2020 оны нөхцөл байдал дижитал шилжилтийг дэлхий дахинд хэд дахин хурдасгасантай уншигч та санал нийлэх биз ээ. Технологийн тусламжтай бид онлайнд ажиллах чадвараа ахиулж, зайнаас ч гэсэн өндөр бүтээмжтэй ажиллаж, багийн уулзалтаа алгасахгүй хийх боломжтой болж байна. Энэ чиг хандлага, хэрэгцээ шаардлагыг дагаад контентийн чанар, хийцийн асуудал эрхгүй яригдах болсноор мэргэжлийн компаниуд бүр ч эрэлт хэрэгцээтэй болж буй. Иймд бид өнөөдрийн дугаартаа "Лайвстрим Монголиа" компанийг "Онцлох бизнес" буландаа урин, мэргэжлийн видео контент үйлдвэрлэл, тэр дундаа шууд дамжуулалт буюу livestream-ийн чанар, мэргэжлийн үйлчилгээний ач холбогдлын талаар ярилцсан юм.  

Нэр: Live Stream ХХК
Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчдын гудамж, "Лайвстрим Монголиа" компанийн байр
Чиглэл: Олон камерын бичлэг, шууд дамжуулалт, видео контент үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч: Д.Ундраа
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд: livestream.mn (Вэб), Livestreaming LLC (Фэйсбүүк)


Гүйцэтгэх захирал Д.Ундраа

Сэдэл

"Лайвстрим Монголиа" компани маань 2019 онд байгуулагдсан. Олон камерын бичлэг, шууд дамжуулалт, видео контент үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Сүүлийн жилүүдэд техник технологи хурдацтай хөгжиж, улмаар хүн бүр өөрийн сошиал платформуудаараа дамжуулан ямар нэг албан ёсны суваг, медиагаас хараат бусаар хувийн шууд дамжуулалт хийх боломжтой болоод буй. Энэ нь цаг хугацааны явцад хөгжсөөр нэгэнт хувийн хобби сонирхлоос хальж, бизнес, контент буюу илүү мэргэжлийн чиглэлтэй болж, чанараа ахиулсаар байгааг уншигчид мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл хүмүүс анх шууд дамжуулалтыг утсаа урдаа тавиад л хийдэг амар хялбар зүйлээр ойлгодог байсан бол хөгжих тусам үнэ цэн, нөөц боломжийг нь ойлгох болсон. Зорилтот зах зээлд нэвтрэхийн тулд лайв контентийн чанарт анхаарах нь чухал болж байгаа юм. Ингэснээр livestream-ийг илүү мэргэжлийн хийхийг эрмэлзэж, тухайн контентийнхоо чанараар дамжуулан өрсөлдөгчдөөсөө ялгарах, онцлог давуу талаа гаргаж ирэхийг хичээх болоод байна. Энэ эрэлтийг уг салбарт ажиллаж байсныхаа хувьд бүр ч илүү мэдэрч байсан нь компаниа байгуулж, уг чиглэлд мэргэших сэдэл болсон.

ялгарал

Манай байгууллагын үүсгэн байгуулагчид, мэргэжилтэн, ажилтнууд 10 гаруй жилийн хугацаанд видео студи, телевизэд ажилласан туршлагатай хүмүүс. Бидний гол зарчим бол чанартай контент, үр дүн. Деталь бүр дээр мэргэжлийн түвшинд ажиллаж, өгөгдсөн цаг хугацаанд багтаан, байж болох хамгийн сайн чанартай бүтээлийг хийх. Ялангуяа шууд дамжуулалт бол зөвхөн тухайн цаг үед ганц л удаа хийх боломжтой байдаг, ард нь ямар ч эвлүүлэг, засвар ордоггүй, алдлаа гэхэд дараагийн боломж байдаггүй өндөр хариуцлагатай ажил. Үүний шийдэл нь туршлагатай, мэргэжлийн хамт олон л байдаг. Тиймээс бидний хамгийн том ялгарал бол мэргэжлийн хамт олон, бас туршлага.

Компаниа анх байгуулж байхад хүмүүс үйлчилгээг маань сайн ойлгодоггүй байсан л даа. "Утсаа ашиглаад л лайв хийчхэж болох байтал яагаад та нарт хандана гэж?" гээд л. Ер нь бол сошиал платформ ашиглан лайв хийдэг болсноор үүнийг хүртээмжтэй болгосон сайн талтай ч, илүү том цар хүрээтэй, чухал зүйл гэдэг ойлголтыг бууруулсан сул талтай. Тиймээс лайвын үнэлэмжийг, бүрэн нөөц бололцоог таниулах нь амаргүй байсан. Харин эхний хэдэн удаагийн бичлэгийн дараа хүмүүсийн хандлага шал өөр болсон шүү. Хоёр минут ч байсан, хорин минут ч байсан, хоёр цаг ч байсан бид тухайн шууд эфирт зориулж зохиол бичиж, цагаа хуваарилж, утга агуулгад нь тохирсон тайз (павильон) бэлдэж, камерын тоо, гэрэлтүүлгийн байрлалуудыг урьдчилж тооцох гэх мэт олон ажил төлөвлөж хийдэг.

Олон камерын бичлэг гэж байгаа боловч ард нь гол хүмүүс болох зураглаачид байдаг. Шууд дамжуулалт гэж байгаа боловч ард нь эфирийн найруулагч, эвлүүлэгч, инженер гээд л олон хүмүүсийн гар нийлсэн ажил болдог юм. Ингэснээр захиалагч дараа нь зөвхөн шууд дамжуулалт хийлгээд өнгөрөх бус харин чанартай сайн контенттой үлддэг. Энэ л бидний өгч буй үнэ цэн. Мөн шууд дамжуулалтаа өөрийн вэб, фэйсбүүк гээд л бүх л платформууд дээр, бүр тв-ээр ч цацах бүрэн боломжтой. Манай нэг уриа байдаг юм, “Өөрийн тв-тэй болсон юм шиг сэтгэ” гэж.



Live stream гэж юу вэ?

Мэргэжлийн шууд дамжуулалтын үйлчилгээ үзүүлэгч, шинэлэг видео контент хөгжүүлэгч компани.

Livestream.mn нь төрөл бүрийн арга хэмжээг олон камераар нэгэн зэрэг, шууд эвлүүлэгтэйгээр өөрийн болон захиалагчийн цахим түгээлтийн талбараар цацах ба нэвтрүүлэг, кино зэргийг захиалгаар бүтээж шууд ба бичлэгээр олон нийтэд түгээдэг.

нэр

Гол үйлчилгээ маань нэрнээсээ л тодорхой ойлгогдохуйц. Live Stream буюу шууд дамжуулалт.

одоо

Хөл хориотой холбоотой алсын зайны шууд дамжуулалт, онлайн эвент, хурал, форумын ажлууд дээр төвлөрч байна. Зөвхөн шууд дамжуулалт гэлгүй олон камерын бичлэгийн үйлчилгээгээр цуврал киноны төсөл дээр ажиллаад бас саяхан дууссан.

Мөн оны сүүл үе тул компаниуд виртуал эвент, шинэ жилийн арга хэмжээ, хурал хийх нь нэмэгдэж байгаа. Тухайн компанийн зүгээс хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, бизнесийн хамтрагчид болон ажилтан, албан хаагчдаа ямар хэмжээнд хүндэтгэж, ажилдаа хэрхэн ач холбогдол өгч байгааг бидний ажил илэрхийлж байгаа учраас захиалагч бүрээ сэтгэл ханамжтай байлгах тал дээр багаараа онцгой анхааран ажиллаж байна даа.



баг

Манай компани багтаа салбар бүрээс мэргэжилтэн цуглуулах эрмэлзэлтэй байдаг. Одоогоор найруулагч, ерөнхий зураглаач, инженер, зураглаач, эвлүүлэгчид гээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Захиалга бүр дээр буюу шууд дамжуулалт болгон дээр бүх ажилтнуудын оролцоо их, бага хэмжээгээр ордог. Нэг цагийн шууд дамжуулалтыг амжилттай хийхийн тулд зохиол бичих, тайз засах, гэрэл, техникээ байрлуулах, тестлэх гээд хэдэн өдрийн ажил болдог доо.

Мөн бэлтгэлээ яаж ч сайн хангасан удаа бүр адилгүй учир хаана очиж, хэнтэй хамтарч, ямар контент хийж байгаагаас шалтгаалаад лайв бүрийн ард нэг шинэ асуудал гарч байдаг. Тиймээс багаа аль болох тайван, стрессээ удирдах чадвартай, асуудал шийдвэрлэх, яаралтай үед шийдэл гаргаж түүнийгээ бие даан удирдан хэрэгжүүлж чаддаг, хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхийг зорьдог.

ирээдүй

Бид энэ жил хагалгааны үеийн шууд дамжуулалтыг амжилттай хийж, эрдэнэт хүмүүний амь насыг аврах ажлын нэгээхэн хэсэг болсон. Монголд анх удаа монгол эмч нар бие даан хийсэн энэ хагалгааг хийх болсон шалтгаан нь тус хагалгааны зөвлөх эмч хөл хорионы улмаас гадаадад гацсанаар төлөвлөсөн хугацаанд эх орондоо ирэх боломжгүй болсонд байсан юм. Энэ дамжуулалт дээр бид эмчилгээний багтай хамтран, өндөр чанартайгаар зөвлөх эмчид хагалгааны үйл явцыг шууд дамжуулж, түүнд өвчтөнийхөө биеийн байдлыг алсаас хянах, эмч нартаа зөвлөх боломжийг олгосон.

Энэ мэтчилэн өндөр чанартай, олон камерын шууд дамжуулалтын үйлчилгээ бүхий л салбарт хамааралтай бөгөөд бодит өсөлт, чанар, хурд үзүүлж чадах алсын зайн шийдэл гэдгийг олон нийтээрээ ойлгодог, үнэлдэг болох нь цаг хугацааны л асуудал. Тиймээс бид ямар ч үед мэргэжлийн зүгээс бэлэн байх, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байх учиртай.

эрсдэл

Биднийг зөвхөн лайв хийдэг гэж ойлгох нь бий. Харин бид мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмж, олон жилийн туршлагадаа тулгуурлан үйлчилгээндээ чанар амлаж, хамтран ажилладаг. Тухайн хүний захиалга бидний хувьд байнга хийдэг 10 ажлын нэг нь л юм шиг боловч захиалагчийн хувьд тэр ажил яг нэг удаа л хийх давтагдахгүй цаг мөч нь. Энэ утгаараа бидэнд маш их хариуцлага ирдэг.

Нөгөө талаас шууд эфир бүрийн ард бид олон хүнтэй хамтарч ажилладаг. Үйлчилгээний бизнес тул нэг л хүмүүстэйгээ тогтмол хамтарч ажилладаггүй, харин захиалга бүрээс шалтгаалж хүмүүс нь байнга өөрчлөгддөг л дөө. Иймд биднээс шалтгаалахгүй олон зүйлс камерын ард өрнөнө. Гэтэл шууд дамжуулалт л хүмүүст хүрдэг болохоор ямар ч алдаа гарсан бидний нэр дээр буудаг нь том эрсдэл болдог. Энэ нь яалт ч үгүй манай салбарын, бизнесийн онцлог юм даа.