Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амбулаторийн үзлэг, мэргэжлийн эмчийн зөвлөгөө мэдээлэл гар утсанд тань иржээ. Та алс хол, хилийн чанадад байсан ч, хот суурин газраас хол, хадлан бэлчээрт байсан ч байгаа газраасаа клиникийн үзлэгт онлайнаар хамрагдах боломжтой болсноо мэдсэн үү? Үүрээр эртлэн гарч үзлэгийн оочер авахын тулд урт дараалалд дугаарлан, эмчийн өрөөний хаалганы гадаа хэзээ орохоо мэдэхгүй өдөржин хүлээдэг нийтлэг асуудлыг саяхан нээлтээ хийгээд буй Clinica хэмээх апп хялбархан шийдэж чадна. Гарт тань "багтах" дижитал клиникийн тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Нэр: Clinica
Хаяг: СБД, 1 дүгээр хороо, "Нью Хоризонс" оффис, 5-р давхар, 502 тоот
Чиглэл: Эрүүл мэнд, онлайн клиник
Үүсгэн байгуулагч: Д.Баасандорж, М.Мөнх-Абдул, Ж.Ишдорж, А.Бат-Эрдэнэ, О.Пүрэвсүрэн, Г.Халиунаа, Г.Нямдаваа
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны зургаадугаар сар
Холбоосууд: Clinica (Фэйсбүүк), @clinica_app (Инстаграм)

Үүсгэн байгуулагч Д.Баасандорж

сэдэл

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай, ямар нэг хүндрэл чирэгдэл, тэр дундаа оочер дараалалгүйгээр авна гэдэг хүн бүрийн хувьд чухал хэрэгцээ. Биеийн байдал нь дордсон ч цаг тухайд нь үзлэгтээ хамрагдаж чадаагүйн улмаас өвчин нь хүндэрч, эрүүл мэндээрээ хохирсон ямар нэг тохиолдолтой та бид таарч байсан нь лавтай. Ийм тохиолдол бүрийн ард тэр хүмүүсийн гэр бүлийнхэн нь "Энэ нь тийм байсан бол, тэр үед тэгсэн л бол" гэх харамслаар дүүрэн үлдэж хоцордог. Энэ мэт сэтгэл эмзэглүүлсэн тохиолдлууд Clinica-гийн суурийг тавьсан гэж болно.

Багаараа нэгдээд, эхний 3-4 сарын хугацаанд судалгааны ажилдаа төвлөрч, гарсан дүгнэлтдээ тулгуурлан аппаа хөгжүүлэх болсон. Анх зургаан хүнтэй, таван сандалтай эхэлснээс хойш 10 сарын дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд нээлтээ амжилттай хийлээ.

ялгарал

Үйлчлүүлэгч үзлэг хийлгэх шаардлагатай байгаа чиглэлийн эмч, эмнэлгээ апп дээрээс сонгоод, онлайнаар цаг авна. Ингээд товлосон цагтаа эмчтэйгээ видео дуудлага хийж урьдчилсан онош, түүнд тохирсон зөвөлгөө, эмчилгээгээ авах юм. Ингээд л болно, тун амархан. Шаардлагатай тохиолдолд эмч тань үзлэгийн өмнө таны зүгээс урьдчилан бэлдсэн байвал зохих шинжилгээ, дүгнэлт, ерөнхий мэдээллийг явуулж, цаг хэмнэн, үзлэгээ илүү үр дүнтэй болгож болно. Та эмчээ сонгохдоо мэргэшсэн чиглэл, ажлын туршлага, мэргэжлийн зэрэг дэв, манай апп дээр хэдэн удаа үзлэг хийсэн, өмнөх үйлчлүүлэгчдийн үнэлгээ зэрэг өөрт хэрэгтэй мэдээллээ харгалзан үзэх боломжтой. Үүнийг "Telemedicine" үйлчилгээ ч гэдэг. Монголд шинэ ч, олон улсад хэдийн байр сууриа тогтоосон загвар л даа.

Clinica-гийн гол онцлог нь эмчлэх эрхийн лицензтэй, мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллаж туршлагажсан, одоо ч энэ чиглэлээрээ ажиллаж буй хүний их эмч нарыг эгнээндээ нэгтгэсэн явдал. Бид цаашид ч салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг эмч нараар хүрээгээ байнга тэлсээр байх болно. Энэ нь нэг талдаа хэрэглэгч хаанаас ч хүссэн эмчээ сонгож үзүүлэх, нөгөө талаас эмч нар цаг, орчинд хязгаарлагдалгүй үйлчлүүлэгчтэйгээ холбогдох, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, мэргэжлээрээ олонд танигдах, үнэлүүлэх боломж болж буй. Үнийн хувьд, Монголд амбулаторийн үзлэгийн дундаж үнэ 35 мянга байдаг. Харин Clinica тэдэнтэй яг адил буюу эмчийн туршлага, зэргээс шалтгаалан 15-50 мянгын төгрөгийн сонголттой.

Бидний зүгээс бүх л хэрэглэгч харилцагчдадаа боловсронгуй цаг захиалгын систем, өндөр нягтаршилтай хурдан видео дуудлага болон тун хялбар төлбөр тооцооны шийдлийг санал болгож байгаа. Хүсэл тэмүүллээр дүүрэн залуу инженерүүдийн хийж буй ажил учир яг одоогийн байдлаар засаж сайжруулах зүйл олон санагдаж болох ч ирээдүйд тасралтгүй хөгжүүлэхийн дээр мэргэжлийн талаасаа маш сайн хамгаалалттай гэдгийг онцлох нь зүйтэй.

Бид системийн аюулгүй байдлыг сайтар хангахын сацуу бүх дата мэдээллээ дотооддоо хадгалдагийг дурдмаар байна. Үзлэг бүрийн дараа тухайн хэрэглэгчийн профайл буюу аппын намтар дээр үзлэгийн дүгнэлт, хийгдэх эмчилгээ бүгд тэмдэглэгдэн үлдэх бөгөөд түүнийгээ зөвхөн өөрөө болон эмч нь л харах нууцлалтай. Энэ мэтчилэн нууцлал болон аюулгүй байдлын тал дээр гойд анхаарч ажилласан.



Clinica гэж юу вэ?

Эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг байгаа газраасаа түргэн шуурхай, амар хялбараар авах боломж өгөх, итгэж болох дижитал клиник.

нэр

Хэрэглэгчдээ ойлгомжтой, анхнаасаа зөв төсөөлөл өгөхүйц байлгахад анхаарч "Клиник-а" (Clinica) хэмээн нэрийдсэн.

одоо

Одоогоор бид апп дээрээ гурван шинэ сонголт оруулахаар ажиллаж байна. Эхнийх нь "Яаралтай үзлэг"-ийн хэсэг. Уг нэмэлтээр дамжуулан хэрэглэгч яаралтай үедээ ямар чиглэлийн үзлэгт орохоо сонгоод апп дээрх тус салбарын бүх эмч нарт зэрэг дуудлага явуулж, нөхцөл байдлаа мэдэгдэн, тухайн цагт танд үйлчлэх боломжтой эмчтэйгээ шууд холбогдох юм. Хоёр дахь нь, онлайн эмийн сан болон тухайн хэрэглэгчийн байршилтай хамгийн ойр буй эмийн сангийн байрлал, цагийн хуваарийг харуулах хэсэг. Гурав дахь нь, хэрэглэгч аппаар дамжуулан тогтмол эмчийн хяналтад байх боломж нээх нэмэлт.

Цаашдаа энэ мэтээр байнга шинэ, хэрэгцээтэй үйлчилгээг нэмж хөгжүүлэхийн тулд аппыг хэрэглэсэн бүх хэрэглэгч рүүгээ холбогдож санал хүсэлтийг нь тусгайлан авч байгаа. Мөнгөтэй, танилтай эсэхээс үл хамааран хүн бүрд хүртээмжтэй шийдэл хүргэхийг зорин ажиллаж буй тул хэрэглэгч, харилцагч бүрийн санал бидэнд үнэ цэнтэй.



баг

Бид борлуулалт, мэдээллийн технологи, програм хангамж, санхүү бүртгэл, бизнес хөгжил гэсэн чиглэлүүдэд хуваагдан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Багаа бүрдүүлээд удаагүй байхдаа JICA болон "Мобиком корпораци"-аас хамтран зохион байгуулсан стартап тэмцээнд оролцон шилдгээр шалгарсан нь бидэнд том урам болсон. Үүсгэн байгуулагчдын хувьд өмнө нь бүгд финтек, санхүү чиглэлийн компанид IT, программ хөгжүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай. Чаддаг зүйлээрээ нийгэмд үнэ цэн бий болгохыг хүссэн залуусын нэгдсэн алсын хараа нь Clinica юм.

ирээдүй

Өдгөө дижитал шилжилт гэдэг сонголт биш болчихлоо. Аль ч салбар, ямар ч бизнес үйл ажиллагаагаа технологитой хослуулахгүй бол бүрэн нөөцдөө хүртэл хөгжиж чадалгүй дампуурна. Тиймээс аль ч шатны, ямар ч төрлийн, улсын ч бай, хувийн ч бай бүх эмнэлгүүд, мөн эмчлэх эрхийн лицензтэй эмч бүхэн биднийг өрсөлдөгч биш, харин хамтрагч, дэмжигч гэж хараасай, үүнийг ойлгоосой гэж хүсэж байна.

Ирээдүйд бид улсын эмнэлгүүдтэйгээ хамтран, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгддөг, үнэ төлбөргүй эмчийн үзлэг зөвлөгөө үйлчилгээ, цаг захиалгын системийг апп дээрээ байршуулахаар төлөвлөж буй. Монгол Улсын алс хязгаарт амьдарч буй иргэн 15 минутын үзлэгийн төлөө холоос зардал чирэгдэл болж ирэлгүй, гэртээ байж байгаад л төрийн үйлчилгээгээ авдаг болно. Ингэж бодох төдийд л бид хийж буй ажилдаа улам дурлаж, эрч хүчээр цэнэглэгдээд байдаг юм.

Том зургаараа бол бид ирээдүйд клиникийн түвшний дижитал эмнэлэг болно. Цаашлаад хиймэл оюуныг эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх зорилготой. Одоогийн хүмүүсийн нийтлэг хэрэглээ болсон смарт цагийн үзүүлэлтүүдэд суурилан эрүүл мэндийн урьдчилсан дүгнэлт гаргах, аппаас авсан эмчийн дүгнэлт, эмчилгээ зөвлөгөөнөөс магадалж, тухайн хэрэглэгчийн ирээдүйд авах зөвлөгөө, эмийн жорыг хамгийн аюулгүй байдлаар автоматжуулах, хянах гэх мэт хийж болох олон ажил бий.

эрсдэл

"Наад чинь тэгээд болох юм уу?" гэж биднээс олон хүн асуудаг. Аргагүй л дээ, өмнө нь Монголд байгаагүй үйлчилгээ шүү дээ. Иймдээ ч бид тас харанхуй өрөө рүү тэмтрээд орж буйгаас өөрцгүй. Жишиг модельгүй салбарт орж ирсэн болохоор, хэрэглэгчдийн талаас ч энэ төрлийн үйлчилгээ авч байсан туршлагагүй тул аль аль талаасаа л шинэ соёл, хэв маягтай танилцаж буй. Энэ мэтээр "мөс хагалж" яваа нь л бидний хамгийн том сорилт, эрсдэл юм даа.

Бусдаар бол бид чадварлаг хамт олон, туршлагатай эмч нараар багаа бүрдүүлсэн учраас итгэл дүүрэн байна. Цаашдаа ч энэ эрчээрээ хүрээгээ тасралтгүй тэлсээр байх болно. Тиймээс хийж буй энэ чухал, ирээдүйтэй ажлаа олон нийтэд зөв таниулах, эергээр ойлгуулахад анхаарах хэрэгтэй.


Апп татах:

- Clinica (iOS)
- Clinica (Android)

Unread