“Сэтгэлзүйн эрүүл мэнд бол өнөө цагт дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлын нэг” хэмээн ДЭМБ-аас тодорхойлсон нь санамсаргүй хэрэг биш. Дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед сэтгэлзүйн хямралд өртдөг бөгөөд одоогийн байдлаар 450 орчим сая хүн сэтгэцийн өвчнөөр шаналж байгаа тоо баримт байна. Монгол улсын тухайд , 2010 оны ДЭМБ-ын судалгааны тайланд дурдсанаар нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэлзүйн гаралтай өвчлөл эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болно гэж таамагласан байдаг аж. Сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал ихэд яригдах болсон энэ цаг үед бид сэтгэл судлалын чиглэлээр салбартаа тэргүүлэгч байгууллагуудын нэг болох Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнг онцоллоо. Дан ганц бие махбодын хувьд бус, сэтгэлзүйн хувьд ч эрүүл байх хүсэлтэй хэн бүхнийг энэ нийтлэлд анхаарлаа хандуулаасай гэж хүсье.

Нэр: Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн
Хаяг: ХУД, 15-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Рояал резидент 16-3
Чиглэл: Сэтгэлзүйн зөвлөгөө, оношилгоо, сургалт
Үүсгэн байгуулагч: Б.Золзаяа
Үүсгэн байгуулагдсан: 2013 он
Холбоосууд:​ www.iap.mn , Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн (фэйсбүүк)



Сэдэл

МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн хэсэг багш нар одоогоос долоон жилийн өмнө сэтгэл судлалын шинжлэх ухааны хүрээнд хийгддэг олон төрлийн судалгааг амьдрал дээр ашиглаж болохуйц мэдлэг болоод үйлчилгээ болгон хувиргах байгууллагыг бий болгоё гэж зорьсон нь энэ хүрээлэн юм. Судалгаа шинжилгээ хийх зориулалттай сэтгэлзүйн лабораториуд зөвхөн их сургуулийн орчноор хязгаарлагдахаар өнөөх судалгаанууд маань хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээнээс холдоод явчихдаг сул тал бий. Тийм ч учраас бид өөрсдийн үндсэн суурь болох олон жилийн туршид хуримтлуулсан онолын мэдлэг, туршилт судалгааныхаа үр дүнгээр гэр бүл, эцэг эх, хосын амьдралд тулгарч байгаа олон асуудлыг шийддэг тийм л үйлчилгээг нэвтрүүлье гэх сэдлээр энэ хүрээлэнгээ үүсгэн байгуулсан.


Сургалт, контентийн албаны дарга Б. Номин

ЯЛГАРАЛ 

Хамгийн түрүүнд хүмүүс ер нь яагаад сэтгэлзүйн үйлчилгээ авах шийдвэр гаргадаг вэ гэх асуултаас эхлэх хэрэгтэй байх. Хэдийгээр ажил, гэр бүл, найз нөхөд байгаа боловч тэдгээр хүрээллийнх нь хүмүүс өөрийг нь хангалттай сонсож, ойлгож чадахгүй байх нөхцөлд хүмүүс сэтгэлзүйчийг зорин ирдэг. Найздаа асуудлаа ярилаа гэж бодоход миний тухай юу гэж бодох бол? Намайг шүүмжлэх болов уу? Энэ мэтчилэн эсрэгээрээ санаа зовох зүйлсийн тоо нэмэгддэг шүү дээ. Харин мэргэжлийн сэтгэлзүйч бол хөндлөнгийн хүн, аюулгүй орчин. Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх өрөөнд орсоны дараа үнэн хэрэгтээ үйлчлүүлэгч сэтгэлзүйчтэй биш өөртэйгээ л уулздаг. Нэг үгээр хэлбэл, томруулдаг шил зүүгээд дотоод сэтгэлээ харж байгаатай зүйрлүүлж болох юм.

Нийгэмд ийм төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдэх тусам сүүлийн жилүүдэд сэтгэлзүйн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тоо борооны дараах мөөг шиг олширч байгаа нь үнэн. Манай хүрээлэн сэтгэлзүйн оношилгоогоор Монголдоо тэргүүлэгч байгууллага болохоор зорин ажилладаг. Манай төвийг зориод ирсэн хүмүүст зөвхөн нэг удаагийн зөвлөгөө өгөөд өнгөрөх биш, цогц үйлчилгээг санал болгодог нь бидний ялгарал юм.

Жишээ татъя л даа. Саяхан 14 настай хүү аав ээжийнхээ хүсэлтээр манай төвийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авсан юм. Хүүгийн хувьд өөрийгөө хэнд ч хэрэггүй, царай муутай, чадваргүй гэдэг төсөөлөлтэй, түүндээ бат итгэлтэй. Сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй, заримдаа өөрийн сайн хийж чаддаг зүйлдээ хүртэл болгоомжлон түгшүүрлэж, ямар хувцас өмсөхөө ч бусдаас асуудаг хүү байлаа. Сэтгэлзүйчтэй хийсэн эхний уулзалтуудад хүүгийн энэ зан чанар нь даамжрах шинжтэй байсан ч дөрөв, тав дахь уулзалтуудаас эхлэн түүний бодол нь эерэг болж өөрчлөгдөж эхэлсэн. Зөвлөгөөний уулзалтууд дууссаны дараа бид хүүгийн суралцдаг арга барил, бусадтай харилцдаг, сэтгэдэг хэв загварыг нь танин мэдэхийн тулд сэтгэлзүйн үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээний үр дүн түүний хувьд яг л өөртэйгөө дахин танилцаж байгаа мэт шинэ мэдрэмж байсан гэж сэтгэгдлээ илэрхийлсэн. Одоо бол тэр хүү шинэ зүйлсийг турших дуртай, хийж байгаа зүйлдээ бүтээлч өвөрмөцөөр ханддаг нэгэн болсон. Хамгийн гол нь хүүгийн хувьд сэтгэлзүйн зөвлөгөө, үнэлгээний тусламжтайгаар өөрийгөө хэн бэ, хэн байхыг хүсэж байгаагаа ойлгосон явдал юм. Бидэнд анхлан хандсан хүүгийн аав, ээж ч эцэг эхийн сургалтанд хамрагдаж өсвөр насны хүүхэдтэйгээ харилцан ойлголцож эхэлсэн. Зарим нэгэн хүмүүс сэтгэлзүйн төвд хандах үедээ тулгарсан асуудлыг нь шийдвэрлэх гарц, гаргалгаа ид шид шиг гэнэтхэн гараад ирнэ гэж андуурах тохиолдол бий. Гэвч сэтгэлзүйчтэй уулзах нь өөртэйгээ илүү сайн ажиллаж сурна гэсэн үг. Бид бол таны хийх ёстой ажлыг илүү тодорхой болгож өгөх зорилготой хүмүүс юм.


Сэтгэл заслын өрөө

Гэр бүлийн зөвлөгөөний өрөө

Ганцаарчилсан болон онлайн зөвлөгөөний өрөө

нэр

Сэтгэл судлал гэдэг чинь өөрөө их олон салаа мөчиртэй модтой ижил. Байгууллагын, хүүхдийн, эмнэлгийн, спортын гээд маш олон төрлийн сэтгэл судлалын салбар бий. Хэрэглээний сэтгэл судлал гэдэг бас нэгэн салбар мөчир нь. Онолын мэдлэгийг хүний ажил амьдралд хэрэгцээтэй болгон буулгаж, хүмүүсийн амьдралыг сайн сайхан болгох нь бидний эрхэм зорилго учраас энэ нэрийг сонгосон.

ОДОО

Олон улсын стандарт бүхий сэтгэл судлалын оношилгооны арга аргачлалуудыг монгол хүний сэтгэлзүйн онцлогт тохируулан нутагшуулж, анхны сэтгэлзүйн лаборатори байгуулах “Гэрэлт Үндэс” төслийг бид 2018 онд эхлүүлсэн бөгөөд ирэх онд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Ойрхон гэвэл бид энэ сарын 21-нд эцэг эхчүүдийн сэтгэлзүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “Аз жаргалтай аав ээж- Аз жаргалтай хүүхэд” нэртэй 1000 хүнд зориулсан томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө маш ихийг зориулдаг ч гаргасан хүчин чармайлт нь хүсэж байгаа үр дүнг нь төдийлөн авчирдаггүй. Үүний шалтгаан нь аав, ээж муудаа биш харин тэд хүүхдийнхээ онцлог, сэтгэл зүйн байдлыг анзаарч, ойлгоход бэрхшээлтэй байдаг. Жишээ нь хүүхэдтэйгээ харилцах цаг бага, ярилцах эв дүйгээ олохгүй байх голдуу заавар, зөвлөгөө өгч харилцдагтай холбоотойгоор хүүхдээ сайн таниагүй байдаг. Мөн хүүхэд байнга өөрчлөгддөг. Өнөөдөр нэг зүйл сонирхож байгаа хүүхэд өчигдөр тэс өөр зүйлд дуртай байсан байж болдог. Эцэг эхчүүдийн мэдэхгүй байгаа зүйлийг нь хэлээд өгье, хүүхдүүдийнх нь сэтгэл зүйг тэдэнд ойлгуулъя гэдэг нь бидний эвентийн гол зорилго нь юм.

Түүнчлэн, бид нэгэнт сэтгэлзүйн судалгааны лабораторитай учраас үүндээ тулгуурлаад хүний нөөцийнхөнд зориулсан, байгууллагын ажилтнуудад сэтгэлзүйн боловсрол олгох, тэдний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах цогц үйлчилгээнүүдийг гаргахаар бэлтгэж байна. Ирэх жил ерөнхийдөө бидний хувьд өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлуудынхаа ургацыг хураах, үр шимийг нь хүртэх, нэлээн чухал жил байх төлөвтэй.



ИРЭЭДҮЙ

Байгууллагаа салбартаа болон нийгэмд таниулж, сэтгэлзүйн цогц үйлчилгээг дэлхийн стандартын түвшинд, чанартай хүргэх, олон нийтийн сайн сайхан болоод шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.

БАГ

Одоогоор манай хүрээлэн 20 гаруй ажилтантай. Үүнээс 15 нь мэргэжлийн сэтгэлзүйч. Бид хүрээлэн гэдэг утгаараа зөвхөн сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлээд зогсохгүй оношилгоо, сургалт гээд олон талбарт ажилладаг тул сэтгэлзүйчид маань үүрэгт ажлаасаа хамаараад албануудад хуваагдчихдаг. Ганц хоёр хүн нийлээд сэтгэлзүйн үйлчилгээ эрхэлнэ гэдэг бараг л боломжгүй зүйл учраас багаар хамтарч ажиллах нь энэ төрлийн бизнест хамгийн чухал зүйлсийн нэг. Тийм ч болохоор өөрсдийн бүрдүүлсэн мэргэжлийн багаа бид хамгийн том давуу тал гэж харж байгаа.

ЭРСДЭЛ 

Энэ төрлийн бизнесийн нэг онцлог бол үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй. Тийм ч болохоор үйлчилгээ үзүүлж дууссаны дараа сайн, муу байлаа гэж дүгнэхэд хэцүү. Сэтгэл гэдэг чинь өөрөө байнга өөрчлөгдөж, хувирч байдаг эрхтэн шүү дээ. Зарим хүнд эерэг үр дүн үзүүлсэн үйлчилгээ өөр нэг хүнд тухайн үеийн сэтгэл санааных нь байдлаас хамаараад эсрэгээрээ үйлчлэх явдал ч бий. Арван хүн сэтгэлзүйн зөвлөгөө авлаа гэхэд бүгдээрээ өөр сэтгэгдэлтэй үлдсэн байх жишээтэй. Үйлчлүүлэгчид үйлчилгээг маань үнэлэх, сэтгэл ханамжтай үлдэх эсэх нь өөрөө маш том эрсдэл байдаг. Нөгөө талаасаа их улирлын шинж чанартай бизнес. Зуны хэдэн сард хүмүүс байгальд амарч, зугаалаад тайван аз жаргалтай болдог тул сэтгэл зүйн үйлчилгээ тусламж авах нь бага байдал ажиглагддаг. Харин хавар, намар гээд улирал солигдох үед хүмүүсийн сэтгэл санаа их хямардаг учраас дөрөв, аравдугаар сард бид их өндөр ачаалалтай ажилладаг. Тэрийгээ дагаад орлого бас тогтворгүй болох нь бий.


Хүүхдийн сэтгэл зүйн сургалтын өрөө

Лабораторийн орчин