Өнгөрсөн хорь гаруй жилийн турш дотоодын номын дэлгүүрийн зах зээлд тоотой хэдхэн дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Харин сүүлийн жилүүдэд номд шимтэгчдийн тоо нэмэгдэж, номын салбар тэлснээр уг зах зээлд цөөнгүй шинэ тоглогчид орж ирэх болсны нэгэн жишээ нь өөрсдийн үйлчилгээ, соёл, мэдрэмжээрээ ялгарч буй "Альфабүүк" дэлгүүр юм. Сошиал хуудаснаасаа эхлээд л нийгэмд эерэг нөлөөлөл, номын соёлыг түгээж, уншигчидтайгаа хэдийн дотно холбоо тогтоож чадсан нь мэдрэгдэх тус номын дэлгүүрийг энэ удаа онцлож байна.  

Нэр: Alphabook
Хаяг: Салбар 1- "Blue Sky" зочид буудлын нэгдүгээр давхар, Салбар 2- "Метромолл" их дэлгүүрийн гуравдугаар давхар, Салбар 3- “Зайсан стар” 1 давхарт, Салбар 4- 13 дугаар хорооллын "Наран Молл"
Чиглэл: Номын дэлгүүр, номын хүргэлт үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Д.Оюунсүрэн, Б.Энхмандах, Б.Аз, Н.Цолмончимэг
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Холбоос: alphabook.mn (Вэб), Alphabook - Альфа номын дэлгүүр (Фэйсбүүк), @alphabook_store (Инстаграм)

Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Оюунсүрэн


сэдэл

Бид дэлгүүрээ нээсэн түүхээ “Хасахаас эхэлсэн түүх” хэмээн хошигнодог юм.

2019 оны нэгдүгээр сард нөхөр маань ходоодны мэс засалд орохоор болж, өмнө болон дараа нь нэлээн гам барихаар болсон юм. Хань минь л эрүүл болж байвал гээд найман жил ажилласан "Хаан банк"-наасаа гарах болсондоо ч харамсаагүй. Хагалгаа амжилттай болж, эмчилгээ хийлгэж, гамаа барьж хэдэн сарын дараа бид өвчнөө даван туулсан ч гэр бүл маань мэс засал, эмчилгээний төлбөр гээд өр зээл, санхүүгийн асуудалтай үлдсэн л дээ.

Бид гурван хүүхдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж ном хийсээр байгаад тухайн үед арваад төрлийн, хүүхдүүд дурладаг номтой болчихсон байсан ч тэр үед л “Цагаан сараар ном бэлэглэе” арга хэмжээ зохион байгуулагдаж, анх удаа номоо дэлгүүрээр биш өөрсдөө амжилттай борлуулж үзэв. Удалгүй хаврын номын баяр болж, хуурай эгч маань оролцож байгааг мэдээд асрынх нь буланд жижиг аяллын ширээ тавиад нөгөө хүүхдийн номнуудаа зарсан юм. Хөөрхөн хүүхдүүд манай асарт шаваад л, гурван өдөр идэж уухаа ч мартан ганц ч суулгүй ажилласан бид номд дуртай хүмүүс, тэр дундаа хүүхдүүд маш их байдгийг ойлгосон. Үүнээсээ урам авч, номын баярын маргаашнаас номын дэлгүүртэй болохоор шийдсэн дээ. Ингээд өмнө огтхон ч бизнес хийж, дэлгүүр ажиллуулж байгаагүй бид шууд хоёр салбар нээх зорилго тавиад, гол зорилго болох "Blue sky tower"-т нүдэлчихсэн талбайдаа интерьерийн компаниар зураг гаргуулж аваад, удирдлагуудад нь ойр ойрхон хүсэлт өгч байв.

Дэлгүүрээ босгох хөрөнгөд нэмэрлэх гээд зуны турш аймгуудын наадмаар номоо ачиж очоод зарж, "Кока Кола"-ийн үйлдвэр, "Анунгоо", "Хаан банк"-ны тооцооны төвөөр ч мөн номтойгоо тойрч, орлогоо хадгална. Ингэж явахдаа хүмүүсийн асууж байгаа, сонирхож байгаа номнуудыг судлаж, тэмдэглээд, авч цуглуулаад л байлаа. Намар боллоо, 26 дугаар Үндэсний номын баяр. Дөрвөн сарын өмнө асрын буланд аяны жижиг ширээтэй суусан хоёр чинь бүтэн асар тусдаа авч дүүрэн ном өрөөд найзтайгаа гурвуулаа бас л идэж ууж, сууж амжилгүй маш амжилттай ажиллав. Ингээд номын баярын дараагаас 2019 оны арваннэгдүгээр сард "Blue sky tower"-ийн нэгдүгээр давхарт болон "Метромолл" их дэлгүүрийн гуравдугаар давхарт дэлгүүр нээсэн түүхтэй.

ялгарал

Бидний хувьд "Ямар ч бизнест СЭТГЭЛ гэдэг орцыг л нэмчихвэл үнэ цэнтэй болж чадна" гэдэг зарчмыг үйл ажиллагаандаа баримталдаг. Юу ч хийсэн түүндээ сэтгэлээрээ хандах нь "Alphabook"-ийн гол ялгарал.

Өнөө цагт ном авах нь тун хялбар болсон. Хэдхэн хормын дотор утас, таблет дээрээ цахим номоо татаад уншиж болж байна, цаасан ном уншина гэвэл байгаа газраасаа хүргэлттэй үйлчилгээнд хандаж болж байна. Ийм үед ч хүн яах гэж номын дэлгүүрт биечлэн ирж байна вэ гэвэл ерөөс мэдрэмж хүссэндээ л тэр. Тийм ч учраас бид үйлчилгээ, дотоод засал, үнэр, хөгжмөөс эхлээд тухайн хүнд номд дурлах, номын дэлгүүрт ирэх шалтгаан өгөхийг хүсдэг.

“Номын дэлгүүрт маань байхгүй, өөр дэлгүүрт тэр ном нь байгаа бол өрсөлдөгч гэлгүйгээр байгаа газрыг нь зааж өгөөд гаргаарай” гэж ажилтнууддаа захидаг. Ажилтнууд маань ч зүгээр л ном зарж байна гэж боддоггүй, хүнд тусалж, мэдрэмж бэлэглэж буй гэж ойлгодог болохоор нэг удаа хөл муутай үйлчлүүлэгч өвөөгийн захисан "Цаг тооны бичиг"-ийг нь маргааш бэлдээд тавина гээд худалдан авагчийнхаа төлөө Гандан хүртэл явж байсан гэх мэт хэд хэдэн тохиолдол бий.

Бид боломжоороо “өгөх”-ийг хичээдэг тул хүргэлт, худалдан авалт бүрдээ дархлаа дэмжих витамин дагалдуулах, орж ирээд гарахдаа сэтгэл нь сэргээсэй гэсэндээ "Пянзчин" дэлгүүртэй хамтарч номыг хөгжимтэй хослуулах зэргээр үйл ажиллагаагаа баяжуулан ажиллаж байна. Мөн ирэх онд гялгар уутны хэрэглээнээс бүрэн татгалзах зорилго тавиад, үүндээ хүрэхийн тулд одооноос эхлэн хүргэлтийн савлагаа боодлоос гялгар уутыг хасан, дахин боловсруулсан, хэрэглэж ч болох цаасан боолтод шилжээд байна. Ирэх хичээлийн жилд оюутан залуусыг ирэхэд нь нэгэн бэлэг бэлдээд байгаа нь “Утасны бүхээг”. Кинон дээр л хардаг байсан телефон утасны бүхээгт ороод, хайртай хүнтэйгээ шууд утсаар ярих боломжтой болж байгаа. Мөн захианы, кофены булан нээхээр бэлтгэл ажлаа хийж байна.



alphabook гэж юу вэ?

"Alphabook" бол хайр юм.

Нэр 

Альфа гэдэг нь сүргийн манлай, анхдагч гэсэн утгатай. Шинээр төрж буй бүхэл бүтэн үеийнхнийг "Альфа" хэмээн ч нэрийдэж байгаа. Иймдээ ч шинэ үеийнхэн, шинэ үйлчилгээ гэдэг утгыг агуулан "Alphabook" хэмээсэн.

одоо

Бид саяхан 13 дугаар хорооллын "Наран молл"-д шинэ салбараа нээсэн. Одоогоор уг салбараа үйлчлүүлэгчдэдээ таниулах, өргөжүүлэх ажилд бэлтгэж буй. Ажиглаад байхад "Blue Sky" дахь салбарт англи хэл дээрх болон хувь хүний хөгжил, бизнес, эдийн засгийн номд дурлагсад их байдаг бол, "Метро молл" дахь салбар нь ач, зээгээ номд дурлуулахыг хүссэн ахмад настан, нийгмийн сэхээтэн болон байнгын, тогтмол ирдэг үйлчлүүлэгчид ихтэй. Харин уг гурав дахь салбараа бид гэр бүл, хүүхэд рүү чиглүүлэн хөгжүүлэхээр хичээж байна. "Зайсан стар" худалдааны төвд байх жижигхэн салбараа ч өргөтгөхөөр төлөвлөж буй.

Мөн манай дэлгүүрийн зүгээс сайн чанартай боловч уншигчдад сайн хүрч чадаагүй номуудыг сонгон авч маркетинг, идэвхжүүлэлтийн ажлуудыг санаачлан хийдэг юм. Ерөөс номын дэлгүүрийн амин сүнс нь зохиогчид шүү дээ. Зохиогчид үгүй бол ном үгүй, ном үгүй бол номын дэлгүүр үгүй. Иймд бид зохиогчдоо дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг хичээж байна. Одоогийн байдлаар зохиолч Чадраабалын Дөлгөөний "Нил ягаан өдрүүд" хэмээх өөрийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн намтар номыг олон нийтэд таниулж, тухайн номд нуугдаж буй бүрэн нөөцийг гаргаж ирэхээр, түүнд нь хүргэхээр ажиллаж байна.

Мөн, бид зохиолч Г.Аюурзанын номуудыг нэгтгэн багцалсан шинэ хэвлэлийг гаргасан нь тун ч нүдээ олсон ажил болсон. Бүхэл бүтэн нэгэн үеийг хүмүүжүүлж, номд дурлуулах шалтгаан болсон бүтээлүүдийг нэгтгэн, багц болгосон нь уншигчдын талархлыг шууд л хүлээсэн. “Хайртай хүндээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн болсон” гэх сэтгэгдэл их авч байгаа.



баг

2019 оны аравдугаар сарын 21-нд нээлтээ хийсэн бид өдийг хүртэл ажилласан ихэнх хугацаагаа хөл хорионд өнгөрүүлжээ. Гэсэн ч шаардлагатай төлөвлөлт, шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж байсны дүнд өдгөө 20-уулаа болон өргөжиж чадсан байна. Бидний хувьд, өөрийн хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандаж чаддаг, номд хайртай хэн бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байдаг.

ирээдүй

Хувь хүний хувьд ч, уг салбарт ажиллаж буй бизнес эрхлэгчийн хувьд ч орон нутгийн хүүхдүүд ямарваа номыг хотод амьдарч буй хүүхдүүдээс илүү бага сонголт дундаас, илүү өндөр үнээр худалдан авч буйд, түүнээс өөр боломж байдаггүйд харамсаж явдаг. Иймд, ирээдүйд орон нутгийн хүмүүстэй хамтраад энэ чиглэлд бодитой, үр дүнтэй ажил хийхийг хүсэж ажилладаг.

Манай дэлгүүрт ажиллаж байсан бүсгүй маань гэр бүлээрээ орон нутагт амьдрах шийдвэр гарган, Баянхонгор аймаг руу нүүж, тэндээ "Номт" номын дэлгүүр нээж, одоо ч бидэнтэй байнга холбоотой ажиллаж байгаа нь нэг жишээ юм уу.

эрсдэл

Ганц манайх гэлтгүй бүх л бизнесүүдийн хувьд цар тахлын энэ үе хамгийн том сорилт, бэрхшээл болж байгаа байх. Манай дэлгүүрийн хувьд зах зээлд танигдаж амжилгүй хөл хорионд орсон тул энэ бүх хугацаанд цахим шилжилтийн чухлыг сайтар ойлгож авсан. Бидний хичээл зүтгэлээс хамаарах асуудлаас илүү бизнесийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн бодлогогүй, судалгаагүй шийдвэрийг л эрсдэл гэж харж байгаа.