Хувь хүний эрүүл мэнд, сэтгэлзүйн асуудал хүчтэй яригдах болсон өнөө үед энэ чиглэлд мэргэшсэн байгууллагууд олон нийтэд эрүүл амьдралын хэв маяг, арга барилын тухай ойлголтыг төрөл бүрийн сувгуудаар хүргэн уриалсаар байгаа билээ. Тэр дундаа, өнөөдөр бидний танилцуулах "Amita's Wellness Center" нь тусгай оношилгооны аргаар тухайн хүнд тохирох иог, спорт дасгалууд болон бясалгал, булчин заслын аргуудыг хослуулан, үйлчлүүлэгч тус бүрийнхээ бие физиологи, хүсэл сонирхолд нийцсэн ус болон хоолны төлөвлөгөөг боловсруулж өгдгөөрөө онцлог. Иймд сэтгэл сэргэг, эрүүл бие галбиртай болохыг зорьж буй уншигчдаа нааш суухыг урья. 

Нэр: Amita’s Wellness Center
Хаяг: "Олимп плаза"-гийн 11-р давхар, 1101 тоот
Чиглэл: Иог, спорт, бясалгал, оношилгоо, булчин засал
Үүсгэн байгуулагч: Л.Аминзаяа, Ц.Амартүвшин
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:​ Amita’s Wellness Center (Фэйсбүүк) amitasyoga (Инстаграм)


Үүсгэн байгуулагч Л.Аминзаяа

сэдэл

“Хөдлөөд л байвал сайн” хэмээх ташаа ойлголт олон нийтийн дунд түгээмэл бий. Жишээ нь, хүмүүс турах зорилгоор хэвлийн таталт их тоогоор хийснээс болж хэвлийгээ хэт чангалан, нурууныхаа булчингуудыг суллаж орхидог. Үүнээс болж булчингуудад таталт өгч, аарцаг нуруу гажиж, нурууны гэмтэл авах тохиолдол цөөнгүй гардаг. Эсвэл мэргэжлийн байгууллагад хандсан ч багштайгаа тулж ажиллах боломжгүй олон хүнтэйгээс болоод дасгалаа буруу хийн, өөрөө ч мэдэлгүй биеэ гэмтээчихдэг үе бий. Ер нь турах эсвэл таргалах гэх мэт ямар нэг зорилгодоо хүрэхийн тулд нэг дасгалаа олон тоогоор хийх, эсвэл хатуу хоолны дэглэм барих нь тун явцуу, богино хугацааны арга бөгөөд үүнээс илүүтэй хоол, нойр, сэтгэлзүй, дасгал хөдөлгөөн болон амьдралын хэв маягаа цогцоор нь авч үзэн, өөрийн биед тохирсон системийг мөрдөх нь илүү үр дүнтэй байдаг. Тийм ч учраас бид хүмүүст эрүүл бие, зөв амьдралын хэвшлийн тухай үнэн бодит мэдээлэл өгч, тухайн хүнийхээ биеийн онцлогт тохирох үр дүнтэй системийг боловсруулах замаар хүссэн үр дүндээ хүрэх боломжийг нь олгож, цөөн хүнтэй, хүн нэг бүртэйгээ тулж ажилладаг төвийг байгуулахыг зорьсон юм.

Миний хувьд иогоор хичээллээд 10 жил болж байгаа. Виньяса буюу урсгал иог, эмчилгээний нөхөн сэргээх иог, жирэмсний иог болон иог нидра буюу бясалгалын чиглэлээр олон улсад багшлах эрхтэй. Харин хамтран үүсгэн байгуулагч Амартүвшин маань дугуйн спортын тамирчин, багш дасгалжуулагч. Энэ чиглэлээрээ өмнө нь спортын зургаан төрөлд 16 орны 4000 мянга гаруй тамирчидтай ажиллаж байсан туршлагатай бөгөөд спортын дээд чадамжийг нэмэгдүүлэх чиглэлийн багш дасгалжуулагч чиглэлээр олон улсын зэрэгтэй.

ялгарал

Бидний анхнаасаа бодож, зорьсон консепт маань цөөн хүнд чанартай хүрч үйлчлэх. Ингэхдээ нэг ангидаа хамгийн ихдээ 5-8 хүнийг бүртгэж, сургалт бүр суралцагчдын түвшин, чадамжаас хамаарч цаг хагасаас, хоёр цагийн хугацаанд үргэлжилдэг. Харьцангуй урт үргэлжилдэг гэсэн үг л дээ.

Мөн бүртгүүлснийх нь дараа шууд л дасгал заагаад эхэлдэггүй. Эхлээд бид тухайн үйлчлүүлэгчдээ бүрэн оношилгоо хийж, эрүүл мэндийн байдал, араг ясны бүтэц, булчин шөрмөсний байрлал, мөн чанар, чадамжийг тодорхойлж, хувь хүн болон тухайн ангийн хөтөлбөрийг системчлэн боловсруулдаг. Түүнчлэн тухайн хүний биед байгаа асуудал зовуурийн шалтгааныг нарийвчлан гаргаж өгдгөөрөө онцлог. Жишээ нь, таргалалт л гэхэд дотроо элэгний, өндгөвчний, бамбай булчирхайн, стрессээс үүдэлтэй гээд дан ба хавсарсан, бие махбодийн болон сэтгэлзүйн гэх мэт олон төрөл байдаг. Шалтгааныг тодруулж байж дараагийн алхмуудаа шийддэг гэсэн үг.

Үүний дараа сэтгэлзүй, бие физиологи талаас нь цогц үйлчилгээ үзүүлэх бөгөөд иогийн урсгал дасгалуудаар хүний биеийн босоо булчин, булчинг баригч шөрмөснүүд, ерөнхий биеийн галбирыг засах бөгөөд тэнцвэр хийгээд тэсвэрийг нэмэгдүүлж өөрөө өөртэйгөө нүүр тулах аялалд нь залан гаргадаг. Харин дараа нь спорт дасгалын төрлүүдээр дамжуулан биеийн хөндлөн булчинд тулж ажиллан ерөнхий чадамж, ачаалал даах чадварыг сайжруулдаг. Биеийн аль нэг хэсэгт, тэр ч бүү хэл тухайн хэсэгт шаардлагатай байгаа ганцхан булчин дээр дангаар нь ачаалал өгч болдог ба тухайн хэсгийн булчингийн гажиг дутуу хөгжлийг сайжруулж болдог. Ингэж босоо болон хөндлөн булчинг системтэйгээр ачаалласнаар хүн байж болох хамгийн эрүүл бие галбирыг бүтээдэг бол дараа нь бясалгалаар сэтгэлзүй, хандлагыг эерүүлж, травма буюу сэтгэлийн шархтайгаа нүүр тулж, даван туулахад нь тусалдаг. Ингэж хүн бие болоод сэтгэлзүйн талаасаа эрүүлжсэнээр ажил амьдралдаа илүү эрч хүчтэй, бүтээмж өндөртэй болдог.

Цагийн хуваарийн хувьд гишүүдийнхээ ажил болоод амьдралын хэв маягт нь тохируулан уян хатан ханддаг.



"Амита’c вэлнэсс центр" гэж юу вэ?

Бид гишүүдээ өөрийгөө хайрлаж сурахад туслан, эрүүл "би"-гээ хөгжүүлэх үр дүнтэй арга замыг нь мэргэжлийн зүгээс зааж, чиглүүлж өгөхийг гол зорилгоо болгодог.

нэр

Биеийн оношилгоо, иог, спортын дасгалын төрлүүд, бясалгал, булчин засал болон физик эмчилгээ зэрэг төрөл бүрийн аргыг хослуулан ашигладаг тул вэллнэсс буюу эрүүл мэндийн гэдэг тодотголтой. Амита гэдэг нь “хязгааргүй” гэдэг утгатай санскрит нэр л дээ. Ингээд өөрийгөө хайрлаад хүссэн бүхнээ авахад хязгаар үгүй гэдэг утгыг агуулан төвөө "Amita’s Wellness Center" хэмээн нэрлэсэн.

одоо

Байгуулагдсан цагаасаа хойш нэг жилийн хугацаанд бид нийт 1217 хүнийг онлайнаар болон биечлэн оношилгоондоо хамруулж, хүн нэг бүрд тохирсон усны хуваарь, хоолны чиглүүлэлт, ерөнхий зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна. Танхимын сургалтаар гэхэд давхардаагүй тоогоор нийт 147 хүнийг ангийн болон ганцаарчилсан хөтөлбөртөө хамруулсан. Манайх нэг ангидаа цөөн хүн бүртгэдгийн дээр нэг ирсэн суралцагч маань дараа дараагийн ангид ахин явах сонирхолтой байдаг тул зарим тохиолдолд шинэ хүн нэмж авалгүй дараагийн анги шууд бүрдчихдэг тохиолдол ч бий. Зарим хүмүүс маань бүр энэ чиглэлээрээ мэргэшин багш болохоор хүртэл шийдчихсэн байгаа шүү. Эрчүүд ч мөн бие, эрүүл мэнддээ анхаарах болсон нь сайхан санагдаж байгаа.

Манайх иог болон спортыг хослуулсан спорт иогийн хөтөлбөрийг гарган ирж, хөгжүүлж байгааг энэ ташрамд дурдъя.


Зураг дээр харагдаж буй дугуй эзэндээ тив дэлхийн чанартай олон улсын тэмцээнүүдээс нийт 37 алтан медаль авчирчээ.

баг

Үндсэн хоёр багштай. Бид тус тусын салбартаа олон жил дадлага туршлага хуримтлуулсны дээр өөрсдийн онол, практик, шинжлэх ухааны үндэслэлтэй баримт судалгаанууддаа тулгуурлан ажилладаг учир үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамжтай байдаг.

ирээдүй

Зөв хэрэгтэй мэдээлэл мэдлэгийг нийгэмд түгээж, цар хүрээгээ тэлж, манайд хандахыг хүссэн хүн бүрд хүрэхийг хичээх болно. Цаашдаа илүү олон салбарыг нэгтгэн, нэг дор төвлөрүүлэх алсын хараатай ажиллаж байгаа. Тун удахгүй үйлчлүүлэгчдэдээ шинэ төрөл үйлчилгээг санал болгоно.

эрсдэл

Буруу ойлголтыг засах л хамгийн хэцүү ажил юм шиг санагддаг. Жишээ нь, туранхай л байвал гоё, хоол л бага идвэл турж чадна, зүгээр суулгүй хөдлөөд л байхад болно, богино хугацаанд их үр дүн гаргаж болно гэх мэт. Богино хугацааны үр дүнгээс илүү урт хугацаанд тогтмол тууштай хийсэн зүйл үр дүнтэй, эрүүл байдаг гэдгийг илүү сайн ойлгуулмаар санагддаг. Түүнээс гадна хөдлөхдөө үр дүнтэй, эрүүл зөв хөдлөхгүй бол дасгалаар өөрийгөө гэмтээх эрсдэл их байдаг шүү гэдгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байх шиг.