Бизнесийн нэр: Fat Cat Jazz Club
Хаяг: Жамъян гүний гудамж, "Веранда" рестораны В1 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Жазз клуб
Үүсгэн байгуулагч: Г.Хонгор, Б.Дөлгөөн
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Цахим хуудсууд: Fat Cat Jazz Club Ulaanbaatar, @fatcatjazzclub

Их хотын иргэд маань жазз хөгжмийн гайхамшгийг "яг л ийм газар байх ёстой доо" гэж хэлмээр, жинхэнэ жазз клубт таашаах болсоор хоёр жилийг ардаа үдлээ. "Crowdfunding" буюу олон нийтийн хувь нэмрээр санхүүжин үүд хаалгаа нээсэн "Fat Cat" жазз клуб нь донжтой дотоод засал, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөгжимчид болоод хөгжимд шимтэн дурлагсдын очих дуртай газар болоод буй. Ийнхүү саяхан хоёр жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн бүдүүн муурнуудыг онцолж байна.

СЭДЭЛ 

Хонгор: Анх 2014 оноос жазз хөгжим тоглож эхлээд, хоёр жилийн дараагаас жазз клубтэй болъё гэх бодол салахаа байсан. Тухайн үед GMUB (Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим) төслийн залуус маань янз бүрийн газраар "тэнэж" тоглодог байлаа. 2017 онд Герман руу жазз фестивальд явж байхдаа тэндхийн жазз клубүүдээр орж үзэхэд маш гайхалтай санагдаж, яг л ийм газар нээх ёстой юм байна гэж төсөөлөгдөн, бодит ажил болгохоор шийдсэн. Ирээд энэ санаагаа Дөлгөөнд хэлээд л хамтрахаар болсон доо. Бид хоёр "Magnolian"-ий "Өвөлжөө" дууны бичлэгийн үеэр анх танилцаад, сүүлд хамт тоглох болж нөхөрлөсөн юм.

Дөлгөөн: Анх "Cosy Club"-д болсон нэг жазз тоглолтын дараа Хонгор над дээр ирээд энэ санаагаа хэлж байсан. Тэгээд тэр оройдоо л хөрөнгө оруулалтаа "crowdfunding" аргаар босгоё гэж ярилцсан. Санаанд багтаад байсан болохоор маргаашнаас нь л шууд ажилдаа орсон доо.

Бид хоёр тохирсон газар олох гэж хотоор зөндөө алхсан. Эцэст нь хотын төвд мөртлөө хөл хөдөлгөөн айхавтар их биш, андерграунд, яг тохирсон зай талбайтай энэ газар дээр тогтсон. Газраа олчихоод танилцуулгаа бэлдээд хүмүүст хандаж үзэхэд нааштай хүлээн авч, мянга мянгаар цугласаар хоёр сарын дотор 40 орчим хүнээс 30 мянган ам.доллар цугласан.

ЯЛГАРАЛ 

Х: Өмнө нь жазз хөгжимчид анхлан үзэгчдийн өмнө гарч, нүүр хагарах боломжтой газар байдаггүй байсан. Энэ газар маань хөгжимчдөд гэр шиг нь болсноороо их онцлогтой. Манайд тоглохоор сонирхсон хөгжимчин, дуучин байвал хөгжмөө авч ирээд хамт тоглох боломжтой "Jam Session" тогтмол явагддаг. Хөгжимчид маань ирээд хэзээний гэртээ мэт тухтай байж болно. Түүнчлэн монголчууд маань жазз хөгжмийг чихэвчээр биш амьдаар нь, яг орчинд нь сонсох боломжтой. Хотын өөр хаана ч байхгүй жинхэнэ жазз хөгжим энд л тоглогддог.

Д: Жазз клуб гэхэд хамгийн түрүүнд толгойд төсөөлөгдсөн орчноо бид бүтээсэн. Жазз хөгжмөөрөө дагнасан, энэ хэв маягаараа бусдаас шууд ялгарч харагддаг, мэдрэгддэг тийм л орчин. Амьд хөгжмийн хамтлагууд энд тэнд очиж тоглохдоо өөриймсөг хандахаас илүүтэй, халтуур хийж байна л гэж үздэг шүү дээ. Ирсэн зочид нь ч ихэвчлэн найзуудтайгаа уулзах, ярилцах гэж цугладаг. Харин "Fat Cat"-ийн хувьд хүмүүсийн энд ирдэг гол шалтгаан нь жазз хөгжим шимтэн сонсох байдаг. Мөн өмнө хэлсэнчлэн энэ газрыг байгуулах санааг дэмжсэн олон хувь хүний дэмжлэгээр бий болсон нь "Fat Cat"-ийг онцгой болгож буй хамгийн гол зүйл гэж хэлж болно.

нэр

Х: Жазз хөгжимчид бие биеэ "Cats" гэж дууддаг учраас ингэж нэрлэсэн. Эхлээд "Fit Cat" гэж бодож байсан юм. Гоё гуалиг муур төсөөлж байсан чинь Дөлгөөн маань "Fat" болговол яасан юм бэ гэж санал болгоод, тэр нь бид хоёрт таалагдаад "Fat Cat" болсон доо.

одоо

Х: Саяхан манай хоёр жилийн ойн баяр тохиосон. Энэ өдрийг хүртэл 40 орчим гадны уран бүтээлчид манайд ирж тоглосон байна лээ. Яг одоогийн нөхцөлд гаднаас сонирхолтой уран бүтээлчид ирж чадахгүй байгаа ч ирээдүйд төлөвлөсөн зүйлс бий. Хотынхоо сонсогчдод аль болох чанартай, олон төрлийн хөгжим сонсгохыг зорьж байна.

Д: Ажлыг эхлүүлэх нэг хэрэг. Эхлүүлснээ дордуулахгүй тогтвортой, тууштай үйл ажиллагааг нь авч явна гэдэг нь түүнээс илүү том сорилт. Хүмүүс өөр салбар нээх эсэхийг асуудаг л юм. Гэвч энэ газар маань өөрөө франчайз хийхэд тохиромжгүй. Бид одоо байгаагаа л улам гоё болгож, тордохын төлөө ажиллаж байна. Сайжруулах зүйл үргэлж гарч ирдэг шүү дээ. "Fat Cat"-ийг олон жилийн турш гол чанараа гээхгүй оршин тогтноосой гэж хүсдэг.

баг

Д: Саяхан зугаалгаар явахад хөгжимчид, ажилчидтайгаа нийлээд 30-уулаа явсан. Багийхнаа аль болох чөлөөтэй байлгаж, бас хөдөлмөрийг нь зохих ёсоор үнэлэхийг хичээдэг.

"Fat Cat" клубийн "эзэгтэй", менежер Б.Өнөрзул

ирээдүй

Х: Саяхан л гэхэд манайхнаас дөрвөн ч хөгжимчин Герман руу сурахаар явсан. Тэднээс ч өмнө жаззаараа боловсрол эзэмшихээр гадагш явсан нөхөд маань бий. Хөгжимчдийнхөө карьерын өсөлтийг дэмжих, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах хүрээнд хийхээр бодсон зүйлс бий.

Д: Дэлхийн ямар ч том хотод очсон жазз клуб байдаг. Гаднын хөгжимчид, жуулчид Монголд ч жазз хөгжим байдаг, энэ соёл хөгжиж яваа гэдгийг мэддэг болж, дэлхийн жазз газрын зураг дээр Монгол хэмээх нэрийг тэмдэглэгдэж үлдээх нь бидний мөрөөдөл.

эрсдэл

Д: Мэдээж коронавирус манай бизнест маш их нөлөөлсөн. Өнгөрсөн хоёрдугаар сард ихээхэн ач холбогдолтой, том тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байсан ч түүнийгээ цуцлаад хаалгаа барих хэрэгтэй болсон. Хоёроос долоодугаар сар хүртэл бараг ажиллаагүй. Одоо гэхдээ сэргээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Х: Бидний бүтээсэн энэ бяцхан орон зай цаашид улам тэлж, олон хүнийг хамарч, Монголын жазз хөгжим илүү өндөр түвшинд хүрч хөгжинө гэдэгт итгэж байгаа. Та бүхэн манайд морилон саатаарай.