Нийслэл хотод амьдарч буй хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байна. 1990 онд Монгол Улсын хүн амын 27 хувь нь Улаанбаатарт амьдардаг байсан бол 2000 онд 33 хувь, 2010 онд 45 хувь болж, өдгөө энэ тоо 49,9 хувьд хүрээд байна. Ийнхүү хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр бид нүүдэлчин ахуйгаас алсарч, суурин амьдралын соёлд дасан зохицох болсон нь нууц биш.
Харин энэхүү суурин соёл бүрэлдэх явцад олон улсын соёлын нөлөө илэрч байгааг судлаач Г.Мөнх-Эрдэнэ өөрийн өгүүлэлдээ дурдсан байна. Тухайлбал, “Монголын үйлчилгээний салбар, залуусын амьдралын хэв маяг, загварт Солонгос соёлын нөлөө их байгаа бол өргөн хэрэглээний бараа, дэд бүтцийн салбарт Хятадын нөлөө их байна. Боловсрол, уул уурхай, төрийн удирдлагын хэв маягт Өрнийн юм уу Америкийн нөлөө их бол хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн тусламж зэрэгт Япон Улс нөлөөгөө хадгалсаар байна” хэмээжээ. Тэгвэл энэ олон соёлын дунд өсөж өндийж буй монгол хүүхдэд үндэсний соёлыг хэрхэн таниулах вэ?
“Онцлох бизнес” булангийн энэ удаагийн дугаарт бид дээрх асуултын хариулт болгон “Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв”-ийг онцолж байна. Хүүхэд залуусыг гар утаснаас нь түр ч болов хөндийрүүлж, таван ханатай гэр барих, гар худгаас ус авах, арвай тээрэмдэн гурил хийх, араг үүрч аргал түүх, хонины ноос савах гэх мэт уламжлалт ахуй соёлтой танилцуулах замаар залуу хойч үеэ үндэсний өв соёлоо мэддэг, ёс заншлаа дээдэлдэг, эх орноо хайрладаг хүн болгох эрхэм зорилготой тус төвийн үйл ажиллагаатай танилцацгаая.
Бизнесийн нэр: “Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв”
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23-р хороо
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхэд хөгжлийн төв
Үүсгэн байгуулагч: “Лосолын Лааган хүүхэд хөгжлийн төв” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд
Үүсгэн байгуулагдсан: 2023 он
Цахим хуудас: Mongol Soyol
“МОНГОЛ ӨВ СОЁЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ” ГЭЖ ЮУ ВЭ?
Манай төв нь монгол өв соёл, ёс заншил, уламжлалт нүүдэлчин ахуйг бодитоор хүүхэд залууст үзүүлэн таниулах зорилготой хүүхэд хөгжлийн төв юм.
СЭДЭЛ
Энэ ажлыг эхлүүлэх болсон хэд хэдэн шалтгаан бий. Миний өвөө төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган гэж хүн байлаа. Аав Л.Найдан маань өвөөгийн дурсгалд зориулж 2009 онд “Лосолын Лааган сан” ТББ-ыг байгуулсан. Түүнээс өмнө 1997 онд Ховд аймгийн Буянт сумын дунд сургуулийг өвөөгийн нэрэмжит болгож, шаардлагатай ном, сурах бичиг, хөгжмийн зэмсэг зэргийг хандивладаг байсан юм. Харин аав маань 2016 онд өөд болж, хотод байдаг бид тэр бүр Ховд руу явах боломжгүй болсон тул Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулахаар шийдсэн нь эл төвийг нээх сэдэл болсон.
2000-2009 он буюу манай гэр бүлийн Япон Улсад амьдарч байсан үе бидэнд их нөлөөлсөн. Хүн ер нь эх орноосоо хол амьдрахаар монгол өв соёл, ёс заншлын талаар илүүтэй сонирхон судалж, үндэсний урлаг, дуу хөгжмийн мөн чанар, гоо сайхныг илүү сайн ойлгож мэдэрдэг санагдсан.
Энэ мэт олон үйл явдлаас улбаалан хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлөх, монгол өв соёлыг таниулан сурталчлах цогц үйл ажиллагаа явуулдаг энэхүү төвөө 2023 онд нээсэн.
ЯЛГАРАЛ
Нэгдүгээрт, манайх хүндэтгэлийн өргөө, малчны өргөө, оюун ухааны өргөө, соёл урлагийн өргөө гэсэн дөрвөн гэртэй. Гэр тус бүрийг тодорхой сэдвийн дагуу тохижуулсан байдаг тул хүүхэд нэг дороос цогц мэдээлэл авах боломжтой гэсэн үг. Тухайн гэр тус бүрд тайлбарлагч ажиллаж, хүүхэдтэй харилцан ярилцах замаар соёлын талаарх мэдлэгийг нь гүнзгийрүүлэхэд тусалдаг юм. Цаашлаад гэр барих, сур ээрүүлдэж элдэх, арвай тээрэмдэж, тарианы гурил хийх, хонины ноос савах, гар худгаас ус татах, араг үүрч аргал түүх, тэмээний ноосоор утас ээрэх гэх мэт олон зүйлийг хүүхдээр биечлэн хийлгэж туршуулах боломжийг олгодог. Үүний хойно мэдлэгээ бататгаж, асуулт хариултын тэмцээн зохион байгуулдаг. Ийнхүү нийт дөрвөн цагийн хөтөлбөртэй бөгөөд үнийн хувьд нэг хүүхдийн 20 мянган төгрөг гэдэг.
Хоёрдугаарт, хот дотроо үйл ажиллагаа явуулдаг тул хүмүүс ирж, очиход амар байдаг болов уу. Нийт 5000м2 газартай, газар маань хашаагаар хүрээлэгдсэн тул аюулгүй, дуу чимээ багатайн дээр хашааг тойруулаад олон төрлийн мод тарьсан байдаг болохоор давхар биологийн хичээл ч орох боломжтой. Би өөрөө мал зүйч, зоотехникч мэргэжилтэй, багадаа Ховд аймгийн Буянт суманд өвөө эмээтэйгээ мал маллан, монгол ахуйтай ойр өссөн. Харин эхнэр маань мал эмнэлгийн ухааны доктор хүн. Тэгэхээр бидний эзэмшсэн мэргэжил, мэдлэг туршлага хүүхдүүдэд аливааг тайлбарлахад түшиц болдог.
НЭР
Үйл ажиллагааны чиглэлтэйгээ уялдуулан эхнэр бид хоёр энэ нэрийг өгч байсан.
ОДОО
Манай төв нээлтээ хийснээс хойш хоёр жилийн хугацаанд голчлон хүүхдүүд ирдэг байсан бол одооноос монгол өв соёлтой танилцах хүсэлтэй хэн бүрд зориулан үйл ажиллагаагаа тэлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Японы “ЖАЙКА” тэргүүтэй гаднын байгууллага, “Монголын Аялал Жуулчлалын Холбоо” тэргүүтэй дотоодын албан байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагаа эхлүүлэхээр ярилцаж байна.
Түүнчлэн жил бүрийн зургаадугаар сарын 01-нд “Дэлхийн сүүний өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Уламжлалт цагаан идээ боловсруулах өдөрлөг”-ийг байгууллагуудтай хамтран хоёр жил дараалан зохион байгуулж байна. Ирэх наймдугаар сарын 10-12-ны хооронд “Адууны соёл, айрагны баяр”, аравдугаар сарын 10-20-ны хооронд “Тэмээний соёл, хоормогны баяр”-ыг хийхээр төлөвлөж байна. Энэ мэт монгол соёлын зүйлээр баяр тэмдэглэнэ гэвэл бүтэн жил танилцуулсан ч дуусахгүй. Манай ард түмэн тийм л баялаг соёлтой. Угсаатны бүлэг бүр өөрийн гэсэн өвөрмөц уламжлалтай байдаг нь манай соёлыг улам баяжуулдаг болов уу.
БАГ
Эхнэр бид хоёроос гадна дөрвөөс таван хүн цагаар ажиллаж байна. Тогтмол үйлчлүүлэгчгүй болохоор хүүхдүүд ирэх үеэр тухайн хүмүүсээ ажиллуулдаг.
ИРЭЭДҮЙ
Бид уламжлалт нүүдэлчин ахуйг таниулах зорилгынхоо хүрээнд зөвхөн хүүхдээр хязгаарлагдахгүй насанд хүрэгчдэд ч мэдлэг олгох, цаашлаад хөгжлийн төвөө улам өргөжүүлж, спорт заал, номын сан, хичээлийн танхимтай болох хэтийн зорилготой. Мөн өмнө нь зөвхөн дөрвөөс арваннэгдүгээр сард ажилладаг байсан бол цаашид жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна.
ЭРСДЭЛ
Өмнө нь манайд ирж байсан хүүхдүүдийг ажиглаж байхад, тэдэнд ийм аюулгүй, чөлөөтэй, эрүүл орчин үнэхээр дутагдаж байсан нь мэдэгддэг. Том талбайд дураараа гүйж харайж, тоглож наадахын зэрэгцээ биечлэн туршиж, сурч мэдэж байгаа тул сонирхолтой байдаг байх л даа.
Харин одоо энэ боломжийг олон хүнд хүргэх, сурталчлан таниулах ажил дутагдаад байна. Тийнхүү олонд таниулснаар тогтмол үйлчлүүлэгчтэй болж, санхүүгийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Цаашлаад бүтэн цагийн ажилтнуудтай болох ч бодол бий. Нэг үгээр хэлбэл менежментээ сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Өмнө нь бүтэн цагийн ажлаасаа шалтгаалан энэ төвийнхөө үйл ажиллагаанд тэр бүр анхаарч чаддаггүй байсан бол одооноос гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлж, тогтвортой ажиллах нөхцөлөө бүрдүүлэхийг зорьж байна.