Эрүүл мэндийн бүтээгдэхүүн цахимаар захиалж авах боломжийг есөн жилийн тэртээ Монос групп анхлан нэвтрүүлж байжээ. Онцлох бизнес булангийн шинэ дугаартаа хямд үнэ, өргөн сонголт, хялбар захиалгаараа уламжлалт үйлчилгээнээс гойд ялгарч буй, Монос группийн отгон охин компани болох eMonos-ийн хөгжүүлсэн eMonos 3.0 үйлчилгээтэй илүү ойроос танилцъя. 

Нэр: eMonos 3.0
Чиглэл: Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, цахим худалдаа
Үүсгэн байгуулагч: Л.Хүрэлбаатар
Үүсгэн байгуулагдсан: 2014 он
Цахим хуудсууд: emonos.mn (фэйсбүүк) emonos.mn (инстаграм) emonos.mn (веб)


Гүйцэтгэх захирал З.Осоржам

Сэдэл 

eMonos бий болохоос өмнө бид Монголын анхны хувийн хэвшлийн эмийн сан болох Монос Улаанбаатарын цахим худалдаа хүргэлтийн алба байсан. Харин 2014 онд группийн шилдэг төслөөр шалгарч, eMonos гэх нэртэй веб, гар утасны аппын анхны хувилбараа танилцуулж байлаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлсээр 2019 онд “өрх тусгаарлаж” Монос группийн отгон охин компани болсон түүхтэй.

Санаачлагч Л.Хүрэлбаатар захирлын алсын хараа өнөөдрийн eMonos-ийг бүтээсэн гэж хэлж болно. Олон улсын жишгийг ажиж, цахим худалдааны ирээдүйг урьдаар тооцож, Монголын эмийн салбарт хамгийн анх удаа цахим худалдааны үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Ялгарал

Нэн түрүүнд Монос групп нь шинэ бүхнийг салбартаа нэвтрүүлэн хэрэгжүүлж, инновацыг хөгжүүлдэг анхдагчид. Бид цахим худалдааны тэлэлт, борлуулалтаараа улсдаа хоёрт жагсаж, цахим эмийн худалдааны 80 гаруй хувийг эзэлдэг. Зах зээлийн энэ тэлэлт бол мөс зүсэж анхлан эхлүүлсний үр дүн. Мөн хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд анх удаа цахимаар жортой бүтээгдэхүүн худалдаж эхэлсэн.

Бид оны өмнөхөн цахимаар захиалаад эмийн сангаас очиж авах BOPIS /buy online pickup in store/ үйлчилгээг нэвтрүүлсэн. Олон улсад түгээмэл ашигладаг энэ загвар манай оронд нэн тохиромжтой. Цахимаар гишүүнчлэлийн эрхээрээ хямдралтай, хөнгөлөлттэй, бэлэгтэй захиалга үүсгэж дараа нь завтай үедээ өөрт ойр салбараа бүтээгдэхүүнээ авах нь хэрэглэгчдэд маш таатай байгаа.



Хоёрдугаар сард веб, аппаа шинэчлэн eMonos 3.0 болгож, үнэнч хэрэглэгчдэд үргэлж хямд байх гишүүнчлэлийн хөтөлбөрөө нэвтрүүлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Basic, Gold, Platinium гэх гурван төрлийн гишүүнчлэлээр 5-8 хувийн шууд хөнгөлөлт эдэлж, хэтэвчний урамшуулал буюу буцаан олголт авч мөн захиалгаа үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Тодруулбал, Gold гишүүнчлэлийн жилийн хураамж 69,000₮ ба худалдан авалт хийсэн сар бүр 10,000₮ буцаан олголт авч, жилд нийтдээ 120,000₮-тэй болно. Харин Platinium жилийн хураамж 250,000₮ ба худалдан авалт хийсэн сар бүр 30,000₮ буцаан олголт авч, жилд нийт 360,000₮ авах юм.

Цахим худалдааны өөр нэгэн давуу тал нь өргөн сонголт, нөөц боломж. Бид 2019 онд өрх тусгаарлахдаа дэд бүтцээ шинэчилж, дүүрэг бүрд нөөцийн төвтэй болсон. Одоогоор Улаанбаатар хотод нийт найман нөөцийн төв бий. Олон улсын жишгийн дагуу нэгдсэн агуулахаас гадна дүүрэг бүрийн төвөөс захиалгаа хүргэдэг гэсэн үг. Уламжлалт эмийн санд хэрэглэгчийн авахыг хүссэн бүх бүтээгдэхүүн нэг дор байх нь ховор учир хэрэглэгч олон газраас хайж, цуглуулдаг. Бид үүнийг шийдэхийн тулд хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн харьяаллын төвд байхгүй бол боломжит эмийн сангуудаас цуглуулж хүргэдэг. Үүний ачаар ковидын үеийн өндөр ачааллыг даван гарч, хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чадсан.

Emonos 3.0 гэж юу вэ? 

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний цахим их дэлгүүр. Эрүүл мэндээ хайрладаг хэн бүхэнд тустай бүтээгдэхүүнийг найдвартай, шуурхай хүргэж үйлчилдэг.


Нэр 

Анхны веб болон гар утасны апп Монос нэрээр гарсан. Бид дотооддоо ялгахын тулд eMonos хэмээн ярьсаар 2019 онд тусдаа гарахдаа eMonos гэх нэрээ брэнд болгон хөгжүүлж байв.

Одоо

Үнэнч хэрэглэгч нарт зориулсан гишүүнчлэлийн хөтөлбөр болон урьдчилж захиалаад, дараа нь очиж авах BOPIS үйлчилгээгээ таниулах дээр анхаарч байна. Мөн тун удахгүй хэрэглэгчид бүтээгдэхүүнээ цахимаар, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болно.

Баг 

Бид маркетинг, санхүү, бизнес хөгжил, борлуулалтын 80 гаруй ажилтантай. Үүнээс гол ажил нугалдаг борлуулалтын алба 18 оператор эмч, 30 гаруй хүргэлтийн жолоочоос бүрддэг.


Ирээдүй 

Хэрэглэгч нартаа цахим худалдааны давуу тал, боломжуудыг таниулж эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулалтын өндөр хувийг эзлэхийг тэмүүлж байна. Монголын цахим худалдааны зах зээл 22 их наяд төгрөг бол эмийн жижиглэн худалдааны зах зээл нэг их наяд төгрөгөөр хэмжигддэг. Одоогоор манай эмийн цахим худалдаа энэ зах зээлийн 1-2 хувийг эзэлдэг бол АНУ-д л гэхэд есөн хувийг эзэлдэг. Тиймээс цахим худалдаанд хэрэглэгчээ сургах, технологио хөгжүүлэх зэргээр зах зээлээ тэлэх олон боломжууд бий.


Эрсдэл

Дэд бүтэц, зам, хаягжилтаас үүдэж машин техник гэмтэж улмаар захиалга хоцрох нь тун бэрхшээлтэй. Хэрэглэгчдийн захиалгын 60-70 хувь нь хугацаандаа эзэндээ хүрдэг боловч 30 орчим хувь нь гаднын олон төрлийн шалтгаанаас болж амждаггүй.

Мөн цахим худалдааны гол суурь нь технологи. Гэтэл манай улсад хүний нөөц буюу хөгжүүлэгчид дутагдаж байна. Бидний бүх ажил эдгээр хүмүүсийн хөгжүүлсэн технологиос хамаардаг тул энэхүү хүний нөөцийн асуудал нэг талаар бэрхшээл болон эрсдэл болдог.