Хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг цаг хугацаа, орон зайг үл ажран гар дээрээ хүргүүлэх боломжийг цахим худалдааны бизнесүүд олгодог. Тэрхүү цахим дэлгүүрүүд вебсайтынхаа дизайн, бүтээгдэхүүний захиалга, агуулах, тайлан, хүргэлт зэрэг үйлчилгээг дараагийн түвшинд гаргаснаар хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, үйлчлүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдэх юм. Үүнтэй уялдуулан бид жижиг дунд бизнесүүдэд технологийн үнэ цэнийг шингээхээр ажиллаж буй Маркетшоп худалдааны технологийг шинэ дугаартаа онцолж байна.  

Бизнесийн нэр: Маркетшоп худалдааны технологи ХХК
Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1, Компорт плаза
Үйл ажиллагааны чиглэл: Худалдааны платформын түрээсийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 2023 он
Гүйцэтгэх захирал: Э.Ганзориг
Цахим хуудсууд: market.shop (website), market.shop (facebook)


сэдэл

Анх бид вебсайт, түүнийг дагасан системүүдийг хөгжүүлж, худалдааны бизнестээ ашигладаг байлаа. Бараа захиалга, хүргэлт, төлбөр тооцоо зэрэг олон шийдлийг нэг дор багтаасан цогц платформ бүтээнэ гэдэг асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан нүсэр ажил. Систем хөгжүүлэлтийн явцад тулгарч болох томоохон эрсдэлийн нэг нь технологийн талын нөөц бололцоог хангалттай бүрдүүлсэн ч бизнесийн шийдэл талаас туршлага дутах, алдаатай хөгжүүлэх, цаашлаад цоо шинээр эхлүүлэх шаардлага ч үүсэж болзошгүй.

Монголд цахим худалдааны бизнес эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр тэдэнд хялбар, цогц платформын түрээсийн үйлчилгээ нэн шаардлагатай байна. Хэдийгээр манайхтай ижил төрлийн үйлчилгээтэй гадны вебсайтууд байдаг ч Монгол төлбөрийн систем холбогдоогүй тул хэрэгцээнд 100 хувь нийцэхгүй байгаа хэрэг. Тиймээс манай хамт олон цахим худалдааны салбарт технологийн цогц шийдлийг санал болгохоор энэхүү бизнесээ эхлүүлсэн.

ялгарал

Бид цахимаар худалдаа эрхлэгчдэд зөвхөн хүргэлт эсвэл бараа бүртгэлийн систем бус бүхий л хэрэгцээ шаардлагыг нь хангахуйц цогц платформ санал болгож буйгаараа онцлогтой. Хэрэглэгч өөрийн худалдааны вэбсайтыг бүтээхэд заавал код бичих чадвартай байх шаардлагагүй бөгөөд богино хугацаанд вебсайтаа ашиглалтад оруулах боломжтой. Сагс, төлбөрийн хэрэгсэл, хэрэглэгчийн сан, захиалгын бүртгэл, бараа материалын үлдэгдэл, худалдан авалтын бүртгэл, хүргэлтийн апп зэрэг хэрэгцээт бүх функц манай платформ дээр багтсан. Эдгээрийг тун боломжийн, уян хатан үнийн нөхцлөөр ашиглах боломжийг санал болгож байгаа.


маркетшоп гэж юу вэ?

Цахимаар худалдаа эрхлэгчдэд шаардагдах программ хангамжийн бүх шийдлийг агуулсан платформ. Хэрэглэгч манай платформд бүртгэл үүсгэн нэвтэрч, бэлэн загваруудаас өөрт таалагдсан вебсайтын загвараа сонгох эсвэл шинээр өөрийн хүссэн өнгө дизайны дагуу бүтээх боломжтой. Ингэснээр цаашид барааны үлдэгдлээ хянах, борлуулалтын тайлан авах, төлбөрийн түүх харах, агуулах, дэлгүүр, хүргэлтийн компаниудын аль нэгэнд бараа, бүтээгдэхүүнийхээ үлдэгдлийг хүссэнээрээ хуваан байршуулах, барааг хэрэглэгчид хүргэх зэрэг олон асуудлыг өөрийн бүтээсэн цахим дэлгүүрийн тусламжтайгаар хялбархан шийдэх боломж бүрдэнэ.

Манай платформыг эхний 45 хоног үнэгүй ашиглах боломжтой бөгөөд хэрэв үргэлжлүүлэн ашиглахыг хүсвэл бид гурван төрлийн багцыг санал болгож байна. Үүнд: Стандарт багц нь сарын 59,000 төгрөг, ахисан багц сарын 200,000 төгрөг, премиум багц сарын 500,000 төгрөг.


нэр

“Shop” домайныг худалдааны вебсайтууд түгээмэл ашигладаг. Бараа бүтээгдэхүүний өргөн сонголттой, худалдааны цахим талбар гэдэг утгаар үйл ажиллагааныхаа чиглэлийг илүү ойлгомжтой байлгахын тулд энэхүү нэрийг сонгосон.

одоо

Бид жил гаруйн хугацаанд хөгжүүлэлтдээ төвлөрөн ажилласан бөгөөд одоогоор манай платформ зах зээлд нэвтрэх шатандаа явж байна. Өнгөрөгч оны аравдугаар сараас бид бүтээгдэхүүнээ ах зээлд нэвтрүүлж, одоогоор эхний хэрэглэгчдээс ирсэн хүсэлт, шаардлагад тулгуурлан хөгжүүлэлтүүд хийж байгаа.

баг

Цөөн хэдий ч хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Хөгжүүлэлтийн найм, борлуулалт, маркетингийн дөрөв, санхүүгийн нэг ажилтантай.


ирээдүй

Бид анх эхлэхдээ л алсын хараагаа тодорхойлж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэхийн тулд наад зах нь олон хэлний сонголттой байхаар тооцоолон хөгжүүлэлтээ хийсэн. Энэ нь цаад утгаараа эх орон руугаа ам.долларын урсгал татах бизнесийг бий болгоно гэсэн зорилготой нягт холбогдож буй.

Мөн эх орныхоо нэрийг дэлхийд таниулах үндэсний брэндүүдийг олон улсын цахим худалдааны талбарын тоглогч болоход нь технологийн шийдэл талаастуслах зорилготой. Тодруулбал, хэрэглэгчид олон улсын төлбөрийн болон тээвэр ложистикийн системд холбогдсон вебсайтыг хүссэн хэл дээрээ бүтээх боломжоор нь хангана. Энэ нь тийм ч хэцүү биш тул тун удахгүй биеллээ олно хэмээн найдаж байна.

Харин ойрын хугацаанд цахим худалдаа эрхлэгчдийн хэрэгцээг богино хугацаанд хангах нь зөвхөн бизнесүүдэд төдийгүй нийгэмд эерэг нөлөө үзүүлэх болов уу хэмээн найддаг. Учир нь үр ашиггүй зардлаа хэмнэвэл үнээ бууруулах боломж бүрдэхээс гадна хэрэглэгчийн цагийг хэмнэсэн, найдвартай үйлчилгээг санал болгох боломж бий болно. Өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгчдэд ч бидний бүтээгдэхүүний үнэ цэн мэдрэгдэнэ гэсэн үг.


эрсдэл

Технологийн чиглэлийн стартапд тулгарч болох гол эрсдлээ давсан гэж харж байгаа. Стартапууд багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэн зах зээлд нийлүүлдэг. Гэвч бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байх вий гэдэг нь хамгийн том эрсдэл. Харин манай санал болгож буй үйлчилгээ хэрэглэгчдэд үнэ цэн өгч буй нь эхний хэрэглэгчдийн санал, сэтгэгдлээс харагдаж байна.

Стартапуудын бас нэгэн нийтлэг хэрэгцээ нь мөнгөн урсгалаа үр ашигтай зохицуулах явдал юм. Үүний тулд бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг хэрэглэгчдэд бүрэн дүрэн ойлгуулж, үр бүтээлтэй ажиллах л үлдэж байна.