Орчин цагт дарс тэргүүтэй согтууруулах ундааг бид “согтох” гэж биш дотнын нэгэнтэйгээ халуун дулаан яриа өрнүүлэх, зочноо дайлах, идсэн хоолоо шингээх, эрүүл мэнддээ анхаарах гээд олон төрлөөр хэрэглэдэг болсон нь олзуурхууштай.
Ойрын жилүүдэд “Эмэгтэйчүүдийн л уудаг зүйл” хэмээх ташаа ойлголтоос гарч, олны хэрэглээнд эрчимтэй нэвтэрч буй дарс хэмээх ундааг үйлдвэрлэдэг L'Emissaire компанийн хамт олныг бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Францын Бордо мужид өөрсдийн эдлэн газартаа ургуулсан усан үзмээр хийсэн дарсаа Монгол руу нийлүүлж буй Монгол-Франц гэр бүлийн ажлын арга барил, одоо ба ирээдүйтэй танилцъя.
Бизнесийн нэр: L'Emissaire
Хаяг: Монгол, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Матрикс төв, 302 тоот
Франц, Арвейрес, 1 Larteau 33350
Үйл ажиллагааны чиглэл: Усан үзэм тариалалт, дарсны үйлдвэр, борлуулалт
Үүсгэн байгуулагч: Pierre-Yves Rigaux, Б.Марал
Үүсгэн байгуулагдсан: 2022 он
Цахим хуудсууд: L'Emissaire (Фэйсбүүк), l.emissaire (Инстаграм), lemissaire.mn (Веб хуудас)
Сэдэл
Монгол Улс нөөц баялаг ихтэй ч дийлэнх иргэдийн хувьд эрүүл хүнсээр дутагдаж, хүнсний аюулгүй байдлын асуудалтай нүүр тулгарч байгаа мэт санагддаг. Үүнийг би өөр орнуудад ажиллаж, амьдарч явахдаа ойлгож мэдэрсэн. Эдгээр асуудлын шийдэл бол мэдээж газар тариалан буюу хэрэглэж буй хүнсээ өөрсдөө тарьж ургуулах.
Газар тариалан гэдэг хялбар салбар биш ч аргыг нь олж чадвал боломж үргэлж бий. Манай гэр бүл Францын хөдөө аж ахуйн арга барилыг эзэмших, дарсны соёлыг эх орондоо түгээх, цаашлаад эх орондоо газар тариаланг хөгжүүлж, дэлгүүрийн тавиур дээрх эрүүл хүнсний сонголтыг бага ч гэсэн нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд Францын Бордо мужид 70 га усан үзмийн талбай бүхий дөрвөн эдлэн газрыг худалдаж авсан. Тэдний нэг болох Лартугийн шилтгээн гэхэд л тэртээ 1766 оноос үүдэлтэй. Манай гэр бүл олон зуун жил үргэлжилсэн энэхүү өв соёлыг залгуулж авч яваа хэрэг.
Өмнө нь дарс ууж байсан болохоос өөрсдөө хийж үзсэн туршлага үгүй тул суралцах зүйл тун их байсан шүү. Тэр бүгдэд суралцсаар өнгөрсөн намраас албан ёсоор монголчууддаа өөрсдийн эдэлбэр газрын усан үзмийн дарсаа хүргэж эхлээд байна.
Ялгарал
Нэгт, төсөр үнэ. Үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гарт ирж буй учир middleman буюу дундын зуучлагчгүй. Францад дарс өдөр тутмын хэрэглээ байдаг ч Монголд тансаг хэрэглээндээ ордог нь энэхүү дундын зуучлагч нарын үйлчилгээний хөлстэй холбоотой.
Хоёрт, үйлдвэр-хэрэглэгч. Бид бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэд өөрсдөө хүргэдэг тул тэдэнтэй шууд харилцах, санал хүсэлтийг нь сонсох, цаашдын үйл ажиллагаандаа анхаарах боломж бүрддэг. Үүнээс гадна борлуулж буй бүтээгдэхүүн бүрээ өөрсдийн гараар бүтээсэн тул дарсныхаа утга учир, үнэ цэнийг хэрэглэгчдэдээ илүү сайн түгээж чаддаг.
Гуравт, алсын хараа. Зөвхөн ашиг олох зорилгоор дарс борлуулна гэдэг нэг хэрэг. Харин бид усан үзмээ тарьж, дарсны үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй Монголдоо хөдөө аж ахуйн хөгжил дэвшил, арга барилыг нутагшуулах зорилготой.
L'Emissaire гэж юу вэ?
L'Emissaire бол бидний монголчууддаа зориулан бүтээсэн дарс. Брэнд танигдалтаа бодон компаниа ч энэхүү нэрээрээ нэрлэсэн. Угтаа L'Emissaire (Лэмиссэр) гэдэг нь францаар "Элч" хэмээх утгатай.
Монгол болон Франц улсын найрамдалт харилцаа XIII зуунаас эхлэлтэй. 1253-1255 онд Францаас Гийом де Рубрук хэмээх санваартан тухайн үеийн нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Мөнгөн модны дөрвөн амнаас дарс, хар айраг, будааны архи, зөгийн балын сархад урсаж буйг бичиж тэмдэглэсэн байдаг. Энэхүү үйл явдал хоёр улсын харилцаанд тодоор бичигддэг бөгөөд манай компани өөрсдийгөө орчин үед дарсны соёлыг Монголдоо түгээж буй элч хэмээн үзэж ийнхүү нэрлэсэн билээ.
ОДОО
Манай дөрвөн эдлэн газраас нийт зургаан төрлийн дарс гардаг. Одоогоор Монголд L'Emissaire, Château Sénilhac гэсэн хоёр төрлийн дарсаа борлуулж байна. Удахгүй бүх дарсууд маань худалдаалагдаж эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар Domaine de L'Emissaire-ийн дөрвөн эдлэн газрын дарснууд Их Британи, Норвеги, Дани, Недерланд, Герман, Белги, Чех, Малта, Сингапур, Монгол гэх орнуудад импортлогдож байна. Цаашлаад Орос, Казахстан улсад импорт хийхээр зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн танилцуулах ажлуудаа хийж буй.
L'Emissaire (44,000₮), Château Sénilhac (49,000₮) - Худалдан авах
Аливаа бизнес хийхийн тулд хэрэглэгчдэд хоногших, цаашлаад тэдэнд бүтээгдэхүүнтэй холбоотой шаардлагатай зүйлсийг таниулах ёстой болдог. Бид ч мөн энэ замналаар яг одоо дарсны соёл болон өөрсдийн дарсын үнэ цэнийг таниулахад анхаарч байна. Наад зах нь монголчуудын дунд дарс хямд үнэтэй байвал чанаргүй гэх хэвшмэл ойлголт бий.
Гэтэл бидний хувьд үйлдвэрлэсэн дарсыг маань хүн болгон амсаж үзээсэй хэмээн үнээ аль болох бага байлгах дээр анхаарсан. Хаана үйлдвэрлэгдэж, яаж орж ирсэн нь мэдэгдэхгүй дарс зараагүй учир хэрэглэгчид маань манай дарсны түүхийг мэддэг, ойлгодог, үнэлдэг байгаасай гэж хүсдэг.
баг
L'Emissaire-ийн Франц дахь баг 14, Монгол дахь баг таван хүнтэй. Францын багийн хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Европын холбооны улсуудад худалдаа явуулах үүрэгтэй бол Улаанбаатар хотод орших L'Emissaire-ийн Төв оффис нь брэнд хөгжүүлэлт болон Ази бүсийн худалдааг хариуцдаг.
Энэ ташрамд, дарсанд чин сэтгэлээсээ хайртай, энэ соёлыг түгээх хүсэлтэй залуус байвал бидэнтэй холбогдохыг хүсье. Мөн Монголд газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлдэг хувь хүн, албан байгууллагуудтай туршлага солилцох, хамтарч ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно шүү.
ИРЭЭДҮЙ
Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Тийм ч учраас 100 жилийн өмнө бидэнд гурван жилийн дараа л ургацаа өгдөг усан үзмийн мод тарих боломж байгаагүй. Харин орчин цагт юмс өөрчлөгдөж байна. Суурин соёлоос сурах ёстойгоо сурч, энэ том газар нутагтаа нүүдлийн болон суурин соёл иргэншлийг хослуулж чадваас бид хүчирхэг эдийн засагтай орон болж чадна гэдэгт итгэдэг.
Ингэхийн тулд нүүдлийн соёлоо авч үлдэхийн зэрэгцээ суурин соёл иргэншлээс суралцаж, энэ хоёрын тэнцвэрийг олох учиртай. Энэхүү асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардах үйлд хувь нэмрээ оруулах нь манай компанийн алс ирээдүйн чиг гэж хэлж болно.
Харин ойрын ирээдүйд дээр дурдсанчлан бусад төрлийн дарсаа оруулж ирэх, хэрэглэгчдийн дарсны мэдлэгийг нэмэгдүүлэх, зэргэлдээх орнууд руу импортлох төлөвлөгөө бий.
эрсдэл
Юун түрүүнд тариалан эрхэлнэ гэдэг байгаль орчин, уур амьсгал, бүр цаашилбал орох хур тунадасын хэмжээнээс ихэд шалтгаалдаг. Дэлхийн дулаарал ялангуяа Европт ихээхэн нөлөөлж буй энэ цаг үед жил бүрийн ургац хураах үе өөрчлөгдөх, хээрийн түймэр гарахаас эхлээд олон эрсдэл бий болж байна.
Өөр нэгэн эрсдэл нь мэдээж тээвэр. Монголд ирж буй ихэнх дарс зэргэлдээ орнуудаас орж ирдэг бол бид дарсаа Франц дахь өөрсдийн эдлэн газраасаа зөөдөг. Ингэхийн тулд тэндээ далайгаар зөөгдөж, дараа нь наашаа газраар ирдэг. Олон мянган километр зам туулах явцдаа тээврийн чингэлгийн хэмийг тогтмол байлгах, нарны шууд тусгал оруулахгүй байх зэргээр стандартуудыг хангах хэрэгтэй болно. Энэ бол бизнес талаасаа маш том зардал. Түүнээс гадна биднээс хамаарахгүй тээвэр саатах, удаашрах, үнэ хөлс нь нэмэгдэх зэрэг нь томоохон эрсдэл.