Үйлдвэрлэл хангалттай түвшинд хөгжөөгүй байгаа манай орны хувьд нэг дороос, боломжийн үнээр, сэтгэлд нийцсэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авна гэдэг ихээхэн цаг, судалгаа шаардсан ажил болдог. Завгүй бөгөөд зардал ихтэй хотын амьдралын энэ хэв маягт хамгийн сайн тохирох сонголт нь ихэнхдээ нэг чиглэлд дагнасан франчайз дэлгүүр байх нь олонтоо. Үнэхээр ч чанар, хүлээлт нь тодорхой, нэр хүндтэй, ойр байрладаг зэрэг давуу талуудыг албан ёсны сүлжээ дэлгүүр л мэдрүүлдэг шүү дээ. Тэгвэл бид энэ удаа "Daiso Mongolia"-г онцлон, тэдний ялгарал, давуу талуудын талаар ярилцсан юм. 


Нэр: Daiso Mongolia
Хаяг: "Улаанбаатар" их дэлгүүрийн В1 давхарт, нийт 13 салбартай
Чиглэл: Сүлжээ дэлгүүр
Үүсгэн байгуулагч: Г.Пүрэвсүрэн, Ц.Ууганцэцэг, Э.Батжаргал
Үүсгэн байгуулагдсан: 2014 он
Холбоос: daiso.mn (Вэб), DAISO Mongolia (Фэйсбүүк), @daiso_mongolia (Инстаграм)


Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Батжаргал


сэдэл

Компанийн маань үүсгэн байгуулагчид, удирдлагууд өмнө нь ажил хэрэг, сургууль боловсрол гээд төрөл бүрийн шалтгаанаар Япон улсыг зорьж, тэндээ тодорхой хугацаанд ажиллаж, амьдарч үзсэн хүмүүс. Энэ хугацаандаа бүгд нэг үнийн бодлоготой, 100 иенийн сүлжээ дундаа тэргүүлэгч “Daiso”-гоор үйлчлүүлдэг байсан юм. Ажилдаа яарах, завгүй хүмүүс, айлын эзэгтэй нар, хүүхдүүд, ахмад настнууд, оюутан сурагчид, гаднын жуулчид гээд уг дэлгүүрээр үйлчлүүлж буй ямар ч хүн баяр жаргалтай, сэтгэл ханамжтай байдгийг анзаарсан нь эх орондоо эргэж очоод ийм дэлгүүр нээх сэн гэдэг бодлыг анх төрүүлсэн.

Тухайн үеийн үйлчилгээний салбарт зайлшгүй хийх шаардлагатай байсан соёл, шинэчлэлийн ажлыг түүчээлэх, нэг үнийн бодлогыг таниулах, монгол хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг амар хялбараар хүргэх гэсэн зорилгын хүрээнд бид 2014 онд эхний салбараа нээж байлаа. Үүдээр орж ирсэн үйлчлүүлэгч бүртэйгээ мэндчилэх үед хүмүүс анхлаад үйлчилгээний угтах үдэх соёлтой төдийлөн танилцаагүй байсан тул нэлээн гайхаж хүлээж авдаг байсан бол өдгөө уг соёл дотоодын үйлчилгээний салбарт нэвтрэн, хэвшиж буйд баяртай байна. Нэмж хэлэхэд, "Daiso Mongolia"-гийн хамт олны зүгээс худалдаа үйлчилгээний салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй бүх ажилтан, албан байгууллагуудад 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

ялгарал

"Daiso" бол өөрийн гэсэн үйлчилгээний соёл, үйл ажиллагааны онцлогтой олон улсын франчайз сүлжээ дэлгүүр. Өдгөө манай дотоодын зах зээлд маш олон сүлжээ дэлгүүрүүд байдаг ч бид япон стандартыг нэвтрүүлсэн, япон соёлыг баримталж ажилладаг гэдгээрээ бусдаас ялгарах болов уу. Бид зочилж буй үйлчлүүлэгч бүртэй эерэг, найрсаг, хүндлэлтэй харилцаж, үйлчилгээний стандартын чанд мөрдөн ажиллахыг эрхэм зорилгоо болгодог.

"Daiso"-гийн гол онцлог нь хямд үнээр элбэг олдоод байдаггүй өргөн сонголттой, чанартай бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтойд оршино. Нэмээд, нэг үнийн бодлогоороо зах зээлд амжилттай танигдаж чадсаныг нь онцлууштай. Мэдээж Японы сүлжээ дэлгүүр тул эмх цэгц, зохион байгуулалтын тал дээр ч бусдад үлгэр жишээ болохуйц байж чаддаг. Энэ нь үйлчлүүлэгчдэд хэрэгцээт бүтээгдэхүүнээ тав тухтай орчноос, сайтар үзэж сонжин, зөв сонголт хийхэд ихээхэн нөлөөлдөг юм. Бид энэхүү менежмент, үйлчилгээний жишиг соёлыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, Монгол орон даяар, цаашлаад Казахстан, Узбекстан тэргүүтэй улсуудад ч бас түгээх зорилготой.


Daiso гэж юу вэ?

"Daiso" дэлхийн 24 улсад үйлдвэрлэсэн, 70 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Япон улсад байрлах 3000, дэлхийн бусад улс оронд байрлах 2000 орчим сүлжээ салбар дэлгүүрээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Дэлхийн 45 улсын 1400 гаруй үйлдвэрлэгч компанитай хамтран ажилладаг, 44 жилийн арвин түүхтэй компани. Эндээс та бүхий л төрлийн ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэг дороос ижил үнээр авах боломжтой.

одоо

"Daiso" сүлжээ дэлгүүр Монголын зах зээлд хөл тавьснаас хойш хэдийн долоон жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд бид байнга үнэт зүйл, зарчмаа шинэчлэн сайжруулж, цаг ямагт илүү сайн үр дүн гаргахаар хичээж ирсэн. Энэ бүхний дүнд үйлчилгээний байгууллагын гол хөрөнгө нь хүн гэдгийг ахин дахин ойлгож авлаа. Тиймээс ч бид юун түрүүнд ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэхийг зорьдог юм. Ажилтан, албан хаагчид маань ажлын байран дээрээ сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чадвал эргээд хэрэглэгчдэд сайн үйлчилгээ үзүүлж чадна. Иймд цар тахлын энэ үеэр "Daiso Mongolia" нэг ч ажилтнаа цомхотголгүй, цалин орлогыг нь тасалдуулахгүйг хичээн ажилласаар буй.

Түүнчлэн үйлчилгээний соёл, стандартыг улам сайжруулах, дэлгүүрээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч бүрийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад төвлөрөн, тэдэнд улам ойртож, франчайз салбарын тоогоо нэмэхээр зорин ажиллаж байна. Манай компани худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хувь хүн, албан байгууллагад энэхүү япон менежмент, үйлчилгээний нөү-хауг ашиглан, өөрсдийн франчайз дэлгүүрээ нээх эрхийг олгох нээлттэй бодлого баримталдаг. Тиймээс "Daiso"-гийн сүлжээ дэлгүүрийг сонирхдог хэн ч бидэнтэй холбогдон хамтран ажиллах боломжтой.



баг

Манай баг одоогоор Улаанбаатар хот, орон нутаг гээд нийт 13 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотод "Улаанбаатар их дэлгүүр", "Хүннү молл", "Гурван гал", "Эв плаза", "Соло молл", "Драгон терминал", "Шөнийн зах", "Тэнгэр плаза", "Содон бөмбөгөр" төв зэрэг долоон салбартай. Харин нийслэлээс гадна гэвэл Эрдэнэт, Дархан хот, Увс аймаг, Өмнөговь аймаг зэрэг нийт найман аймагт франчайз салбарууд болон 100 гаруй бөөний харилцагч бий.

ИРээдүй

Цар тахлаас үүдэн сүүлийн жилүүдэд худалдааны салбар хүнд нөхцөлд байгаа ч бид хэрэглэгчдэдээ улам ойртон, хотын захын дүүргүүдэд салбараа нээн, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж буй. Дан ганц нийслэл хотод гэлтгүй бүх аймагт хүрч, манай брэндийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах хүсэлтэй бизнес эрхлэгч нарт франчайз эрх олгон, алсмагдмал аймгуудад амьдардаг хэрэглэгчдэд хоттой нэг ижил үнээр хэрэгцээт бараагаа авах боломжийг олгомоор байна.

Мөн бид ирэх жилээс үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин, үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүнийг нь өөрсдийн салбар дэлгүүрүүдээр, цаашлаад хилийн чанад дах "Daiso"-гийн бусад сүлжээ дэлгүүрүүдэд нэвтрүүлэхээр судлан, ажил хэрэг болгохоор шамдаад буй.

эрсдэл

Аливааг бэрхшээл бус боломж гэж харан ажиллахыг хичээдэг. Тиймдээ ч цар тахлыг бизнесээ өргөжүүлэх, хэрэглэгчдэдээ ойртох нэгэн боломж гэж харан онлайн худалдаагаа өргөжүүлж, хамтарч ажилладаг байгууллагуудынхаа хүрээг тэлсэн бөгөөд ингэснээр цар тахлын эхний давалгааг тун амжилттай даван гарсан гэх дүгнэлтэд хүрсэн. Сүүлийн үед импортын ачаа тээвэр гааль дээр удаан хугацаагаар саатах, тээврийн үнэ өсөх, гадаад валютын ханшийн хэлбэлзэл зэрэг олон бэрхшээл тулгарч байгаа ч манай зүгээс нэг үнийн бодлогоо барин, нэг стандартаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлсээр байна.