Үүлэн технологид суурилсан ухаалаг кассын систем, үйлчилгээний байгууллагуудын цахим цаг захиалгын системийг монгол инженерүүд хөгжүүлэн АНУ, Сингапур, Малайзын зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Дан ганц АНУ-д гэхэд л 800 гаруй аж ахуйн нэгжүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаад эхэлжээ. Цаашлаад АНУ-ын зөвхөн үйлчилгээний байгууллагуудад зориулсан ажлын зарын системийг хөгжүүлэхээр ажиллаж буй "Egulen Systems"-ийг онцолж байна.

"Egulen Systems" АНУ-д бүртгэлтэй гурван сая 250 мянган ам.долларын үнэлгээтэй компанийнхаа хувьцааны 20 хувийг олон нийтэд санал болгоод буй. Ийнхүү хөрөнгө оруулалт босгон, мэдээлэл технологийн асар их өрсөлдөөнтэй энэхүү салбарт компанийнхаа үйл ажиллагааг дараагийн шатанд хүргэхээр зорин ажиллаж байгаа аж.

Нэр: Egulen Systems Inc
Хаяг: 414 N Orleans st, Suite 312, Chicago, IL 60654, US
Чиглэл: Програм, систем, апп хөгжүүлэлт, ухаалаг кассын систем, цахим цаг захиалгын систем
Үүсгэн байгуулагч: Ж.Ганзориг, Г.Чингис, Н.Болор, Б.Батжаргал
Үүсгэн байгуулагдсан: 2013 он
Холбоос: egulen.com (Вэб), Egulen Systems (Фэйсбүүк), contact@egulen.com (Имэйл)


Гүйцэтгэх Захирал Ж.Ганзориг


сэдэл

Монгол инженерүүдийн бүтээлийг гадаадын зах зээлд амжилттай нэвтрүүлье гэх санааг ажил хэрэг болгосон нь энэ. Манай улсын экспорт бараг тэр чигээрээ уул уурхайгаас хамааралтай байдаг. Тэгвэл оюуны шавхагдашгүй уурхай болох монгол оюуныг дэлхийд гаргая гэсэн сэдлээр “Эгүлэн Системс” үүсгэн байгуулагдсан.

Анх iOS апп хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол одоогийн байдлаар 30 гаруй апп хөгжүүлсэн байна. Хүмүүст хамгийн их хүрсэн нь “Мазаалай толь бичиг” байдаг. Уг аппын санаачлагч нь Барбаяр гэдэг залуу байдаг бөгөөд бид сайжруулан хөгжүүлж олон нийтэд хүргэсэн юм. Тухайн үед буюу биднийг үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхад “App Store” дээр аль хэдийн нэг сая гаруй апп орчихсон байсан. Тэдэн дундаас ялгарах боломж бага байсан учраас гадны заах зээлд гарах боломжтой өөрсдийн брэнд бүтээгдэхүүнтэй болохоор шийдсэн юм. Тодорхой судалгаа хийсний үр дүнд 2013 онд ресторануудад зориулсан "Egulen" ухаалаг кассын системийг хөгжүүлж эхэлсэн.

Дотооддоо тодорхой хэмжээний хөгжүүлэлт хийсний дараа 2015 онд Сингапурын зах зээл рүү бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр шийдсэн. Сингапурт бүтээгдэхүүн маань шууд хэрэглээнд нэвтэрч чадаагүй, Монголд хэвийн ашиглагдаж байсан програм маань гологдож эхэлсэн. Бид хөгжүүлэгчдээ Сингапурт тодорхой хугацаанд байршуулан Сингапурын хэрэглэгчдээс шаардлагуудыг нь авж, хөгжүүлэлтээ сайжруулж байв. Тийм ч учраас уг бүтээгдэхүүн маань бизнес хэрэглэгчдийн бодит хэрэгцээн дээр суурилсан шийдэл болж чадсан. Улмаар Сингапурын рестораны томоохон групп болох “Tung Lok”-ийн дотоод системийн хөгжүүлэлтийн сонгон шалгаруулалтад 20 гаруй компанитай өрсөлдөн тэнцэж, уг төслийг хийж гүйцэтгэсэн.

Цаашлаад 2018 онд Малайзын зах зээл рүү яг энэ бүтээгдэхүүнээрээ нэвтрэн, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Сингапурт туршигдсан хувилбар маань Малайзад ямар нэгэн асуудалгүй шууд ажилласнаараа онцлог давуу талтай. Тус улсад нийт 80 гаруй байгууллага манай системийг ашиглаж байна. Харин Монголд "Egulen" ухаалаг кассын системийг 250 гаруй байгууллага хэрэглэдэг. Дараа нь бид 2020 онд АНУ-ын зах зээлд “Ariguna” гэх гоо сайхны салон болон бусад үйлчилгээний байгууллагуудад зориулсан цахим цаг захиалгын систем хөгжүүлж нэвтэрсэн юм. Одоогийн байдлаар АНУ-д 800 гаруй хэрэглэгчийн бүртгэл үүссэн. Мөн “Ariguna” цахим цаг захиалгын системээ “Egulen Booking” нэрээр 2022 оны нэгдүгээр сард Монголдоо нэвтрүүлээд байна.



ялгарал

Монголоос гаралтай мэдээллийн технологийн компани олон улсын зах зээл дээр өрсөлдөж байна гэдэг нь манай ялгарал юм уу даа. Сингапур, Малайз, одоо АНУ гээд гаднын зах зээлүүд дээр ажиллаж байгаа нь бидний хувьд маш их зүйл сурах, цаашид улам бүр өсөн дэвжих боломжийг олгодог. Мөн үүлэн технологид суурилсан цогц шийдлүүдийг хөгжүүлдэгээрээ онцлог байж болох юм.

Манай хөгжүүлж, зах зээлд нийлүүлдэг системүүдийн гол зорилго нь үйлчилгээний байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчлах, бүтээмжийг дээшлүүлэх, зардлыг бууруулж, орлогыг нь нэмэгдүүлэхэд оршино. Хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг авч хөгжүүлдэг учраас тухайн бизнесийн хэрэглээнд сайн тохирдог онцлогтой.

ЭГҮЛЭН ГЭЖ ЮУ ВЭ?

Үйлчилгээний байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг илүү хялбарчлах зорилготой үүлэн технологид суурилсан мэдээлэл технологийн бүтээгдэхүүн хөгжүүлж, олон улсын зах зээлд нэвтрүүлж буй монгол залуусын нэгдэл.

НЭР

“Үүлэн” гэдэг үгийг монгол бичгээр “Эгүлэн” гэж галигладаг. Манайх үүлэн технологид суурилсан систем, программ хангамж хөгжүүлдэг учир “Үүлэн систем” гэж нэрлэсэн. Уламжлалт бичиг соёлоосоо “Эгүлэн” гэх үгийг нэрнийхээ нэг хэсэг болгож авсандаа бахархаж явдаг. Олон улсын зах зээлд тодорхой хэмжээний үндэсний хэв шинжийг шингээн гарах гэсэн зорилго дээр суурилсан. “Ariguna” гэдэг ч бас “Ариунаа” гэдэг нэр. Монгол бичгээр “Аригуна” гэж галиглана.

ОДОО

Одоогоор АНУ-ын зах зээл дээр “Ariguna” онлайн цаг захиалгын платформоо хөгжүүлэх, зах зээлээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Түүнчлэн платформын хэмжээнд хөгжүүлэх зорилготой. Энэ нь зөвхөн нэг юм уу хоёрхон үйлдэлтэй программ хангамж биш олон үйлдэлт системүүдийн нэгдлийг хэлдэг.

Дараагийн хөгжүүлэлт хийгдэх ажил бол “Egulen Jobs” ажлын зарын систем. Одоогоор “Ariguna”-ийн нэг хэсэг болон хөгжүүлэгдэж байгаа ч цаашдаа тусдаа бүтээгдэхүүн болгон, блокчейн дээр суурилж хөгжүүлэхээр төлөвлөж байна. Уг бүтээгдэхүүний консепт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө зэрэг нь гарчихсан ба үйл явц нь 50 хувьтай явж байгаа юм. Энэ ондоо багтаад АНУ-ын зах зээлд нэвтрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй.

АНУ-д үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй хоёр сая гаруй аж ахуйн нэгжүүд байдаг. Цар тахлын үеэр болон түүний дараа нь ч гэсэн үйлчилгээний ажилтнуудын хомстол ихээр үүссэн. Түүнчлэн ажилд тохирох хүнийг олоход цаг их зарцуулагддаг. Үүн дээр бид нэг талдаа үйлчилгээний салбарт, нөгөө талдаа цагийн ажилтнуудад зориулсан шийдлийг гаргахаар ажиллаж байна. Тодруулбал, цагийн ажилтан нэг үйлчилгээний байгууллагад ажиллаад гарахад хоёр талаас сэтгэгдлийг нь авах юм. Сэтгэгдлийг баталгаажуулсны үндсэн дээр мэдээллийг нь блокчейн санд хадгална. Блокчейн санд хадгалах нь засварлах боломжгүй гэдэг утгаараа бодит мэдээлэл болох давуу талтай.

АНУ-д яг үйлчилгээний салбарт 12-13 сая хүн ажилладаг. Одоогоор зөвхөн үйлчилгээний байгууллагуудад зориулсан ажлын зар нийтэлдэг нэгдсэн вэбсайт хараахан байхгүй. Дээрээс нь ажлын зар оруулахад тухайн ажлын зард хамааралгүй анкетууд хэдэн зуугаараа орж ирдэг. Жижиг бизнес эрхлэгч хүний хувьд менежертэй байлаа ч олон зүйлсийг зэрэг хийх шаардлагатай байдаг учир тэр олон анкетыг судлаад тохирох хүнээ олж, уулзалт товлох зэрэг нь цаг үрсэн хүндрэлтэй процесс. Манай “Egulen Jobs”-ийн гол зорилго бол үүнийг асар хялбарчлах юм.


баг

Манайх 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Монголд 14 хүн байгаагийн тал нь хөгжүүлэгчид байдаг. АНУ-д одоогоор дөрвөн хүн борлуулалт, маркетинг, идэвхжүүлэлт, бүтээгдэхүүний консепц гаргах зэргийг хариуцан ажилладаг. Малайз улсад хоёр хүн ажилладаг.

Манай технологийн багийн ахлагч Батжаргал Сиэтл хотод “Amazon” компанид ажилладаг. Тэрээр АНУ-ын технологийн компанийн хөгжүүлэлт хэрхэн явагддаг вэ гэдгийг маш сайн сурсан. Үүнийгээ Монголд байгаа технологийн багтаа нэвтрүүлэн, хөгжүүлэлтийн үйл явцыг их ойлгомжтой болгож өгсөн юм. Манай багуудын хувьд дэлхийн хоёр өөр бүсэд ажилладаг учир цагийн зөрүүдээ тохируулж ажиллах шаардлагатай болдгоороо онцлогтой.

ИРЭЭДҮЙ

Монгол инженерүүдийн бүтээлийг олон улсын зах зээл дээр амжилттай гаргана гэсэн анхны зорилгынхоо хүрээнд ажиллаж байна. “Монгол оюуныг дэлхийд” гэсэн уриатай. Энэ зорилгодоо хүрэхийн тулд АНУ буюу хамгийн олон “unicorn” компаниудыг төрүүлсэн дэлхийн бараг хамгийн том зах зээлд орсон. Алсын хараа бол Монголоосоо гарсан мэдээлэл технологийн “unicorn” компани болох юм.

Харин ойрын 2-3 жилдээ хойд Америк тивд төвлөрч ажиллана. АНУ болон Канад Улс гэсэн үг. Уг хоёр улсуудын утасны дугаар , долларын тэмдэглэгээ нь ч адилхан. Тэгэхээр ямар ч нутагшуулалт шаардлагагүйгээр уг хоёр зах зээл рүү шууд орох боломжтой. Канадад ямар нэг сурталчилгаа хийж эхлээгүй байгаа ч тодорхой хэмжээний харилцагчид манай вэбсайт руу орж ирж бүртгүүлдэг. Эхний ээлжид АНУ зах зээл дээр хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлэх, таван жилийн дотор компанийнхаа үнэлгээг 30-50 сая ам.долларт хүргэх гэх зэрэг зорилготой ажиллаж байна. Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү дараа нь цахим цаг захиалгын шийдлээрээ орно. Үүлэн тооцооллын системд суурилсан учраас ямар ч зах зээл рүү орох боломжтой.

эрсдэл

Мэдээлэл технологийн салбарт өсөх боломж өндөр байхынхаа хэрээр өрсөлдөөн ихтэй. Нэгдүгээрт, бусад технологийн компаниудын өрсөлдөөн эрсдэл үүсгэж болзошгүй. Түүнчлэн блокчейн дээр суурилсан шийдэл хөгжүүлнэ гэсэнчлэн бид шинэ технологи сурах шаардлагатай болж байгаа. Энэ нь жаахан цаг алдах эрсдэлийг дагуулдаг. Манай инженерүүд энэ чиглэлээр арваас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүс учир бид энэ эрсдэлийг давж гарахад асуудалгүй гэж үзэж байна. Дараагийнх нь тухайн зах зээл дээр олон жил болчихсон компаниудтай өрсөлддөг гэдэг утгаараа тодорхой хэмжээнд санхүүжилт дутагдах эрсдэл юм. Энэ эрсдэлийг даван гарахын тулд бид олон нийтээс санхүүжилт босгох хэлбэрээр хөрөнгө оруулалт татах кампанит ажил эхлүүлээд явж байна.



Тодруулбал, бид АНУ-д бүртгэлтэй компанийнхаа хувьцааны 20 хувийг олон нийтэд санал болгож байгаа юм. Манай компанийн одоогийн үнэлгээ гурван сая 250 мянган ам.доллар. Энэ үнэлгээг АНУ-д 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй “Stone Bridge” гэдэг компаниар гаргуулсан. Манай компани нийт нэг сая 250 мянган ширхэг хувьцаа гаргах эрхтэй бөгөөд үүнийг АНУ-ын Дэлавер мужид бүртгүүлсэн. Бид нэгж хувьцааны үнээ 2.6 ам.доллараар санал болгож байна. Нийтдээ 650 мянган ам.доллар босгох төлөвлөгөөтэй. Манай хөрөнгө оруулалтын өгөөж нь жилийн 10 хувь бөгөөд америк доллараар буцааж олгогдоно. Монголын зах зээлд байгаа бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр өгөөж амлаж буй. Жишээ нь америк долларын хадгаламжийн ханш 2-2.5 хувь, төгрөгийн хадгаламжийн хүү бол 11-12 хувьтай байдаг. Түүнчлэн заавал америк доллараар хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Манай монгол дахь компанийн данс руу шилжүүлээд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийн, америк дахь компанийн хувьцааг эзэмших боломжтой. Энэхүү үйл ажиллагаа 4-р сарын 25 хүртэл явагдана.



Манай компани монгол залуусын нэгдэл, монгол оюуныг дэлхийд гэх зорилготой ажиллаж байгаа учир компанийнхаа үйл ажиллагааг дараагийн шатанд гаргахдаа монголчуудаараа нийлэх нь дэгстүүлж хэлбэл түүх, даруухан хэлбэл амжилттай нэг кейс болох юм. Гаднын зах зээлд гараад хөрөнгө оруулагчидтай уулзахад “Танайх дотоодоосоо хэдэн төгрөг босгосон бэ?” гэж нэн түрүүнд асуудаг. Энэ нь цаашдаа АНУ-ын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд том нөлөө үзүүлнэ гэж харж байна. Манай хувьцааг худалдан авахын тулд "Egulen.com" вэбсайтаар өөрийн мэдээллийг оруулан бүртгүүлээд, хувьцаа захиалах товч дээр дарж, авахыг хүсэж буй хувьцааныхаа тоог оруулахад л болно. Үүнээс гадна ямар ч төрлийн төлбөрийн карт ашиглан төлбөрөө төлөх боломжтой. Түүнчлэн манай данс руу шилжүүлэн төлөхөд ч асуудалгүй. Захиалга баталгаажсаны дараа онлайнаар хувьцаа худалдан авах гэрээг явуулж, гэрээ хийгдсэнээр АНУ дахь "Egulen Systems" Inc-ийн хувьцаа эзэмшигч болох юм.