Байр орон сууц зарах, түрээслэх, борлуулах зэрэг чухал шийдвэрүүдийг мэргэжлийн хүнтэй хамтран гаргах нь сэтгэл ханамжтай үлдэх хамгийн зөв шийдэл гэдэгтэй энэ төрлийн хэрэгцээ, шаардлага гарч байсан хүн бүр санал нийцэх биз.
Өндөр хариуцлагатай, завгүй хэнмнэлтэй үл хөдлөхийн салбарын мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, бүтээмжтэй ажиллах шийдлийг бүтээсэн Listly-ийн хамт олон шинэ дугаарын маань зочноор оролцлоо. Агент, реалтор, брокер оффис, хэрэглэгч үйлчлүүлэгчдийг холбосон цогц платформыг хөгжүүлж буй залуу хамт олонтой илүү ойроос танилцъя.
Нэр: Listly
Үйл ажиллагааны чиглэл: Үл хөдлөх хөрөнгийн салбарын технологийн стартап
Үүсгэн байгуулагч: Р.Алтанзул
Үүсгэн байгуулагдсан он: 2022 он
Цахим хаяг: Listly.mn
Цахим хуудсууд: Facebook, Instagram

сэдэл
Эргэн тойронд маань үл хөдлөх хөрөнгийн салбарт агентаар ажилладаг найзууд цөөнгүй бий. Тэдэнтэй уулзах бүрд гар утаснынх нь багтаамж байр, байшингийн зургуудаар дүүрчихлээ гэж үргэлж хэлдэг. Энэ асуудлыг энгийн апп ашиглаад клауд дээр хадгалж хялбархан шийдэж болмоор санагдсан боловч тэдний хувьд зөвхөн зураг хадгалахаас гадна зар оруулах, зураг засах, харилцагчидтай уулзах, утсаар ярих, мэдээлэл хадгалах зэрэг гар ажиллагаа шаардсан олон бэрхшээл тулгардаг гэдгийг нь сонсож мэдсэн. Эндээс л агент хүний цагийг хэмнэж, бүтээмжийг дэмжих технологийн бүтээгдэхүүн Listly Agent аппын санаа төрж, нөхрийнхөө хамтаар эхлүүлсэн.
ялгарал
Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйлчилгээ үзүүлдэг технологийн компаниуд ихэвчлэн зөвхөн байгууллагад зориулсан шийдэл санал болгож байгаа харагддаг. Бидний хувьд үл хөдлөхийн брокер оффис болон барилгын компаниуд, тэдний харилцагчдад зориулсан нэгдсэн цогц систем санал болгож, агент, реалторуудын өдөр тутмын асуудлыг шийдэх, бүтээмж, борлуулалтыг дэмжих технологийн үйлчилгэээ хүргэдгээрээ онцлогтой.


Гар утасны апп
Завгүй агент реалторуудад гар утасны апп хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн. Нэн түрүүнд өөрийн зарж борлуулж буй үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл, листийг оруулж хадгална.
- Цаасан нэрийн хуудас биедээ авч явах бус аппын V card ашиглан харилцагч, үйлчлүүлэгч нартай хурдан хугацаанд харилцана.
- Ашиглах шаардлагатай зургуудаа клаудад хадгалж, хэрэгтэй үедээ татан авч болно.
- Сошиал платформуудад зар оруулахдаа Листли студи хэсгийн бэлэн загваруудаас хүссэнээрээ сонгон ашиглах боломжтой.
- Хэрэглэгч, харилцагчийн хаяг, дугаар зэрэг хэрэгтэй мэдээллийг хадгалах хэсэг бий.
- Зарын дэлгэрэнгүйг ганцхан холбоосоор үйлчлүүлэгч рүү илгээж болно.
- Аппын функцууд зураг, текст зэрэг оруулсан мэдээлэлд үндэслэн ажиллах ба тайлбар боловсруулах хэсэгт тухайн байрны үндсэн мэдээллийг оруулахад текстийг автоматаар боловсруулдаг.
Брокер оффисуудад зориулсан удирдлагын панел
Энэхүү бүтээгдэхүүн нь брокер оффисууд дахь нийт листийн тоо, төрөл, үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг сар, улирал жилээр харуулах давуу талтай. Түүнчлэн агентуудын оруулсан мэдээллээр дамжуулан уулзалт, төлөвлөгөө зэргээр ажилтны ерөнхий төлвийг мэдэх боломжтой. Хамгийн гол онцлог нь брокер оффисууд цугларсан листийн мэдээллээрээ зөвхөн өөрсдөдөө зориулсан вэб сайтыг бүтээх боломжтой. Одоогоор гадна, дотнын 13 оффис болон барилгын компанийн төслүүд ашиглаж байна.


Listly гэж юу вэ?
Үл хөдлөх хөрөнгийн салбарын агент, реалтор болон брокер оффисын бүтээмжийг нэмж борлуулалтыг дэмжих технологийн ухаалаг шийдлүүдийг агуулсан платформ.
нэр
Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх явцдаа листли гэх үгийг хамгийн их сонсон. Агентууд системд оруулъя, борлуулъя биш лислти гэж ярьдаг юм билээ. Тиймээс сонсоход нийцтэй, зах зээлд хоногшиход хялбар, стартап стилийг тооцож Listly хэмээн нэрлэсэн.
одоо
Бид одоогоор 1000 гаруй агент, реалтор, 13 брокер оффис, барилгын компанид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хэрэглэгчдийн бүтээмжийг нэмэх талдаа илүүтэй анхаарсан бол одоо борлуулалтыг нь дэмжихээр ажиллаж байна.
Үүний хүрээнд бид хэрэглэгчдийнхээ нийтэд зориулсан тохиргоотой листүүдээс бүрдсэн market.listly.mn сайтыг туршилтаар ажиллуулж байгаа бөгөөд энэ сайт маань цаашид хэрэглэгчдэд маань борлуулалтаа нэмэгдүүлэхэд тус болно гэж үзэж байна. Учир нь үл хөдлөхийн салбарын вэбсайт өдөр тутмын шинэ зар мэдээлэлгүйн улмаас хэрэглэгчгүй болж бүтэлгүйтдэг олон жишээ бий. Харин манай сайтад аппыг маань хэрэглэж буй агентуудын мэдээллүүд цаг алдалгүй, өндөр давтамжтай орж байх юм.


баг
Манай компани бизнес, санхүү, программ хангамжийн чиглэлийн долоон хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Бидний хувьд цөөхөн хүн, өндөр бүтээмжтэй, хурдтай ажиллах нь үр дүнтэй тул туршлагатай мундаг залуусаар багаа бүрдүүлсэн.
ирээдүй
Бид цаашид хэрэглэгчдэдээ зориулан хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг төлөвлөж, технологийн шинэлэг боломжуудыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ цаг алдалгүй нэвтрүүлсээр байх болно. Мөн Зүүн өмнөд Азийн зах зээлд гарахаар төлөвлөж Сингапурын агент, реалторуудад Listly Agent гар утасны аппын англи хэл дээрх хувилбарыг туршилтаар ажиллуулж эхэлсэн.
эрсдэл
Гарааны бизнесүүдийн жишгээр өнгөрсөн хугацаанд гар нийлж ажиллах багаа бүрдүүлэх, үйл ажиллагаагаа жигдлэх хүртлээ бүсээ чангалж явлаа.
Хэрэглэгчдэд хэрэгтэй бүтээгдэхүүн хийхээс гадна тэдэнд таниулж мэдүүлэх, хэрэглэж сургах нь томоохон сорилт болдог юм байна. Эхэндээ бид өөрсдөө хүн бүрд аппаа ашиглуулж, ямар чухал хэрэгцээтэй вэ гэдгийг нь танилцуулж явсан. Харин одоо Listly аппыг хэрэглэдэг хэрэглэгчид маань өөрийн эргэн тойрны хамтран ажилладаг агентууд, найзууддаа апп ашиглаж байгаа туршлагаасаа хуваалцаж байгаа нь энэ сорилтыг давах нэгэн хүч болж байна.
Listly Agent апп татах холбоос: Appstore, Google Play

Сэтгэгдэл бичих

