Нийгэмд өнгө нэмж, нийтийг сайн сайханд чиглүүлж буй шинэ санаачилгуудыг танилцуулдаг “Онцлох төсөл” булангийн ээлжит дугаарт “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Чиний нүдээр-Дэлхийн нүдээр” төслийг онцолж байна.
Бид өмнө нь хэн нэгэн гэрэл зурагчин аливаа нэгэн сэдвийг өөрийн дотоод сэтгэл, харах өнцгөөс хэрхэн илэрхийлж буйг үзэсгэлэнгээс нь олж хардаг байсан бол энэ удаагийн үзэсгэлэн онхи өөр санаа, зорилготой байсан нь тэднийг онцлох гол шалтгаан болсон юм. Бидний дунд оршсоор байгаа боловч магад хэн ч хэзээ ч олж хараагүй “хүүхэд” гэх бяцхан ертөнц энэ дэлхийг ямар нүдээр, хэрхэн тольддогийг сонирхъё.

Нэр: Чиний нүдээр - Дэлхийн нүдээр
Хаяг: Монголын Уран зургийн галерей, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Үйл ажиллагааны чиглэл: Гэрэл зургийн үзэсгэлэн
Төслийг хэрэгжүүлэгч: Гүүд Нэйборс ОУТББ
Төсөл хэрэгжих хугацаа: 2025.5.19 - 2025.5.31
Сошиал хуудсууд: goodneighbors (website)
сэдэл
Угтаа би гэрэл зурагчин мэргэжилтэй. “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газарт хоёр жилийн турш сайн дураар ажиллаж байна. Энэ хугацаанд би “Чиний нүдээр-Дэлхийн нүдээр” хэмээх гэрэл зургийн төслийг санаачилсан бөгөөд ийнхүү олон нийтийн мэлмийд хүрэхэд бэлэн болоод байна.
Эдгээр зургаар дамжуулан бидний мэддэг боловч өдөр тутамдаа харж, мэдэрдэггүй “зүйлс”-ийг хүмүүст харуулж, мэдрүүлэхийг хичээсэн юм. “Зүйлс” гэдэг нь энэхүү төслийн гол дүрүүд болох таван хүүхэд ба тэдний амьдралыг харах өнцгийг хэлээд буй.
Төсөлд маань хамрагдсан тусламж хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд хаана хандаж, хэнээс тусламж хүсэхээ мэдэхгүй. Тиймээс бид өөрсдөө тэднийг олж очин дуу хоолойг нь сонсож, бусдад ч бас сонсгохыг зорьсон. Тиймдээ ч зургийн үзэсгэлэнг маань үзсэн хүмүүс “Гүүд Нэйборс” ийм шинэ төсөл хэрэгжүүлжээ гэж харахаас илүүтэй тэр хүүхдүүдийн илэрхийлэх гэсэн дуу хоолой, дотоод сэтгэлийг олж мэдрээсэй гэж хүсэж байна.

ялгарал
Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн зургууд цөм бодит байдал. Ямар нэгэн тавилт, зохиол огт байхгүй. Зөвхөн миний нүдээр аливаа санааг илэрхийлэхийг зорьсон бол өөр хэрэг. Харин тэдгээр хүүхдүүд амьдралыг ямар нүдээр харж байгааг хүмүүст тольдуулахыг зорьсноороо уг үзэсгэлэн онцлогтой.
"чиний нүдээр - дэлхийн нүдээр" гэж юу вэ?
“Гүүд Нэйборс” OУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газарт 13 мянган тусламж хэрэгцээ шаардлагатай хүүхэд бүртгэлтэй байдаг ба бид тэднийг өсөж хөгжих, сайн сайхан амьдрахад нь хувь нэмэр оруулан ажилладаг. Улмаар 21 хүүхдийн гэрээр зочилж, тэдний хүсэл сонирхолд үндэслэн төсөлд оролцох таван хүүхдийг сонгосон. Зураг авалтын явцад бид хүүхдүүдэд ердөө ганц л зүйлийг зааварласан бөгөөд тэр нь таван сэдвийн хүрээнд өөрийнхөө хүссэн зургийг авах явдал байв. Тэд хайрыг, гунигийг, бас өөрийгөө юугаар илэрхийлэхийг хүснэ, түүнийгээ л зурганд буулгасан. Мөн тэдний зураг авч байх үеийн агшныг би ч мөн камертаа буулгасан нь энэхүү үзэсгэлэнг онцгой болгож байгаа болов уу.

нэр
Хүүхдүүд өөрийн амьдралыг, оршин буй дэлхийгээ ямар нүдээр харж буйг илэрхийлэх гэсэн гол зорилготой төсөл учраас ийнхүү нэрлэсэн.
одоо
Зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарыг дуустал тавигдах тул та бүхнийг хүрэлцэн ирж, үзэж сонирхохыг урьж байна.
баг
Төслийн баг маань таван гишүүнтэй. Бид хүүхэд тус бүртэй бүтэн нэг өдрийг хамт өнгөрүүлсэн буюу нийт таван өдөр зураг авалт үргэлжилсэн. Ингэхдээ мэдээж, өмнө хэлсэнчлэн тэдэнд зааварчилж эсвэл хориглоогүй. Тэд хаашаа хөтөлнө, бид тийш л явж байсан. Уул руу гаръя гэвэл хамт уул руу гарч, буугаад өөр тийш явахыг хүсвэл яг л хүслийг нь дагасан. Дараа нь зураг болон бичлэгүүдийг засварлаж, төслийн зорилготой уялдуулах ажлыг миний бие хариуцаж, зар сурталчилгаа, хэвлэл зэрэг бусад ажлыг үлдсэн дөрвөн гишүүн маань хариуцсан.


ирээдүй
Миний хувьд Гүүд Нэйборс ОУТББ-д үргэлжлүүлэн нэг жил ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд би дахин юуг санаачилж, юуг сэдэх нь үү түүнийгээ л хэрэгжүүлэхийг зорино. Бас гадаад хүний нүдээр Монголын аж байдлын юуг нь онцолмоор байна, түүнтэйгээ уялдуулан гэрэл зурагчны карьераа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
“Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Жон Хун Сү
“Гүүд Нэйборс” ОУТББ-ын гол зорилго бол хүүхэд бүрийн эрхийг хамгаалах явдал юм. Иймд бид Монголд орон нутгийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буйн зэрэгцээ хүүхдийн эрх, хамгаалал хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, ундны ус, эрүүл ахуй зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
эрсдэл
Төсөлд оролцсон бяцхан уран бүтээлч хүүхдүүд сургуулиасаа завсардаж, сурч боловсрох эрхээ эдлээгүй маш удсан байсан нь харамсалтай. Шалтгаан нь дүүгээ асарч халамжлах шаардлагатай, эсвэл сургуулийн орчны дээрэлхэлт. Амьдралын анхдагч хэрэгцээ нь хангагдаагүй, архины хамааралтай хүмүүсийн дунд өөрсдөө өсөж торниж буй тэдгээр хүүхдүүдийн эрх олон талаар зөрчигдөж байсан. Гэхдээ тэд үүнийгээ анзаарахгүй, өөрсдийнхөө эрхийг зөрчигдөж байна гэдгийг мэдэлгүй, харин ч байгаа бүхэндээ талархаж, жаргалтай амьдарч байгааг нь харахад хайрламаар бас халагламаар.


Сэтгэгдэл бичих

