Дэлхийн дөрвөн хүн тутмын нэгийг өөртөө дурлуулж чадсан шидэт ундаа бол кофе. Өдгөө ганцхан өдрийн дотор хүн төрөлхтөн 2.25 тэрбум аяга кофе уудаг бөгөөд энэхүү хар алтны салбар дэлхийд 100 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Энэ удаагийн нийтлэлийн гол сэдвийг хэдийнээ та бүхэн ойлгосон биз. Бидний нийгэмд кофены соёл аажим аажмаар нэвчихийн хэрээр кофенд дурлагчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ удаа бид гэртээ өөрийн дуртай кофегоо чанаж уух дуртай, магадгүй гэр бүлийн гишүүдийнхээ бариста нь болох хүсэл тээж яваа кофечдод зориулан кофены машин, төрөл бүрийн дагалдах хэрэгслүүдийг худалдаалдаг “Coffeine” дэлгүүрийг онцолж байна.
Бизнесийн нэр: Coffeine
Хаяг: “Зоос гоёл” төвийн өргөтгөл, 401 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Кофены тоног төхөөрөмжийн худалдаа
Үүсгэн байгуулагч: Г.Дуламсүрэн
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Цахим хуудсууд: Coffeine (Facebook), coffeinemn (Instagram)
сэдэл
Гундсан үед сэргээж, гутарсан үед босгоод ирдэг хүч яах аргагүй кофенд байдаг. Би ч тэр увидаст нь татагдаж, кофег амьдралынхаа нэг хэсэг болгоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Харин ажлынхаа нэг хэсэг болгосон аялал маань тун сонирхолтой эхлэлтэй. 2019 онд би БНХАУ-д оюутан байлаа. Тухайн үед Энэтхэг Улс руу бясалгалд явахаар болж, зардлын мөнгөө олох санаатай Хятадаас цөөн тооны кофены машин Монгол руу илгээж, ах маань борлуулж өгөхөөр болов. Азаар нөгөө машинууд санаснаас хамаагүй хурдан зарагдаж дуусаад зардлын мөнгө маань боссон юм.
2020 онд би Их сургуулиа төгсөөд Монголдоо ирлээ. Яагаад ч юм хэн нэгний удирдлага дор ажиллахаас илүүтэй өөрийнхөө эхлүүлсэн ажлыг тууштай авч явах нь зүйтэй санагдаж, Coffeine-ийг үүсгэн байгуулахаар сэтгэл шулуудсан. Эхний татан авалт маань жижигхээн хар кофены машинаас л эхэлж байлаа. Тогтсон байршилгүй, цахимаар борлуулалтаа хийж байсан тулдаа цар тахлын үед ч үйл ажиллагаагаа тасалдуулаагүй. Тэр үед л би бизнест тууштай байдал тун чухал болохыг ойлгож авсан гэж боддог.
ялгарал
Өөртөө бариста - Кофены хэрэгслүүд худалдаалдаг бизнесүүд олон байдаг ч тэдгээр нь кофе шоп буюу мэргэжлийн бариста нар руу чиглэсэн машинуудыг санал болгодог. Харин манайх гэртээ кофегоо хийгээд уух сонирхолтой хэрэглэгчдэд зориулан “Өөртөө бариста” гэх уриан дор худалдаа, үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.
Цогц үйлчилгээ - Кофены машин, дагалдах хэрэгсэл, цэвэрлэгээний бодис, дуудлагын засвар (манайхаас авсан кофены машин), дуудлагын цэвэрлэгээ, заавар зөвлөгөө гээд бүх үйлчилгээг манайх нэг дороос үзүүлнэ. Сонирхуулахад, кофе машиныг тогтмол, зориулалтын цэвэрлэгч бодисоор сайтар угааж хэвшсэнээр машины эдэлгээ уртсаад зогсохгүй илүү сайхан амттай кофе гардаг.
Санхүүгийн хэмнэлт - Бидний тооцоолсноор хүн долоо хоногт гурван удаа кофе шопоос кофе авахад сард 100,000 орчим төгрөгийг зарцуулна. Түүний оронд тухайлбал 369,000₮-ийн үнэ бүхий кофены машин худалдан аваад өөрөөсөө гадна гэр бүлийн гишүүдээ гарын кофегоороо дайлах нь санхүүгийн хувьд нэн хэмнэлттэй. Нөгөөтээгүүр кофены машин, үр, бусад дагалдах хэрэгслийг өөрөө худалдан авснаар чанарын үзүүлэлтийн хувьд санаа зовох зүйлгүй.
Бизнес багц үйлчилгээ - Гэртээ, оффистоо кофе гаргах мөн бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй хүмүүст зориулан бүрэн автомат машин, бусад дагалдах хэрэгслүүдийг багтаасан багцыг санал болгодог. Энэхүү багцийг худалдан авсан бизнесүүдээс өдөрт 100-200 аяга кофе гаргаж, нэг сая гаруй төгрөгийн борлуулалттай ажиллаж байгаа нь ч бий. Мөн бизнес багц авсан хэрэглэгч нар бүрэн автомат машины сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Кофе сонирхогчдын мэдлэгт нь нэмэр болох үүднээс хэлэхэд, манай орны кофечдын 70 гаруй хувь нь найруулдаг кофе уудаг ба үүнийг өндөр хэмд хуурсан байдаг тул хавдрын эс бий болгох эрсдэлтэй бодис агуулдаг. Хэрэвзээ кофены жинхэнэ ашиг тусыг мэдэрье гэвэл үрээр нь ашиглахыг зөвлөе. Харин үр авахдаа хугацааг нь шалгахаа мартуузай.
Нэрсэн кофе нь кофены үрэнд агуулагдах шимт байдлыг алдагдуулах нь бага байдаг учраас хүний биед үзүүлэх эерэг нөлөө нь илүү өндөр. Жишээ нь: БНСУ-д хийсэн судалгаагаар өдөрт гурван аяга нэрсэн кофе уудаг хүний ходоодны хорт хавдар тусах эрсдэл буурсан.
coffeine гэж юу вэ?
Орчин цагийн кофенд дурлагчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг манай дэлгүүр санал болгож байна. Тодруулбал, БНСУ, АНУ, БНХАУ-аас материал, түүхий эдийн чанарын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кофены машин болон бусад хэрэгслүүдийг оруулж ирдэг. Одоогоор манайд хагас, бүрэн автомат кофены машин, аяны кофены хэрэгсэл, нэрэгч, зарим төрлийн сироп, кофены машин цэвэрлэгч бодис зэргийг худалдаалдаг. Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүртээмжтэй байлгаж, кофены соёлыг түгээх үүднээс дундаж үнийн бодлогыг баримталдаг бөгөөд кофены машинууд 180,000-1,900,000 төгрөгийн (НӨАТ-гүй үнэ) хооронд худалдаалагдаж байна.
нэр
Coffee+Caffeine=Coffeine
одоо
Одоогоор манайх нэг салбартай. Эхний ээлжинд энэ салбарынхаа үйл ажиллагааг тогтворжуулж, хэрэглэгчдэд таниулахаар ажиллаж байна. Саяхан бид БНХАУ-ын HiBREW брэндийн албан ёсны дистрибьютер эрхээ авсан. Энэхүү брэнд АНУ, Саудын Араб, Европд олон салбартай бөгөөд өнгө үзэмж, загвар дизайнаас гадна технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг тусгасан байдгаараа давуу талтай.
Hi - High performance (өндөр үзүүлэлт)
B - Brilliant design (гайхалтай дизайн)
R - Recyclable material to protect the environment (байгаль орчинд ээлтэй дахин ашигладаг материал)
E - Engineering breakthrough (инженерийн ололт амжилт)
W - Warranty to consumer with quality (хэрэглэгчид өгөх чанарын баталгаа)
баг
Манай хамт олон наймуулаа. Худалдааны зөвлөх, маркетингийн менежер, дуудлагын засварчин, менежер гэсэн цомхон бүрэлдэхүүнтэй.
ирээдүй
Салбарын тоог нэмэгдүүлэх - Үйл ажиллагаагаа тэлэхийн тулд салбарын тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс бид дараагийн салбараа нээхэд тохиромжтой байршлыг олохын тулд юун түрүүнд хэрэглэгчдээс судалгаа авч байна.
Сургалт - Зах зээлд бариста бэлтгэх сургалтууд олон бий. Харин бид өөрсдийн баримталдаг бодлогынхоо хүрээнд гэртээ амттай кофе хийж сурах хүсэлтэй хэрэглэгчдэд зориулан кофены тухай суурь мэдлэгүүдийг багтаасан, цомхон, богино хугацааны сургалт тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Албан ёсны эрх - Одоогоор бид дуудлагын цэвэрлэгээний үйлчилгээндээ 90 жилийн түүхт Urnex брэндийн цэвэрлэгч бодисыг ашигладаг. Urnex нь кофены машин, тоног төхөөрөмжийн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын брэнд юм. Кофены машины бүхий л эд ангийг цэвэрлэх зориулалтын угаагч бодис, шингэн, нунтаг, уусмалуудтай учраас манайх албан ёсны дистрибьютер эрхийг нь авахаар ажиллаж байна.
эрсдэл
Одоогоор бизнесийн хувьд учирч болох томоохон эрсдэл төдийлөн харагдахгүй байгаа нь сайн хэрэг. Өдөр тутмын, жижиг асуудлууд бол мэдээж байх зүйл шүү дээ. Харин хэрэглэгчдийн өнцгөөс авч үзвэл кофены машин, тоног төхөөрөмжөө техникийн горимынх нь дагуу хэрэглэж занших хэрэгтэй. Бид худалдан авагчдын сонгосон бүтээгдэхүүнд эвдрэл гэмтэл үүсэх, хэвийн үйл ажиллагаа нь саатахаас сэргийлж техникийн горимыг нь зааж өгдөг.
Coffeine дэлгүүрт өнгө үзэмж, уур амьсгал нэмэгч эд зүйлсийг сонирхуулъя
Сэтгэгдэл бичих