Нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй бүтээн байгуулагчдад үл хөдлөх хөрөнгийн төсөлдөө санхүүжилт бүрдүүлэхэд нь туслах технологид суурилсан платформ болох "Block.mn"-ийг өнөөдрийн дугаартаа онцолж байна. 

Энэ бол үл хөдлөх хөрөнгийн төсөл сонирхогч, хөрөнгө оруулагч, худалдан авагч нь тухайн объектыг бүхэлд нь худалдаж авах шаардлагагүйгээр үл хөдлөх хөрөнгөд хэсэгчилсэн хөрөнгө оруулалт хийх шийдэл юм. Төсөл сонирхогчдод 100 мянган төгрөгтэй байсан ч хөрөнгө оруулж, ашиг олох боломжийг бүрдүүлж буйгаараа уламжлалт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг өөрчлөх шинэ үйлчилгээ болж байна. 

Бизнесийн нэр: BLOCK.MN PLATFORM
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Үйл ажиллагааны чиглэл: Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан санхүүжилт болон хөрөнгө оруулалт
Үүсгэн байгуулагч: Д.Гэрэлт-Од, А.Мэнд-Орших, Д.Должинсүрэн, Ш.Батхишиг, Ц.Батбаатар, Г.Бат-Эрдэнэ
Үүсгэн байгуулагдсан: 2022 оны тавдугаар сарын 6
Цахим хуудсууд: www.block.mn


Хамтран үүсгэн байгуулагч Д.Гэрэлт-Од

Сэдэл

Асуудлыг шийдэж, эерэг өөрчлөлтийг бүтээхээр энэ төслийг эхлүүлсэн. Хэнд, ямар асуудал байсан гэвэл, барилгын компаниудад үл хөдлөх хөрөнгийн төслөө хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн байгууллагаас нийт төслийн нийт зардлын 70 орчим хувийг зээлэх нь түгээмэл. Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжиж дуусах хугацаа дунджаар 2.5-3 жил байдаг ба энэ хугацаанд төслийн нийт өртгийн 30 орчим хувийг санхүүжилт буюу зээлийн хүүгийн төлбөр болон түүнийг авахтай холбоотой зардал эзэлдэг. Энэ зардлыг төсөл хэрэгжүүлэгч үл хөдлөх хөрөнгийн үнэд шингээж, эцэст нь худалдан авагч төлдөг.

Мөн зах зээлийн ханшаас хямд үнээр үл хөдлөх хөрөнгөтэй болох хүсэлтэй хүмүүс бий. Нэмээд, хуримтлалаа инфляцаас хамгаалах, найдвартай боловч зах зээлд байгаа боломжуудаас илүүтэйгээр өсгөх, үржүүлэх хүсэлтэй хүмүүс байна. Энэ хоёр талын хэрэгцээг хангаж, нэг тал болгох ажлыг BLOCK.MN хийх юм.

ялгарал

Нэгд, BLOCK.MN нь үл хөдлөх хөрөнгийн салбарт тууштай ажиллах, брэндээ хоногшуулах хүсэлтэй, зөвхөн ашгийн төлөө бус, харилцагчдынхаа амьдралд болон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох үнэт зүйлтэй, үндэсний барилгын (девелопер) компанитай хамтран ажиллана. Ингэснээр, бид өөрчлөлтийн цар хүрээг тэлж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах юм.

Хоёрт, хөрөнгө оруулагчдын хөрөнгөө оруулах төслийн амжилттай хэрэгжих, үнэ цэн нь өсөх эсэхийг зах зээлийн судалгаа, санхүүгийн тооцоо судалгаанд үндэслэн тооцож, олон нийтэд танилцуулна.

Гуравт, хөрөнгө оруулалтын дүнг тооцоо, судалгаанд үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн төслийн эзний санал болгосон дурын төсөл болон дурын дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэдийгээр бид үндэсний барилгын (девелопер) компаниудыг дэмжих зорилго, алсын хараатай ч хөрөнгө оруулагчдын эрх ашиг, олон нийтийн хүртэх ашиг тусыг ямагт эхэнд тавина. Дөрөвт, бид хэний ч санал болгоогүй өндөр хөнгөлөлт, хямдрал, урамшууллыг санал болгох бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн.

Үүний үр дүнд, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурна. Хүмүүс зах зээлийн үнээс чамгүй хямдаар байртай, оффистой болно. Хямдралаас гадна, лояалти оноо, бизнес болон сонирхлоо дэмжих бүлгэмүүдийн гишүүн болно. Барилгын материалын үйлдвэрлэл хөгжинө. Дагаад ажлын байр, нэмүү өртөг, хямд материал, хямд үнэ бий болно.



block.mn гэж юу вэ?

BLOCK.MN нь нийгэмд үр нөлөө авчрах бүтээн байгуулагчдад үл хөдлөх хөрөнгийнхөө төсөлдөө санхүүжилт бүрдүүлэхэд нь туслах технологид суурилсан платформыг нийлүүлдэг.

Нөгөө талд, хямд үл хөдлөх хөрөнгөтэй болох, энэ салбараас өгөөж хүртэх, мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүст тохирох бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд нь тусалдаг.

Товчдоо, BLOCK.MN платформ, хоёр талыг нэг талд нь гаргаж, хамтын үнэ цэнийг бүтээнэ.

нэр

BLOCK.MN платформын технологийн нэг гол боломж нь үл хөдлөх хөрөнгөд хэсэгчлэн буюу блок блокоор хөрөнгө оруулах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгтэй хүн ч үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулж, өгөөж хүртэх боломжтой.

одоо

Бидний нийлүүлдэг платформын эхний хамтрагч болох "UB Group"-ийн хэрэгжүүлж буй хоёр төсөлд хөрөнгө оруулах боломжийг хүмүүст санал болгож байгаа. Урьдчилсан захиалгын гэрээ хийх замаар үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулснаар зах зээлийн үнээс хямдаар үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг санал болгож байгаа. Энэ боломж энэ сарын 29-нд онлайнаар нээгдэх юм. Тиймээс энэхүү төсөл дээр багаараа төвлөрөн ажиллаж байна. Мөн эерэг өөрчлөлтийг бүтээх үндэсний барилгын (девелопер) компаниа сонгон шалгаруулахаар хайж байна.



баг

Манай баг олон салбарт туршлага хуримтлуулсан хүмүүсээс бүрдсэн. Тухайлбал, Мэнд-Орших технологи, Должинсүрэн үл хөдлөх хөрөнгийн төсөлтэй холбоотой бүх төрлийн дата судалгааг хариуцаж буй. Харин Батхишиг санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын шийдвэр, хөрөнгө удирдахтай холбоотой ажлыг, Бат-Эрдэнэ төслийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх, контент бүтээж түгээх, медиа төлөвлөлттэй холбоотой ажлыг хариуцаж буй бол гүйцэтгэх захирлын хувьд Гэрэлт-Од ажлыг ерөнхийд нь базаж, маркетингийн мэргэшлийнхээ хүрээнд оролцоотой ажилладаг.

BLOCK.MN платформын хувьд манай багийнхны ажил оролцоогоор үнэлэгддэг. Хэн тогтмол оролцоотой байна, үүний хувь хэмжээ өндөр байна. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагчид нь компанийнхаа бүх хувийг хувааж авчихаад ажил хийх хүн олддоггүй уламжлалт загвараас татгалзсан.

ирээдүй

Бидний алсын зорилго бол монголын үндэсний девелоперуудыг дэмжих юм. Тэдэнд тулгардаг санхүүгийн асуудлыг шийдэхэд тусалснаар олон нийтэд, коммюнитид тустай том, эерэг өөрчлөлтийг бүтээх явдал юм. Тэгэхээр, BLOCK.MN платформ энгийн стартап биш. Энэ компанийг хамтран үүсгэн байгуулагчид салбар салбартаа амжилттай яваа залуус гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Гэхдээ бид тус тусынхаа салбарт дангаараа хэчнээн зүтгээд хүмүүст хэрэгтэй эерэг, том өөрчлөлтийг хийж чадахгүй. Чадах байсан ч урт хугацаа хэрэгтэй. Харин бид нэгдэж нийлэх юм бол тус тусынхаа чадвар, мэдлэг, нөлөөллөө нийлүүлж, том өөрчлөлтийг хийж чадна гэж итгэсэн юм. Үүнийг Collective impact гэдэг.

Тэгэхээр, бидний ялгарал бол "impact" буюу үр нөлөө юм. Бид юуны төлөө ажиллах вэ гэвэл үр нөлөөний төлөө юм. Бид үр нөлөөг бий болгох хүмүүстэй ажиллана. Бид үндэсний девелоперуудаа дэмжинэ. Учир нь бид тэднийг нийгэмд, коммюнитид эерэг өөрчлөлт, үр нөлөөг бий болгож чадах хүмүүс гэдэгт итгэдэг.

Үндэсний девелоперуудыг дэмжих шалтгаан нь мэргэжлийн бус, тендерийн, хоноцын сэтгэлтэй, зөвхөн ашиг хийгээд гарах хүсэлтэй, сонирхогч компаниудаас болж хот маань ямар болсныг бид бүгд харж байна. Харин девелоперууд юу бүтээж чаддагийг UB Group, NCD, Teso, New Progress зэрэг компаниудын бүтээн байгуулалтаас харж болно.

Тэд хүн амьдрах орчин, амьдралын шинэ хэв маяг, төлөвшил, соёлын шинэ орчин бий болгож байна. Тэд өнөөдөр бидний нийгэмд тулгарч байгаа утаа, агаар, хөрсний бохирдол, ядуурал, нийгмийн ялгарал гэх мэт асуудлуудыг шийдэхэд чухал оролцоотой.

Нөгөөтээгүүр, олон нийт хүчтэй. Тэр хүчийг олон нийтэд мэдрүүлмээр байна. Тэднийг шийдвэр гаргах эрхийг нь эдлүүлж, оролцуулахыг хүсдэг. Оролцох боломжийг бий болгоно.

эрсдэл

Барилгын материалын 60 гаруй хувийг гадаадаас импортолдог манай улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн төслийн үнийг өсгөдөг гол хүчин зүйлд валютын ханшийн өсөлт, цар тахал, дайн зэрэгтэй холбоотой хил гааль, логистикийн хямрал хүчтэй нөлөөлдөг. Үүнээс болж барилга хугацаандаа баригдаж дуусдаггүйгээс гадна үнэ нь өсдөг. Энэ манай платформ болон салбарын хувьд эрсдэл. Хэдий тийм ч манай платформ энэ эрсдэлийг байхгүй болгохын төлөө загварчлагдсан.