Гоо сайхан ертөнцийг аврахад эрчүүдийн оролцоо ч хамаатай болсоор буй. Сахлын хөөс, үсний машин, жааз хөгжмийн намуухан ая эгшиглэсэн энэ газар бол эрчүүдийн эчнээ танил AXE Studio салон. Эрэгтэй үс засал, сахал, гоо сайхны олон төрлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна энд жинхэнэ эрчүүдийн нөхөрлөл оршдог. Биесээ танихгүй олон эрчүүд энэ газраар үйлчлүүлэхдээ  танилцан дотносож,  нөхөрлөлийн бат бэх холбоо үүсгэсээр олон жилийн нүүр үзжээ. Энгийн нэгэн үсчний газар бус эрчүүдийн нөхөрлөл оршдог халуун дулаан салоныг энэхүү нийтлэлээрээ онцоллоо.

Нэр: AXE Studio
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Central Tower 2 давхар
Чиглэл: Мэргэжлийн үсчин, гоо сайхны салон
Үүсгэн байгуулагч: Ц.Сүх-Очир
Үүсгэн байгуулагдсан он: 2013 он
AXE Studio (Фэйсбүүк)
@axe.hair.studio (Инстаграм)
Уриа үг: Таны дүр төрхийг бид бүтээнэ.

AXE Studio үүсгэн байгуулагч Ц.Сүх-Очир

Сэдэл

2013 онд жижигхэн үсчний газраас бизнесээ эхэлж байлаа. Анх сургалтын төвөөр дамжуулан үс засахыг сурж сонирхолдоо хөтлөгдөн энэ чиглэлээр ажиллах болсон. Хотын соёлтой залуучуудыг хараад илүү өөртөө итгэлтэй, гоё байлгах үүднээс энэ сэдэл төрсөн юм болов уу. Багагүй хугацаанд хүнтэй хамтарч ажиллаж байгаад хувьдаа салон нээхээр зориглосон нь өнөөдрийн "AXE Studio". Эхэндээ амаргүй зүйл их байсан. Өөрөө үсээ засна, цэвэрлэгээ хийнэ, ахуйн бүх л зүйлээ ганцаараа зохицуулна. Гэхдээ хийж байгаа зүйлээ дуртай байх нь амжилт өөд хөтөлнө шүү дээ. Одоо зөвхөн үс засах биш гоо сайхан, маникюр, педикюр мөн үсний бүтээгдэхүүнүүд худалдаалж байна.

Ялгарал

Үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа, хандлага тал дээр өөр юм болов уу гэж боддог. Үсээ засуулж, үйлчилгээ авахаар ирсэн хүмүүс хоорондоо танилцан ярилцаж, илэн далангүй, чөлөөтэй байх орчинг бүрдүүлж өгсөн анхны газар гэж хэлж болно. Арван хэдэн жил ажиллахдаа хотын төвийнхнөөс танихгүй хүнгүй болсон доо. Эхэндээ танихгүй хүмүүстэй ярилцах зүйл багатай, үсчин үйлчлүүлэгч гэсэн зайнаас харьцдаг байлаа. Яваандаа удаан хугацаанд хамт байхаар нэг ёсны сэтгэл зүйч болно шүү дээ. Хэн хэнийхээ амьдралыг мэднэ. Болж бүтэж байгаа, бүтэхгүй байгаа зүйлсээ ярилцана, нэгнээсээ зөвлөгөө авна. Хэн нэгэн ирээд асуудлаа ярихад өөр нэгний тусалж чадах зүйлээр нь холбож өгнө. Энд ирж үсээ засуулангаа танилцаж, дугаараа солилцоод найзууд болдог. Олон жил үсээ засуулсан хүмүүсийн маань хүүхдүүд нь ч үе дамжин үйлчлүүлж байна. Зарим үед үйлчлүүлэгчид асуулгүйгээр хоол цай, кофе бариад ирнэ, үсээ засуулчихаад чин сэтгэлээсээ талархана тэр бүхнээс л хамгийн том урам авдаг даа.

AXE Studio гэж юу вэ?

Эрчүүдийн нөхөрлөл оршдог үсчний газар.

Нэр

Энгийндээ өөрийнхөө нэрээр нэрлэсэн. Монголд нэрээрээ танигдсан хоёр хүн байдаг. Нэг нь Hero Баатар, нөгөө нь Axe Сүхээ гэж найзууд маань цаашлуулдаг.

Одоо

Одоогоор дөрвөн салбартаа гоо сайхан, үс засах үйлчилгээнүүдээ үргэлжлүүлж байна даа. Шинээр нэвтрүүлэх олон зүйл төлөвлөсөн байгаа. Удахгүй ээ ...

Баг 

Дөрвөн салбарт 40 орчим залуучууд ажиллаж байна. Энэ чиглэлийн сонирхолтой залуусыг багтаа нэгтгэж уур амьсгал бүрдүүлэхийг хичээдэг. Тулгарсан асуудлаа шийдэж чаддаг, сурах эрмэлзэл, зорилготой залуусыг багаас нь бэлтгэж, сургаж олон хүүхдүүд үсчин болсон.

Ирээдүй

Яг одоо хийж буй зүйл маань ирээдүй юм уу даа. Салоноо яг энэ чигээр нь үргэлжлүүлэн авч явахыг хүсдэг. Коронагаас болоод олон зүйл хойшлогдсон. Энэ жилээс багаа бүрдүүлэн шинэлэг зүйлсийг турших, хийж эхлэх бодолтой байна. Хэтдээ үсний бүтээгдэхүүний худалдаа тал руу өргөжих хүсэлтэй. Гаднаас сайн чанарын бүтээгдэхүүн оруулж ирэх, мөн өөрийн нэрийн Ази болон монгол хүмүүст тохирсон бүтээгдэхүүн гаргах зорилготой. Эхний алхмуудаа ч хийж эхэлсэн. Цаашдаа ч илүү хичээж, таяг тулах хүртлээ л хамт байна гэж боддог доо. Жаахан харамсмаар зүйл нь гэр бүлдээ бага цаг зарцуулж байгаа. Одооноос анхаарна аа.

Эрсдэл

Тулгарах эрсдэлүүд зөндөө бий. Хамгийн том эрсдэл бол хүний нөөц. Сэтгэлтэй, тууштай ажиллах залуучууд ховордсон. Багахан шаардлага тавихад шантарна. Задгайрсан тэтгэмж, элбэг бэлэн байдал хүмүүсийг залхуу болгож байгаа юм болов уу. Мөн санхүү, бараа материалын асуудал гаднаас хамааралтай учир асуудал тулгарна. Гэхдээ удахгүй шийдээд гоё бэлэг барина аа.