Та 47 м.кв зайд юу хийж болох вэ? Саруулхан талбайтай нэг өрөө, эсвэл бага зайтай хоёр өрөө байр болгон тохижуулж болох юм. Тэгвэл ийм жижиг талбайд олон нийтийн үйлчилгээний газар байгуулна гэдэг хэний ч хувьд томоохон сорилт байх болов уу.
Энэ удаагийн дугаартаа Bitsy & Co. коктейль баарыг онцлон танилцуулж байна. Тэд Улаанбаатар хотын хамгийн жижиг талбайтай коктейль баар буюу 47 м.кв зайд үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой. Ингээд их хотод зөв зохистой уух соёлыг түгээхээр зорьж буй тэдэнтэй илүү ойроос танилцъя.
Нэр: Bitsy & Co.
Хаяг: Shangri-La төвийн I давхар
Чиглэл: Коктейль баар
Үүсгэн байгуулагч: А.Мягмарням, Б.Тэмүлүн, Д.Баттогтох
Үүсгэн байгуулагдсан он: 2021
Холбоос: Bitsy & Co. (фэйсбүүк), bitsyco (инстаграм)

СЭДЭЛ
Бид анх 2017 оны сүүл үеэс 20-оос дээш хүнд крафт коктейлоор үйлчлэх зориулалттай “speakeasy bar”-ыг Монголдоо нутагшуулахаар төлөвлөсөн юм. Улмаар 2018 онд эх орондоо ирсний дараа хамтрагчдаа хайж эхэлсэн ч тухайн үед энэ консептыг ойлгох хүн цөөн байлаа. Удалгүй Лондонд бартендераар карьераа эхлүүлсэн баар менежер Тэмүлүнтэй танилцаж, 2021 оны хөл хорио хүртэл хамтран ажиллах санал тавьж, тухайн жилийнхээ есдүгээр сард Б.Тэмүлүн, Д.Баттогтох нарын хамт Bitsy & Co.-г байгуулсан.
Монголд хоол, уух зүйлсээр (food & beverage) үйлчилдэг газруудын дийлэнх нь цөөн үйлчлүүлэгчтэй, эл хуль заалтай байх нь бий. Энэ нь тухайн үйлчилгээний байгууллага болон үйлчлүүлэгчид ч таагүй сэтгэгдэл төрүүлэх нь тодорхой. Тиймээс бид өөрсдийн газраа хэзээ ч, хэдэн ч цагт үйлчлүүлсэн дүүрэн хүнтэй, жижигхэн бөгөөд чанартай байлгахыг хичээсэн. Нэг ёсондоо "local bar" буюу дотоодын баарыг хийхээр зорьсон юм.
Биднээс арай ахмад үеийнхэн баарыг архидан согтуурах газар мэтээр хүлээж авах хандлагатай байдаг. Гэвч уух зүйлийг тек буюу баарны дэргэдэх ширээнд үйлчлэх, түүнийг үйлчлүүлэгчид зохистой хэмжээгээр хэрэглэх соёлын ойлголтуудтай салшгүй холбогддог. Ихэнх хүн уух соёл гэдгийг үнэтэй газарт, үнэтэй алкохол захиалж суух мэтээр ойлгодог ч үнэн хэрэгтээ уух зүйлийнхээ хэмжээг тааруулж, биеэ соёлтой авч явахаас гадна эелдэг, эерэг байхыг хэлж байгаа юм шүү. Бид тийм л соёлыг бий болгохын тулд Bitsy & Co.-г байгуулсан.
ЯЛГАРАЛ
Хамгийн нэгдүгээрт үйлчилгээ. Манайхыг зорин ирж буй үйлчлүүлэгч өөрийн цаг зав, хөрөнгө санхүүг гаргаж буй гэдэг утгаар бид нэн тэргүүнд өөрсдийн үйлчилгээгээ стандартжуулах, олон улсын түвшинд хүргэхийг хичээдэг.
Хоёрдугаарт, уух зүйлийн чанар болон соёлыг эрхэмлэнэ. Бид үйлчлүүлэгчдээ ууж буй коктейлийн нэрийн утга учир, гарал үүсэл, бүтсэн орц зэргийг сонирхуулж тайлбарлаж өгөх нь зүйтэй. Тиймээс бид үйлчлүүлэгчдэдээ коктейль санал болгохдоо харшилтай зүйл байгаа эсэхийг нь лавлаж, юугаар орлуулж болох талаар зөвлөлдөн өөрт нь сонголт хийх боломжийг өгдөг.



BITSY & CO. ГЭЖ ЮУ ВЭ?
Улаанбаатар хотод уух соёлыг түгээхээр зорьж буй коктейль бар.
НЭР
"Bitsy" гэдэг нь бяцхан, жижигхэн гэсэн утгатай. Бидний үйл ажиллагаа эрхэлдэг талбай маань ердөө 47 м.кв буюу Монголын хамгийн жижиг баар гэж хэлж болно. Харин Co. нь компани, нэгдэл (community) гэх үгийн товчлол. Нэг ёсондоо баараар үйлчлүүлэх болон уух хэрэглээний соёлыг түгээхийн сацуу жижигхэн орчинд тав тухтай үйлчилгээг санал болгоно гэсэн үг.
Харин логоны тухайд оливын модыг дүрсэлсэн. Бид коктейль, зуушиндаа үргэлж олив жимсийг ашигладаг.
ОДОО
Манай нэг жилийн ой ирэх есдүгээр сарын 17-нд тохиох гэж байна. Бид хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа энэ хэвээр байлгах эсвэл өргөжин тэлэх эсэхээ шийдэхээр төвлөрөн ажиллаж байгаа. Ирэх сард “Bitsy”-ийн дараагийн төсөл болох “Cantê”-ийн хүрээнд хоёр дахь салбараа нээж, илүү том зай талбайд олон хүнд үйлчлэхээр зорьж байна.
Мөн энэ долоо хоногт “Bitsy ice” төслийг албан ёсоор эхлүүлж байгаа. Коктейлийн хамгийн чухал зүйл нь мөс байдаг. Мөснөөс шалтгаалан уух зүйлийн тань амт яаж ч өөрчлөгдөж болно. Тиймээс бид өөрсдөө мөсөө үйлдвэрлэж, бусад ижил салбарт үйл ажиллаагаа явуулж байгаа газруудад нийлүүлэхээр үйлдвэр байгуулаад байна.

БАГ
Одоогийн байдлаар гурван үүсгэн байгуулагч, 30 ажилтны хамтаар үйл ажиллагаагаа явуулдаг.
ИРЭЭДҮЙ
Монголд анхнаасаа баар бизнесүүдийн имиж буруу бүрдсэн санагддаг. Уух соёлыг түгээхээс илүү хэтрүүлэн уух архидалт бий болчихсон. Мөн нөгөө талаас зарим үйлчлүүлэгч миний хүссэн бүхнийг өгөх ёстой гэсэн өндөр шаардлага тавьж, “Үйлчлүүлэгч хаан” гэх үзэл баримтлалтай байх нь бий. Харин бидний хувьд бүү хэтрүүлэн хэрэглээсэй гэсэн үүднээс шилээр нь үйлчилдэггүй дүрэмтэй. Тэгэхээр ирээдүйд бусад үйлчилгээний байгууллагууд ч шилээр нь үйлчлэхээ боливол согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх соёл эхэлнэ гэж бодож байна.
Үйл ажиллагаагаа өргөжин тэлэх тухайд "Bitsy" бол бидний эхний төсөл байсан. Харин дараагийнх нь "Cantê" төсөл буюу илүү олон нийтэд чиглэсэн, том зай талбайд үйл ажиллагаа явуулах бидний хоёр дахь салбар байх юм. Үүний дараа 20-оос дээш хүнд үйлчлэх зориулалттай, “speakeasy bar”-ыг 2023 онд нээхээр төлөвлөж байна.



ЭРСДЭЛ
Бид өөрсдөө импортлогч, экспортлогч компани биш тул хамтран ажиллагч байгууллагуудаас бүтээгдэхүүний түүхий эдийн нийлүүлэлтийн хувьд үргэлж хараат байдаг. Өөрөөр хэлбэл, биднээс үл хамаарах нэг эрсдэл нь бүтээгдэхүүний түүхий эд тасалдах явдал юм. Хүчин чармайлт гаргаж, үйлчлүүлэгчдийнхээ хүссэн амтыг гаргасан ч гадаад хүчин зүйлээс үүдэн, заримдаа дахин цэсээ солих шаардлага тулгардаг. Иймэрхүү эрсдэлийг бууруулахын тулд бид аль болох өөрсдөө үйлдвэрлэгч, нийлүүлэгч болохыг зорих хэрэгтэй болов уу.

Сэтгэгдэл бичих

