Ханын обойгоо солиулах, ус нэвчсэн таазаа шинэчлэхээс эхлээд хуучин байрандаа засвар хийж, зуслангийн газартаа байшин барих хүртэлх барилгын ажлын хэрэгцээ шаардлага айл болж товхиносон хэн бүхэнд тун их байдаг. Энэ бүрдээ орцны хананд улаан тосоор тамгалсан заруудаас шүүж, хавь ойрын танилуудаасаа мөрдлөг явуулж, бүр аргагүйдвэл "би чадна" бригадынханд хандахаас өөр аргагүйд хүрдэг нь барилгын салбарт өнөөг хүртэл хүчинтэй үйлчилж буй "зүй тогтол". 21 дүгээр зуун гарч, бүх зүйл системтэй, дататай болон технологижиж буй энэ үед уг бүдүүн баарагхан тогтолцоог илүү ойлгомжтой, хялбар, үр дүнтэй болгохоор "ARTUM"-ынхан зорьж буй. Тэдний тухай илүү ихийг мэдэцгээе.
Нэр: ARTUM
Хаяг: Сансарын E-Mart худалдааны төвийн хойд талд, Seoul business plaza-ын гуравдугаар давхарт MStars Hub
Чиглэл: Dарилгын ажил үйлчилгээний нэгдсэн платформ
Үүсгэн байгуулагч: Д.Санжсүрэн
Үүсгэн байгуулагдсан: 2021 оны зургаадугаар сар
Холбоос: artum.mn (Вэб), ARTUM - Барилгын ажил үйлчилгээ (Фэйсбүүк)
сэдэл
Би харилцаа холбооны инженер мэргэжилтэй хүн л дээ. Мэргэжлээрээ ажиллах хугацаанд Улаанбаатар хотын бүх барилгын дээвэр дээр гарч, хаана юу байдгийг арван хуруу шигээ мэддэг болсноор барахгүй тухайн байшин ямар материалаар баригдсаныг хүртэл гадарладаг, харьцуулдаг болчихсон байсан. Эндээс л барилгын салбартай анхлан танилцаж, уг салбарыг ойлгох гэж, асуудлыг нь таних гэж хичээдэг болсон шиг байгаа юм. Энэ мэтээр бага багаар татагдаж, хүн амьтантай танилцаж, зарим нэг ажлыг нь өөрөө хийж явсаар нэг л мэдэхэд ойр хавийн бүх хүн барилгын ажил үйлчилгээ авахдаа надаас гүйцэтгэгч асуудаг, зөвлөгөө хүсдэг болчихсон байлаа. Ингээд шийдэл хайж эхэлсэн.
Амьдарч л байгаа нөхцөлд барилгын ажлын эрэлт хэрэгцээ айл бүхэнд, албан байгууллага бүрд байсаар л байна. Харин нөгөө талд гүйцэтгэгчид, барилгын компаниуд цөөнгүй байгаа ч хамгийн гол нь тэдэнд ойлгомжтой, хүртээмжтэй, найдвартай байдал үгүйлэгддэгээс гадна, нийт салбарын хувьд шийдлээ олоогүй олон тодорхойгүй асуудлуудтай. Үүнийг л цогц системд цэгцтэйгээр нэгтгэж, уялдаа холбоог хүн бус технологийн тусламжтай хийж чадвал маш олон хүн үргүй зардал, ашиггүй өнгөрөөх цагаа хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлж чадахыг ойлгосон. Эндээс л "ARTUM" төрсөн дөө. Ирэх зургаадугаар сард бидний нэг жилийн ой болно.
ялгарал
Ерөөс барилгын холбогдолтой бүх л ажлын захиалгыг "ARTUM"-аар дамжуулан хурдан, хялбараар хийж болно. Ингэхдээ таны авахыг хүсэж буй ажил үйлчилгээний чиглэлд мэргэшсэн гүйцэтгэгчдийн туршлага, өмнө хийж байсан ажлуудыг үзэж танилцаад хэнээр ямар ажил хийлгүүлэхээ шийдэх, сонгох боломжтой. Эсрэгээрээ хийлгэх ажлаа тайлбарын хамт оруулаад гүйцэтгэгчдээс үнийн санал авсан ч болно. Хамгийн гол нь гүйцэтгэгчдийг мэргэшсэн чиглэл бүрд нь ийн ангилан оруулснаар "би чадна" хэмээх бүхнийг өөрөө хийх гээд захиалагчийг бухимдуулдаг хандлага бага багаар арилах учиртай.
Дараагийн нэг онцлог нь захиалагч платформоор дамжуулан ажлын явц, хугацаа зэргийг хянаж, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгчийн гэрээг цуцлан, өөр гүйцэтгэгч авах ч боломжтой. Ажил дууссаны дараа гүйцэтгэгчид үнэлгээ өгөх, сэтгэгдлээ үлдээх боломжтой тул урт хугацаандаа хариуцлагын систем үүсэж, "барилгын ажил гүйцэтгэгчид дампуу" гэх хэвшмэл хандлагыг засах залруулах боломжтой болно. Ерөөс үйл явцыг ил тод, цэгцтэй болгох замаар салбарын хөгжлийг дэмжих зорилготой гэсэн үг л дээ.
Давхар ажил эрхлэлт, бидний хэлж заншсанаар халтуур буюу ажлаас гадуурх орлогыг дэмжих боломжтой. Цаашлаад платформд бүх төрлийн барилгын ажлын сонголт багтах тул гэртээ цохилттой дрилл тэргүүтэй багаж төхөөрөмжтэй хүмүүс ажлынхаа завсар зайгаар ойрхон байгаа бусад айлд туслангаа, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл "ARTUM"-ыг хэдий олон хүн хэрэглэнэ төдий чинээгээр цаашид барилгын ажил үйлчилгээг онлайнаар авах болон үзүүлэхэд баталгаатай, найдвартай, хялбар болох болно.
ARTUM гэж юу вэ?
Барилгын ажил үйлчилгээний нэгдсэн онлайн платформ.
нэр
Итгэлтэй найдвартай байдал, баттай ар тал хэмээх утгатай эртний монгол үг.
одоо
Энэ хоёрдугаар сараас өмнө вэбсайтаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Иймд яг одоогоор ажил гүйцэтгэгч нарын бүртгэлийг идэвхтэй явуулж, системдээ нэгтгэх ажилд төвлөрч байна. Бүртгэл, баталгаажуулалтын ажил дуусмагц ажил үйлчилгээнүүдээ нэг нэгээр нь нэвтрүүлэх замаар системийн ажиллагааг нээж "Шинэ сар- Шинэ обой" кампанит ажлыг эхлүүлэхээр бэлтгэсэн нь олон айлын сонирхлыг татах болов уу. Гэр, ажлын байр гээд обойгоо шинэчлэхээр төлөвлөж буй хэн бүхэн "ARTUM"-ыг ашиглан гүйцэтгэгчээ олоод, анхны онлайн барилгын үйлчилгээг туршаад үзээрэй.
баг
Зорилго тэмүүлэл, алсын хараагаараа нэгдсэн баг маань ажилдаа ороод нэг жил ч болоогүй байгаа тул одоогоор цомхон бүрэлдэхүүнээр өндөр бүтээмжтэй ажиллахад голчлон төвлөрдөг. Ирээдүйд үйл ажиллагаа өргөжиж, үр дүн томрохын хэрээр баг ч томроод явна. Үндсэн багаас гадна бидний нэг том давуу тал нь MStars Hub-ын ментор үйлчилгээ, зөвлөхүүдэд байдаг. Ажлын байрнаас эхлээд MStars Hub-ын үзүүлдэг бүхий л тусламж дэмжлэг манайх шиг стартапуудад амь тариа л гэсэн үг. Үүний ачаар бид бага хугацаанд олон зүйлийг амжуулж, замаа дөтлөж яваа.
ирээдүй
Барилгын салбарыг ажиллагсдын ур чадварыг эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэх цогц системийг бий болгож, барилгын ажлыг хялбаршуулж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Эргэх холбоотой, хариуцлагатай, найдвартай, ил тод ажил үйлчилгээ авах, үзүүлэх боломжийг бид хүртээмжтэй болгохоор зорьж буй.
"ARTUM"-аас өмнө захиалагчид багагүй хугацаанд цуглуулж хуримтлуулсан мөнгөө ямар туршлагатай, хэдий хэмжээний ур чадвартай эсэхийг нь сайн мэдэхгүй хүнд өгөөд ихэнх тохиолдолд араас нь олон сар гуйж нэхэж явдаг, эцэст нь хохироод үлддэг байлаа. Эсвэл өдөр шөнөгүй хамт байж, хянаж явна. Нөгөө талаас гэвэл гүйцэтгэгч олон сар барилгын хүнд ажил хийчхээд цалингаа бүтэн авч чадалгүй өнгөрдөг, гэрээнийхээ заалтаас буцаж олон дахин ажил удсан нөхцөлд ч нэмэлт хөлс авч чаддаггүй гэх мэт шударга бус байдал олон гардаг байсныг "ARTUM"-аар дамжуулан шийдэхийг, халахыг эрмэлзэж байгаа юм.
эрсдэл
Хууль, эрх зүйн орчин бүрдсэний дараа түүн дээр нь түшиглэн шинэ, инновацлаг бизнесүүд хөгжиж явдаг биш эсрэгээрээ бизнесүүд нь эхэлж сэдээд, туршаад, хийгээд, болсны дараа л араас нь хууль болон бусад дүрэм журмууд боловсруулагдаж гарах нь элбэг. Тэгэх тэгэхдээ зах зээлд хэдийн гараад ирсэн тоглогчдынхоо талаас илүүг нь унагачихдаг тийм хандлага сүүлийн хэдэн жил олныг харж байна. Ойр хавьд тийм харамсалтай кэйсүүд цөөнгүй байсан болохоор үүнтэй адил зүйл манайд ч бас тохиолдохвий гэдэг битүүхэн айдас байдаг юм. Зөв зүйл хийж байгаагаа мэдэж байгаа, олон хүнд тус болох нь ойлгомжтой ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой ч гэлээ ирээдүйд гарах шинэхэн хуулинд жаахан л хоржоонтой эсрэгцэл багтсан тохиолдолд босох гээд ядаж яваа бидэн шиг бизнесүүдэд дааж давшгүй өндөр даваа болж болзошгүй. Одоогоор барилгын салбарын дижитал шийдэлд зориулсан хууль эрх зүйн орчин хараахан бүрдэж амжаагүй байгаа л даа.