Өнөөдрийн дугаартаа бид худалдаа, үйлчилгээний салбарыг шат ахиулахад эергээр нөлөөлж буй нэгэн компанийг онцлохоор бэлтгэлээ. Ердөө 1.5-хан м.кв-т байршдаг худалдагчгүй энэ дэлгүүрийг та магад орц, оффисынхоо үүдэнд өдөр бүр харж, худалдан авалт хийдэг болов уу. Улаанбаатар хот даяар өдгөө 2000 орчим өөртөө үйлчлэх автомат машиныг санал болгодог “Magic store”-г танилцуулъя.
Бизнесийн нэр: Magic store
Хаяг: Танаас таван алхамд
Үйл ажиллагааны чиглэл: Технологи хөгжүүлэлт, худалдагчгүй дэлгүүр, жижиглэн худалдаа
Үүсгэн байгуулагч: “Мэйжик Тек Монголиа” ХХК
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Цахим хуудсууд: Magic Store (Facebook)
Сэдэл
2019 оны сүүлээр цар тахлын тухай мэдээ дуулдаж, тархац нь нэмэгдсэнээр үйлчилгээний төвүүдэд хүн хоорондын зайг нарийн баримтлах болсныг санаж байгаа байх. Эндээс бид дэлгүүр орох хэрэгцээг үүсгэдэг тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бүхий автомат машиныг хэрэглээнд нэвтрүүлбэл шаардлагагүй төвлөрлийг багасгахаас гадна эрүүл ахуйн хувьд харьцангуй бага эрсдэлтэй байж болохыг анзаарсан юм. Түүнээс гадна гаднын орнуудад энгийн хэрэглээ, хотынх нь салшгүй соёл болсон энэ технологи манай улсад ч нутагших ёстой хэмээн үзсэн. Эдгээр сэдэлдээ үндэслэн 2020 оны есдүгээр сард манай хамт олон бизнесийнхээ суурь судалгааг эрчтэй эхлүүлж байв.
Автомат машины салбарт БНХАУ дэлхийд тэргүүлдэг ба энэ ч утгаараа дэлхийн олон улсад өөр хоорондоо ялгаатай төрөл төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог. Үүний дотроос монгол хэрэглэгчдийн онцлогт Европ тиврүү гаргадаг машинууд нь илүүтэй тохирч байсан ч нэг том асуудал үүссэн нь тохирох програм байгаагүй явдал. Жишээ нь, гаднын орнуудад бараг бүх иргэд нь ашигладаг супер апптай буюу төлбөрийн нэгдсэн шийдэлтэй, түүндээ тохирсон програмтай байдаг бол манайд олон сонголттой байдаг гэх мэт. Үүнээс гадна хэрэглээний соёл, хүлээлгийн дундаж хугацаа, зан төлөв, аюулгүй байдал, түгээлтийн систем гээд олон хүчин зүйлсийн хувьд манай улс бусдаас ялгаатай байсан. Ингээд бид анхны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дотоодын хэрэглэгчдэд зориулан VMS програмаа хөгжүүлснээр 2021 онд албан ёсоор нээлтээ хийж байлаа.
ялгарал
Юуны өмнө бид борлуулалтаас илүүтэй үйлчилгээ, инновац, технологийн компани юм. Бид үйл ажиллагаагаараа дамжуулан худалдаа, борлуулалтын салбарт шинэ өнгө төрхийг нэмж, хүний нөөцийн хомсдолыг нөхөж, технологи хөгжүүлж, үйлчилгээний соёлыг түгээдэг. Өдгөө бид Улаанбаатар хотын өнцөг булан бүрд байршсан хүнсний зориулалтын 500 гаруй, конвениенс дэлгүүрүүдэд байршсан 1500 гаруй шингэн хүнсний автомат машинуудыг зах зээлд нийлүүлж, байнгын ажиллагааг хариуцаж байна. Тодруулбал, худалдагчгүй дэлгүүр бүхий Magic Store, зөөлөн зайрмагны үйлчилгээ бүхий Magic Ice, халуун уух зүйл бүхий Magic Drink гэсэн гурван төрлийн автомат машиныг хэрэглэгчдэд санал болгодог.
Дээрх бүх машинууд маань бүрэн автомат ажиллагаатай тул барааны тооллого, нөөц зэргийг эх систем дээр шууд хянах, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах боломжтой.
Magic Store гэж юу вэ?
Хэрэглээний шинэ соёлыг түгээгч, өөртөө үйлчлэх технологи.
Нэр
2020 онд суурь судалгаагаа хийж байх үедээ Тэсо Группийн нийт ажилтнуудаасаа санал хурааж, сэтгэгдлийг нь сонсож байсан юм. Оролцогчдын ихэнх нь “Гэр, ажлынхаа үүдэнд очоод л хэрэгцээт зүйлсээ хүний шаардлагагүй авна гэхээр ид шид шиг санагдаж байна” хэмээсэн нь Magic Store нэрийг сонгох түлхэц болсон.
Одоо
Үйлчилгээгээ нэвтрүүлж эхлэх үед хэрэглэгчид цааргалах нь элбэг байсан юм. Мөнгийг нь аваад гацах, төлбөрөө төлж чадахгүй байх, хэрэглэж мэдэхгүй байгаагаа бусдад мэдэгдүүлж эвгүй байдалд орохвий гэх мэт болгоомжлолоос болоод тэр. Тиймдээ ч бид анх машиныхаа хажууд өөрсдөө зогсоод хэрхэн ашиглахыг зааж, ирсэн гомдлуудыг шуурхай шийдэх үүднээс яаралтай дуудлагын төв ашиглалтад оруулж, санал гомдлыг хурдтай шийдэхэд анхаарсан. Үр дүнд нь, 2021 онд ажиллаж байсан анхны 50 машин дээр 200 гаруй дуудлага ирдэг байсан бол одоо машины тоо 10 дахин өссөн хэр нь дуудлагын тоо дөрөв дахин буурсан амжилттай байна.
Харин одоо бид үйл ажиллагаагаа дараагийн түвшинд гаргах цаг болсон гэж үзэн ээлжит үйлчилгээгээ нэвтрүүлсэн нь Magic Store түрээсийн үйлчилгээ. Манайхтай хамтрахыг хүссэн албан байгууллага, хувь хүн 1.5 м.кв-ийн л зай шаардах автомат машинуудаас маань түрээслэн, хүссэн байршилдаа тавьж, тасралтгүй ажиллагаа, бүтээгдэхүүний цэнэглэлт зэргийг хариуцан ажиллаж, түүнээсээ ашиг олох тогтолцоо юм. Одоогоор манай машиныг 30 гаруй хүн түрээсэлж байгаа ба мэдээж хэрэг бүтээгдэхүүний сонголт, аюулгүй байдал, өрөлтийн стандарт зэрэгт бид хяналт тавьдаг.
Баг
Дээр хэлсэнчлэн Улаанбаатар хотод “Мэйжик Тек Монголиа”-ийн 2000 гаруй машин ажиллаж байгаа ба эдгээр машины тасралтгүй ажиллагааг манай 100 гаруй хүнтэй баг өдөр тутамдаа хариуцдаг. Бүгд хүнсний үйлчилгээний зориулалттай машинууд болохоор хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг нарийн хангаж, өдөр бүр очиж цэнэглэх, шалгах шаардлагатай. Иймд Улаанбаатар хотын бүс болгонд худалдааны төлөөлөгч, нэгдсэн агуулах, хөргүүр, түгээлтийн системтэй.
Ирээдүй
Цаашид бид зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс гадна өргөн хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлд тэлж ажиллахаар төлөвлөсөн. Хөдөө зам дагуух автомашин зогсоолуудад автомат дэлгүүрүүдээр дамжуулан гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, жоргүй олгодог эм, машины тос масло гэх мэт яаралтай хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг 24 цагийн турш борлуулах нь манайх шиг өргөн уудам газар нутагтай, хүн амын нягтрал багатай улсад хамгийн бүтээмжтэй, оновчтой шийдэл байх болов уу. Үүнтэй холбоотой туршилт судалгаагаа ч хэдийн эхлүүлсэн.
Мөн хотын хэмжээнд ухаалаг хөргүүр, хөлдөөгчийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажилдаа орсон. Энэ үйлчилгээ зах зээлд нэвтэрснээр удахгүй та орцноосоо зайрмаг, мөс тэргүүтэй бүтээгдэхүүнийг авдаг болно гэсэн үг.
эрсдэл
Хүнсний бүтээгдэхүүн нь хадгалалтын хугацаа багатай, сав баглаа боодол нь нарийн стандарттай байдаг. Иймд бид өдөр бүр 500 гаруй машинд хяналт тавьж, өдөр бүр түгээлт, таталтыг тогтмол хуваарьт оруулан зохион байгуулдаг юм. Энэ ч утгаараа нэлээд өндөр хөрөнгө оруулалт шаарддаг онцлогтой. Харамсалтай нь, технологи хөгжүүлж, импортолж байгаа дотоодын стартап компаниудыг төр засгаас дэмждэг бага хүүтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт, зээлийн хүртээмж тун бага байдаг юм билээ. Уг нь эдгээр асуудлыг бодлогоор дэмждэг бол бидний хувьд одоо байгаагаасаа хэд дахин хурдтай тэлэх, нөгөө талаас өрсөлдөгч гарч ирэх гэх мэтээр манай зах зээлд олон боломж, хийх ажил байгаа санагддаг.
Ташрамд, манай компани үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнүүдтэй хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно. Орчин үеийн хотын иргэдийн амьдралын хэв маяг, хооллолт өөрчлөгдөж байгаатай холбогдуулан дотоодын үйлдвэр эрхлэгчдэдээ үйлдвэрлэлийн эрүүл ахуй, чанар стандартдаа анхаарч, хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөвт зориулсан эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хөгжүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл бичих