Худалдаа үйлчилгээний зах зээлийн ирээдүй болох интернэт худалдааны хөгжлийн суурь нь хүргэлтийн үйлчилгээ ба түүний дэд бүтэц, зохицуулалт байдаг. Манай улсад одоогийн байдлаар 600 гаруй интернэт худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй байгууллага байдгаас өдгөө 100 орчим нь энэ чиглэлээрээ идэвхтэй ажиллаж байгаа юм. Гэтэл нөгөө талд, хүргэлт үйлчилгээний зах зээлд хуруу дарам цөөн байгууллага ажиллаж буй. Уг нөхцөл байдлаа дагаад хэрэглэгчид ч хүргэлтийн үйлчилгээг бие даасан бизнес гэхээс илүүтэй тухайн дэлгүүрийн дагалдах үйлчилгээ мэтээр ойлгох болжээ. Тэгвэл энэ ойлголтыг зөвөөр залруулан, хүргэлтийн үйлчилгээний экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж буй "Дэлко" ухаалаг хүргэлтийн үйлчилгээг танд танилцуулъя.

Нэр: Delko Solution Co., Ltd
Хаяг: Hub innovation center, 11 тоот
Чиглэл: Ухаалаг хүргэлтийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Б.Батжаргал
Үүсгэн байгуулагдсан: 2020
Холбоосууд:​ delko.mn (Вэб), DelKo /Ухаалаг хүргэлтийн платформ/ (Фэйсбүүк), delko.mn (Инстаграм)


Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батжаргал

сэдэл

"Дэлко Солюшн" нь интернэт худалдаа, түгээлт, логистикийн чиглэлээр ажиллаж байгаа залуусын нэгдэн байгуулсан технологид суурилсан хүргэлт, түгээлтийн компани юм. Бид ажиллаж буй салбарынхаа хөгжлийн суурь асуудлыг шийдэх, зөв цогц үйлчилгээг гаргаж ирэхэд өөрсдийн хийж чадах зүйлсээрээ оролцъё, нөлөөлъе гэсэн зорилго дор нэгдсэн.

Үүний тулд жил гаруй хугацаанд Монголын интернэт худалдаа, хүргэлтийн үйлчилгээг судлаж, шаардлагатай туршилтуудыг хийсэн. Дараа нь бизнес загвараа боловсруулан, системээ хөгжүүлж, туршилтын хувилбараа гарган, түүнийгээ туршиж, ахин сайжруулах хэлбэрээр гурван сар орчмын хугацаанд бэлтгэл ажлаа хангасны дүнд өнгөрсөн сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

ялгарал

"Дэлко" бол технологийн шийдэлд тулгуурласан, хүргэлтийн үйлчилгээний стандартыг шинэ шатанд гаргах зорилготой бизнес юм. Бид интернэт дэлгүүр биш, худалдаа эрхэлдэггүй гэдгийг тодотгох хэрэгтэй.

Манай гол ялгарал бол:

Нэгдүгээрт, хүргэлтийн дэд бүтэц. Тодорхой тайлбарлавал, Улаанбаатар хотыг 500 метрээр бүсчилж, тус бүрд нь хүргэлтийн smartbox буюу хүргэлтийн бокс байрлуулж өгсөн. Ингэснээр хүргэлтийн ажилтан А цэгээс Б цэг хүртэл түгжрэлд ихэнх цагаа зарцуулалгүй өртөөт маягаар барааг цагт нь хүргэж өгөх боломжтой болж буй.

Хоёрдугаарт, жолоочийн аппликэйшн. Хүргэлтийн бүх шат дамжлага QR кодын тусламжтай явагдах тул хүргэлтийн явцад алдаа гарах, бүтээгдэхүүн замдаа солигдох, дутуу ирэх гэх мэт механик алдаануудаас бүрэн сэргийлнэ. Мөн хэрэглэгчид бараа хүргэгдэхэд захиалгаа хүлээн авсан эсэхийг хэрэглэгч өөрөө баталгаажуулах тул ямар нэг үл ойлголцол гарахгүй давуу талтай. Энэ нь манай үйлчилгээг улам бүр найдвартай, дотоод мэдээлэл солилцоог хурдтай болгож өгсөн.

Гуравдугаарт, бараагаа хаана явааг хянах систем. Хүргэлтийн үйлчилгээний хамгийн гол асуудал хүргэлтийн ажилтнаас бусад хүн буюу нийлүүлэгч болон худалдан авагчид захиалсан бараа бүтээгдэхүүнээ яг хаана, ямар шатан дээрээ явж буйг мэдэх боломжгүйд байдаг. Бид энэ асуудлыг системээрээ дамжуулан шийдсэн бөгөөд манай системийг ашиглаж буй байгууллага, хувь хүмүүс захиалгынхаа барааг хаана явж байгааг онлайнаар хянах буюу хэрэгцээт мэдээллээ хүссэн үедээ авах боломжтой.

Дөрөвдүгээрт, хүчин чадал буюу хүргэлтийн хүртээмж болон бүсчлэл харгалзахгүй нэг үнийн шийдэл. Захиалга нэмэгдэхийн хэрээр хүргэлтийн ажилтан, хүргэлтийн машинаа олон болгох нь ухаалаг шийдэл биш гэдгийг салбарынхан маань өнгөрсөн туршлагуудаас харсан болов уу. Иймээс ч бид бүсчлэлийн системийг боловсруулсан юм. Манай дэд бүтцийн шийдэл нь нэг талаас түгжрэлд өртөх нөлөөлөл багатай, хүргэлтийг цаг тухайд нь гүйцэтгэх боломжтойгоос гадна хамгийн гол нь зардлыг багасгана. Өөрөөр хэлбэл бид ойрхон бол үндсэн үнээрээ, хол бол нэмэлт төлбөр төлдөг гэдэг хэвшсэн хандлагыг эвдэж, хотын хаана ч барааг нэг ижил үнээр хүргэдэг. Та хотын хамгийн захын хэсэгт бараа хүргүүлсэн ч бид нэмэлт төлбөр авахгүй, нэг л үнээр үйлчилнэ гэсэн үг.

Тавдугаарт, хүргэлтийн ухаалаг бокс. Цар тахлын улмаас хүргэлтийн барааг гараас гарт дамжуулахаас дэлхий нийт аль болох зайлсхийж байна. Өвчлөл тархах эрсдэлтэй энэ үед хэрэглэгч хотын бүсчлэл бүрд байгаа манай ухаалаг боксуудаас өөрт ойр байгаа ухаалаг боксоор дамжуулан бараагаа хүлээн авах мөн хүргүүлэх боломжтой. Тэр бүрд захиалгын QR кодоо ашиглаад явна. Ингэснээр захиалгын бараагаа авах гээд хүргэлтийн ажилтанг хүлээн гэрээсээ эсвэл ажлаасаа гарч чадахгүй байх, эсвэл гэртээ гаднын хүн оруулах боломжгүй байгаа гэх мэт нөхцөлд өөрөө хүссэн үедээ очоод авах, цагаа зохицуулах давуу талыг бүрдүүлж байгаа юм.



delko solution гэж юу вэ?

Технологид суурилсан ухаалаг, цогц хүргэлтийн үйлчилгээ.

нэр

Хүргэлтийн компани буюу "Delivery company" гэдэг хоёр үгийг нийлүүлж, бичиглэл, харагдац зэргийг бодолцон, бага зэрэг өөрчлөөд "Delko" болгосон. Хэлэхэд ч тун амархан шүү.

одоо

Нээлтээ хийгээд дөнгөж сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч ухаалаг цогц шийдэл бүхий хүргэлтийн үйлчилгээ ямар хэрэгтэй байсныг нотлох мэт эрэлт хэрэгцээ тун өндөр байна. Одоогоор хүнс, өргөн хэрэглээ, эм зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг хэд хэдэн цахим сайттай хамтран ажиллаж байна.

Бараа хүргэлтийн асуудлаа хамгийн зардал багатай, бүтээмж өндөртэй байдлаар шийдэхийг хүсэж буй бүхий л онлайн худалдааны вэбсайтууд, жижиглэн худалдаа эрхлэгчид, хувь хүмүүс манай үйлчилгээг ашиглахад нээлттэй. Хэрэглэгчид ч худалдан авалт хийх дуртай онлайн дэлгүүртээ манайхыг санал болгож болно шүү дээ.

Үйлчилгээний хувьд манайх 24 цаг дотор болон тухайн өдөрт нь гэсэн хоёр сонголттой байгаа бол удахгүй шуурхай хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хүргэлтийн үйлчилгээний үнийн хувьд ижил төстэй үйлчилгээ үзүүлж буй газруудтай өрсөлдөнө гэсэн бодлого байхгүй ч бид зах зээл дээрх боломжит хамгийн бага үнийг санал болгож буй.

Мөн одоо байгаа ухаалаг системээ өнгөрсөн хугацааны туршлага, мэдээллүүддээ үндэслэн шинэчлэн сайжруулах ажилд төвлөрч байна.



баг

Оффисын баг, программ хөгжүүлэлтийн баг, үйлчилгээний баг гэсэн гурван чиглэлд нийт 30 орчим хүн ажиллаж байна. Мэдээж ихэнх хэсгийг хүргэлтийн ажилтнууд маань эзэлнэ. Цаашид ажилтнуудын маань тоо бизнесийн өсөлтөө дагаад нэмэгдээд явах болно.

ирээдүй

Одоогоор бид B2C буюу бизнесээс хэрэглэгчийн гарт бараа бүтээгдэхүүн хүргэж ажиллаж байгаа бол 2021 онд С2С буюу хэрэглэгчээс хэрэглэгчийн гарт бараа бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээг гаргахаар ажиллаж байна. Хүргэлтийн хэрэгцээ гарсан даруйд бидний гаргах вэбсайт болон аппликэйшнийг ашиглаад бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэх боломжтой болох юм. Хүн бүрд л хэн нэгэнд хүргүүлэх зүйлс байдаг.

Өөрөөр хэлбэл гэрийн түлхүүр, захиа, албан тоот, бэлэг гээд хувийн хэрэглээний зүйлсээ манай вэбсайт руу хэдхэн мэдээлэл оруулаад л хүссэн хүндээ илгээх боломжтой болно. Улмаар 21 аймаг, орон нутагт үйлчилгээгээ нэвтрүүлээд явна. Ерөөс хүргэлттэй холбоотой бүх л асуудлыг шийдэх нь бидний зорилго.

Бид анхнаасаа энэ салбарын хөгжилд шаардлагатай дэд бүтэц, түүнийг дагалдах системүүдэд хөрөнгө оруулж, ирээдүйн хөгжлөө урт хугацаанд харж, төлөвлөж орж ирсэн. Тиймдээ ч ирээдүйд Монголын интернэт худалдааны салбарын хөгжилд тулгамдаад буй хүргэлт, түгээлтийн асуудлыг инновац, технологийн шинэлэг шийдлүүдээр дамжуулан шийдвэрлэж, хүргэлт түгээлтийн экосистемийг бий болгоно.

эрсдэл

Монголчууд бид хүргэлтийн үйлчилгээг хоолны хүргэлттэй нягт холбон ойлгодог болсон нь ямар ч хүргэлт хэдхэн цагийн дотор ирэх ёстой гэдэг нийтлэг ташаа ойлголт байдаг. Мөн цөөн хэрэглэгчтэй зах зээлд интернэт худалдааны бизнесүүд олноор бий болсноор өрсөлдөөн ширүүсэх хандлагатай болж, хэн нь илүү хурдан хүргэж өгөх вэ гэдгээрээ өрсөлдөх болсон нь хүргэлтийн үйлчилгээний экосистем бий болоход саад болж байгаа юм.

Байгууллага бүрийн бүтээгдэхүүн харилцан адилгүй. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүнийг шахаж, олон давхарлан тээвэрлэж болохгүй бол эмийг доргиож, сэгсэрч болохгүй гэх мэт. Энэ бүхнийг хүргэлтийн мэргэжлийн байгууллага л стандартын дагуу хийх ёстой. Хөгжлөөрөө биднээс урд алхаж буй орнуудад бизнесийн байгууллагуудын хүргэлт заавал гуравдагч компаниар дамжиж явагддаг. Үүний үр дүнд эргээд хэн хэнээсээ хариуцлага нэхдэг, шаарддаг, зохистой тогтолцоо үүсэж байгаа юм. Тиймээс бүхнийг өөрсдөө л хийх гэсэн тогтолцооноос онлайн худалдааны платформууд маань татгалзаж байж энэ салбар хөгжих байх.

Онцлон хэлэхэд хурдан л бол сайн гэсэн үг биш, харин товлосон цагтаа, хэлсэн үгэндээ хүрдэг байх нь л чухал гэдгийг аль аль талдаа ойлгох нь чухал юм.

Монголд хүргэлтийн үйлчилгээний чиглэлийн мэргэшсэн, туршлагатай хэд хэдэн том компаниуд бий л дээ. Харамсалтай нь тэд нүсэр том бүтцээ дагаад шинэчлэл хийхэд хүндрэлтэй, хэрэглэгчийн санал хүсэлтийг шууд шийдвэрлэхэд хугацаа их зарцуулдаг. Цаашид тийм байдлаас сэргийлэхээс гадна, даатгал, эрсдэл гээд олон зүйлсийг цогц байдлаар харж, хөгжүүлж явах нь том сорилт болно.