Хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар захиалж хүргүүлэн авах нь орчин цагийн завгүй амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Онцлох бизнес булангийн шинэ дугаартаа аж ахуй нэгж, бизнесийн нүсэр үйл ажиллагаанд харилцагч нийлүүлэгч, үйлдвэрлэгч хоорондын борлуулалт, захиалгын гар ажиллагааг цогцоор шийдсэн eBazaar -ийн хамт олныг танилцуулж байна.
Бизнес эрхлэгчид байгууллагын худалдааны төлөөлөгч хүлээж, утсаар ярьж, мэйл бичдэг шат дамжлага ихтэй бараа захиалгын үйл явцыг гар утсаараа гүйцэтгэдэг байхаар хөнгөвчилсөн тэдний хамт олон бизнесээс бизнест хүрэх нэгдсэн систем, программыг хөгжүүлж буй анхдагчид юм.
Нэр: eBazaar
Хаяг: БЗД, 26-р хороо, Сакура Тауэр 1006 тоот
Чиглэл: Борлуулалт, түгээлтийн нэгдсэн удирдлагын систем (B2B)
Үүсгэн байгуулагч: Гүйцэтгэх захирал Б.Дашням
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Цахим хуудсууд: Ebazaar (фэйсбүүк) ebazaar (вэбсайт)

Сэдэл
Аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, боловсруулан түгээхийн тулд нэн түрүүнд хангалттай нөөц, хүрэлцэхүйц түүхий эд бэлдэх нь чухал. Бизнес эрхлэгч, байгууллага, хувь хүн хэн ч бай хаанаас ч, хэзээ ч хүссэн цагтаа бараа бүтээгдэхүүнийг тохирох нийлүүлэгчээс үйлдвэрийн үнээр захиалж, хүргүүлэн авах нь бизнесийн хувьд олон талын давуу талтай. Тиймээс бид худалдааны төлөөлөгч хүлээлгүйгээр нийлүүлэгчээс үйлдвэрийн үнээр, 24/7 хугацаанд онлайнаар захиалга өгөх боломжтой eBazaar үйлчилгээг нэвтрүүлсэн.
ялгарал
Зах зээлийн ширүүхэн өрсөлдөөн дунд үйлдвэрлэгч, нийлүүлэгч бараа бүтээгдэхүүнээ цаг алдалгүй нийлүүлэх, борлуулалтаа өсгөх, зах зээлээ тэлж ижил төрлийн олон бизнестэй өрсөлдөхөд тулгарах бүхий л асуудлыг eBazaar нэгдсэн захиалга, түгээлтийн систем цогцоор шийдэж буйгаараа онцлог.
Бизнес эрхлэгч нэг дороос 170 гаруй нийлүүлэгчийн 20 мянга гаруй барааг үйлдвэрийн үнээр захиалах боломжтой. Мөн зөвхөн эдгээр нийлүүлэгч бус өөрсдийн харилцдаг нийлүүлэгчдийн барааг eBazaar нээлттэй платформд байршуулж хамтран ажиллаж болно. Харин нийлүүлэгчид 3600 гаруй дэлгүүр, 380 ХОРЕКА /худалдааны цэг/ харилцагчдаас захиалга авч борлуулалтын сувгаа тэлэх мөн дээрхийн адил өөрсдийн хамтрагч харилцагчдаа платформд байршуулан захиалга авч үйл ажиллагаагаа хялбарчлах боломжтой.
Бид одоогоор гурван төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Нэгдүгээрт Platform as a Service буюу онлайн худалдааны платформ ашиглан харилцагч талууд бараа бүтээгдэхүүний захиалга өгөх, хүлээн авах, дамжуулан, агуулах, түгээх үйлчилгээ үзүүлж байна. eBazaar системээр захиалга орж ирэх үед агуулахад буй бэлэн бараанаас ангилж ялган өдөрт нь хүргэж өгнө.



Клоуд системийг ашигласнаар цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна төлбөр тооцоо хялбараар хийх, урамшуулалд хамрагдах, борлуулалт, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх онцлог давуу талтай. Жишээ нь Ариг Аня ресторан манай платформыг Software as a Service хэлбэрээр ашиглаж хамтрагч 42 нийлүүлэгчээ eBazaar платформд байршуулан бараа захиалгын үйлчилгээгээ 100 хувь онлайнаар хийж эхэлсэн.
Зах зээлд тэргүүлэгч OnTime кассын программын датанд тулгуурлан зах зээлийг тандах, компаниудын үйл ажиллагааг дэмжих Data as a Service мэдээллийг боловсруулж байна. Борлуулагч очихоос өмнө нийлүүлэгчийн бараа хэдэн ширхэг байна вэ, хэдэн хувь нь зарагдсан бэ, хэдийг нийлүүлэх вэ гэдгийг мэдэж болно. Яваандаа нийлүүлэлтийн процессоо хөгжүүлж дэлгүүрийн нөөцийг тооцох боломжтой болно.
Ийнхүү бизнес эрхлэгчдэд:
- Хүссэн цагтаа, хамтрагч нийлүүлэгчээсээ, үйлдвэрийн үнээр, хөнгөлөлт урамшуулалтайгаар бараа, түүхий эдээ татах
- eBazaar -ийн шуурхай түгээлтэд байгаа барааг өдөртөө хүссэн хэмжээгээрээ хүргүүлэн авах
- Эргэлтийн бараа бүтээгдэхүүнээ хүүгүй зээлийн нөхцөлөөр татах
- Барааны нөөцийн үлдэгдэлд тулгуурлан бараа захиалга, тоо хэмжээг автоматаар сануулах
- Бараа татахтай холбоотой цаасан баримт үйлдэх, тайлан тооцоогоо гаргах гар үйл ажиллагааг бүхэлд нь чөлөөлж буй юм.
- Нийлүүлэгчдэд:
- Борлуулалтын суваг, захиалгаа тэлж хүссэн харилцагч нараас захиалга авах
- Худалдааны төлөөлөгч очоогүй, түгээлт хүрээгүй газруудаас цаг алдалгүй захиалга авч алдагдсан борлуулалтаа нэмэгдүүлэх
- Харилцагчийн нөөцийн үлдэгдэлд тулгуурлан бараа захиалахыг автоматаар сануулдаг систем нь нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг тасалдахаас бүрэн сэргийлнэ
- Захиалга хүргэх цуцлахтай холбоотой бүхий л тайлан тооцоог нэг дороос онлайнаар хялбараар хийх боломжтой
- Бүтээгдэхүүнээ eBazaar-ийн шуурхай түгээлт дээр байршуулснаар хадгалалт, түгээлтийн зардлаа хэмнэж харилцагчийн захиалгыг цаг алдалгүй шуурхай хүргэнэ.
Ebazaar гэж юу вэ?
170 гаруй нийлүүлэгч, 3600 гаруй дэлгүүр, 380 гаруй ХОРЕКА харилцагч нарыг хамарсан захиалга, борлуулалтыг хялбараар удирдах боломжтой борлуулалт, түгээлтийн цогц систем.
нэр
Бизнесээс бизнестэй хамтарч буй тул захиалга, борлуулалтад асар олон төрлийн арвин баялаг бүтээгдэхүүн багтана. Тиймээс энгийндээ интернэт зах гэсэн утгатай.




ОДОО
SFA- Sales Force Automation – Борлуулалт түгээлтийн цогц удирдлагын системийг хөгжүүлж байна. SFA нь товчхондоо байгууллагууд болон үйлдвэрлэгч, нийлүүлэгч нарт худалдааны төлөөлөгч болон түгээгчийн түүх, мэдээлэлд суурилсан борлуулалтын төлөвлөгөө, өдөр тутмын гүйцэтгэлийг хянах, захиалга, түгээлт, нөөцийн удирдлагыг хялбаршуулах цогц систем юм.
Уг системээр дамжуулан харилцагчийн онцлогт тохирсон хөгжүүлэлт, сайжруулалтыг тасралтгүй хийж ирээдүйн хэрэгцээг тодорхойлох бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулахад бэлэн болоод байна.
баг
Манай баг 30 хүний бүрэлдэхүүнтэй. Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа AGILE зарчмыг баримтлан ажилладаг.
ирээдүй
Харилцагч нийлүүлэгчдийн борлуулалт захиалгын бүх үйл ажиллагааг зохицуулж нэгтгэсэн онлайн худалдааны төв болох зорилготой. Энгийндээ яг л Нарантуул зах шиг бизнес эрхлэгч хэн бүхэнд нээлттэйгээр тэдний орон зай, онцлогийг шингээсэн интернэт зах болох зорилготой.
эрсдэл
Харилцагчдын хүссэн бараа бүтээгдэхүүн хангалттай хэмжээний нөөцтэй ил тод байгаа нь тэдэнд таатай байдаг. Харин зарим үед нийлүүлэгчдийн зүгээс бүртгэж оруулсан барааны тоо ширхэг зөрснөөс захиалга тасалдах, хоцрох зэрэг биднээс хамаарахгүй бэрхшээл гарах нь бий.
Нөгөө талдаа клоуд системийг ашигласнаар ирээдүйд худалдааны төлөөлөгчийн ажил шаардлагагүй болно. Гэтэл нийлүүлэгч нар eBazaar системээ ашиглахын сацуу худалдааны төлөөлөгчөө ажиллуулж давхар зардал гаргасаар байна. Тиймээс системийн давуу талаа бүрэн ойлгож үйл ажиллагаа жигдлэх нь чухал юм.

Сэтгэгдэл бичих

