Бидний нэрлэсэн цалингаас НДШ-ийн 11.5 хувь, ХХОАТ-ын 10 хувь, нийт 21.5 хувь хасагдаж үлдсэн цэвэр цалинг гар дээрээ авдаг. Нийгмийн даатгалын шимтгэл нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол  зэрэг нийгмийн чухал бөгөөд хэрэгцээтэй салбаруудад хуваарилагддаг. Гэсэн хэдий ч гавьяаны амралтад гарах насандаа хөдөлмөрийн үр шимээ хангалттай хүртэж чаддаггүйн жишээ бидний өвөө, эмээгээс эхлээд олон бий.

Онцлох бизнес булангийн шинэ дугаартаа тэтгэвэрт гарсан хойноо амьдралдаа хүрэлцэхүйц хангалттай орлоготой болох хуримтлалын үйлчилгээг 16 дахь жилдээ хөгжүүлж буй Ардын тэтгэврийн данс ХХК-ийг онцолж байна.  

Нэр: Ардын тэтгэврийн данс
Чиглэл: Хуримтлал, тэтгэвэр
Үүсгэн байгуулагч: Ч.Ганхуяг
Үүсгэн байгуулагдсан: 2007 он
Цахим хуудсууд: Ard Pension (фэйсбүүк) ardpension (инстаграм) ardpension.com (веб)

Гүйцэтгэх захирал О.Амарболд

сэдэл

Хүн бүр тэтгэвэрт гарахдаа ажилладаг үеийнхээ авдаг цалингаас хамгийн багадаа 25 хувь илүү орлоготой байх ёстой. Улсад 30 жил багшилсан атлаа 570 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй нь манай нийгмийн нийтлэг үзэгдэл. Тиймээс хувийн тэтгэврийн сан Монгол Улсын иргэн бүр хуримтлалтай, тэтгэвэрт гарсан хойноо хосолсон орлоготой, аз жаргалтай амьдрах боломжийг олгох эрхэм зорилготой.

Хэрэв Сингапурын хөгжлийн нууц номыг уншсан бол тэдний өгүүлж буй нууцын нэг нь хуримтлалын төв сан бөгөөд тэрхүү хөрөнгөөр барилга, боловсрол, эрүүл мэндийн салбар болон хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж эдийн засгаараа Ази тив төдийгүй дэлхийд жинтэй байр суурь эзлэх буй юм.

Олон улсад нийгмийн даатгалын тогтолцоо 1800-аад оны үед бий болсон ба Монгол улсад үүнээс 200 гаруй жилийн дараа буюу 1994 оны 5 дугаар сарын 31-нд анх нийгмийн даатгалын тухай хуулийг баталж 1995 оноос хэрэгжиж байв. Түүнээс хойш хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсон ч нэг ч удаа шинэчлэгдээгүй явсаар одоо буюу 28 жилийн дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр өргөн баригдаж байна.



Хувь хүн хэдэн ч төгрөгийн цалин авдаг байсан тэтгэвэр тогтоолгох дээд хэмжээ хуулийн дагуу хоёр сая төгрөг байдаг. Монголд хөдөлмөр эрхлэх насны 1,6 сая иргэнээс нийгмийн даатгалын шимтгэлийг 1,2 сая иргэн төлдөг. Харин тэдний төлсөн шимтгэлээс 400 мянга орчим иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байна. Харин тэтгэвэр авч буй иргэдийн 90 орчим хувь нь 500 мянган төгрөг ба түүнээс доош дүнгээр тэтгэвэр авдаг.

Нийгмийн даатгалын сан жил бүр их хэмжээний алдагдалтай ажиллаж, сүүлийн есөн жилд 4.4 их наяд төгрөгийн алдагдалд хүрсэн. Энэ алдагдал цаашид ч өсөх нь тодорхой байна. Тооцооллоор МУ-ын хүн ам 2040 онд таван сая хүрэхэд идэвхтэй хөдөлмөр эрхлэгч 1.8 сая, тэтгэвэр авч буй иргэн 2.2 саяд хүрэх юм.

Нөгөө талдаа хүн амын 40 орчим хувийг эзэлдэг залуучууд 15 жилийн дараагаас тэтгэвэрт гарч эхэлнэ. 1960-1980 оны дунд үе хүртэлх бидний аав ээж, ах эгч нар долоо, наймуулаа өссөн их төрөлтийн үеийнхэн. Харин 1990-2000 оны дунд үе хүртэлх бидний үеийнхэн гол төлөв айлын ганц, эсвэл хоёулаа байх нь элбэг. Тэгэхээр 20 гаруй хүн тэтгэвэрт гарахад араас нь 3-4 хүн ажлын байранд гарч байна гэсэн үг. Тэгвэл 2040 он гэхэд нийгмийн даатгалын сан хэрхэн зөв ажиллах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Ийм учраас МУ-ын Засгийн газраас “Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх багц хууль”-ийг өргөн барьсан.

Ялгарал 

Манайд хуримтлал, хосолсон, гурвалсан гэх гурван төрлийн үндсэн бүтээгдэхүүн бий.

Хуримтлал багц: Харилцагч 5-50 хүртэлх жилийн хугацаанд тогтмол хуримтлал үүсгэж урт хугацаандаа хамгийн өндөр өгөөж хүртэх бүтээгдэхүүн юм. Өөрийн амьдралд үл нөлөөлөх дүнгээр урт хугацаанд хуримтлуулах нь богино хугацаанд их дүнгээр хуримлуулахаас хавьгүй давуу талтай. Таван жилийн хугацаатай тэтгэврийн хуримтлал нь жилийн 17.2 хувийн нийлмэл өгөөж, 15 жил нь 18.4 хувийн нийлмэл өгөөжтэй ба 21-ээс дээш жил нь 19.6 хувийн нийлмэл өгөөжтэй болно. Тэтгэврийн хуримтлалын нийт орлого тогтмол өгөөжтэй хуримтлалын дансанд байршина. Урт хугацааны хуримтлал нь мянгаас хоёр мянга болж өсдөг бус өнөөдөр 1000 байсан бол маргааш 1001₮, 1002₮ болж 30 жилийн дараа гэхэд 50 мянга хүртлээ өсөх зарчимтай.

Хосолсон ба гурвалсан багц: Арилжааны банкны хувьд хадгаламж болон зээлийн хүүгийн орлогоос ашиг хүртдэг бол хувийн тэтгэврийн сан хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалтаас ашиг хүртдэг. Хосолсон болон Гурвалсан багц нь хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх нөхцөлтэй бөгөөд Ардын Тэтгэврийн Данс компани хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын ашгаасаа харилцагчдадаа өгөөж хуваарилдаг гэсэн үг. Hөрөнгийн зах зээлд урт хугацааны, томоохон хөрөнгө оруулалтууд хийгддэг тул инфляци дагаж унадаггүй тогтвортой бизнесүүдийн нэг.



Бид нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөд байр сууриа идэвхтэй илэрхийлсээр байгаа. Хуулийн шинэчлэлээр хувийн тэтгэврийн санд нэмэлт тэтгэвэр бий болгож түүнээсээ орон сууцны урьдчилгаа төлөх, боловсролын дэмжлэг, эрүүл мэндийн онцгой шалтгаанд хэрэглэж болох заалтуудыг оруулж УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр яригдаж байна. Насаараа хөдөлмөрлөж 60 настай тэтгэвэрт гартал 62 хүрээд тэнгэрт одох тохиолдол манай нөхцөлд элбэг гардаг. Тэр нөхцөлд төлсөн шимтгэлээ хэрхэн хүртэх, хуваах, өвлүүлэх тухай хуулийн заалт байдаггүй. Гэсэн атал хэрэв тэтгэврийн зээлтэй нас барсан тохиолдолд үр хүүхдүүд нь үргэлжүүлэн зээлийг нь төлөх журамтай. Харин хувийн тэтгэврийн харимтлалын хувьд хуримтлалын гэрээний хугацаа дуусвал нэг удаагийн тэтгэвэр, насан туршийн тэтгэвэр хэлбэрээр авч болох бөгөөд хэрэв харилцагч нас барсан тохиолдолд өвлүүлэх, дамжуулах бүрэн боломжтой.

ардын тэтгэврийн данс гэж юу вэ?

Урт хугацаанд өндөр өгөөж хүртэх хуримтлалын систем юм. Бид хөрөнгийн удирдлагаа хөрөнгө оруулалтын менежментийн компаниар удирдуулж, Кастодианы оролцоотойгоор харилцагчдад шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

нэр

  • 2007 онд Монголын тэтгэврийн нэгдсэн данс нэртэйгээр үүсгэн байгуулагдав.
  • 2016 онд Ребрэндинг шинэчилж Ард Лайф болов.
  • 2021 оны 10 дугаар сард ард түмнийхээ тэтгэврийн сан болохоор “Ардын тэтгэврийн данс” болсон.

Гүйцэтгэх захирал О.Амарболд, Дэд захирал Т.Азжаргалын хамт

одоо

2020 оноос эхлэн Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигч нарт үйлчилгээгээ хүргэж эхэлсэн ба одоо байгууллага болон иргэд, малчдад хүргэхээр ажиллаж байна.

НДШ төлдөггүй хөдөлмөрийн насны 400 гаруй мянган хүний 220 мянга малчид юм. Тэдний орлого цаг үеийн байдлаас хамааралтай тогтмол бус тул тэтгэвэрт гарсны дараа нэмэлт орлоготой нь байх нь чухал.

Мөн энэ онд цаатан иргэдэд тэтгэврийн хуримтлалын үйлчилгээг хүрч үзүүлэхээр төлөвлөж байна. Ард санхүүгийн нэгдэл хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилготой. Түүний хүрээнд МУ-ын хувийн болон улсын халамж, асрамжийн төвүүд дэх нийт мянга гаруй хүүхдүүдэд AARD 3 ширхэг хувьцаа болон 1000 ширхэг АрдКойныг бэлэглэлээ.

баг

Бид тэтгэврийн хуримтлал эзэмшигчдийнхээ хөрөнгийг зөв менежменттэйгээр удирдахын тулд чадварлаг, мэргэшсэн боловсон хүчинтэй ажиллах зарчим баримтлан ажиллаж байна. Хамтын ажиллагаа, Эрсдэлийн удирдлага, Үйл ажиллагаа, Санхүү хөрөнгө оруулалт гэх гурван газар найман хэлтэст хуваагдан ажиллаж байна.

ирээдүй

УБ хот, хөдөө орон нутаг, малчид цаашлаад МУ-ын иргэн бүрд хосолсон орлоготой болох боломж байгааг таниулна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй 200 орчим мянган МУ-ын иргэд тухайн улсынхаа тэтгэвэр болон хувийн тэтгэврийн тогтолцоо ямар боломж, давуу талтайг мэднэ. Магад Монголдоо НДШ төлдөггүй бол хувийн тэтгэвэр бий болгож хуримтлалтай болоосой гэж хүсэж байна.

Одоогийн 144 мянган харилцагчид маань хөдөлмөрийн насны 1.6 сая хүнтэй харьцуулахад 9 хувийг эзэлнэ. Үүнийг 50 хувьд хүргэх нь бидний хийх ажил.

эрсдэл

Хууль эрх зүйн орчин болон хувийн тэтгэврийн сангийн тухай ойлголтын асуудал байна. Жишээ нь гуравхан жилийн өмнө бид койны тухай мэддэггүй байлаа. Харин одоо зөв, буруу зарчмуудыг нь ялгадаг болж. Тэтгэврийн сан нь шинэ тутам ойлголт тул бид анхнаас нь зөв суурийг бэлдэх ёстой. Ихэнх хүмүүс хадгаламжтай жишиж ойлгодог угтаа огт ондоо зүйлс. Мөнгө байвал хадгалдаг бус сахилга баттайгаар хуримтлуулж бодитой өгөөжөө хүртэх үйлчилгээ юм.