“Дэмбээ мэдэх үү, хө?" гэж эхэлдэг, Монгол хүний сийрэг ухаан, сэтгэн бодох чадварыг сорьдог уламжлалт тоглоомоос нэрээ авсан “Дэмбээ” айргийг та хаа нэгтээ харсан л болов уу. 

Суурин иргэншилд дассан бид айргийг ихэвчлэн зуны дэлгэр цагт, эсвэл баяр наадмаар л уудаг хэв маягтай болсон билээ. Гэтэл айраг нь Монгол хүний ясыг бэхжүүлэх, дархлааг дэмжих 10 гаруй төрлийн аминдэмтэй байгалийн бүтээгдэхүүн тул жилийн дөрвөн улиралд хэрэглэвэл үр шимээ илүү сайн өгөх юм.

Тэгвэл тэр бүх шимт бодисын чанарыг нь алдагдуулалгүйгээр, жилийн дөрвөн улиралд Булган аймгийн Могод сумаас шууд авч ирж буй Дэмбээ айраг нь Монгол соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлж буйгаараа онцлог. 
Ингээд дээдсийн ундаагаар дэлхийг дайлах Дэмбээ айргийн үүсгэн байгуулагдсан түүх, онцлог зэрэгтэй энэ нийтлэлээс танилцаарай. 

СЭДЭЛ

Би өөрөө ХАБЭА-н (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг байсан юм. Мэргэжлийн онцлогоор гэх үү, Монголд тохиолдож буй өвчлөлийн шалтгаануудыг их судалдаг байлаа. Тухайн үедээ би нэгэн статистик мэдээллийг харахад, дэлхийн 200 гаруй улс орноос манай улс 100 мянган хүн тутамд ногдох хорт хавдрын нас баралтаар 57 хүн эндэж байгаа үзүүлэлттэй байгааг анзаарсан. Дээрээс нь элэг болон ходоодны хорт хавдраар дэлхийд 5-6 жил дараалан тэргүүлдэг шүү дээ.

Надад бизнесээ эхлүүлэх өөр нэг хүчтэй нөлөө байсан нь манай ээж. Ээж маань элэгний хатууралтай байсан юм. Тухайн үед гүүний саам элгэнд сайн гэдгийг мэддэг учраас зуны дэлгэр цагт саам гарах үеэр ээждээ саамыг нь аль болох таслахгүй зөөж өгдөг байлаа. Гэхдээ саам намрын сэрүү ороод ирэхээр олдохоо байчихна. Энэ үед "өвөл саам гардаг байсан ч болоосой" гэж их боддог байсан юм. Тэгээд манай ээжтэй адилхан зовуурьтай хүмүүс хэр олон байдаг бол гэж судалж үзэхдээ саяын дурдсан хүндхэн тоо баримттай нүүр тулсан хэрэг. Ингээд ер нь надад зөвхөн тохиолдоод байгаа асуудал бус энэ чинь Монголчууд дунд түгээмэл асуудал юм байна гэдгийг мэдсэнээр ээж шигээ олон хүнд туслахын тулд жилийн дөрвөн улиралд саам, айргийг тасралтгүй нийлүүлэх шийдлийг хайж эхэлсэн юм.

ө

Гэхдээ бодно гэдэг нэг ажил, хэрэгжүүлнэ гэж бас нэг өөр ажил шүү дээ. Бодсон санаагаа яаж ажил хэрэг болгох вэ гэж шаналж явсан үедээ буюу 2023 онд фитнест явж эхэлсэн юм. Байнгын суугаа ажил хийдэг учраас эрүүл мэнддээ анхаарч зохистой хөдөлгөөн хийх зорилготой байлаа. Ингээд фитнесийн багштайгаа танилцаж, бизнесийн хамтрагчаа олж байв. Хамтран үүсгэн байгуулагч маань дэлхийн бодибилдингийн хүрэл медальт, Монгол Улсын зургаан удаагийн аварга тамирчин хүн байдаг. Ярилцах тусам бид хоёрын бизнесийн санаа, зорилго нэгдэж, фитнесийн зааланд бараг бэлтгэл хийхээсээ илүү өнөө бизнесээ л ярьдаг болчихсон байсан. Ингээд л бараг хоёр жилийг судалгаа, туршилтдаа зарцуулсаар сая нэг үйлдвэрээ нээж энэ оны эхээр үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлээд байна.

ЯЛГАРАЛ

Бид үйлдвэрээ Булган аймгийн Могод суманд байгуулахаар сонгосон нь учиртай. Могод сум нь Орхон голын ай сав газрыг дагасан, байгалийн маш өвөрмөц тогтоцтой төдийгүй 67 төрлийн шимт, эмийн ургамал ургадаг бүс. Тэр бүх шимт ургамлыг идэж, Орхон голын цэнгэг усаар ундаалсан гүүний саамаар бид бүтээгдэхүүнээ хийдэг нь брэндийн давтагдашгүй зөөлөн, сүү болон цөцгий мэт амтыг бий болгодог.

Хоёрдугаарт, бид уламжлалт арга барилыг орчин үеийн технологи, олон улсын стандарттай хослуулдаг. Гаднын жуулчид болон хэрэглэгчдэд хамгийн чухал нь хүнсний аюулгүй байдал шүү дээ. Бидний хувьд HACCP стандарт болон ISO 9001 чанарын менежментийн тогтолцоог үйлдвэрлэлдээ бүрэн нэвтрүүлж ажилладаг. Үйлдвэрлэлийн явцад бид сүүгээ 75 цельсийн градуст 20 минут байлгаж, гаднын бохирдлоос үүдэлтэй, өвчин үүсгэж болзошгүй бичил биетүүдийг бүрэн ариутгаж, халдваргүйжүүлдэг. Ингэснээр хамгийн аюулгүй, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очдог гэсэн үг.

ДЭМБЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Монголчууд бие сайтай хүнийг "яс сайтай хүн шүү" гэж хэлдэг. Хүний биеийн гол тулгуур нь яс байдаг шүү дээ. Гэтэл өнөөгийн нийгэмд хүмүүс уураг, шим тэжээлээр дутмаг, ихэвчлэн маш өндөр сахрын агууламжтай хүнс хэт их хэрэглэснээс болж яс муудаж байна. Тиймээс бид Монгол хүнийг эрүүл, эрч хүчтэй, чийрэг ёстой л “яс сайтай” байхад нь туслах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр зорьж буй.

НЭР

Дэмбээ гэхээр хүн бүрийн санаанд хамгийн түрүүнд айраг буудаг. Дэмбээ нь хүний оюун ухаан, сэтгэн бодох чадварыг шалгадаг тоглоом тул архины оронд сонгох эрүүл, тархийг тань сийрэг байлгах ундаа гэх утгыг давхар агуулсан.

ОДОО

Одоогоор бид 0.33, 0.5 болон 2.5 литрийн савлагаатайгаар айргаа худалдаанд гаргасан байгаа. Зуны дэлгэр цаг ирж, хүмүүсийн хөдөө гадаа явах, салхинд гарах хөдөлгөөн ихэсдэг энэ үед манай борлуулалт бараг дээд цэгтээ хүрдэг. Заримдаа бүр эрэлтдээ нийцүүлж хангалттай хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй шахуу үе байна. Тиймээс одоогоор бол бид үйл ажиллагаагаа тасалдуулахгүй ажиллахад анхаарч байна. Дээрээс нь энэ үед бүтээгдэхүүний түгээлт, хадгалалтын температурын горимыг хамгийн найдвартай байлгах үүднээс бид "Freshpack" компанитай хамтран ажиллаж, тэдний агуулах болон хүргэлтийн шийдлийг ашиглаж байгааг дурдах нь зүйтэй байх.

Түүнчлэн бид айргаас гадна гүүний саамыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Айргийг 1-3 сар орчим хадгалж болдог бол, гүүний саам нь маш эмзэг буюу 72 цагийн дотор мууддаг онцлогтой. Тиймээс лангуун дээр тавьж худалдаалах ямар ч боломжгүй. Тиймээс цоо шинэ платформоор дамжуулан зөвхөн захиалгаар нийлүүлэх концепцыг боловсруулж байгаа. Ингэснээр ялангуяа уушги болон биеийн эсэргүүцэл мууддаг утаатай өвлийн цагт хамгийн эрүүл бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх юм.

БАГ

Манай компани одоогоор 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Мэдээж түүхий эдийн нөөц, улирлын чанараас шалтгаалаад энэ тоо бага зэрэг өсөж, буурах үе бий. Манай Могод сум дахь үйлдвэр маань харьцангуй өндөр түвшинд буюу бараг бүрэн автоматажсан учраас тэнд олон хүн ажиллах шаардлага гардаггүй. Тиймээс хүний нөөцийн дийлэнх хэсэг нь борлуулалт, түгээлт дээр төвлөрч ажилладаг.

Манай баг хамт олон үндсэн хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Нэг нь Булган аймгийн Могод суманд байрлах үйлдвэрлэлийн баг. Тэд маань түүхий эдээ малчдаас хүлээн авч, горимын дагуу хадгалж, эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулаад хот руу илгээх ажлыг хариуцдаг. Харин нөгөө хэсэг нь Улаанбаатар хотод байрлах үйл ажиллагаа хариуцсан хэсэг. Энэ баг маань дотроо маркетинг, борлуулалт, түгээлт гэсэн хэлтсүүдээс бүрдэх бөгөөд бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт эрүүл ахуйн шаардлага хангасан, хамгийн хурдан бөгөөд найдвартай замаар хүргэх бүхий л ажлыг зохион байгуулж ажилладаг даа.

ИРЭЭДҮЙ

Бидний алсын хараа, ирээдүйн зорилгыг маш энгийнээр тайлбарлавал, хүмүүс дэлгүүрт ороод авч сурсан сүүгээ эргэлзээгүйгээр шууд сонгож авдаг шиг "Дэмбээ" айраг зах зээл дээр яг тийм итгэлтэй, хамгийн найдвартай эхний сонголт болох зорилготой. Манай айргийг 100 хүн мэддэг, 10 хүн тутмын нэг нь айраг сонгодог байх ёстой гэсэн зорилт тавин ажилладаг.

Манай уриа бол "Дээдсийн ундаагаар дэлхийг дайлна". Үүний цаана Монголд ирэх гадаадын жуулчдын нэг гол шалтгаан нь манай айраг байх ёстой гэх алсын хараа оршиж байгаа юм. Тийм ч учраас бид гадаадад байгаа Монголчууддаа хүргэх, мөн Япон, Солонгос зэрэг улсууд руу экспортод гаргах үндсэн ажлуудаа ч хэдийнээ эхлүүлээд явж байна.

Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд ч бид зөвхөн уламжлалт айраг, саамаар хязгаарлагдахгүй бөгөөд илүү шинэлэг зүйлсийг төлөвлөж байгаа. Тухайлах юм бол ирээдүйд хүүхэд багачуудад зориулж хэт гашуун биш, шинэ үеийн хэрэгцээнд нийцсэн исгэлэн ундааны шинэ төрлүүдийг Солонгос улсын урдаа барьдаг шилдэг компаниудтай хамтран гаргахаар судалж байна. Мөн Солонгост очоод иддэг янз янзын амттай зайрмаг шиг, бид цэвэр айргийн амттай зайрмаг хийх сонирхолтой байгаа. Үүнээс гадна "Actimel" шиг өдөр тутам уух зориулалттай, ашигтай бактери агуулсан жижиг савлагаатай шингэн болон шахмал бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлэхээр зорьж байна.

ЭРСДЭЛ

Шинэ компани, тэр дундаа шингэн хүнсний салбарт орж байгаа учраас бид өдөр бүр л шинэ эрсдэл, сорилтуудтай нүүр тулж, түүнээсээ сургамж авч урагшилж байгаа. Бидний өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийг гурван хэсэгт хувааж тайлбарлаж болох юм.

Тээвэрлэлт ба хадгалалт

Хамгийн эхний бөгөөд хамгийн их анхаарал шаарддаг зүйл бол тээвэрлэлт, хадгалалтын асуудал. Шингэн хүнс, тэр дундаа айраг бол маш эмзэг бүтээгдэхүүн. Зуны аагим халуунд халааж гашууруулахгүйгээр, өвлийн тэсгэм хүйтэнд тэс хөлдөөж чанарыг нь алдагдуулахгүйгээр яаж аюулгүй тээвэрлэх вэ гэдэг нь эхний ээлжид бидний хувьд үнэхээр том сорилт байлаа. Үүний зэрэгцээ, борлуулалтын хэмжээ заримдаа айхтар өсөж, заримдаа огцом унах зэргээр маш их савлагаатай байдаг нь эрсдэл дагуулдаг.

Байгаль орчин, цөлжилтийн аюул

Том зургаар нь харвал, бидний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл бол яах аргагүй цөлжилт. Хэдхэн жилийн өмнө манай Могод сум 80 гаруй төрлийн шимт, эмийн ургамалтай байлаа. Гэтэл өнөөдөр байгаль цаг уурын өөрчлөлт, цөлжилтөөс шалтгаалж ердөө 67 болж цөөрөн, 13 төрлийн ургамал устаж үгүй болсон гэх маш харамсалтай нөхцөл байдалтай байна. Энэ чигээрээ цөлжилт явагдсаар байвал цаашдаа бидний хамгийн үнэ цэнтэй түүхий эдийн нөөц тасалдах ноцтой эрсдэл хүлээж байгаа. Тиймээс бид зөвхөн бизнес хийгээд зогсохгүй, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо өргөж, хүн бүрийг энэхүү байгаль орчны асуудалд анхаарал хандуулж, хамтран тэмцэхийг уриалах ажлуудад оролцохоор төлөвлөж байна.

Хэрэглэгчийн ойлголт

Хүмүүс айргийг эрүүл мэндэд сайн гэдгийг ерөнхийд нь мэддэг ч, яг юунд хэрэгтэй, яаж нөлөөлдгийг нь тэр бүр мэддэггүй. Заримдаа манай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн шар айрагтай харьцуулж үнэлэх хандлага ч гардаг. Гэтэл шар айргийг ургамал тариалж хэдийг л бол хэдийг үйлдвэрлэж болдог бол, гүүний саам тэс өөр. Хүн нэг гүүг өдөрт 7-8 удаа сааж, нэг саахдаа ердөө 200 грамм сүү авдаг маш нарийн, хүнд хүчир хөдөлмөрөөр бүтдэг ундаа шүү дээ. Энэ их хөдөлмөрийн үр шим, айргийн жинхэнэ үнэ цэнийг бид хэрэглэгчдэдээ илүү сайн таниулах шаардлагатай байгаа.
Гэхдээ нэг талархууштай зүйл нь өнөөгийн Gen Z үеийн залуус манай бүтээгдэхүүний хэрэглэгчдийн дийлэнхийг нь эзэлдэг. Энэ үеийнхэн юмсын чанар, эрүүл ахуйн баталгаанд анхаарч асуултаа зөв тавьж тэр чинээгээрээ сонголтоо зөв хийж чаддаг юм билээ.