Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийн асуудал бүх цаг үед халуун сэдэв байсаар ирсэн билээ. Эдгээр асуудлуудын шийдэлд технологи орж ирэх нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгөний хувьд хамгийн зөв, оновчтой шийдэл болно гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор байх болов уу. Өнөөдрийн танилцуулах “Eclinic” ХХК нь энэ чиглэлд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж, дотоодын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг илүү хялбар, хурдан, хүртээмжтэй болгоход жинтэй нөлөө үзүүлж буй эрүүл мэндийн технологийн  компани юм. 

Нэр: Eclinic
Хаяг: Олимпын гудамж, Реженси ресиденс, хоёрдугаар давхарт
Чиглэл: Эмнэлгийн технологи, програм хангамж
Үүсгэн байгуулагч: ICT Group
Холбоос: eclinic.mn (Вэб), Eclinic (Фэйсбүүк), eClinic (Инстаграм), info@eclinic.mn (имэйл), Eclinic (Апп)

Технологи хариуцсан захирал Э.Энхтүвшин

сэдэл

Eclinic нь эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг технологийн тусламжтай хурдан хүртээмжтэй болгож, эмнэлэг болон иргэддээ хамгийн хялбар системийн шийдлийг хүргэх зорилготой. Тэгэхээр бид нэг талаас эрүүл мэндийн байгууллага, нөгөө талаас дижитал дэд бүтэц бүхий экосистем бий болгодог технологийн компани юм. Энэ зорилгынхоо хүрээнд бид анхнаасаа л хэрэглэгчид харагдах өнгөн талаас илүүтэйгээр эхлээд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тулгардаг суурь асуудлуудад чухалчлан төвлөрч ажилласан.

Харин бидний дараагийн алхам бол иргэдэд тулгарч буй асуудлуудын шийдлийг гаргах байсан л даа. Үзлэгийн дугаар авахын тулд биеэр очиж оочерлодог, шинжилгээний хариуг авах гэж бүтэн өдрийн ажлаа алддаг, амбулаторийн гар картаа хаа нэгтээ гээж үрэгдүүлдэг, хэрэгцээ гарсан үед сайн эмч, эмнэлэг хаана байдгийг мэддэггүй гэх мэт олон асуудлууд ар араасаа хөвөрдөг.

Тэгвэл бид эдгээр асуудлыг эхнээс нь шийдэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд шинжилгээний хариу, болон улсын эмнэлгүүдийн эмчийн үзлэгийн цагийг онлайнаар болон киоск төхөөрөмжөөс авах боломжтой болгосноос гадна эмнэлгээс үйлчлүүлэгчид рүүгээ холбогдон шинжилгээний хариуг тайлбарлан зөвлөгөө өгөх телемедициний системийг бүтээсэн. Мөсөн уултай зүйрлэвэл, өмнө нь бид усан доорх ил харагддаггүй хэсгүүд дээр ажилладаг байсан бол одоо орой хэсэг буюу эцсийн хэрэглэгчдэд зориулсан шийдлүүд дээр ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт шинэ эргэлт хийж буй "И Клиник" эрүүл мэндийн нэгдсэн платформ маань хэрэглэгчдэд олон шинэ боломжийг олгох болно.

ялгарал

Бидэнд ялгарах зүйлс нэлээд олон бий шүү.

Нэгдүгээрт гэвэл, салбартаа 10 гаруй жил ажилласан туршлага, тэр хугацаанд цугласан суурь системийн бааз болон харилцагч эрүүл мэндийн байгууллагуудын сан болно. Тодруулбал, одоогоор бид 300 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай системийг ашиглаж буй эдгээр байгууллагуудын аль нэгийнх нь лабораторид ямар нэг саатал гарлаа гэхэд нэг нь нөгөөгөө нөхөх байдлаар ажиллаж, хэрэглэгчид хурдан шуурхай үйлчилгээг тасалдуулахгүйгээр үзүүлэх боломжтой гэх мэт давуу тал ихтэй болдог. Хэрэглэгч талаас гэхэд урьдчилан сэргийлэх үзлэгийн багц авах, шинжилгээний хариугаа онлайнаар харахын сацуу, түүнийгээ эмчээр уншуулж зөвлөгөө авах гэх мэт үйлчилгээ бий. Эдгээр үйлчилгээ ч бас одоогоор зөвхөн манайд л бий. Энэ нь бид суурь систем хөгжүүлдэгтэй шууд холбоотой.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт хувь хүний мэдээлэл нь чанд нууцалтай, эмзэг асуудал байдаг. Энэ ч утгаараа medtech салбарт ажиллаж байгаагийн хувьд бид системийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж ажиллах ёстой. Иймд өнгөрсөн онд бид Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001 стандартыг хангаж, гэрчилгээгээ авч чадсанаар энэ стандартыг хангасан эрүүл мэндийн технологийн анхны компани болсон. ISO 27001 стандартыг нэвтрүүлснээр, компани дотроо мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах тогтолцоог бий болгож, үүгээр дамжуулан харилцагч байгууллагуудад үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний найдвартай байдлыг бүрэн хамгаалж чадах юм. Жишээ нь гэхэд бид хэрэглэгчийн мэдээллийг өөрийн системд хадгалахдаа өндөр зэрэглэлийн encryption технологи ашиглан унших боломжгүй хэлбэрээр хадгалдаг.



eclinic гэж юу вэ?

Эрүүл мэндийн технологийн компани.

нэр

2010 оноос хойш улс орон даяар интернетийн хэрэглээ эрс нэмэгдэж, дижитал шилжилтийн суурь тавигдаж эхэлсэн. Тэр үед банк, санхүү болон бусад салбарт маш олон “И ” буюу шинэ төрлийн цахим үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдийг ар араас нь бий болгож, олон нийтэд танилцуулж байсан. Энэхүү дижитал шилжилтийн үйл явцаас эрүүл мэндийн салбар үлдэж хоцорч болохгүй хэмээх утгыг агуулж "Eclinic.mn" хэмээх домайн нэрийг авч байсан.

одоо

Үйлчлүүлэгчид зөвхөн шинжилгээний хариу л авах боломжтой байсан хуучин Eclinic аппаа өргөтгөн, сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн нэгдсэн платформ бий болгох ажлыг хийж гүйцэтгэсний дүнд өнгөрсөн долоо хоногт шинэчлэгдсэн аппаа хэрэглээнд нэвтрүүлээд байна. Шинэчлэгдсэн апп дээр маань эмч, эмнэлгийн мэдээллийн нэгдсэн систем, хайлт, цаг авах, эмчийн онлайн зөвлөгөө, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зэрэг олон төрлийн тусламж үйлчилгээ нэмэгдэж, хэрэглэгч өөрийн эрүүл мэндийн түүхээ үүсгэх, эзэмших, удирдах зэрэг олон сонголттой болсон. Цаашдаа хэрэглээ нэмэгдэхийн хэрээр олон шинэ боломжууд оруулахаар төлөвлөн, нэг нэгээр нь дараалуулан гаргахаар бэлдээд байна.

Эмнэлгүүддээ ч бас нэмүү үнэ цэн бий болгоно. Жишээ нь, хоёр эмнэлэг хоорондоо өгөгдөл солилцоход ч тусгай стандартын шаардлага хангах ёстой байдаг. Одоогоор үүнийг хангасан систем ашигладаг эмнэлэг тун ховор. Ганц хоёр газар байдаг хугацааны хувьд хуучирсан гаднын үнэтэй систем ашигладаг. Үүнийг бид дотооддоо бүтээсэн, стандартын шаардлага хангасан системээр шийдэхээр ажиллаж байна.

баг

Бид ам бүл 40-үүлээ, чадварлаг бөгөөд нэг сэтгэлтэй хамт олон. Үндсэн цөм болсон технологийн багийнхнаас гадна систем нэвтрүүлэлтийн болон тусламж үйлчилгээний инженерүүдийн баг, дуудлагын төв болон эмнэлгийн мэргэжлийн багийнхан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж буй технологийн компанийн хувьд эмнэлгийн мэргэжлийн баг хамт олон маш чухал үүрэгтэй. Энэ хоёр салбарын мэргэжилтнүүдийн хоршлоос Монгол Улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллага, хэрэглэгчдэд илүү үр дүнтэй, хүртээмжтэй байх эрүүл мэндийн технологийн шийдлүүд урган гарч, шигшигдэн сайжирч явах болно.



ирээдүй

Бидний алсын хараа, зорилго дотоодын эрүүл мэндийн салбарын технологийн шийдлийг олон улсын түвшинд аваачих, стандартыг тогтоох, түүгээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид эерэг нөлөө үзүүлэхэд чиглэдэг.

эрсдэл

Мөн бусад салбарууд технологийн шинэчлэлт хийхдээ эхлээд сандбокст турших шаардлагатай байдаг бол эрүүл мэндийн салбар нь хэд хэдэн давхар сандбокс дотор бидний хэлдэгээр долоо хэмжиж нэг огтлох зарчмаар ажиллаж, шинэчлэлт хийх ёстой болдог нь хамгийн чухал бөгөөд том сорилт болдог.

Ер нь ихэнх салбарын эрсдэл нь мөнгө, цаг хугацаагаар хэмжигддэг бол эрүүл мэндийн салбарт энэ нь эрдэнэт хүний амь настай холбогддогоороо онцлог. Тийм ч учраас уг салбарт ажиллаж л байгаа бол маш няхуур, болгоомжтой бөгөөд хариуцлагатай байх нь чухал. Үүний тулд бид шаардлагатай стандарт, технологийн сайжруулалтыг үйл ажиллагаандаа байнга шингээж, тусгаж явдаг.