Хамтын санхүүжилт гэх нэр томьёо нь агуулгын хувьд монголчуудад тийм ч шинэ ойлголт биш. Учир нь бид эрт дээр үеэс нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт нэгдэн нийлж, хандив цуглуулах, санхүүжилт үүсгэх үйлсийг өрнүүлсээр ирсэн ард түмэн билээ. Харин орчин үед үүнийг илүү нээлттэй бөгөөд ил тодоор хэрэгжүүлэх шинэ бизнес модель бий болсон нь “Crowdfunding” буюу “Хамтын санхүүжилтийн платформ”. Уг үйлчилгээ технологийн шийдэлтэй хосолсноор илүү найдвартай, ёс зүйтэй, хүртээмжтэй ажиллах боломж бүрдэх юм. 

Энэ удаагийн дугаартаа бид хамтын санхүүжилтийн платформыг Монголд нутагшуулж буй “Fundea” компанийг онцолж байна. Үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд нэг жил гаруйн хугацааг ардаа үдсэн тус хамт олны өнгөрсөн, одоо, ирээдүйтэй илүү ойроос танилцъя.  


Бизнесийн нэр: Fundea
Хаяг: “Их хуралдай” бизнес центр, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот
Үйл ажиллагааны чиглэл: Хамтын санхүүжилтийн платформ
Үүсгэн байгуулагч: Б.Цэлмэг
Үүсгэн байгуулагдсан: 2022 он
Цахим хуудсууд: Fundea (Хамтын санхүүжилт) (Facebook), Fundea.mn (Website)

сэдэл

Миний хувьд Английн University College London-д Төрийн бодлого мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсмөгцөө эх орондоо ирж, ажлын гараагаа эхлүүлэх үедээ гарааны бизнесүүдэд тулгарч буй санхүүжилтийн асуудлыг олж харсан. Ихэнх гарааны бизнес эхлэлийн хөрөнгөө бий болгохын тулд банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эсвэл хөрөнгө оруулагч олох гэсэн хоёрхон сонголтын өмнө тулгардаг. Гэвч ихэнх зээлийн үйлчилгээ барьцаа хөрөнгө шаардахын зэрэгцээ хүүгийн дарамт өндөр байдаг тул санхүүжилтээ бүрэн шийдэж чадахгүйд хүрэх нь олон бодит жишээнээс харагддаг нь нууц биш. Үүний шийдэл нь санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх буюу илүү шинэлэг, уян хатан нөхцөлтэй хамтын санхүүжилтийн платформыг бий болгох явдал. Энэ төрлийн үйлчилгээ олон улсад хэдийн амжилттай хэрэгжиж байгаа төдийгүй манай оронд нэвтрэх нь ч цаг хугацааны асуудал байсан бөгөөд яагаад одоо биш гэж? гэсэн бодлоор энэхүү бизнесээ эхлүүлж байлаа.

Үүсгэн байгуулагч: Б.Цэлмэг

ялгарал

Анхдагч бөгөөд цор ганц - Санхүүгийн зохицуулах хорооноос финтек салбарт шинээр үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй байгууллагуудыг нэг жилийн хугацаанд туршиж, үйл ажиллагааг нь шалгасны үндсэн дээр зах зээлд нэвтрэх эрхийг нь албан ёсоор баталгаажуулдаг. Иймд бид одоогийн байдлаар Монголын анхны бөгөөд цор ганц албан ёсны эрхтэй хамтын санхүүжилтийн платформ юм.

3 үйлчилгээ нэг дор - Дэлхийд хамтын санхүүжилтийн дөрвөн төрөл байдаг нь хандив, урамшуулал, хувьцаа, зээл. Эдгээрээс хэд хэдэн үйлчилгээг багцалж, нэгдсэн платформ дээр төвлөрүүлсэн компани дотоодод бүү хэл олон улсад ч тун ховор. Бидний хувьд хандив, урамшуулал, хувьцаа гэх гурван үйлчилгээг нэг платформ дээр төвлөрүүлээд байна.


fundea гэж юу вэ?

Fundea бол төсөл санаачлагч, санхүүжүүлэгчийг холбох гүүр. Энэ гүүр нь барьцаагүй, олон төрлийн бичиг баримт шаардахгүй, зээлийн хүүгийн дарамтгүй, итгэлцэлд суурилсан уян хатан нөхцөлтэй гэдгээрээ онцлог.

Төсөл санаачлагч өөрийн бизнесийн санаагаа төсөл хэлбэрээр Fundea платформд байршуулна. Ингэхдээ, төслийн хөгжүүлэлт тал дээр сайтар анхаарах нь нэн чухал. Тодруулбал, тухайн төслийн зорилго, хэрэгцээ шаардлага, үр дүнг сайтар тодорхойлж, хэрхэн, яаж амжилттай хэрэгжих боломжтой вэ? гэдгийг бүтээлчээр танилцуулах хэрэгтэй. Харин санхүүжүүлэгч өөрт таалагдсан бизнесийг сонгож, тус платформоор дамжуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

Хамтын санхүүжилт үүсгэх гурван төрлийн сонголт бий. Үүнд:

Урамшуулал - Санхүүжүүлэгч тухайн бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс урамшуулал эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг нь дэмжиж, бүтээгдэхүүн, үйлчилгээний урьдчилсан захиалагч болох замаар хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.
Хандив - Санхүүжүүлэгч нийгмийн сайн сайхны төлөөх санаа зорилготой бизнест дэмжлэг үзүүлэх ба ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал эдлэхгүй. Тухайлбал, манай платформд "Cotton kitten cafe" гэх эзэнгүй муурын зулзаганы асрамжийн газар төслөө байршуулж, санхүүжилт авч чадсан.
Хувьцаа - Тухайн бизнесийн байгууллага санхүүжилт босгохын тулд компанийнхаа хувьцааг санал болгох боломжтой. Мөн хамтын санхүүжилтийн платформоор дамжуулан хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд хувьцаа гаргах боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн уламжлалт санхүүжилтээс ялгаатай нь хамтын санхүүжилтийн платформоор дамжуулан олон хувьцаа эзэмшигчтэй байснаар тэд байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт оролцохгүй гэдгээрээ бизнес эрхлэгчдэд давуу талтай.


нэр

Funding + Idea = Fundea

одоо

Бид платформоо ашиглахад хялбар, ойлгомжтой байдлаар бүтээхийн тулд нэг жилийн хугацаанд хөгжүүлсэн. Одоо ч тогтмол шинэчлэл, сайжруулалтыг хийсээр байна. Тиймдээ ч бид платформоо зах зээлд амжилттай нэвтрүүлээд зогсохгүй тодорхой тооны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, найдвартай харилцагч нартай ч болж чадсан. Харин одоо үйл ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахын тулд маркетингийн үйл ажиллагаандаа түлхүү анхаарч, хамтын санхүүжилтийн соёлыг түгээх кампанит ажил өрнүүлэн ажиллаж байна.

баг

Манайх бүтэц бүрэлдэхүүний хувьд харьцангуй цомхон бөгөөд 10 үндсэн ажилтантай. Дотоод үйл ажиллагаа маань маркетинг, график дизайн, санхүү, хамтын ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг хэсгүүдэд хуваагдах ба удирдлагын тогтолцоо, дотоод соёлын хувьд харьцангуй нээлттэй бөгөөд нөхөрсөг арга барилаар ажилладаг. Тухайлбал, байгууллагын дотоод шийдвэр гаргалтаас өгсүүлээд бүхий л мэдээлэл хүн бүрд тэгш хүртээмжтэй хүрч, нэг зорилгын төлөө албан тушаалын эрэмбэ дараалал үл хамааран баг болон ажиллаж чаддаг нь бидний давуу тал бас онцлог. Цаашид бүрэлдэхүүнээ өргөжүүлсэн ч одоогийн хамт олны уур амьсгал, дотоод соёлоо эвдэхгүйгээр хадгалж үлдэхийг зорьж байна.


ирээдүй

Технологид суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээг нутагшуулах, хүртээмж, цар хүрээг тэлэх, цаашлаад залуу бизнес эрхлэгчдийн олон улсын санхүүжилтэд хүрэх боломжийг нэмэгдүүлэх, өөрсдийн платформд олон улсын санхүүжүүлэгчдийг нэгтгэх зэрэг ажлуудыг стратегийн түвшинд төлөвлөж байна.

эрсдэл

Дотоодод анхлан нэвтэрч байгаа бизнес бүхэнд ижил бэрхшээл тулгардаг нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулах, ойлгуулах. Бидний хувьд ч мөн адил платформынхоо ажиллах зарчим, хүрэх үр дүнг монголчуудын сэтгэлгээний онцлогт тохируулан ойлгуулах, цаашлаад бизнесийн шинэ санааг нь тохирох коммюнитид нийцүүлэн түгээх нь одоогийн хамгийн том сорилт болов уу. Нөгөөтээгүүр үйл ажиллагаагаа олон улс руу тэлэхийн тулд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлснээр илүү хүртээмжтэй ажиллах боломжтой гэж харж байна.