Нийгэм, байгаль орчны асуудлыг шийдэх тухай яриа өрнөхөд төрийн бодлого, олон улсын төсөл хөтөлбөр, хандив тусламж хамгийн түрүүнд санаанд ордог. Тэгвэл бидний өдөр бүрийн худалдан авалт нийгэмд өөрчлөлт авчрах хүчтэй хэрэгсэл байж болохыг бид тэр бүр анзаардаггүй.
Энэхүү ойлголтыг нийгэмдээ түгээн дэлгэрүүлж, нийгэмд эерэг нөлөө бүтээх байгууллагууд, бизнесүүд, хэрэглэгчдийг холбох гүүр нь болж, худалдан авагч суурьтай нийгмийн хөрөнгө оруулалтын соёлыг бүтээхээр зорьж буй орон зай бол impact LAB.
Бизнесийн нэр: impact LAB
Хаяг: УИД-ийн баруун хойно, Мандухай зочид буудлын зүүн талд, 8/9-р байр, 1 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Эвент орон зай, кофе шоп
Аж ахуйн нэгжийн хэлбэр: Монголын Сошиал Энтерпрайзуудын Холбоо ТББ
Үүсгэн байгуулагч: Б.Агнууш
Үүсгэн байгуулагдсан: 2024 он
Цахим хуудсууд: www.impactlab.mn, impact LAB, impact Cafe
Уриа үг: impact бүтээх амархан боллоо!
СЭДЭЛ

2020 онд "Тойрог" хэмээх нийгмийн бизнесээ үүсгэн байгуулж байлаа. Бидний гол зорилго комисс буюу хуучин хувцасны хэрэглээг байгальдаа ээлтэй хэрэглээ хэмээн таниулж, залуусын дунд "cool" тренд болгон нутагшуулах явдал байв. Тэр зорилгодоо хоёр жилийн дотор амжилттай хүрээд нийгмийн нөлөөллөө нэмэгдүүлэх ямар санаачлагууд эхлүүлж, өргөжих боломжтой тал дээр хөгжүүлэлт хийн хөрөнгө оруулж эхэлсэн юм.
Тэгтэл Монголын хуучин хувцасны зах зээл 100 хувь гадаадын импортоос хамааралтай, бид 30 жил гаднын хүмүүсийн эдэлж хэрэглэсэн зүйлийг л худалдан авсаар ирснийг олж мэдээд "Шкаф" гэх монгол хүний хайрлаж эдэлсэн хувцас хэрэглэлийг татан төвлөрүүлдэг, эргүүлэн зах зээлд байхгүй хямд үнээр санал болгодог дэлгүүр нээсэн юм. Улмаар энэ загварыг амжилттай өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт татахаар Монголын бараг бүх стартап хөрөнгө оруулалтын газраар явсан л даа. Тэр үе нь 2022 он.
Би бүтэн нэг жил хөрөнгө оруулалт татахаар уйгагүй явсан. Эхлээд “M-Stars”-т очиход, "Танайх глобал түвшинд тэлэлт хийх алсын хараагүй, Unicorn болох зорилгогүй юм байна. Бид зөвхөн гадагшаа чиглэсэн технологийн стартапад хөрөнгө оруулна" гэсэн. Дараа нь Рио Тинто Монголын “RiCycle сан”-д санал тавихад "Манайх зөвхөн дахин боловсруулах төсөлд хөрөнгө оруулна" гэв. Гэтэл дахин боловсруулалт хийх чинь өөрөө хүлэмжийн хий ялгаруулдаг шийдэл шүү дээ. Бидний философи бол Re-use буюу ямар ч хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр эргэн ашиглах шийдэл байсан юм.
Ингээд Гүнд Инвестментийн Сократус хөтөлбөрт очлоо. Манайх хэдийн хоёр жил үйл ажиллагаа явуулчихсан, соёлоо түгээчихсэн, MVP-ээ гаргаад өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явж байхад анхан шатны бойжуулах хөтөлбөр санал болгосон. Эцэст нь “Шарк Танк” нэвтрүүлэгт ортол, хоёр шарк хөрөнгө оруулъя гэснээс нэг нь Зайсанд байрлах тайлбайд дэлгүүрээ нээгээд бартер хийе гэсэн, өөр нэг нь улс төрийн карьерын PR-даа миний нүүр царайг ашиглах сонирхлоо илэрхийлсэн.
Эндээс би нэг зүйлийг маш сайн ойлгосон юм. Монголын хөрөнгө оруулалтын зах зээлд нийгэмд бүтээж буй эерэг нөлөө буюу импактыг тооцдог ганц ч газар байхгүй юм байна. Бизнесүүдэд эерэг нөлөө үзүүлэх шийдэл дутагдсанд биш, эерэг нөлөөг сонирхох капитал бүрэлдээгүйд асуудал нь байж таарсан. Тийм ч учраас саяхан “Тойрог” дэлгүүрээ хуучин хувцасны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгодоо амжилттай хүрсэн гэж үзээд албан ёсоор үйл ажиллагааг нь зогсоосон.

Тогтвортой хөгжил, нийгэм байгаль орчны асуудлыг ярихаар бид ихэвчлэн төр засаг шийдэх ёстой эсвэл гадаадын грант тусламж авах хэрэгтэй гэж боддог ч ТББ болон бизнесүүд өдөр тутмын үйл ажиллагаагаараа дамжуулан ямар нэгэн асуудлыг шийдэж байдаг.
Харамсалтай нь уламжлалт ТББ-ууд анхнаасаа грантын хамаарал бүхий бүтэцтэй хөгжчихсөн, тиймдээ ч өөрсдийнхөө үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлэх чадваргүй болоод байна. Жишээлбэл, саяхан USAID хаагдаж, АНУ-д улс төрийн өөрчлөлт гарахад л Монголын ТББ-уудын 70 орчим хувийнх нь санхүүжилт шууд зогссон. Эндээс бид нийгмийнхээ асуудлыг дандаа гаднын мөнгөөр шийдвэрлэж ирснийг харж болно.
Өөр нэг талд, уламжлалт бизнесүүд зөвхөн ашгийн араас хөөцөлдөж, нийгмийн хариуцлага болон ESG гэх ойлголтууд маркетингийнхны хариуцдаг ажил байдлаар хязгаарлагдаж байна. Яг энэ хоёр салбарын зааг дээр нийгэмд эерэг нөлөө үзүүлэх алсын хараатай үүсгэн байгуулагдсан нийгмийн бизнесүүд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс эдгээр бизнест дэмжлэгтэй экосистем бүтээх зорилгоор Монголын Сошиал Энтерпрайзуудын Холбоо ТББ-аа байгуулсан.
ТББ-аа байгуулаад жил хагасын турш судалгаа хийж, бэлтгэлээ хангасны дараа яг ажилдаа ороход хөрөнгө оруулалт нэн шаардлагатай болов. Манай “impact LAB”-ын өнөөдрийн энэ орон зайг бий болгох нийт 150 сая төгрөгийн төсвийг (энэ бол 6 сарын үйл ажиллагаа, цалин, түрээс, бүтээн байгуулалтын зардал) босгох том сорилт бидний өмнө ирсэн юм.
Бид энэ санхүүжилтийг шат дараа, зарчимтайгаар босгосон. Хандив өгөөч гэж царайчлахыг хүсээгүй тул гүйцэтгэх багийн 16 сайн дурын залуус, комьюнити түншүүдтэйгээ хамтран 8 цуврал арга хэмжээ зохион байгуулав. Байгууллагуудад бодит үйлчилгээ үзүүлж, хариуд нь санхүүжилт авдаг энэхүү зах зээлийн зарчмаар эхний 40 сая төгрөгөө босгосон юм.

Үргэлжлүүлэн нийгэмд эерэг нөлөө бүтээх үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс бүрдсэн шинэ жилийн бэлгийн багц борлуулж, ашиг хүртэх байдлаар нэмж 8 сая төгрөг цуглуулсан. Ингээд нийт 600 гаруй хувь хүмүүс болон 52 аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор 48 сая төгрөгийг босгож чадлаа.

Үлдсэн санхүүжилтийг Сингапурын нийгмийн бизнесийн экосистемийг хөгжүүлэгч “raiSE Singapore” байгууллагын 10 жилийн ойд уригдан очихдоо Лоринэт сангийн үүсгэн байгуулагч Пьер Лоринэттэй уулзаж, санаагаа танилцуулснаар дараагийн том боломжийн үүд нээгдсэн дээ. Ингээд олон улсын томоохон сангууд ямар ч түүхгүй, шинэ ТББ-д шууд грант олгодоггүй гэх бичигдээгүй хуультай ч бидний идэвх санаачилгыг өндрөөр үнэлэн, үлдсэн санхүүжилтийг олгохоор зөвшөөрсөн нь энэ.

Бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэ гурван сарын хугацаанд нийт 25 байгууллагатай хамтран 44 арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 2800 гаруй залуус impact LAB хэмээх орон зайгаар үйлчлүүлж, нийгэмдээ хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.Агнууш
ялгарал


Монголын ихэнх ТББ-ууд гаднын грантаас хамааралтай, хөтөлбөрөөс хөтөлбөрийн хооронд амьдарч байна. Бид энэ хэв маягийг эвдэж, ТББ атлаа бизнес загвараар санхүүгийн бие даасан байдлаа хангаж чадна гэдгийг өөрсдөөрөө туршин, бодит кейс болохыг зорилгоо болгосон. Хууль эрх зүйн тодорхойгүй орчинд эрсдэл үүрэн хийж буй энэ туршилт маань амжилттай болбол иргэний нийгмийн салбарт том үүд хаалга нээгдэнэ.
Үндсэндээ бид энд хоёр өөр түвшинд ажиллаж байгаа. Монголын Сошиал Энтерпрайзуудын Холбоо ТББ-ын хувьд бодлого, судалгаа, стандарт тогтоох институцийн ажлуудаа нугалж байгаа бол impact LAB нийгэмд эерэг нөлөө бүтээж буй ААН-үүдэд илүү хэрэглэгч дээр суурилсан санхүүжилтийн урсгалыг бүтээж өгөх үндсэн зорилготой. Угтаа бидний өдөр тутам хийх жижиг худалдан авалт бүр нийгэмдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт байж болох тухай суурь ойлголтыг хэрэглэгчдэд өгөхөөр зорьж байна. Манай орон зайн чухал хэсэг болох impact Cafe үүний тод илрэл нь юм. Суугаад кофе уу, найзуудтайгаа ч хууч хөөр, үйлчлүүлсэн төлбөр тань манай ТББ-д 100% хөрөнгө оруулалт болж орно.
IMPACT LAB ГЭЖ ЮУ ВЭ?
Impact LAB бол нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэлтэй оролцогч талууд нэгнээ олдог, хамтардаг, нөлөөллөө нэмэгдүүлэх үйлдэл хийж болдог орон зай.
НЭР
Химийн лабораторид атом, молекулууд хоорондоо урвалд орж, зарим нь түлхэлцэн, зарим нь нэгдэн шинэ элемент үүсгэдэг шиг "impact LAB" нь нийгэмд эерэг нөлөөлөл бүтээхийг эрмэлзэж буй хувь хүмүүс болон байгууллагууд хоорондоо учирдаг, нэгнээ олж хамтардаг, туршин бүтээдэг орон зай байгаасай хэмээн бэлгэдэж нэрийдсэн.


ОДОО
Яг одоо тулгарч буй хамгийн том сорилт бол импактыг сонирхол татахуйц, эдийн засгийн хувьд ч өгөөжтэй гэж таниулах явдал юм.
Дэлхийн практикийг харвал, Америкт капиталистууд болон гарааны бүлгүүд төрөөс хамааралгүйгээр "B Corp" гэх мэт хөндлөнгийн сертификатжуулалтыг бий болгон хөгжүүлсэн байдаг. Англид гэхэд л 20 гаруй жилийн өмнө хууль эрх зүйн орчноо баталж, шалгуурт нь нийцсэн бизнесүүдийг улсаас бодлогоор дэмжин, нийгмийн бизнес буюу Community Interest Company болгон явуулдаг тогтолцоо хэдийн бүрэлдсэн байх жишээтэй.
Гэтэл Монголд төр нь бодлогоор дэмждэггүй, капиталтай хэсэг нь сонирхдоггүй. Нийгэм болон байгаль орчны асуудлыг бүгд ярьдаг атлаа тэр асуудлын шийдэл рүү хөрөнгө оруулдаг хөшүүрэг, эдийн засгийн ашиг сонирхол огт угсрагдаагүй.
Иргэдийн түвшинд ч ижил. Дэлгүүрийн лангуун дээр Вьетнамаас орж ирсэн 3000 төгрөгийн саван, өрх толгойлсон ээжүүдийн хамтран үйлдвэрлэсэн 5000 төгрөгийн саван хоёр өрөөстэй байхад дийлэнх нь хямдыг л сонгодог. Өөрөөр хэлбэл, оролцогч талууд маань огт импактыг сонгохгүй байгаа юм.
Тиймээс бидний гол даалгавар бол оролцогч талуудад шууд хүртэх бодит үнэ цэн, үйлчилгээг ашиг сонирхол дээр нь суурилж загварчлах замаар нийгэмд бий болох эерэг нөлөөг нэмэгдүүлэх тэдгээр холболтыг угсрах явдал юм.
БАГ

Одоогоор энэ бүх туршилт, үйл ажиллагааны ард 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тууштай ажиллаж байна.
Тодруулбал:
impact LAB-ын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.А.Цэлмэн
impact Cafe хариуцсан менежер Э.Хулан
impact Cafe бариста Б.Мөнхцэцэг, Б.Мөнхжил, Э.Гооцэцэн, Х.Шижиртуяа
Комьюнити менежер Г.Мичидмаа
Creators Club-ын ерөнхийлөгч Г.Бадамсүрэн
Нөлөөллийн үнэлгээ, хөгжүүлэлтийн албаны дарга Б.Алтанзул
Судалгаа, нөлөөллийн үнэлгээ хариуцсан ахлах Т.Азбилэг
Чадавхжуулах хөтөлбөр хариуцсан ахлах Б.Оюумаа
Технологи хариуцсан ахлах Г.Түвшинбат
болон миний бие ТББ-ынхаа гүйцэтгэх захирлын албаа хашиж, бүх үйл ажиллагаагаа уялдаатай авч явж, хөгжүүлэхээр зорьж, багийнхныхаа ур ухаанаар хамтдаа урагшилж байна даа.
ИРЭЭДҮЙ
Лоринэт сантай хийсэн урт хугацааны хөрөнгө оруулалтын дараагийн шатны хөрөнгө оруулалт орж ирэхээр хүлээгдэж байна. Эхний авсан санхүүжилтийнхээ хүрээнд бид "impact LAB"-ыг биеэ даагаад явчихдаг бизнес болгох, зургаан сарын хугацаанд хөл дээр нь босгох амлалттайгаар ажиллаж байгаа. Үүнээс хэдийн гурван сар нь өнгөрчхөж.
Үүний дараагийн тэлэлтийн үе шатанд хоёр том ажил зэрэг эхэлнэ. Энэ нь импактыг хэмжих хэрэгсэл болон чадавхжуулах хөтөлбөр боловсруулах ажил байх юм. Эдгээр ажлыг чиглүүлэх багууд маань хэдийн бэлэн болсон. Цаашлаад ТББ-ынхаа институцийн ажил болох импактыг стандартжуулах, нийгмийн бизнесүүдийн пайплайн угсрах гээд хэтийн зорилгын суурь ажлууд хийгдэнэ. Одоогоор бидэнтэй хамтран ажилладаг 13 партнер байгууллага, саяхан шинээр нээсэн "Creators Club"-т маань нэгдсэн 15 контент бүтээгч залуус гээд манай экосистем маш эрчтэй бүрэлдэж байна.

Энэ бүхнээс хамгийн сонирхолтой нь импактыг хэмжих хэрэгсэл юм. Бодит байдал дээр нийгэмд эерэг нөлөөлөл бүтээж байгаа нийгмийн бизнесүүдэд нэг том асуудал бий. Тэдний хийж байгаа зүйл асар их үнэ цэнтэй ч, түүнийгээ дата хэлээр илэрхийлж чаддаггүй. Гоё юм хийдэг ч яг юу хийгээд байгаа нь датан дээр суурилаагүй учраас томоохон корпорацуудтай нэг хэлээр ярьж чадахгүй хэвээр.
Харин нөгөө талд, том корпорацуудад ESG (Байгаль орчин, Нийгэм, Засаглал)-ийн үнэлгээгээ өсгөх маш том ашиг сонирхол байна. Тэд үнэлгээгээ өсгөхийн тулд жижиг, дунд бизнесүүдийн бүтээж буй бодит эерэг нөлөөллийг худалдан авах буюу ханган нийлүүлэлт, CSR-ийн түвшинд хамтран ажиллах бүрэн боломжтой. Даанч энэ хоёр талын хооронд холбогч тал байхгүйгээс болоод том капитал жижиг бизнесүүд рүү орохгүй, харин жижиг бизнесүүд нь үргэлж хохирогчийн сэтгэхүйгээр зовлон ярьсаар дуусах гээд байдаг.



Бидэнд буй алсын хараа гэвэл 10 жилийн дараа нийгмийн бизнес нь өөрөө норм болсон байхыг л харахыг хүсэж байна. Өнөөдөр бидэнд тулгарч буй байгаль орчин, нийгмийн олон цогц асуудлын эх үүсвэр нь угаасаа л үйлдвэрлэгч, корпорац, бизнесүүд. Тиймээс бизнесүүд нийгэмд үзүүлж буй нөлөөллийнхөө хариуцлагыг буцааж үүрдэг байх нь "нийгмийн хариуцлага" гэж попрох зүйл биш, зүгээр л өглөө босоод талх иддэг шиг байх ёстой суурь үнэт зүйл нь болж байж бид тогтвортой хөгжих тухай ярих нөхцөл бий болох юм.
Цаашлаад залуус хоорондоо уулзахдаа "Би ийм шинэ машин авсан, тийшээ аялаад ирлээ" гэж гайхуулдаггүй, харин "Найз нь саяхан нийгэмдээ ийм эерэг өөрчлөлт бүтээлээ" гэж нийгмийн оролцоогоороо бахархдаг, үүгээрээ өөр хоорондоо өрсөлддөг тийм л шинэ соёлыг нийгэмд бүтээхийн төлөө ажиллаж байна.
ЭРСДЭЛ
Энэ хугацаанд туршиж, ажиллаж үзсэний үндсэнд авсан хамгийн том сургамж гэвэл, Монголд нийгмийн асуудалд оролцдог идэвхтэй бүлэг бидний төсөөлж байснаас жижигхэн, цөөхөн хүмүүсийн хүрээлэл юм байна гэдгийг ойлгосон явдал.
Би урьд нь бизнесээрээ дамжуулаад нийгэмд эерэг нөлөө үзүүлэх гээд зүтгэж явсан хүн. Гэтэл голын тоглогч хийгээд, нийгмийн байгууллагуудын арга хэмжээнүүдийг нь зохион байгуулаад, олон байгууллагын комьюнитиг харахаар давхацсан тоогоор цөөхөн хүн байдаг юм байна гэдгийг анх удаа анзаарсан. Тэгэхээр манай нийгмийн идэвхтэй бүлэг өөрөө маш бичил, нэг л хэлээр ярьдаг, нэг нэгнээ таньдаг хаалттай вакуум орчин болчихсон байж.
Үүнээс бидний стратеги тодорхой болсон. "impact LAB"-ын гол зорилго бол хаалттай жижиг комьюнити дотроо эргэлдэх биш олон нийтийг энэ экосистем рүү татаж, идэвхтэй иргэн болгож хөрвүүлэх явдал юм. Шинээр байгуулсан "Creators Club” бол үүний илрэл. Бид тэдэнд шаардлагатай платформ, нөөцийг нь олгосноор, тэдний дуу хоолойгоор дамжуулан олон нийтийг импакт экосистем рүү татаж идэвхгүй ажиглагч биш, өдөр тутмын сонголтоор нийгэмдээ хөрөнгө оруулдаг иргэн болгож хөгжүүлнэ гэж итгэж байгаа.



Сэтгэгдэл бичих

