АНУ-ын Калифорни мужид байрлах Цахиурын хөндийд үйл ажиллагаа явуулж буй, олон улсын зах зээлд аль хэдийн гарсан, Монгол залуусын үүсгэн байгуулсан “Mazalai” Корпорацийг ээлжит нийтлэлээрээ онцолж байна. Тус компани нь "CargoSpace" карго үйлчилгээний системийг амжилттай хөгжүүлэн АНУ, Япон болон Европын орнуудад нэвтрүүлжээ. Түүнчлэн "Mazalai"-ийн дараагийн бүтээгдэхүүн "Boxly" апп нь энэ сарын долооны өдөр нээлтээ хийх юм. 

Нэр: Mazalai Corp
Хаяг: 3001 Bishop Drive, Suite 300, San Ramon, CA, 94583
Чиглэл: Технологи, программ хангамж
Үүсгэн байгуулагч: Мөнхнайрамдал Хадбаатар
Үүсгэн байгуулагдсан: 2020 он
Холбоос: mazalai.com, cargospace.io, boxly.app


“Mazalai” Корпорацийн Үүсгэн байгуулагч Х.Мөнхнайрамдал

сэдэл

Миний бие 2008 онд АНУ-ын Калифорни мужид Монгол руу чиглэсэн карго үйлчилгээ үзүүлдэг “Бид Монгол” компанийг үүсгэн байгуулж байв. Одоо 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү компанийг хөгжүүлэх явцдаа хуримтлуулсан туршлагаасаа энэ салбарт технологийг зайлшгүй ашиглах ёстойг ойлгосон. Өнөө цагт ч бүх зүйл технологи руу шилжиж байна. Тиймээс ажлаа хөнгөвчлөх, мобайл апп-тай болох, үйлчлүүлэгчдээ татах зэрэг шалтгаанаар бидэнд систем хэрэг болж байв. Гэвч тухайн үед бид карго үйлчилгээний систем хайгаад олж чадаагүй. Бусад карго үйлчилгээний жижиг бизнесүүд ч технологиор их хойно байсан. Жижиг бизнесүүдэд тусдаа технологи хөгжүүлж, зардлыг нь гаргах боломж хомс. Үүнээс улбаалаад уг зах зээлийн хэрэгцээг олж харсан. Ийнхүү систем хөгжүүлэх ажил руу орж, “Mazalai”-г үүсгэн байгуулж, АНУ-д компаниа бүртгүүлсэн юм.

Бид 2020 онд өөрсдийн технологийн багийг бүрдүүлж, тус оны наймдугаар сард анхны бүтээгдэхүүн болох “CargoSpace” гэх карго үйлчилгээний логистикийн системээ гаргасан билээ. Уг системийг одоогийн байдлаар “Бид Монгол” компаниас гадна АНУ, Япон, Герман, Тонга зэрэг улсуудад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ашиглаж байна.



Мөн АНУ-д амьдарч буй цагаач иргэд эх орон руугаа бараа бүтээгдэхүүн илгээхэд маш их хөдөлмөр, цаг хугацаа ордгийг ажигласан. Үүнийг хөнгөвчлөхийг хүссэн хүслээс “Boxly” апп-ын санаа, сэдэл урган гарсан юм. Энэхүү апп нь дэлхийн хаанаас ч “Costco” сүлжээ дэлгүүрийн барааг гар утаснаасаа захиалан, гэртээ хүргүүлэх боломжийг олгоно. “Costco” нь хүнд хэрэгтэй бүхий л зүйлсийг худалдаалдаг төдийгүй дэлхийн арван нэгэн улсад салбартай сүлжээ дэлгүүр юм. 2021 оны байдлаар “Costco” сүлжээ дэлгүүр нь зөвхөн АНУ-д 141.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна.

Boxly” апп-ын “Soft Launch” буюу урьдчилсан нээлт энэ оны дөрөвдүгээр сард хийгдсэн. Энэ үед Монголоос нэлээд хэдэн захиалга авч, үүн дээрээ судалгаа хийж үзлээ. “Boxly” апп-аар хэрэглэгчдийн захиалсан барааг Монголоос шууд худалдаж авбал хэр зөрүүтэй байх дээр статистик гаргасан. Үнийн хувьд “Boxly” апп-аар захиалсан нь 30-40 хувь хямд тусч байв. Түүнчлэн апп-аар худалдаалагдаж буй бараанууд Монгол дахь Америк барааны дэлгүүрүүдэд байхгүй гэх мэт зөрүү ажиглагдсан юм.



бүтээгдэхүүний ялгарал

Boxly” апп-ын ялгарлын хувьд худалдан авалт хийх явцад бүх зүйлс тодорхой. Жишээлбэл, апп дээр бүтээгдэхүүнээ хийх гурван төрлийн хайрцгийн сонголттой. Энэ гурван хайрцгийн жин, эзлэхүүн зэрэг нь хэмжигдчихсэн байдаг. Тэгэхээр хайрцагт бараа орох бүрд манай систем жин, эзлэхүүнийг мэдэрсний үндсэн дээр тухайн хайрцаг нь дүүрч байгаа эсэх мэдээллүүд хэрэглэгчид харагдах юм.

Boxly” апп-д хүнс, гэр ахуй, цахилгаан бараа зэрэг бүтээгдэхүүний сонголт бий. Boxly” нь хүнд зайлшгүй хэрэгцээтэй, чанартай бүтээгдэхүүнийг яг АНУ дахь үнээр, худалдааны татвар төлөхгүйгээр тогтмол авах боломжийг хэрэглэгчдэд олгож буй юм. Барааны үнэ дээр зөвхөн тээврийн зардал л нэмэгдэнэ. Түүнчлэн Монголд, гэрийнхээ үүдэнд хүргүүлэн авах боломжтой нь нэг давуу тал билээ.

Харин хамгийн том ялгарал нь бид АНУ-д ажиллаж, амьдран компанийнхаа үйл ажиллагааг явуулдагт оршино. Бид зөвхөн Монгол гэлтгүй олон улс руу чиглэн ажиллаж байна. Тонга, Филиппин, Вьетнам зэрэг дөрвөн улсад энэ жилдээ багтаан “Boxly” апп-ын нээлтийг хийх төлөвлөгөөтэй.


boxly апп гэж юу вэ

Чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг, төвлөдөг хүмүүст зориулсан бодит хэмнэлт бүхий үйлчилгээ. “Boxly” нь онлайн худалдан авалт, тээвэрлэлт, хүргэлт гээд бүгдийг нэг дор багтаасан мобайл апп. “Boxly”-г ашигласнаар АНУ-ын томоохон брэндүүдийн чанартай бүтээгдэхүүнийг хайртай хүмүүстээ илгээх нь хялбар болох юм.

нэр

Хайрцаглая гэсэн утгатай.

одоо

Долдугаар сарын долоонд “Boxly” апп маань албан ёсоор нийтэд танилцуулагдана. Үүний хүрээнд бэлтгэл ажлуудаа хангаж байна. Мөн Цахиурын хөндийн хөрөнгө оруулагчдаас "Seed funding" хөрөнгө оруулалт авахаар гаднын туршлагатай зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн багтаа хөгжүүлэгч, гүйцэтгэх удирдлагын гишүүд нэмэн, Монгол дахь багаа өргөжүүлэх тал дээр төвлөрч байна.


баг

Бид 100 хувь зайнаас (remote) ажилладаг. Манай баг 14 хүний бүрэлдэхүүнтэй. Багийн 50 хувь нь буюу хөгжүүлэгчид маань Монгол Улсад ажилладаг. Үлдсэн 50 хувь буюу удирдлага, маркетинг менежментийн баг АНУ-д болон бусад улсаас ажиллаж байна.

ирээдүй

Mazalai” нь технологийн дэвшлийг жижиг бизнесүүдэд нэвтрүүлэн, үйл ажиллагааг нь дэмжих зорилготой. Технологийн шийдлүүдийг том компаниуд үйл ажиллагаандаа их ашигладаг хэдий ч жижиг бизнесүүд санхүүгийн болон хүний нөөцийн хомсдлоос үүдэн үүнээс орхигдох тал бий. Бид энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байна.

Түүнчлэн бид Цахиурын хөндийн өндөр үнэлгээтэй, олон нийтийн компани болох зорилготой. Үүний хүрээнд 2023 онд Өмнөд Америкийн зах зээл рүү “Boxly” апп-ыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

эрсдэл

Технологийн компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш амжилтад хүрэх хүртлээ өндөр зардлаар ажилладаг. Тийм ч учраас олон шатны хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. Энэ нь технологийн салбарт ажиллаж яваа хүмүүст тулгардаг нийтлэг эрсдэл юм.

"Boxly" апп татах холбоос: App Store, Playstore