Орчин үеийн мэдээлэл технологийн салбар зогсолтгүй хөгжсөөр байна. Энэхүү хөгжлийн цуваанд хөл нийлүүлэн алхах монгол инженерүүдийн тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр. Салбартаа олон жил ажилласан туршлагатай гишүүд болон дөнгөж хөл тавиад буй шижигнэсэн залуусын нэгдэл бүхий Монголын анхны программ хангамжийн нээлттэй компани "Erdenes Solutions" ХК-ийг ээлжит нийтлэлээрээ онцолж байна.

Нэр: Erdenes Solutions
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Бакула Ринбүчигийн гудамж, Оршил 2 төв, 10-р давхар
Чиглэл: Технологи, программ хангамж
Үүсгэн байгуулагч: Ц.Хүдэрмөнх, Т.Золбоо, Б.Батхүү, М.Бат-Эрдэнэ
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны хоёрдугаар сар
Холбоос: erdenes.solutions (Вэб), Erdenes Solutions (Фэйсбүүк)


Гүйцэтгэх Захирал Ц.Хүдэрмөнх

сэдэл

Оюутан байхаасаа өөрийн мэргэжлээр хувийн компани байгуулах мөрөөдөлтэй байлаа. 2006 онд тухайн үеийн ШУТИС-ийн Компьютер техник Менежментийн сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж байхдаа найзуудтайгаа цуг программ хангамжийн компани үүсгэн байгуулж байв.

Тухайн үед сайхан зүйл мөрөөдөж, бусдын хийгээгүйг түрүүлж хийх зорилгоор Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын цахим тасалбар захиалгын систем, "Гялс" төвийн лабораторийн бүртгэлийн системийг хийж байлаа. Интернэтийн хэрэглээ бага, банкны төлбөрийн карт ашиглан цахимаар тасалбар худалдан авах хэрэглэгчийн тоо хязгаарлагдмал байснаас үүдэн төдийлөн амжилт олоогүй. Үүнд эдийн засгийн хямрал, ажлын туршлагагүй оюутан байсан минь ч бас нөлөөлсөн.

Би үргэлжлүүлэн "Хас" банканд долоон жил ажилласан юм. Уг хугацаанд программист, систем дизайнер, системийн шинжээч, төслийн удирдагч, бизнесийн ахлах шинжээч албан тушаалуудад дотоодын болон гаднын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан.

Түүнчлэн "Бодь" даатгалд системийн шинжээч, Цахим хөгжлийн хэлтсийн захирлаар хоёр жил ажилласны дараагаар нэлээд бодож төлөвлөсний эцэст, банк санхүүгийн байгууллага, программ хангамжийн салбарт олон жил ажилласан үүсгэн байгуулагчидтайгаа хамт, 2019 онд “Erdenes Solutions” ХХК-иа байгуулсан.

Үүний дараа төлөвлөгөөний дагуу “Хар Хорум Пропертийс” ХК-тай нэгтгэгдэж, 2020 оны хоёрдугаар сард албан ёсоор “Erdenes Solutions” ХК буюу анхны программ хангамжийн нээлттэй компани бий болсон.



ялгарал

Программ хангамжийн компани үндсэндээ захиалгат ажил хөгжүүлэх, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох гэсэн хоёр үндсэн бизнес загвараар ажилладаг.

Эхний загвар буюу захиалгаар программ хөгжүүлэх нь богино хугацаанд орлого олох давуу талтай боловч ихэвчлэн тухайлсан байгууллага, үйлчилгээнд зориулсан бүтээгдэхүүн гардаг тул хөгжүүлэлтийн зардал өндөр байдаг.

Харин “Erdenes Solutions” нь хоёр дахь загвар буюу өөрсдийн бүтээгдэхүүнийг бий болгож ажилладаг. Программ хангамжийн салбарын нэг давуу тал нь ерөнхий зориулалтын программыг олон байгууллагад борлуулах боломж юм. Энгийн жишээ татвал "Microsoft Office" программыг бид бүгд хэрэглэдэгтэй ижил.

Мөн манай байгууллага Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй компани тул бүхий л үйл ажиллагаандаа хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалан ажилладаг онцлогтой.

Түүнчлэн бид технологиор хөрөнгө оруулах боломжтой салбаруудад өөрсдийн охин компаниудын үйл ажиллагааг явуулдаг. Ингэснээр толгой компанийн программ хангамжийн шийдлийг нь охин компани бие даасан бизнес болгодог давуу талтай.

Ийнхүү үйл ажиллагааны чиглэлээр нь охин компаниуддаа технологийн хөрөнгө оруулалт хийж, эргээд өгөөж нь толгой компанийн хувьцаа эзэмшигчдэд маань хүрэх загвараар бид ажиллаж байна.



ERDENES SOLUTIONS ГЭЖ ЮУ ВЭ

Монгол залуусын хөгжүүлсэн программ хангамжийг дотоодын болон олон улсын зах зээлд амжилттай нутагшуулж, программ хангамжийн экспортыг нэмэгдүүлснээр улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах зорилго бүхий компани.

НЭР

Эрдэнэс гэхээр хүмүүс материаллаг байдлаар л хардаг. Харин бид эсрэгээр нь шинжлэх ухаанч байдлаар эрдэнэс гэдгийг оюуны бүтээл гэсэн утгаар ашиглаж, "Оюуны шийдэл" гэх агуулга бүхий “Эрдэнэс сольюшинс” нэрийг сонгосон.



ОДОО

Erdenes Solutions” ХК нь "D3ARS", "Brokers.mn" болон Банк бус санхүүгийн байгууллагын бүртгэлийн систем, Зочид буудлын бүртгэлийн систем, Бага насны хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх 3D видео тоглоом, Шошго таних систем гэсэн үндсэн бүтээгдэхүүнүүдтэй.

Хувьцаат компани, хөрөнгө оруулалтын сан болон койн гаргагч (мэдүүлэгч) этгээдийн ил тод байдлыг хангах "D3ARS" системийг 2019 оноос хойш хөгжүүлж дуусгалаа. Уг систем нь үнэт цаасны арилжаанд оролцогч буюу хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангаж, шийдвэр гаргахад туслах, мэдүүлэгч этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох замаар хөрөнгийн зах зээлийн арилжааг дараагийн түвшинд гаргах бүтээгдэхүүн юм.

"Brokers.mn" систем нь үнэт цаасны компанийн үйл ажиллагаанд зориулсан үүлэн технологийн цогц шийдэл. Энэ системийг ашигласнаар үнэт цаасны компани нь харилцагчдад үнэт цаасны болон арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэх эскроу данс нээх, үнэт цаасны арилжаанд оролцох болон бусад үйлчилгээг хурдан шуурхай, хялбар чанартай үзүүлэх боломжтой.

Хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн төсөөлөн бодох чадвар, асуудал шийдвэрлэх арга барил олгох, логик сэтгэлгээг хөгжүүлэх бага насны хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх 3D видео тоглоомыг хийж гүйцэтгээд байна.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд хэрэглүүлэх хориотой заалт бүхий бодисын найрлагын тайлбарыг үзүүлэх мобайл апп-ыг хиймэл оюунд суурилсан систем ашиглан хөгжүүлж байна.


БАГ

Бидний үйл ажиллагаа программ хангамжийн хөгжүүлэлтийн процессын дагуу явагддаг. Юун түрүүнд харилцагчидтайгаа уулзаж, тухайн байгууллагын бизнесийн онцлогийг хардаг. Нэгдүгээрт салбарыг нь харна, дараа нь бизнесийн процессийн зураглалыг нь авч үздэг. Бид бизнесийн процессыг нь тодорхойлж, түүнд тохирсон программ хангамжийн загварчлал бүтээнэ.

Багийн бүтцийн хувьд илүү чөлөөтэй, төсөл хэлбэрээр хөгжүүлэлтүүдээ хийдэг. Мөн бид хөгжүүлэгчдээ ихэвчлэн багаас нь сургаж авдаг. Оюутнуудыг цалинжуулж, дадлагажуулаад чадварлаг багийг бий болгосон гэж боддог. Үүсгэн байгуулагчид маань ч салбартаа олон жил ажилласан туршлагатай, банк санхүү, боловсролын салбарт олон жил ажилласан чадварлаг мэргэжилтнүүд бий.


ИРЭЭДҮЙ

Бидний эцсийн зорилго бол монгол инженерүүдийн бүтээсэн оюуны бүтээлийг дэлхийн зах зээл дээр амжилттай нутагшуулж, экспортыг нэмэгдүүлэх юм. Тийм ч учраас бид Энэтхэг улсын "Tremppling" компанитай хамтран ажилладаг. Хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, мэргэжилтнүүд маань харилцан туршлага хуримтлуулж байна. "Tremppling" нь 50 гаруй банканд "Oracle" компанийн банк, санхүүгийн системийг нэвтрүүлсэн, олон харилцагчидтай компани. Энэ ч утгаараа ирээдүйд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тухайн улсуудад нэвтрүүлэх зорилготойгоор уг компанитай хамтарч ажилладаг. Мөн бид хэдхэн хоногийн өмнө АНУ-д "Erdenes America" компаниа үүсгэн байгуулсан. Бүтээгдэхүүнүүдээ дотооддоо туршаад, гадаадын зах зээлд гаргах зорилготой ажиллаж байна.

ЭРСДЭЛ

Программ хангамжийн салбарт төрийн дэмжлэг хомс учир өөрсдөө л бүгдийг бүтээх хэрэгтэй болдог. Эрсдэлийн хувьд бодит бус, санхүүгийн хувьд боломжгүй, өөрсдийнхөө мөрөөдөл рүү явах тохиолдол их гардаг. Үүнээс болж цаг хугацаа алдах нь бий. Хамгийн анхны компани дээрээ энэ алдааг гаргаж байсан ч туршлага хуримтлуулж, хамтрагчдаа зөв сонгосны үндсэн дээр энэхүү эрсдэл буурсан. Мөн Монгол Улсад программ хангамжийн үнэлгээ доогуур байдаг нь нэг бэрхшээл болдог ч нөгөө талаас бүтээгдэхүүн турших боломжийг олгодог.

Erdenes Solutions” ХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.