Залуухан хосын тэгээс нь эхлүүлсэн, хүмүүст аз жаргал бэлэглэж буй "Хөөрхөн" хэвлэлийн дэлгүүрийг ээлжит дугаараараа бид танилцуулж байна. Хайртай, дотнын хүндээ зөвхөн өөрт нь зориулсан нандин бэлгийг бүтээлгэж, бэлэглэх боломжийг олгоод буй уг принтшоп нь 20 гаруй төрлийн хэвлэлийн үйлчилгээтэй гэдгээрээ онцлог юм.

Нэр: Хөөрхөн Хэвлэлийн дэлгүүр
Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, Үйлчилгээний төвийн урд 10-р байрны өргөтгөлд
Чиглэл: Хэвлэлийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: З.Хэрлэн, Т.Ундрах
Үүсгэн байгуулагдсан он: 2019 он
Холбоос: Huurhun Printshop (Фэйсбүүк), @huurhun.printshop (Инстаграм), huurhunprint.mn


"Хөөрхөн" хэвлэлийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Т.Ундрах


сэдэл

2018 онд нөхөр бид охиноо өлгийдөн авсан. Тэр үед залуу хүүхдүүд байсан учир амьдралын шаардлагаар гарааны бизнес эхлүүлсэн юм. Бид анх поларойд зураг хэвлэх үйлчилгээ үзүүлдэг байв. Одоо бизнес маань өргөжин 20 гаруй төрлийн хэвлэлийн үйлчилгээг үзүүлж байна. Залуу хүмүүс амьдрахын эрхэнд шинэ зүйл сэдэж, бүтээх хэрэгтэй болдог. Уг хэрэгцээнээс л урган гарсан бизнес.

Түүнчлэн тухайн үед дотнын хүндээ бэлэг сонгохоор явахад, сэтгэлд таарах зүйл ховор байдаг байв. Үүнээс аливаа бэлэг тухайн хүнд яг өөрт нь зориулсан, нандин байвал онцгой гэдгийг анзаарч, уг бизнесийг эхлүүлэх анхны сэдэл төрсөн юм. Энэ нь илүү дурсгалтай, хадгалууштай санагдсан. Мөн нөхрийн маань ажлын туршлага, мэдлэг чадвар нь энэ ажлыг хийхэд их дөхөм байсан учраас хамтдаа хэвлэлийн дэлгүүрийн бизнесээ 2019 онд эхлүүлж байсан. Миний амнаасаа унагасан санаа, хүссэн загварыг бодит болгодог хүн нь хань минь билээ.

ялгарал

"Хөөрхөн" принтшопын ялгарал нь зөвхөн нэг хүнд зориулсан бүтээгдэхүүн гаргадагт оршино. Захиалагчид юу хүснэ түүнийг бид гүйцэтгэдэг. Манай хувцас хэвлэл, жааз хэвлэл гэх мэт үйлчилгээг авснаар үйлчлүүлэгч хүссэн зураг, үг, яруу найраг, захидлаа хэвлүүлэх боломжтой.

Бид энэхүү бизнесийг эхлүүлэхээс өмнөх үед хэвлэлийн үйлчилгээ их төвөгтэй процесстой байсан. Заавал биеэрээ очиж файлаа өгнө гэх мэт асуудлууд их үүсдэг байв. Манайх үүнийг энгийнээр шийдэж, бүх захиалгаа онлайнаар авах үйлчилгээг нэвтрүүлсэн. Онлайн захиалгатай хэвлэлийн хувьд манайх анхдагч гэж хэлж болно. Хүмүүс хэрэглэхэд хялбар, захиалгаа өгөхөд хялбар. Захиалгаа ирж авч амжихгүй бол хүргэлтээр авах боломжтой гэх мэт бүхий л талаар үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэдгээрээ давуу талтай.



ХӨӨРХӨН ПРИНТШОП ГЭЖ ЮУ ВЭ

Хүмүүст аз жаргал бэлэглэх үйлчилгээ. Миний сэтгэлд “Та ийм хүн шүү” гэдгийг мэдрүүлэхүйц үнэ цэнтэй бэлгийг бүтээх боломж.

нэр

Хөөрхөн нэр өгөхөөр хайж байгаад л “Хөөрхөн” гэдэг нэртэй болсон. Бүтээгдэхүүнүүдээ ч аль болох хөөрхөн байлгахаар ажилладаг учраас энэ нэр их тохиромжтой.

одоо

Одоогоор байгууллага болоод хамт олонтой хамтрах ажлууд дээр төвлөрлөн ажиллаж байна. Анги, хамт олны захиалга болон байгууллагын үйл ажиллагаанд зориулсан массын захиалгууд их авч байгаа. Мэдээж үүнийхээ хажуугаар нэг хүнд зориулсан үйлчилгээгээ орхигдуулахгүй үргэлжлүүлсээр байхыг хичээн ажиллаж буй.



баг

Манайх залуу хамт олон. Ерөнхийдөө 18-24 насны залуучууд ажилладаг. Өмнө нь ажиллаж байсан хүүхдүүд маань гадаад руу сургуульдаа явцгаасан. Одоо дахиад өөр, шинэ үеийн хүүхдүүд ажиллаж байна. Мөн үндсэн ажилчдаас гадна сурагчид амралтаараа цагийн ажил хийх үе бас байдаг.

Манай хэвлэлийн үйл ажиллагааны эхний шат бол захиалгын эх бэлтгэл байдаг. Эх бэлтгэлийг дизайнер, үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллийн дагуу хийж гүйцэтгэн, эцсийн байдлаар үйлчлүүлэгч батласны дараа хэвлэлтэнд ордог. Уг эх бэлтгэл, хэвлэлийн процесс дээр хоёр хүн ажилладаг. Дараагийн шатанд эх бэлтгэлээ бүтээгдэхүүн болгох ажил явагдана. Зүсэлт, сав баглаа, боодол бэлтгэх гэх мэт ажил дээр 2-3 хүн ажилладаг. Ингээд эцсийн бүтээгдэхүүн маань бэлэн болдог.

ирээдүй

Цаашдаа илүү өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, харилцагчдынхаа тоог өсгөх, бүтээгдэхүүнийхээ төрөл, тоо ширхгийг нэмэх зорилттой ажиллаж байна. Мөн өдөрт хийж гүйцэтгэж буй захиалгын тоогоо нэмэгдүүлэх зорилготой.

Одоогоор манай вэбсайт дээр зөвхөн бэлэн бүтээгдэхүүнүүд захиалах боломжтой. Цаашдаа вэбсайтаа хөгжүүлж, захиалга авах арга замаа улам нарийн болгохоор зорьж байна. Ингэснээр үйлчлүүлэгчид хүссэн загвар, хэвлэлийнхээ захиалгыг вэбсайтаар дамжуулан өгөх боломжтой болох юм.

эрсдэл

Бизнесээ дөнгөж эхэлж байх үед подволк, цамц зэргийг албан ёсоор нийлүүлэх газар хайх гэх мэт жижиг асуудлууд их гардаг байсан. Одоо тэр бүхэн маань харьцангуй шийдэгдсэн.

Үйлчлүүлэгчидтэй холбоотой асуудал үйлчилгээний байгууллага бүрд гардаг нь лавтай. Харилцааны тал дээр үйлчлүүлэгчдээсээ шинэ зүйлс үргэлж сурч, сайжирч байдаг. Түүнчлэн бид хил хаалттай үеэр цамц, аяга, жааз гэх мэт түүхий эдийн хомстолд өртсөн. Тухайн үед дотооддоо боломжтой бүхнээр ажлаа үргэлжлүүлээд явсан юм. Мөн захиалга ихтэй үеэр тоног төхөөрөмжийн асуудлууд гарах нь бий. Тиймээс бид бараа материал, тоног төхөөрөмжийн чанар, нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна.

Бид үйлчлүүлэгчийн захиалгад алдаа, эндэгдэл гаргахгүйн тулд жижиг гэлтгүй асуудлыг шийдвэрлэхээр анхаарч ажилладаг даа. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж бидний хувьд хамгийн чухал үзүүлэлт.