Бизнесийн зарчим, байгууллагын соёлоосоо хуваалцдаг “Онцлох бизнес” булангийн шинэ дугаарт завгүй амьдралаасаа түрхэн зуур завсарлаж, аажуу уужуухан амьдрахыг уриалдаг “Laazy” кофе шопийг онцолж байна. 

Бидний даваа гараг бүр эрхлэн гаргадаг Unread Today сонин хотын төвийн олон кофе шопт байршдаг бөгөөд хамгийн онцлох байршлуудын нэг нь Laazy кофе шоп юм. Хүүхдийн 100 хавьцаа оффислодог залуус уг кофе шопийг андахгүй биз ээ. Ингээд Laazy-гийн байгуулагдсан санаа сэдэл, онцлог, давуу тал, зорилго зорилттой нь илүү ойроос танилцъя.   

Нэр: Laazy

Үйл ажиллагааны чиглэл: Кофе шоп

Үүсгэн байгуулагдсан: 2024 оны зургаадугаар сарын 26

Үүсгэн байгуулагч: Л.Ундрах

Сошиал хуудсууд: Laazy coffee (Facebook) | laazycoffee (Instagram)

сэдэл

Laazy бол миний дуртай бүх зүйлийн цогц. Би Монголд зураглаачаар бакалаврын зэрэг хамгаалаад дараа нь маркетингийн чиглэлээр Солонгост мэргэжил дээшлүүлж, тэндээ багагүй хугацаанд ажиллаж, амьдарсан. Би урьдаас кофенд дуртай болохоор кофе шопуудын дизайн, лого, тохижилт гээд бүхий л чимхлүүр зүйлийг ажиглах дуртай. Улмаар Монголд ирж, бизнес эрхлэхээр шийдээд бизнесийн санаагаа бодох болоход кофе шоп л хамгийн түрүүнд толгойд орж ирсэн. Ингээд зорилтот хэрэглэгчид, консепц зэргээ бодож, төлөвлөгөө гаргаад зургаан сарын дараа кофе шопоо нээж байлаа.


Үүсгэн байгуулагч Л.Ундрах

ялгарал

Залхуурч болно: Нийслэлчүүд, тэр дундаа залуус амьдралдаа хурдан хэмнэлийг урьтал болгож, эрт бос, шинэ зүйл сур, хийж бүтээ гэх мэтээр яаруу түргэн амьдрах нь нийтлэг болжээ. Иймд бид “үгүй дээ, жаахан амсхийгээд тайвшир, залуу хүн ч бас хааяа залхуурч болно, амьдралын хэв маяг удаан байсан ч зүгээр” гэдгийг брэндингээрээ уриалдаг.

Лаазтай кофе: Удаан тухалж суухаас илүүтэй уух зүйлээ аваад явах консепцтой учраас авч явахад хамгийн тохиромжтой савлагааг сонгохыг хичээж, лаазыг сонгосон. Лаазанд савласнаар асгарахгүй, хүйтнээ удаан барьдаг, хөнгөн цагаан учраас байгальд хурдан шингэдэг, тэр чинээгээрээ хуванцараас хэд дахин хурдан дахин боловсруулагддаг ашиг тустай.

Хэсэгхэн амсхийх өртөө: Улаанбаатарт байгаа ихэнх кофе шопийн дотоод заслыг анзаарвал сүртэй интерьер, сүрдэм тавилгуудтай байдаг бөгөөд удаан тухлан сууж, урт хугацааг өнгөрүүлэхэд чиглэсэн тохижилт, уур амьсгалтай байдаг. Түүнийгээ дагаад ч тэр үү, захиалга өгөх, дараалалд зогсох, шатаар дээш доош гарах, захиалгаа авах зэрэг удаан бөгөөд олон үйл явцыг кофе авахад зарцуулдаг. Харин бүхээг маягаар загварчилсан Laazy-д хэдхэн хором саатахдаа уух зүйлээ авч, сониноо гарчиглаад илүү энгийн бөгөөд амархан байдлаар өглөөний кофетойгоо золгох боломжтой.



laazy гэж юу вэ?

Товчхондоо, Laazy бол авч явдаг кофе шоп. Бид үүд хаалгаа нээхдээ сегментээ тодорхойлж, залуусыг гол хэрэглэгчдээ гэж тодорхойлсон тул тэдний худалдан авах чадамжийг олон талаас нь бодолцож үзэн хамгийн доод үнийг санал болгож байгаа. Нөгөөтээгүүр бид мерч, стикер зэрэг дагалдах бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн өнгө төрх, загвар хийцээр дамжуулан залууст эерэг мессеж түгээхийг хичээдэг. Жишээ нь, манай “Завгүй ч залхуур” гэсэн уриалга бүхий стикерийг харсан хүмүүст “нээрээ л ...” гэсэн бодол төрж, хэсэг амсхийх зөвшөөрлийг өөртөө олгодог болов уу гэж боддог.

Дүү маань олон жил баристагаар ажилласан туршлагатай болохоор менюгээ зохиохдоо илүү олон, шинэ нэр төрлийн уух зүйлсийг багтаахыг хичээсэн. Манайд олон төрлийн ade гардаг, тэр дундаа саатай ade хамгийн алдартай.



нэр

Lazy + Лааз = Laazy

одоо

Бид нэг жилийнхээ ойг угтан энэ сардаа багтаж хамтрагч, үйлчлүүлэгч нартаа зориулсан арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байна. Мөн нэг жилийн ойг тохиолдуулан маркетингийн үйл ажиллагаандаа түлхүү анхаарч, хямдрал, урамшууллын ажлуудыг ч мөн төлөвлөсөн байгаа. Саяхнаас бид blu брэндтэй хамтран подволк, даавуун цүнх, лаазны цүнх зэрэг мерч бүтээгдэхүүнүүд гаргаж эхэлсэн ба цаашид эдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

баг

Одоогоор менежер, нягтлан, хоёр бариста, надтай нийлээд тавуулаа ажиллаж байна.


ирээдүй

Laazy-г франчайз хэлбэрээр өргөжүүлэх сонирхолтой. Ингэхдээ салбарынхаа орон зайг тэлэх бус одоогийн жижиг хэмжээгээ хадгалж, харин илүү олон салбартай болж, хүртээмжээ тэлэхийг илүүд үзэж байна.

эрсдэл

Гол түүхий эд болох лаазаа урд хөршөөс худалдаж авдаг. Иймд Хятадын хил хаагдах үед түүхий эдийн дутагдалд орох эрсдэлтэй. Анх бизнесээ эхлээд удаагүй байхдаа хил хаагдах эрсдэлийг тооцолгүй, түүхий эд татан авалтын төлөвлөгөөндөө алдаа гаргаж байсан ч одоо бол бид нэгэнт л хилийн хориг хэзээ, хэрхэхийг шийдэж чадахгүйгээс хойш үүсэж болох эрсдэлд тохируулан, түүхий эдээ урдчилан бэлтгэх, нөөцлөх тал дээр анхаарч ажиллдаг болсон.