Хятад, Англи хос хэлний өндөр мэдлэг, чадварыг эзэмшүүлж дэлхийд өрсөлдөх иргэдийг бэлтгэх алсын хараатай Күнз дунд сургууль шинэ дугаарын маань зочид юм. Цовоо дуугаар мэхийн мэндлэх бяцхан багачууд сургуулийн дэг соёл, хандлагыг илтгэх нь тунчиг өхөөрдөм. 

Хоёр багш, хоёр сурагчтай эхэлсэн Күнз сургууль өнөөдөр 500 гаруй сурагч 100 гаруй багш ажилчидтай таван жилийн ойгоо угтаж байна. Хүүхдийн мэдлэг боловсрол, хандлага төлөвшлийг зөв чиглүүлэх сурган хүмүүжүүлэх үйлсэд үлгэр жишээлж буй Күнз сургуулийн хамт олонтой илүү ойроос танилцъя. 

Нэр: Күнз дунд сургууль
Хаяг: Хан-Уул дүүрэг, Ар зайсан 91/1, Күнз сургуулийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Боловсрол, хүүхэд төвт хөгжил
Үүсгэн байгуулагч: Г.Өнөрсайхан
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Цахим хуудсууд: Күнз Дунд Сургууль (фэйсбүүк) kunz.edu.mn (вэб)


ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ЗАХИРАЛ: Г.ӨНӨРСАЙХАН

Сэдэл

Би нэгдүгээр ангидаа Хятад Монголын хамтарсан "Найрамдал" дунд сургуульд элсэж байлаа. Дийлэнхдээ Монголд амьдарч буй хятад иргэдийн хүүхдүүд суралцдаг тул хичээлүүд хятад сурагчдад зориулсан сурах бичиг, хөтөлбөрийн дагуу явагдана. Насандаа ахадсан өндөр ачаалал, айдас шахалт дунд Хятад хэл эзэмшсэн. Үргэлжлүүлэн 10 жил болон их сургуулиа Хятадад дүүргэсэн боловч эх хэл болон байгалийн ухааны ерөнхий эрдмийн мэдлэг дулимаг төгссөн.

Дараа нь Харбины Технологийн их сургуульд албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ оюутны холбоо байгуулан монгол залуучуудтай ойр ажилласан. Дөнгөж сургуулиа төгссөн 17, 18 настай залуучууд эцэг эхээсээ хол хүний газарт ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг болно. Хичээл таслах, гэмт хэрэгт холбогдох зэргээр амьдралын зорилгогүй, цаг хугацааг хий дэмий нөхцөөж буйд нь өмнөөс нь харамсмаар.

Миний болоод бусад олон хүүхдүүдийн амьдралд тулгарсан, цаашдаа ч өөр бусдад тохиож болох энэ мэт бэрхшээлийг засаж, өөрчлөн, амьдралдаа утга учиртай зүйл бүтээхээр зориглосон минь Күнз сургууль юм.

ялгарал

Бидний хувьд нэн тэргүүнд хүүхэд, хоёрдугаарт багш, ажилчид гуравдугаарт удирдлага гэсэн зарчимтай ажилладаг. Хэрэглэгч буюу эцэг эхчүүд манай сургуульд хүүхдээ сургаж сэтгэл тэнэгэр, амар мэдрэмж авах учиртай.

Хятад хэлний сургалт бол бидний хамгийн том ялгарал. Бид үндсэн хөтөлбөрөөс гадна бага ангийн хүүхдүүдэд нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын аргын хөтөлбөрөөр Хятад хэл заадаг. Мөн хүүхэд мэдрэмжээ зөвөөр илэрхийлэх, орчин хүрээлэлтэйгээ харьцаж сурах нийгэм, сэтгэл зүйн SEEL хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Сурагчид, багш ажилчдыг гэр, сургуульд зөөх 16 чиглэлийн 20 автобус явдаг нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан сайн жишээ гэж боддог. Автобусаар явснаар хүүхэд хичээлээс хоцрох, хичээл тараад өөр тийшээ явах асуудал үүсэхгүй. Харин багш ажилчдын хувьд зөөврийн компьютер, дэвтэр засах зэрэг өдөр тутамдаа багагүй ачаа үүрдэг тул ажилчдын автобусанд гэхэд жилдээ 100 сая гаруй төгрөг төсөвлөдөг.

Мөн сурагчид 14 төрлийн дугуйлангаас сонгож нэг хичээлийн жилийн турш суралцдаг. 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн Күнз сургуулийн бүх сурагчдыг бүжгийн дугуйланд хамруулахаар төлөвлөж байна.


Урлагийн тоглолтод бэлдэж байна


Бид Күнз боловсролын төвтэй хамтран Хятадын их дээд сургуулиудтай хамтарч ажилладаг. Оны эхэнд Хятадын Цинхуа, Бээжингийн их сургуультай уулзсан. Монгол оюутнуудын сүрхийг магтаж, математикийн суурийг анхаарах хэрэгтэй тухай захиж хэлсэн. Мөн энэ зун Бээжингийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль руу сурагчдаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Күнз сургуулийг төгссөн сурагч Хятадын ямар ч сургуульд бакалаврын зэрэгт суралцахад хэлний болон суурь мэдлэгийн саадгүй байх нь бидний зорилго.

Саяхнаас багш ажилчид сайн дураараа хамтран Күнз сургуульдаа өөрчлөн, сайжруулах шаардлагатай найман төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь “Унтаахай” буюу багш ажилчид, сурагчид өдөрт 15 минут унтах төсөл. Өдөрт ийнхүү богино хугацаанд дугхийснээр хүүхдүүдийн хүлээн авах чадвар, анхаарал төвлөрөл сайжирч, оройдоо сэргэгээр гэрийн даалгавраа хийж байгаа зэрэг эерэг сайн үр дүнгүүд гарч байна.


"Унтаахай" төсөл

Күнз дунд сургууль гэж юу вэ? 

Бид хүүхдийг сургаж мөн хүмүүжүүлж буй сурган хүмүүжүүлэгчид. Күнз бол салбартаа манлайлж, тогтолцоог шинэчилж буй хүүхдийг хүн болгон төлөвшүүлдэг сургууль.

одоо

Бид хагас жилдээ нэг удаа эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Түүгээр Күнз сургууль стандарт спорт заалтай болох хэрэгтэй саналууд ирсэн. Түүнчлэн бид сурагчдын биеийн жингийн индексийн судалгаа хийхэд 10 хүүхэд тутмын дөрөв нь жингийн илүүдэлтэй, гурав нь дутагдалтай, гурав нь хэвийн жинтэй гарсан. Өндөр, жингийн харьцуулалтаар 10 хүүхэд тутмын гурав нь хэвийн, долоо нь асуудалтай гэсэн үг. Тиймээс сургуулийн хойд талд 3800 мкв талбай бүхий спорт заал, өргөтгөлийн төсөл эхлүүлэн ажиллаж байна.

баг

Бид үндсэн 70, гэрээт 30 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Удирдлагын баг дотроо найман бүтэцтэй.

Сайн багшаас сайн сургалт гарах учир багтаа зөв хүн элсүүлэхэд хамгийн их анхаардаг. Ажлын ярилцлагад орохоор ирсэн бүх хүнд би өөрөө 40 минутын танилцуулга хийдэг уламжлалтай. Учир нь манай сургуулийн үнэт зүйл, эрхэм зорилгыг ойлгосон хүн өндөр хүсэл тэмүүлэлтэй орж ирнэ гэсэн үг.


YCT шалгалтад тэнцсэн сурагчид

ирээдүй

Өнгөрсөн таван жил бидний хувьд тогтолцоо тогтсон жил байлаа. Харин ирэх таван жилийг соёл тогтоох таван жил гэж төлөвлөж байна. Өмнө дурдсан сургуулийн барилгын өргөтгөл болон спорт заалны төслөө амжилттай хэрэгжүүлнэ. 2026 онд манай анхны төгсөгчид сургуулиа төгсөнө. Күнзийн сурагчид дэлхийн шилдэг сургуулиудад тэтгэлэгтэй суралцаж, манлайлан салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэрийн хуудас болох учиртай.

эрсдэл

2018 онд сургуулиа байгуулж байхдаа 2021 он гэхэд өөрсдийн гэсэн сургуулийн байртай болно гэдгээ эцэг эхчүүддээ амлаж байлаа. Харин тэрхүү амлалтаа хүрэхэд амар зам туулаагүй. Байр, газар эрж хайсаар сүүлдээ үл хөдлөх хөрөнгө, зуучлалын компани хүртэл байгуулж үзсэн. Удалгүй сургуулийн байраа олсон боловч корона вирус дэгдэж бүх сургалтын үйл ажиллагааг зогсоож хөл хорио тогтоосон. Энэ барилга бол 31 айлын орон сууцны барилга. Бид бүгдийг нь нурааж, шинээр барьж байгуулсан. Ковидын үед хот руу том машин оруулахгүй, тоосго, элс зөөх аргагүй тул нураасан хогон дундаасаа бүтэн тоосго олж сургуулийн барилгаа барьсан. Биднээс шалтгаалаагүй амаргүй цаг үеийг хамтдаа сайнаар даван туулж өнөөдөр таван жилийн ойгоо тэмдэглэж байна.