Дөрвөн жилийн өмнө бид "Индранил" шүдний эмнэлгийг "Онцлох бизнес" буландаа танилцуулж байв. Тэгвэл тус эмнэлгийг үүсгэн байгуулагчийн эхлүүлсэн, эрүүл мэндийн салбарт анхдагч цоо шинэ бизнесийн моделийг өнөөдөр танилцуулж байна. Тэр бол анхан шатны эмнэлгийн тусламжийг ая тухтайгаар, урьд байгаагүй шинэ байдлаар санал болгож буй "Индранил Фармаси Клиник" юм. 

Нэр: Индранил
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 5а байр, 40 тоот
Чиглэл: Эмнэл зүйн эмийн сан
Үүсгэн байгуулагч: Т.Адъяатөмөр
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны нэгдүгээр сарын 1
Холбоос: 24 цагийн Эмчтэй эмийн сан - Indranil Pharmacy Clinic 24 tsagiin emiin san (Фэйсбүүк)


Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Адъяатөмөр

Сэдэл

Бид 2016 онд Индранил групп компаниа байгуулж, шүдний эмнэлэг, фармаси клиник, хөрөнгө оруулалтын үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Эмнэлэг, эмийн сан гэхээр л айдас төрүүлэм, тав тухгүй, хуучны зүй тогтол бүхий газар байх ёстой гэж үү гэдэг бодлоос үүдэн бизнесээ эхлүүлэхээр шийдэж байлаа. Ийнхүү эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, ая тухтай, амар хялбар, ойроос хүргэх зорилгоор эмчтэй эмийн сан төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь Монголдоо анхны тохиолдол болсон юм.

Манайхан дунд нэгдүгээр шатлалын буюу сум, өрхийн эмнэлгээ тааруу гэх түгээмэл ойлголт байдаг. Тийм ч учраас шууд хоёр, гуравдугаар шатлал руугаа буюу дүүргийн болон УНТЭ, УХТЭ гэх мэт томоохон эмнэлгүүд рүү давж үйлчлүүлэхийг зорих хандлага нь түгээмэл. Угтаа бол иргэд хамгийн их үйлчлүүлэх ёстой, хамгийн өргөн хүрээний эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ёстой газар нь нэгдүгээр шатлал.

Учир нь нэгдүгээр шатлалын эмнэлэг нь урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны түгээмэл тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаардаг бол хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэг нь илүү нарийн мэргэжлийн болон хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг. Хэрэв бид өвдөхөөсөө урьдчилан сэргийлэх талдаа илүү анхаарч чадвал өвдсөнийхөө дараа гарч болох зардлыг 17 дахин хэмнэх боломжтой. Мөн цаашлаад хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах боломжтойгоос гадна шаардлагагүй тарилга, сувиллын чанартай хэвтэлтүүдийг багасгах бүрэн боломжтой. Гэтэл одоогоор харамсалтай нь иргэдийн 98 хувь нь өвдсөнийхөө дараа эмнэлэгт очиж байна.

Мөн бид эмийн зохисгүй хэрэглээг бууруулахаар зорьж буй. Хүн өвдсөн үедээ эхлээд эмчид үзүүлэн ямар эм уух, ямар эмчилгээ хийлгэхээ тодорхойлж шаардлагатай бол эмийн жороо бичүүлснийхээ дараа эмийн сангаас эмээ авах ёстой. Гэтэл манайхан яг дээрх жишээн адилаар нэгдүгээр алхмаа алгасан шууд эмийн сангаас эм авахаар зүтгэдэг. Нөгөө талаас эмийн сангийн жор баригч, эм найруулагч нар нь дур мэдэн зөвлөгөө өгч эм олгодог буруу хандлага байдаг. Харин сүүлийн үед жортой эмийг дур мэдэн олгох хандлага харьцангуй буурч байгаа нь сайн талтай. Нэмээд хэрэглэгчид авсан эмээ эмчийн зааврын дагуу яг хоног хугацаа, цагт нь ууж чадалгүй өөрийн хүссэн цагтаа уух, эсвэл мартах, цаашлаад гүйцэд уухгүй дундаас нь хаях зэрэг нь эмийн бүрэн үйлчлэх боломжийг алдуулж, дасан зохицол үүсгэх, замбараагүй хэрэглээтэй болгох гол шалтгаануудын нэг болж байна. Энэ мэт тогтсон буруу ойлголтыг засаж, залруулахад эмчтэй эмийн сангийн ач холбогдол оршино.

Ялгарал

Эмчтэй эмийн сан буюу "конвениенс фармаси клиник" гэдэг нь бидний бусдаас ялгарах хамгийн том ялгарал. Бид одоогоор эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулахаас гадна нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал, нарийн мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу утлага, тарилга, шарлага, бариа, бумба, дусал гэх мэтчилэн олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Мөн манайд органик бүтээгдэхүүн болон +18 бүтээгдэхүүний хэсэг бий. Гадуур секс шоп олон байдаг ч залуус ичээд орж чадахгүй байх нь элбэг. Хоёрт, секс шопын гол бүтээгдэхүүн болох иргэдийн хэлж заншсанаар сэрэл өдөөгч эмийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч борлуулах эрхтэй байдаг нь ийм төрлийн хэсэг гаргах шалгаан болсон. Цаашид бид өвчлөл бүрд тусгайлан бэлтгэсэн эрүүл хоол, хүнсний хэсгийг нээхээр зорьж байна. Мөн олон талт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлуудыг шат дараатай хийнэ.

Түүнчлэн бид эмийн сангийнхаа дотоод засал, уур амьсгалыг ердийн эмийн сан, эмнэлгээс илүү тав тухтай байхаар шийдэж өгсөн. Жишээ нь, эмийн санд маань дандаа зөөлөн ая эгшиглэж байдаг нь нэг төрлийн "sound therapy" буюу дуу авиа, хөгжмийн эмчилгээ болж өгдөг. Мөн “Coffee Corner” гэх мэт жижиг гэлтгүй хүний хэрэгцээнд чухал хэсгүүдийг нэмж өгснөөр үйлчлүүлэгчид маань илүү ая тухтай үйлчлүүлэх боломжтой болсон.



“Индранил фармаси клиник” гэж юу вэ? 

Ая тухтай анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ.

Нэр

Индранил – Цорын ганц анагаах увдистай эрдэнийн чулуу.

Одоо 

Эмчтэй эмийн сан төслийн 2.0 хувилбар буюу CARE төслийг эхлүүлэхээр зорьж байна. Үүнд үндсэн гурван бүтээгдэхүүн, үйлчилгээ бий. Нэгдүгээрт, "local care" буюу танд хамгийн ойр байх биет төвүүд. Үүний хүрээнд 2024 он гэхэд 100 салбар, 2026 он гэхэд 220 гаруй салбарыг байгуулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, "online care" буюу “Mend” аппликейшныг ашиглан зайнаас тусламж, үйлчилгээ авах боломжтой бол "Care" аппликейшнийг ашиглан цахимаар эмийн жороо бичүүлэх, эм уух зөв дадалд суралцах боломжтой. Эрүүл мэнддээ анхаарах тусам "Care" токеноор урамшууллын оноо цуглуулан хөнгөлөлттэй үйлчилгээ авах гэх мэт олон боломж нээгдэх юм. Гуравдугаарт, "home care" буюу нэгэнт л олон салбартай болж буйн хувьд оффис, гэрт тань дуудлагаар очин танд хэрэгтэй бүхий л төрлийн анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, мөн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүргэлт хийх юм.



Баг

Одоогоор нарийн мэргэжлийн эмч, эм зүйч, сувилагч, жор баригч, туслах ажилтнаас бүрдсэн 10-12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаашид илүү олон салбартай болохын хувьд хоногоор ажилладаг, ажилладаггүй гэдгээсээ хамаараад энэ тоо нь хэлбэлзэх юм.

Ирээдүй

Бид өөрсдийн “Care Coin”-ийг гаргахаар зэхэж байгаа. Ингэснээр хэрэглэгчид "Care" аппликейшнийг ашиглан төлбөр тооцоо хийх, урамшуулал авах боломжтойгоос гадна токеноо бусдад бэлэглэх, хандивлах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, “Care" койныг ашиглан төлбөр тооцоогоо хөнгөлөх, илүү токеноо санхүүгийн боломжгүйгээсээ болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хэн нэгэнд бэлэглэх зэргээр утга учиртай хөрөнгө оруулалт хийх бололцоо бүрдэх юм.

Мөн ирээдүйд бий болох олон салбар цэгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжийг бүрдүүлнэ гэж төлөвлөж байна.

Эрсдэл

Хамгийн том эрсдэл нь мэдээж хүний эрүүл мэнд эрсдэх. Хоёрдугаарт, бусад төрлийн бизнесийг бодвол эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл авах, салбараа төрөлжүүлэх процесс амаргүй. Мөн бид шинэ соёл, шинэ стандартыг үүсгэж, хэрэглэгчийн зан төлөвийг өөрчлөхөөр зорьж байгаа маань амаргүй сорилт болно байх.