэрэг албан бус төлбөр хураамж зэрэг нь эдийн засгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг амжилттай суралцахад саад болж, цаашлаад сургууль завсардахад хүргэж байна. Тогтолцоо хүндээ ээлгүй тул бид тогтолцооны өөрчлөлтийг төрөөс шаарддаг.
Боловсролын тогтолцоо нь хүний насан туршийн сурч боловсрох үйлийг дэмжсэн хүний эрхэд суурилсан байх ёстой юм. Бид судалгаа, мониторингийн үр дүн, тайлан, зөвлөмжүүдээ бариад л шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч нарт уламжлан бодлогын нөлөөлөл хийдэг.
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийг 2010 онд 13 ТББ хамтран үүсгэн байгуулсан. Боловсролын тогтолцоог чанартай, эрх тэгш, хүн бүрд боломж олгосон, хариуцлагатай, хангалттай санхүүжилттэй болгох чиглэлээр 10 гаруй жил бодлогын нөлөөлөл хийж байна. Энэ хугацаанд бид 35 гишүүн байгууллага, найман аймаг, хоёр дүүрэгт салбар зөвлөл, 31 суманд сургуулийн эцэг эх, багшийн холбоодтой болж өргөжжээ.
Ялгарал
Эвслийн 35 гишүүн байгууллага маань дээрх бүлгүүдийн төлөөлөл, эрхийнх нь төлөө ажилладаг хүний эрхийн байгууллагууд юм. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, цөөнхийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй, алслагдсан газар амьдардаг, малчин өрхийн зэрэг боловсролын бодлогоос орхигддог, анхаарах шаардлагатай бүлгүүдийн төлөөлөл болсон байгууллагууд байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хөөрхөн зүрх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн асуудал дээр хамт ажилладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, ЛГБТ төв зэрэг байгууллагууд төлөөлж буй бүлгийнхээ боловсролын салбар дахь асуудал бэрхшээл, хэрэгцээг илэрхийлж бодитоор мэдээлдэг, тэдний өнцгөөр аливаа бодлогыг хардаг гэсэн үг.
Боловсролын салбарт байсан олон асуудлыг ковид цар тахал ил гаргаж тавьсан. Сургууль, цэцэрлэг хаагдсаны дараа хамгийн түгээмэл хэрэгсэл хэмээн сонгож яамнаас теле хичээл эхлүүлсэн байдаг. Гэтэл теле хичээл дохионы хэлний шаардлага хангаагүй, Баян-Өлгий аймгийн хүүхдүүд хичээлээ Казак, Тува эх хэлээрээ үзэх шаардлагатай байтал орчуулагдаагүй зэрэг асуудлууд гарч байсан.
Эхэн үедээ хүүхдүүд үнэхээр хичээлээ үзэж байгаа эсэх, хүртээмжтэй, чанартай байж чадаж байгаа юу, сургууль, цэцэрлэг хааснаар ямар нөхцөл байдал үүссэн бэ гэдэгт төрийн байгууллагын зүгээс хяналт тавьж, ямар нэгэн судалгаа хийгээгүй.
Дээрх асуултад хариулт олохоор манай гишүүн байгууллагууд дөрвөн багт хуваагдан мониторинг хийсэн. Нэгдүгээрт тэгш хамруулах боловсрол буюу орхигдоод буй бүлгүүд теле хичээлээ үзэж чадаж байгаа юу, чанартай боловсрол авч байгаа эсэх, Хоёрдугаарт сургууль цэцэрлэг хаагдсанаар хүүхэд хамгааллын ямар асуудлууд бий болсон, Сургууль дээрээ ирж хоол, цай идэж өл залгуулдаг олон хүүхдүүд хэрхэн амьдарч байгаа болох, Гуравдугаарт санхүүжилт буюу сургуулийн хэмнэсэн төсөв хаашаа, юунд зарцуулагдсан болох, Дөрөвдүгээрт нийгмийн эгэх хариуцлага буюу эцэг эхийн оролцоо, дэмжлэг хэр байсан тухай мэдээлэл цуглуулж тайлан гаргасан.


Цахилгаангүй байршилд амьдардаг, телевизгүй, интернэтгүй айлын хүүхдүүд, уулын бүсэд нутагладаг малчин айлын хүүхдүүд, дундаа ганцхан телевизтэй асрамжийн газрын хүүхдүүд хичээлд хамрагдаагүй тул хоцорсон кейс гарсан.
Тайлангийн дүгнэлтээр дээрх бүлгийн хүүхдүүд хэр их хоцрогдолтой байгааг илрүүлсэн. Үүнээс сэдэлжиж төрөөс судалгаа хийж, хичээлээс хоцрогдсон 176 мянган хүүхэд байна гэдэг тоо гаргасан.
Мөн бид нөхцөл байдалтай хамгийн ойр буюу галын фронтод ажилладаг багш нарын судалгааг анх удаа хийсэн. Ковидын үед ер хийгдээгүй юм. Анги даалт, илүү цагийн нэмэгдэл байхгүй тул багш нарын цалин буурсан. Гэвч тэдний ажлын ачаалал урьд өмнөхөөсөө ч илүү их нэмэгдсэн.
Яамнаас цахим платформ хөгжүүлсэн хэмээсэн ч ковидын үед ажиллаагүй. Сурагчид хийсэн даалгавраа фэйсбүүкээр илгээж, багшдаа шалгуулах жишээтэй. Мөн лизинг, цалингийн зээлээр ухаалаг утас, компьютер худалдан авсан багш нар их байсан. Хувийн сургууль, цэцэрлэгийн багш нарын хувьд ч ялгаагүй. Ийм асуудлууд гарсныг ултай судалж Яам, УИХ, олон улсын байгууллагууд руу судалгаагаа илгээж, бодлогын нөлөөлөл хийсэн.
Боловсролын төлөө чанга дуугарцгаая төсөл гэж юу вэ?
Хэнийг ч ардаа үл үлдээсэн боловсролын тогтолцоог бий болгох төсөл.
Нэр
Боловсролын төлөөх дэлхийн сан гэх олон улсын байгууллагад хөрөнгөтэй орны засгийн газрууд, дэлхийн тэрбумтан, саятнууд боловсролд зориулах хөрөнгөө төвлөрүүлж манайх шиг хөгжиж буй орны яам, төрийн байгууллагуудыг чадавхжуулах зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Харин тэдний ажлыг хянах, иргэний нийгмийн нөлөөлөл хийх чиглэлээр манайх шиг төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлдэг.
Маргинал буюу бодлогын гадна үлдсэн бүлгүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр дэлхий нийтийн хөдөлгөөн өрнүүлэх, Засгийн газруудыг шахаж ажиллах зорилготой учир “Боловсролын чөлөө чанга дуугарцгаая” хэмээн нэрлэсэн. Манай байгууллагын нэрийн учир нь боловсрол бүх нийтийн төлөө байх ёстой, бүх нийтээр боловсролын төлөө ажиллах, анхаарах ёстой гэсэн санаа.
Одоо
Бид одоо боловсролын санхүүжилт сэдэв рүү нухацтай анхаарч байна. Боловсрол нь төрийн санхүүгийн хөрөнгө оруулалтуудаас хийж болох хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Сургуулийн төсөв нь эхлээд орон нутаг, орон нутгаас сургууль руу гэх дамжлагаар хуваарилагддаг. Тиймээс хөндлөнгийн хяналт хамгийн чухал.
Сургуулийн захиргаанаас халаалт, ариун цэвэр зэрэг шаардлагатай зардлуудыг үр дүнтэй хуваарилсан эсэх, багш нартаа хичээлийн хэрэглэгдэхүүнийг нь авч өгсөн үү, хэрэгцээг нь харгалзсан уу, хөгжлийн бэрхшээлтэй болон үндэстний цөөнхийн хүүхдэд чиглэсэн хувьсах зардлыг зориулалтаар нь авч, зарцуулж байгаа эсэхийг шалгаж, төсвийг мөшгөнө гэсэн үг. Өмнө нь биднийг төсвийн мониторинг хийх үед сургуулийнхаа ариун цэврийн өрөөг хааж, төсвөө хэмнээд хүүхдүүдийг гадаа жорлон руу оруулж байсан тохиолдол илэрсэн.
Баг хамт олон
Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийн зарчмаар 35 байгууллага гишүүнээр нэгдсэн. Удирдах зөвлөл бүх гишүүдийн чуулганаас сонгогдсон 11 хүний бүрэлдэхүүнтэй. Ерөнхий зохицуулагч эвслийг төлөөлдөг. Хамтаараа хэлэлцэж баталсан тунхаг, дүрэм, бодлогын баримт бичгүүд бий тул аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллаж чаддаг.
Оффис дэх ажлын албанд ерөнхий зохицуулагч удирдлагаар хангана, дэд зохицуулагч төслийн менежментээ хянана, хөтөлбөрийн болон санхүүгийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй. Тодорхой томоохон эвэнт, үйл ажиллагаанууд дээрээ сайн дурын ажилтнуудыг оролцуулдаг.



Ирээдүй
Орхигдсон бүлгүүдийн асуудлыг үргэлжлүүлэн анхаарна. Жирэмсэн болон өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидыг санаатай болон санамсаргүйгээр сургуулиас хасдаг. Энэ нь жендэрийн ялгаварлан гадуурхалт. Цаашид багш нарын жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээнүүд төлөвлөсөн.
Боловсролын ерөнхий газартай хамтран үе тэнгийн дарамт дээрэлхэлтийн эсрэг сарыг аяныг хэрэгжүүлсэн. Үүнийгээ үргэлжлүүлэн орон даяар зохион байгуулна. ЕБС дэх үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг эцэг эхчүүд, багш нар, нийгмийн ажилтнууд нь мэддэггүй эсвэл бүр дөжирчихсөн хандлагатай. Гэтэл хүүхдүүд сэтгэцийн эрүүл мэндээрээ хохирч, амиа хорлох сэдэлд автах нь ч бий. Дээрэлхүүлсэн болон дээрэлхэлт үйлдсэн хүүхдүүдтэй ч ажиллах шаардлагатай.
Бэрхшээл
Судалгааны мэдээллийг нөхцөл байдалтай хамгийн ойр ажилладаг буюу салбар зөвлөлүүд, гишүүд, суман дахь сургуулийн эцэг эх, багш нарын холбоод маань сургуулийн захирал, багш, эцэг эхчүүдтэй уулзаж, ярилцлага, асуулга аргаар мэдээлэл цуглуулдаг. Энэ үйл явцад янз бүрийн л бэрхшээл учирна. Нэг жишээг ярья л даа.
Бид 2020 оны гуравдугаар сараас төсөв мөшгих судалгаагаа эхлэх гэтэл орон нутаг, сургуулиуд УИХ сонгууль болох гэж буй тул ямар зорилгоор мэдээлэл авах буйг асуугаад халгаагүй. Тэгэхээр нь есөн сард дахиж холбогдоход орон нутгийн сонгууль болох гэж байна гээд хүлээн аваагүй.
Орон нутгийн сонгуулиар бүх сургуулийн захирлууд солигддог. Зарим нь явахдаа тамга тэмдгээ аваад явсан зэргээр хоёр жилийн хугацаанд улс төрийн цикл өрнөсөн. Дарханы нэг сургууль руу дөрвөн удаа өөр, өөр хүний нэрээр албан бичиг илгээж байх жишээтэй. Орон нутагт боловсролын асуудал хариуцсан хүнтэй нь арай гэж ойлголцож, хамтарч ажиллаж эхлэнгүүт дараагийн сонгуулиар дахиад л бүх хүн нь өөрчлөгддөг.
Сургууль бол сумын хувьд хамгийн том ажил олгогч. ЕБС-ийн захирал гэдэг хамгийн дээгүүр эрх мэдэлтэй байр суурь. Гэтэл мэргэжлийн бус хүн томилогдсоноор сургуулийн чанар, багшийн ажлыг дэмжих зэрэгт ямар арга хэмжээ авах нь ойлгомжтой. Тиймээс орон нутгийн засаг дарга нар ЕБС-ийн захирлыг томилдог байдлыг өөрчилж, хуульд тусгуулахаар бид саналаа өгсөн байгаа.

Сэтгэгдэл бичих

