#СТА хэмээх анхаарал татахуйц нэртэй, нүдэнд тусахуйц өнгө төрхтэй апп-ыг та сошиалын хаа нэгтээ харсан л байх. Асуулт, хариултын тэмцээн дээр суурилсан энэхүү хөгжөөнт платформ гарч ирсэн цагаасаа хойш 434 өдрийн турш нэг ч өдөр алгасалгүй бэлгийн хур оруулжээ. Өнөөдөр л гэхэд тэмцээний ялагч KFC-ээс үйлчилгээ авах эрх хожих юм. Залууст эрхгүй таалагдахаар энэ талбарыг зургаан найз хамтдаа хөгжүүлдэг ба саяхан өөрсдийн бие даасан апп-тай болж үйл ажиллагаагаа улам тэлж байгаа аж.

Нэр: #СТА
Хаяг: ITPark, 220 тоот
Чиглэл: Чэлленжийн платформ
Үүсгэн байгуулагч: Э.Соёл-Оргил, Э.Батхуяг, Н.Энхжин, Б.Содбилэг, Д.Оюун-Эрдэнэ
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:​ #СТА (Фэйсбүүк), Hashtag.CTA (Инстаграм), www.cta.mn

сэдэл

Манай багийнхан оюутан байхаасаа хойш найзалж ирсэн болохоор хамтдаа нийлж гоё юм бүтээх тухай их ярьдаг байлаа. Олон ч хакатон, тэмцээнд баг болж оролцсон доо. Ахиж элдэв тэмцээнд оролцохгүй гэж ярилцаад 2019 оны LendMN Open Platform Hackathon-д оролцсон нь #СТА-гийн эхлэл байсан. Хоёр өдрийн хугацаанд консепт, хөгжүүлэлтээ хийгээд III байранд орсондоо урамшаад шагналын хоёр сая төгрөгөөрөө компани байгуулсан түүхтэй. Ингээд удалгүй LendMN-ийн мини апп болон орж байсан юм.

Санаагаа хөгжүүлж эхлэхдээ бид хэд сошиал орчинд зөвхөн бие, биетэйгээ холбогдоод, мэдээлэл солилцох хангалтгүй болж байгааг анзаарсан л даа. Тэгээд цахим орчинд яаж илүү интерактив харилцааг бий болгох вэ гэж ярилцаад асуулт, хариулт бүхий тоглоом дээр суурилсан апп хөгжүүлэхээр шийдсэн. Нэрийн хувьд хүмүүсийн анхаарал татахуйц, содон байлгая гэж бодоод #СТА дээр тогтсон. Энэ зорилгодоо бол хүрсэн гэж бодож байгаа. Цаанаа бол "Calling To Action" буюу үйлдэлд уриалан дуудаж байна гэсэн утгатай.

ялгарал

Манайх мобайл апп болон мини апп гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнтэй. Мини апп-ын хувьд одоогоор LendMN, CandyPay, SuperUp дээр байрладаг. Өдөр бүр шагналтай асуулт, хариултын чэлленжүүд явагддаг болохоор идэвхтэй хэрэглэгчийн тоо өндөр. Асуулт хариултын тэмцээнээ 2019 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн нийт 434 хоногийн турш өдөр бүр тасралтгүй бэлэгтэй явуулж байна. Зарим газрууд дэмжээд бэлгээ өгье гээд холбогдоно, заримыг нь өөрсдөө худалдаж аваад явдаг даа. Гурван платформын хэрэглэгчид бүгд оролцох боломжтой учраас олон хүмүүст зэрэг хүрч чаддагаараа онцлог.

Харин гар утасны аппликэйшний хувьд залуусын сонирхолд нийцсэн төрөл бүрийн чиглэлүүдтэй ба таалагдсанаа сонгон найзуудыгаа урьж өрсөлдөх боломжтой. Жишээлбэл, "Netflix" гэсэн төрлийг сонгоод кодоо найзууд руугаа илгээж, хоорондоо "алалцана" гэсэн үг. Өдөр бүр хүссэн хэн ч оролцох боломжтой асуулт, хариултын тэмцээнүүд явагддаг. Хэр олон тоглоно, түүнийхээ хэрээр XP цуглуулан оноогоороо шагналтай тэмцээнүүдэд мөн орж болно.

Апп татах:

iOS

Android

CTA

баг

Манай баг гурван хөгжүүлэгч, нэг дизайнер, нэг сошиал медиа менежер, нэг контент менежер гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Олон жилийн турш хамтран ажилласны дээр хамт амьдарч хүртэл үзсэн болохоор бүрэлдсэн баг маань хамгаас үнэ цэнтэй санагддаг.

Эхэн үедээ бид ажлынхаа хажуугаар кофе мухлагуудад суугаад хөгжүүлэлтээ хийгээд явдаг байлаа. Ажил тарсны дараа уулздаг байсан болохоор мөн ч олон кофе мухлагаас хөөгдсөн дөө. Хэсэг ингэж яваад #СТА ч үнэнч хэрэглэгчидтэй болж ажлаасаа гарцгаагаад тавдугаар сараас хойш Мэдээлэл, технологийн үндэсний паркт оффислож эхэлсэн. Бүгд цалингүй ажилладаг болохоор анх хандив орж ирэхэд бөөн баяр болж билээ. Хүмүүс бэлгээ ирж авахдаа урмын үгээр мялаахаар эрч хүчээр сэлбэгдээд л ирдэг дээ.

ирээдүй

Одоогоор #СТА гар утасны апп дээр цаанаас бэлдсэн чиглэлүүдийн дагуу хүмүүс чэлленж үүсгэх боломжтой байгаа. Харин удахгүй хүн бүр өөрсдийн хүссэн асуултаар карт үүсгэн тоглох боломжийг нээхээр ажиллаж байна. Ингэснээр та зүгээр л "Намайг хэр сайн мэдэх вэ?" гээд өөрийнхөө тухай асуултууд гаргаад найзуудыгаа уриад тоглох боломжтой гэсэн үг.

Цаашлаад, янз бүрийн арга хэмжээ, хичээл сургалтын хүрээнд шинэ зүйл сурах, хүмүүс хоорондоо харилцах боломжийг нээж өгч байгаа юм. Бид хэд энэ функцээ саяхан фэйсбүүкийн "Уулаа" группийн нэг жилийн ойн арга хэмжээн дээр туршсан. Интерактив харилцааг бий болгох гэсэн үндсэн зорилгоо биелүүлэхэд том алхам болно гэж харж байгаа.

эрсдэл

Өөрсдийн хүчээр "0-оос нь эхлүүлсэн" гарааны бизнесүүдэд тулгардаг асуудлууд л байна. Бусдаар ч давгүй дээ (инээв).