2D, 3D график, анимэйшн, и-спортыг хөгжүүлэхэд нарийн технологи, төрөлжсөн орчин, бодит туршлага зайлшгүй шаардлагатай. Тэрхүү хэрэгцээг бодитоор бий болгосон HyperWorld туршлагын төвийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. 

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Ти Зон компани нь и-спорт, бүтээлч салбарын мэргэжилтэн, сонирхогч залууст технологийн хувьсгалд гарч буй шинэ боломжуудыг цаг алдалгүй туршиж, ур чадвараа хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулах зорилгоор уг төслийг санаачлан хэрэгжүүлж буй юм. 

Нэр: HyperWorld
Хаяг: Хан-Уул дүүрэг, Токио Таун I давхар
Чиглэл: Gaming, Graphics
Үүсгэн байгуулагч: "Могул" группийн ерөнхийлөгч Н.Баттулга
Үүсгэн байгуулагдсан он: 2022 он 10 дугаар сар
Холбоос: Hyperworld.gg (Фэйсбүүк), Hyperworld.gg (Инстаграм) HyperWorld.gg (Вэб)


"HyperWorld" төвийн менежер, Chief gamer Т.Сайнбуянт

Сэдэл

Хүн төрөлхтний хөгжлийг технологигүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголд контент бүтээгчид, цахим тоглоомын зах зээл улам өргөжиж, хүрээгээ тэлсээр буй. И-спорт олимпын хэмжээнд яригдаж, "Youtuber" гэдэг ойлголт мэргэжил болтлоо хөгжлөө. Харин энэ зах зээлд суурь дэд бүтэц буюу чанартай технологи, хурдтай интернэт, бүтээгдэхүүн худалдаачдын шийдлийг нийлүүлсэн газар одоогоор Монголд алга.

Бидний мэдэх "Компьютер Ланд" болон хувиараа бизнес эрхэлдэг цөөхөн хүмүүс л хэрэгцээтэй технологи, төхөөрөмж нийлүүлсээр байна. Угтаа төхөөрөмжийг нэг удаа худалдан аваад өнгөрөх бус үргэлж шинэчилж, сайжруулах шаардлагатай. Энгийн гар утасны үйлдлийн систем, аппууд хүртэл шинэчлэгдэж сайжирсаар байдаг шүү дээ.

Түүнтэй адил компьютер тоног төхөөрөмжийг борлуулахаас илүүтэй хэрэглэгчидтэй харилцах харилцаа, борлуулалтын дараах засвар үйлчилгээг хангах, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй нийлүүлэх зорилгоор Монголд анхны технологи туршилтын төвийг нээсэн нь "HyperWorld" төв юм. "Могул" группийн ерөнхийлөгч Н.Баттулга захирал санаачлан энэ оны таван сараас төслийг эхлүүлж, өнгөрсөн аравдугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн.

Ялгарал 

Хэрэглэгчид хамгийн супер, өндөр хүчин чадалтай үзүүлэлтүүдийг хайдаг ч Монголд албан ёсны баталгаатай газар байхгүйгээс Амазон болон гаднын худалдааны сайтуудаас захиалдаг. Харин одоо "HyperWorld" туршлагын төвөөс хамгийн өндөр үзүүлэлт, хүчин чадалтай компьютер, тоног төхөөрөмжийг өөрт нийцсэн хэрэглээнд тохируулан худалдан авах боломжтой.

Туршлагын төв учраас хэрэглэгчидтэй харилцах харилцаа хамгийн чухал. Манайд ирдэг худалдан авагчид санаандгүй үзэж сонирхоод өнгөрөх биш өөрт хэрэгтэй, шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүсэж зорин ирдэг.

Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээний тухай сэтгэгдэл, туршлагаа хуваалцах, заавар зөвлөгөө хүсэх, санал бодлоо солилцох төв нь болж буйгаараа онцлогтой. Компьютер төхөөрөмжөө сайжруулах, ямар нэг эд хэрэгсэл нэмж авахын тулд ач тус нь юу болох, хэрхэн ашиглах тухайд асуух, зөвлөх хүн байдаггүй. IT гадарладаг хамаатан, садан найз нөхөд зэрэг цөөхөн мэддэг хүмүүстээ ханддаг энэ байдлыг бид халах зорилготой.

Тоног төхөөрөмж худалдаалахаас гадна VIP тоглоомын өрөө болон лайв стрийм хийх өрөөнүүд бий. Видео рендэр, 3D хийдэг залуус хамгийн сүүлийн үеийн CPU, GPU төхөөрөмжөөр тоноглосон өрөөнүүдийг маань ашиглан чанартай тоног төхөөрөмжөөр хурдтай ажиллах боломж нээлттэй.

Мөн контент бүтээгчдийн зах зээл өргөсөж буй тул стрийм хийх сонирхолтой хүмүүс олширсон. Яаж хийх, хийж үзвэл ямар байх, ямар тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах тухай манай стрийм өрөөг ашиглан туршиж, мэдэж авах боломжтой цогц туршлагын төв гэдгээрээ тод ялгарна. Цахим тоглоом сонирхогч залуучууд нэлээд сонирхон туршиж байгаа. Саяхан дуучин Roockie ирж манай өрөөгөөр үйлчлүүлсэн. Хүүхдээ харангаа стрийм хийхээр сонирхож байна гэсэн.



Манай төвд дэлхийд танигдсан борлуулагч компаниудын бүтээгдэхүүнийг турших үзэх боломжтой. Одоогоор 25 орчим нийлүүлэгчдийн 1300 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд байна. Лайв стрийм чиглэлийн номер нэг Elgato, тоглоомын зах зээлд тэргүүлэгч Razer, MSI, Gigabyte,Thermaltake зэрэг технологи үйлдвэрлэгчдийн эх хавтан, график карт зэрэг олон бүтээгдэхүүн бий. Энэ брэндүүдийн супер үзүүлэлт, хүчин чадлыг туршиж үзэх боломжийг бүрдүүлж өгсөн нь бүтээгчдийн хязгаарыг тэлэх давхар зорилготой.

Технологийн бүтээгдэхүүн алдаатай үйлдвэрлэгдэх эрсдэл өндөр байдаг. Амазон эсвэл хаа нэгтэйгээс онлайнаар бараа захиалаад иртэл гэмтэл, согогтой байх нь элбэг. Буцаах уу, дахин солиулах уу зэрэг аргагүй нөхцөл үүсдэг. Харин бид нийлүүлэгч нартай албан ёсны эрхтэйгээр хамтарч ажилладаг тул шууд хандаж, бүтээгдэхүүний дараах үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой давуу талтай.

Мөн и-спорт, контент бүтээх чиглэлд бидэнтэй хамтарч ажиллахад суурь бүтэц, тоног төхөөрөмжөөр хамтарч ажиллахад бүрэн нээлттэй. Үүд хаалгаа нээснээс хойших хоёр сарын хугацаанд олон хүмүүс өргөнөөр үйлчлүүлсэн. Youtuber Gremix, лайв стриймэр Чинтөгс зэрэг залуучууд ирж танилцан үйлчлүүлсэн.


Hyperworld гэж юу вэ?

Дижитал ертөнцөд холбох гүүр.

нэр

Дижитал орчин хөгжихийн хэрээр хувь хүн бүр өөр өөрийн ертөнц, орон зайг бүтээж байна. Фэйсбүүк ертөнц дэх Т. Сайнбуянт өөр, инстаграм, твиттер, линкэд-ин ертөнцөд бас нэг өөр гэх мэт бид маш олон төрлийн ертөнцтэй болж буй. Hyper буюу таны байгаа тэрхүү олон ертөнцийг бид нээж өгье, хамтдаа бүтээлцэхэд тусалъя гэх үүднээс ийнхүү нэрлэсэн.

одоо

Нээлтээ хийгээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Одооноос л үйл ажиллагаа маань жигдэрч эхэлж байна. Төсөл эхэлснээс хойш бараа захиалах, гаднын нийлүүлэгчидтэй холбогдох зэргээр хөгжүүлэх олон ажил хийсэн. Одоо ч мөн үргэлжлүүлсээр байна. Nvidia-ийн албан ёсны эрхээ авахаар ярьж байна. Ингэснээр HyperWorld нэрээр график карт үйлдвэрлэх боломжтой болно.


"HyperWorld" төвийн хамт олон

баг

Тоног төхөөрөмж худалдах, дараагийн баталгаат үйлчилгээ үзүүлэхэд туслах ПС техникчид буюу худалдааны инженерүүд бий. Тэд худалдан авагч нарт зөвлөгөө үзүүлэх, төсөвт нь таарсан зөв сонголт хийхэд тусалдаг. Худалдааны инженерүүд болон нярав гэсэн цомхон бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ирээдүй

Технологийн супер хурд, хүчин чадлыг туршиж, бодитоор мэдэрч, хэвшсэн хязгаараас чөлөөлөгдөх боломжийг манай төв олгож байна. Ирэх оноос сургалтын төвүүдтэй хамтран код бичих, тоглоом бүтээх анхан шатны сургалт зохион байгуулахаас гадна контент бүтээгчдийг дэмжин хамтран ажиллана.

И-спортын тоглоомыг тоглохоос гадна ард нь ямар код байдаг, 3D хөдөлгөхөд юу хэрэгтэй вэ зэргээр бүрэн утгаараа дижитал ертөнцийн үүд хаалгыг нээхээр чиглэж байна. Carnival Hunt, Fragile зэрэг видео тоглоомуудыг хийсэн “Beer Night" студитэй хамтран 2D рекламууд хийсэн.

Цахим тоглоом болон контент бүтээгчдийн зах зээл fan based байдаг талтай. Би дота тоглох дуртай гэхэд ижил сонирхолтой хүмүүстэйгээ ойр байж, тэднээс мэдээлэл авна. Хэрэв тэдгээр хүмүүст "HyperWorld" танигдвал манай төвийг зорино. Тиймээс тэрхүү маркетингийг үргэлжлүүлэн хийнэ.

эрсдэл

Дотоод үйл ажиллагаа, жижиг ажлууд жигдэртлээ амаргүй байлаа. Мөн хэрэглэгчдэд буруу хэвшиж тогтсон зан төлөв байна. Амозоны барааг харчихаад үнэтэй байна гэж боддог. Гэтэл бүтээгдэхүүн оруулж ирэхэд гааль, тээвэр, нөат зэрэг олон зардал нэмэгддэг атал түүнийг анхаарч боддоггүй. Бид аливаа брэнд, бүтээгдэхүүн ямар үнээр тогтож зардал гаргадгийг мэддэг байх хэрэгтэй.