Эрүүл мэнд эрхэм баян. Өөртөө болон гэр бүлдээ анхаарал халамж тавин, дэлхийн хаанаас ч хүссэн үедээ хэрэгцээт үйлчилгээгээ авах боломж улам бүр нээлттэй, хялбар болсоор. Өнөөдөр бидний онцолж буй EMCH апп одоогоор Монгол, Турк, Япон, Солонгос, Их Британид үйл ажиллагаа явуулах эрхтэй монгол мэргэжилтнүүддээ суурилан эрүүл мэндийн 176 төрлийн үзлэг, оношилгоог цахимаар хийж буй нь эмнэлгийн үйлчилгээ, мэргэжлийн эмчийн зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй буй хэн бүхэнд том давуу тал үүсгэж байгаа юм. 

Нэр: "Next Social Platform Expert" ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Их тойруу, "Нисдэг машин"-ы урд "Ялалт плаза"-ийн дөрөвдүгээр давхарт
Чиглэл: Эрүүл мэнд, технологи
Үүсгэн байгуулагч: С.Анударь, Б.Мөнхцэцэг, Б.Мөнххишиг, "EMCH" клуб болон "НСП" хамт олон
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Холбоосууд: emch.app (Вэб), EMCH (Фэйсбүүк), @emch.app (Инстаграм)


сэдэл

Манай улсын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, олон шатлалт систем, эмчээ сонгон үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдал, оочер дараалал гэх мэт асуудлууд эрүүл мэндийн салбарыг шүүмжлэх гол сул тал болсоор буй. Бид эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн залуусын хувьд уг асуудлууд шийдэгдэхийг хүлээж суухаас илүүтэй өөрсдийн зүгээс гарц гаргалгааг боловсруулж, ямар нэг бүтээлч шийдлийг бий болгохыг хүссэн юм. Ингээд ижил зорилготой ч тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан байгууллага, хувь хүмүүс нэгдэж, "ЭМЧ" клубийг байгуулан, улмаар өөрт буй шийдлүүдээ нэгтгэн, түүнийгээ цогц ажил болгохоор шулуудсан нь EMCH аппыг хийх эхлэл болсон.

Бид аппаа хоёр жилийн хугацаанд хөгжүүлж, сүүлийн шатны туршилтуудаа гурван сарын дотор хийж дуусган, өнгөрсөн сард албан ёсоор танилцуулаад байна.

ялгарал

Хүний эрүүл мэндтэй холбоотой ажил хийнэ гэдэг тухайн багаас өндөр хариуцлага, ёс зүй шаарддаг. Тийм ч учраас бид ажиллаж буй салбартаа мэргэшиж, туршлагажсан сайн мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэхэд ихэд анхаарсан. Хамтрагч байгууллага, түнш, гэрээт эмч нар гээд оролцогч бүх талдаа хууль зүй, ур чадвар, туршлагын гээд олон талаас нь тусгай шаардлага, стандарт тавьж, түүнийгээ чанд баримталдаг. Ер нь олон улсын стандарт баримтална гэдэг болзошгүй эрсдлээс сэргийлж, шийдлийг хялбар оновчтой байлгахад тусалдаг тул бид үүнд ихээхэн ач холбогдол өгч, аппдаа зайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх олон улсын журам, хэрэглэгчийн эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байлыг хангах HIPАA стандарт, цахим аюулгүй байдлын ISO:27000 стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн. Үүгээрээ бид эрүүл мэндийн технологийн салбартаа анхдагч нь болов уу.

Одоогоор манай аппликэйшнд 13 эмнэлэг, 71 эмч нэгдэн, 176 төрлийн үзлэгийг онлайнаар хийж буй. Монгол төдийгүй ИБНВУ, БНТУ, Япон, Филиппин, БНСУ тэргүүтэй гаднын улс орнуудаас нэгдэж буй монгол эмч нар маань бүгд онлайн зөвлөгөө өгөх хариуцлагын даатгалтай, 15-20 жилийн ажлын туршлагатай, эмчлэх лицензтэй, одоо амьдарч буй орондоо ч мэргэжлээрээ ажиллаж буй мэргэжилтнүүд. Монголчууд бид жилд нийт 174 тэрбум орчим төгрөгийг гадаадын эмнэлгийн үйлчилгээ авахад зориулдаг бөгөөд тэр зардлын 60 хувь нь зөвхөн үзлэгийн төлбөр байдаг гэх тооцоо бий. Харин бид иргэддээ Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол мэргэжилтнүүдээсээ, заавал хилийн дээс алхалгүйгээр зорьсон үйлчилгээгээ илүү бага зардлаар, хүндрэлгүй авах боломж олгохыг зорьсон юм.

Уг зорилгын хүрээнд дотоодын төлбөр тооцооны шийдлүүдийг 100 хувь санал болгохоос гадна гадаадад амьдардаг, магадгүй Ковидын улмаас ирж чадалгүй гацсан элэг нэгтнүүд маань олон улсын төлбөрийн картаар тооцоо хийж болдог байхаар шийдсэн. Манай аппыг ашигласнаар цагийн бүсээс үл хамааран 24 цагийн турш оператортай холбогдон, зовуурь, шинж тэмдэг, зорилгоосоо шалтгаалан тохирох чиглэлийн эмчээ сонгоод, хугацаа алдахгүй, түргэн шуурхай үзлэгийн цаг товлох боломжтой.



эмч апп гэж юу вэ?

Хаана, хэзээ байхаас үл хамааран эрүүл мэндийн асуудалдаа хариу шийдэл олоход тань тусалж чадах ухаалаг систем.

нэр

Эмчийн тангарагт "Хүнд хор бүү хүргэ" гэдэг хэсэг байдаг юм. Энэ богинохон хэдэн үгс эмч хүний ажиллах зарчим, ёс зүйг тун тодорхой, ойлгомжтой илэрхийлдэг. Эмч хүний үнэ цэнийг бид сүүлийн хоёр жилд илүү сайн ойлгож байна шүү дээ. Тийм ч учраас бид үйл ажиллагааг маань хамгийн сайн илэрхийлэх үг нь ерөөс "Эмч" гэж үзсэн.

одоо

Одоогоор манай аппыг ашиглан өдөрт 150-200 хүн тогтмол зөвлөгөө авч, онлайн үзлэгт хамрагдаж байна. Түүнээс өмнө буюу аппынхаа нээлтийг хийгээгүй байхдаа ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, цар тахлын улмаас гэрийн тусгаарлалтад байгаа иргэд болон гадаадад гацсан монголчууддаа алсын зайн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг жил гаруйн хугацаанд үнэ төлбөргүй хийсэн нь цаашдын үйл ажиллагаандаа мэдээллийн бааз үүсгэх хэрэгцээ өндөр буйг мэдрүүлсэн юм. Уг ажлын хүрээнд бид одоо долоо хоногт хоёр удаа олон нийтэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээг өөрсдийн платформоор дамжуулан хүргэж буй.

Түүнчлэн апп дээрээ зөвхөн эмч нараас гадна эмчилгээний чиглэлд мэргэшсэн хоол зүйч, болон дасгалжуулагч багш нарыг нэгтгэж байна. Эрүүл мэндийн тусламж хэрэгтэй байгаа хүнд зөвхөн эмчийн зөвлөгөө хангалтгүй байдаг. Хоол, хөдөлгөөнөө зохицуулж байж л өөртөө бүрэн анхаарал тавьж чадна шүү дээ. Энэ мэтээр аппаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг цогцоор нь шийдэж чадахуйц хэмжээнд байлгахыг зорьж байгаа.

Мөн иргэд, үйлчлүүлэгчид өөрт шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг авах хүртлээ ямар шат дарааллаар явдгийг тодруулах зорилготой замын зураглал гаргах ажилд төвлөрч байна. Үүний тулд нийт 7600 орчим хүнийг ажиглаж, бидний гаргасан шийдэл хэр оновчтой байгааг давхар шалгаж буй. Мэдээж хэрэглэгчдээ сургах, технологийн шийдлээ илүү боловсронгуй болгоход цаг үргэлж анхаарна.


баг

Манай үндсэн баг одоогоор найман хүний бүрэлдэхүүнтэй. Хүний их эмч, санхүүч, мэдээллийн системийн мэргэжилтэн, сэтгэлзүйч зэрэг дан бүсгүйчүүдээс бүрдсэн эрч хүчтэй баг. Нэмээд технологийн бүх талыг маань хариуцан ажилладаг "Next Social Platform" компанийн, салбартаа 15-20 жил ажилласан туршлагатай баг бий. Тэдний хийж гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал, хиймэл оюун ухаанд суурилсан "Chatbot.mn" платформ, төрийн худалдан авах ажиллагааны "E-Procurement" систем, цахим худалдааны анхдагч платформуудын нэг болох, нэг сая хэрэглэгчтэй "Ард" аппын гол бүтээгдэхүүн "Ardshop.mn", "Jurur.mn", "OnAir.mn", блокчэйн технологид суурилсан "Neoary.mn", "Эрдэнэт" үйлдвэрийн мэдээлэл, технологийн аюулгүйн байдлын аудит, Монголын үүрэн телефон "Скайтел" компанийн харилцагчийн вэб систем зэргийг нэрлэж болно.

ирээдүй

Аль ч салбарын ирээдүйн хөгжил хиймэл оюунтай холбогдох нь нэгэнт тодорхой болсон. Тийм ч учраас бид ирээдүйд аппаа энэ чиглэлд хөгжүүлэхийг зорьж, шаардлагатай ажлуудаа эхлүүлээд явж байна. Machine learning бол яг л хүнтэй адил бага багаар сурдаг, дадлагаждаг ухаалаг систем. Эхний ээлжинд бид хэрэглэгчдээс ирдэг санал хүсэлт, нийтлэг зовуурь, шинж тэмдгүүдийг ойролцоо төстэйгөөр нь ангилан, зөвлөгөө мэдээллийг автоматжуулах, программ хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Цаашдаа энэ нь улам сайжраад явах болно.

Эрүүл мэндийн салбарт даяаршил эрчимтэй явагдаж байгаа энэ үед амьдарч байгаагийн хувьд бид дараагийн зорилтоо олон улсад гарах хэмээн тодорхойлсон. Үйл ажиллагааны багаа дотор нь Монголыг болон олон улсыг хариуцсан хоёр хэсэгт хуваагаад буй. Олон улс хариуцсан багийн бэлтгэл судалгаа эрчимтэй явагдаж байгаа. Аппын англи, турк хэл дээрх хувилбарыг удалгүй гаргахаар шамдан ажиллаж байна даа.

эрсдэл

Монголд технологийн хэрэглээ бага багаар өссөөр байна. Эхлээд бид сошиал платформуудыг ашиглаж сурсан бол өнгөрсөн хэдэн жилд санхүүгийн технологиудтай танилцлаа. Өдгөө тэдний араас боловсрол болон эрүүл мэндийн салбар орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор бидэнд хэрэглэгчдээ сургах, эрүүл мэндийн технологийн онцлогийг зах зээлд ойлгуулах хэрэгцээ шаардлага их буй.

Үүний тулд бүх заавар, зөвлөгөөг тусгасан цахим гарын авлагыг хэрэглэгчдэдээ танилцуулж, аппаар дамжуулан үзлэгийн цаг захиалсан үйлчлүүлэгч бүртэй урьдчилан холбогдож, техникийн байдлыг нь хянан, шаардлагатай мэдээллийг сануулах зэргээр харилцагчаа халамжлах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.

Апп татах: EMCH апп

КОВИД-19 тухай зөвлөгөө үнэ төлбөргүй авах: ЭМЧбот