Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ өсөж торних эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж өгөх нь юу юунаас илүү чухал байдаг. Тэр дундаа хүүхдийг хөдөлгөөнд орж эхлэх цагаас өөрийн гэсэн өрөө, тусдаа орчин бүрдүүлж өгөх нь аюулгүй байдал, өсөж торних үйл явцад нь ихээхэн ач холбогдолтой юм. Бараа бүтээгдэхүүний сонголт элбэг болсон энэ үед таалагдсан загвараа олж авах амархан ч хүссэн консептоо олох амаргүй. Бид энэ удаад хүүхдийн өрөөний тавилгын чиглэлээр дагнан ажиллаж буй "Буудай" брэндийг онцоллоо.

Нэр: Буудай консепт
Хаяг: Зайсан Хилл
Чиглэл: Хүүхдийн монтессори тавилга үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч: Г.Бат-Оюун
Үүсгэн байгуулагдсан: 2020
Холбоосууд: buudai.mn (Вэб), Buudai brand (Фэйсбүүк), buudaiconceptstore (Инстаграм)


Үүсгэн байгуулагч Г.Бат-Оюун

Сэдэл

Буудайг эхлүүлэх болсон сэдэл нь ерөөс бүх л ээжүүдэд тулгардаг энгийн л хэрэгцээ шаардлагаас үүссэн. Миний хувьд бага насны тэрсхэн гурван хүүхэдтэй. Хорь ч хүрээгүй байхдаа ээж болсон болохоор хүүхдүүдээ сайн өсгөхийн хажуугаар өөрийгөө орхилгүй, цагаа зөв төлөвлөн, хувь хүн, залуу мэргэжилтний хувьд тэдэнтэйгээ зэрэгцээд л өсөж хөгжих шаардлагатай болсон л доо. Хүүхдүүдээ ч хөгжүүлж, өөртөө ч илүү их цаг гаргахын тулд аль болох багаас нь бие даах, эмх цэгцтэй байхад сургах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тиймээс хамгийн түрүүнд тэдэндээ бие хүн гэдгийг нь мэдрүүлж чадах орчныг бүрдүүлж өгөхөөр шийдсэн юм.

Ингээд гадуур яваад тавилга судалж үзтэл өндөр үнэтэйгээс гадна овор хэмжээ ихтэй байдаг тул хүүхдийн тусдаа өрөөтэй байх шаардлагатай болоод ирсэн. Залуу гэр бүлүүдийн хувьд хүүхдэдээ тусдаа өрөө гаргана гэдэг тэр бүр бүтчих зүйл биш шүү дээ. Мөн тэдгээр бэлэн тавилгын ихэнхэд нь эко өнгөлгөө, үнэрт будаг, цэвэр мод бус бэлэн хавтан ашигласан нь таалагдаагүй. Тэгэхээр нь өөрөө модоо аваад, 100 айл орж захиалгаар хийлгэх гэж үзсэн. Гэсэн ч хүүхдийн тавилгын онцлогийг мэддэггүй хүмүүс таараад бас л сайн болж өгөөгүй юм.

Ингээд л аавтайгаа хамт зүлгүүрээ бариад өөрсдөө хийхээр шийдсэн дээ. Энд аавын маань гаднын оронд 10 жил мужаанаар ажилласан туршлага маш том давуу тал болсон. Тавилгаа дуусгаад, зургийг нь аваад фэйсбүүктээ хийтэл санаанд оромгүй их хандалт авчихдаг юм байна. Улмаар нэг найз маань захиалга өгч, захиалгаа гүйцэтгэхийн тулд өөр нэг найзынхаа хашаа байшинг түрээсэлснээр “Буудай”-гийн аялал эхэлсэн юм. Гэр бүл болгонд байдаг асуудлыг олж, түүнд шийдэл санал болгож чадсандаа ч юм уу, дараа дараагийн захиалгууд аяндаа орж ирсээр байсан. Анхны захиалгат ажлаа хийснээс хойш таван сарын дараа "Zaisan Hill"-д шоурүүмээ нээж, долоон сарын дараа компаниа байгуулж, есөн сарын дараа анхны хөрөнгө оруулалтаа авсан. Харин одоо бизнесээ илүү байгууллагын, урт хугацааны зохион байгуулалтад оруулахаар хичээж байна.

ялгарал

Хүүхдэд өөрийгөө танин мэдэхэд тус болох хамгийн чухал зүйлсийн нэг бол өөрийн гэсэн, тусдаа өрөөтэй байх, өрөө байхгүй бол өөрт нь тохирох тавилга, хэрэгсэл бүхий булантай байх юм. Ингэснээр хүүхэд тоглоомоо хураах, хувцсаа эвхэх, ном унших, ороо хураах гэх мэт үйл явцыг өөрсдөө хийж, бие дааж эхэлдэг. Яагаад энгийн зүйлсийг ч хийхээс хойш сууж, байнга бусдаас туслалцаа хүсээд байна вэ гэвэл өөрөөс нь хэт өндрөөс эхлээд жин, хэмжээ гээд ерөөс хүүхдэд тохирох орчин бүрдээгүй байна л гэсэн үг.

Иймд бид бүтээгдэхүүнүүдийнхээ загварыг гаргахдаа хамгийн гол нь хүүхдэд ээлтэй, өгөөжтэй байлгахад анхаардаг. Тиймээс Олон улсын монтессори холбоонд албан ёсоор элсэж, эхний бүтээгдэхүүнүүд дээрээ байнга мэргэжлийн заавар зөвлөгөө аваад эхэлсэн (Монтессори нь хүүхдийг хүчлэлгүй, өөрийнх нь ойлгоц, хурдыг дэмжих замаар өсөлт хөгжилд нь эергээр нөлөөлөх арга зүй юм.) Өнгө, хэмжээ, материал, хэрэглээ гээд бүгдийг стандартын дагуу хийдэг гэсэн үг л дээ.

Жишээ нь, тавилгууддаа цэвэр нарс мод болон эко модон хавтан ашиглахын дээр байгалийн органик, үнэргүй будгаар буддаг. Ингэхдээ гялалзуулагч гэх мэт химийн хортой найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Тавилгын иж бүрэн багцдаа хүүхдийн мазаалай матрасс, монгол цэвэр эсгий, сонингийн сүлжмэл сагс зэргийг дагалдуулж байгаа. Сагсаа гэхэд хүүхэд хэрэглэхэд хялбар, өргөхөд хөнгөн, дуу чимээгүй, зөөлөн байх талаас бодолцож хийсэн. Сетэнд багтах тавилга бүр хайрцагтай, хананд бэхлэх булан төмөр, тэлэгч гэх мэт дагалдах бүтээгдэхүүнээ дагалдуулан өгдөг. Цар тахлын үед сав баглаа боодол, ахуйн чанар чухал учир үүн дээрээ бас төвлөрөн ажиллаж байна.



Буудай консепт гэж юу вэ?

“Buudai concept store” нь хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх органик, монтессори тавилгын чиглэлээр ажилладаг үндэсний үйлдвэрлэгч компани юм.

нэр

Хүүгийн маань нэрийг Буудай гэдэг юм. Мөн буудай нь өсөж хөгжихийн бэлгэдэл бөгөөд дуудахад амархан, сонсоход таатай нэр болохоор оноосон.

одоо

Бид хүүхдийн тоглох, суралцах, унтах хамгийн таатай орчныг бүрдүүлэх, бие даан сэтгэн бодох, хувь хүний хувьд өөрийгөө таньж мэдэх аялалд туслах “монтессори” тавилгын багцыг хэрэглэгчдэдээ танилцуулаад хоёр долоо хонож байна. Одоогоор уг багцаа таниулах, тавилгынхаа давуу тал, учир холбогдлыг нь ойлгуулах ажилд төвлөрч байгаа. Бүтээгдэхүүний багц гаргаснаар эцэг эхчүүдэд олон газраас тал талын юм хайж цаг алдалгүй, нэг л удаагийн захиалгаар асуудлаа шийдэх боломж олгож буй. Үнийн хувьд ч маш боломжийн бөгөөд хувааж төлөх нөхцөлтэй гэх мэтээр хэрэглэгчдэд аль болох ээлтэй байлгахад анхаарч байна. Багцад багтаж буй бүтээгдэхүүнүүд тухайн гэр бүл хүүхдийн тусдаа өрөөгүй байсан ч асуудал болохооргүй хэмжээтэй гэдэг нь бас нэг давуу тал.

Цар тахлын улмаас хөл хорио чангарч, шоурүүмээ ажиллуулж чадахгүй болсон тул сошиал хуудсууд бүр дээрээ тус бүрээ идэвхжүүлж, хүссэн өнгө төрхөө бүрдүүлэхэд анхаарч байна. Манай брэндийн баримтлах гол зарчмуудын нэг нь хэрэглэгчдийн санал хүсэлт бүрийг алдалгүй хүлээн авч, хэрэглэгч бүрийнхээ асуултад хариу өгч ажиллах байдаг. Орой бүр фэйсбүүк болон инстаграм чатуудаа шалгаж, нэг хэрэглэгчийн ч сэтгэл ханамжийг чухалчилж, үүндээ өдөрт заавал цаг гаргадаг.

Мөн монголчуудад маань уламжлагдан ирсэн аж амьдралаас хамаараад хүүхдийн өрөөг тохижуулах нь харьцангүй шинэ зүйл болох нь анзаарагдсан. Иймд бид хэрэглэгчдэдээ хүүхдийн орчныг бий болгох, түүний давуу талыг сурталчлах тал дээр ажиллах ёстойгоо ойлгоод, энэ чиглэлд хуудсуудаа алхам алхмаар хөгжүүлж байгаа.



Баг

"Буудай" маань мужаан, дизайнер, хүүхдийн сэтгэлзүйч зэрэг хүсэл сонирхлоороо нэгдсэн 15 орчим хүний багтай. Ингэхдээ аль болох гэртээ хүүхдээ харж буй ээжүүдтэй хамтарч, тэдэнд уян хатан цагаар ажиллаж цалинжих боломж олгох бодлоготой ажилладаг.

Ирээдүй

"Буудай" брэнд нь Монголын анхны экспорт хийдэг хүүхдийн тавилгын үйлдвэр болохоор зорин ажиллаж байна.

Ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, гэртээ хүүхдээ өсгөж байгаа бүсгүйчүүдэд тогтмол орлоготой болох боломж олгох, мөн нийгэмдээ үйлдвэрлэгч сэтгэлгээг төлөвшүүлэх зэрэг энэ бизнесийг бүрдүүлж буй бүх л талуудад ашигтай тийм хүрээлэл, хамт олныг бүрдүүлэх нь бидний зорилго.

Эрсдэл

Хамгийн түрүүнд хэрэглэгчдийн мэдээлэл дутмаг байдал юм уу даа. Жишээ нь, хуулгатай хавтан, цэвэр мод хоёрыг ялгадаггүй. Ач холбогдол, ялгааг нь мэддэггүй. Органик модон бүтээгдэхүүний онцлогийг тэр бүр ойлгодоггүй гэсэн үг. Угтаа цэвэр модоор хийж байгаа тохиолдолд модны яр байх л асуудал боловч үүнийг үйлдвэрлэлийн согог, гологдол мэтээр буруу ойлгох нь элбэг. Мөн үндэсний үйлдвэрлэл гэхээр импортын бүтээгдэхүүнээс дутуу үнэлэх гээд байдаг.

Дараа нь гэвэл түүхий эдийн үнийн өсөлт. Мод, будаг, модны тос гээд л түүхий эдийн үнийн өсөлт үйлдвэрлэгчдэд хүнд тусдаг. Үйлдвэрлэгч орон биш тул тоног төхөөрөмж, материалын олдоц гээд олон талаар жаахан хязгаарлагдмал байдаг л даа. Гэхдээ л бид бүх л боломжоо дайчлан ажиллаж эрсдлээ нөхөхөд илүү анхаардаг.